Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00127

 

Ш.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00960 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1305 дугаар магадлалтай,

 Ш.Бгийн нэхэмжлэлтэй

Д.Бд холбогдох

 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 540,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 360,000 төгрөг, алданги 180,000 төгрөг нийт 540,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мөнгийг бага багаар төлж дууссан гэж маргажээ.

 2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00960 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 540,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1305 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,868 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Бтай 2011.03.07-ны өдөр 2,000,000 төгрөгийг өдрийн 6.000 төгрөгийн хүүтэй 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Хариуцагч Д.Б нь зээлийн үлдэгдэл төлбөр 360,000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам алдангид 180,000 төгрөг нийт 540,600 төгрөгийг төлөөгүй байсан.

4.2. Нэхэмжлэгч Ш.Б би 2012.05 сард хариуцагчийн зээлийн гэрээнд заасан хаягаар Чингэлтэй дүүргийн 16 хороо, Согоотын 76-1054 тоот хаягаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Д.Б нь хаяган дээр байхгүй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012.05.07-ны өдрийн 2168 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байдаг. Энэ хугацаанд Ш.Б би өвчний учир эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээ өгч чадаагүй явсаар 2019 онд өөрийн хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2019.10.03-ны өдрийн 102/ШШ2019/02596 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. Гэтэл хариуцагч Д.Б нь зээлийн гэрээнд заасан хаяг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан хаяг буюу Чингэлтэй дүүргийн 16 хороо, Согоотын 76-1054 тоот хаяг дээр оршин суудаг болох нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 2020.03.27-ны 1-4/1190 тоот мэдэгдлээр нотлогдож байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагчийн байр сууринаас хандаж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Б нь өөрийн хаяг дээрээ байсан мөртлөө байхгүй гэж заль, мэх гаргаж шүүхийг үл хүндлэн нэхэмжлэлийг санаатай буцаалгаж байсан үйлдэл харагдаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

 6. Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 360,000 төгрөг, алданги 180,000 төгрөг, нийт 540,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийг төлж дууссан гэж маргажээ.

 7. Анхан шатны шүүх “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн ба хоёр шатны шүүхийн нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

 8. Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2,000,000 төгрөгийг 100 хоногийн хугацаатай, хоногийн хүүд 6,000 төгрөг, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг зохигч 2011.03.07-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний хугацаа 2011.06.17-ны өдрөөр дуусгавар болсон байна.

 9. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүсэхийг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заажээ.

 10. Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч Д.Бгаас зээлсэн мөнгөө гаргуулахаар анх 2012.04.30-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхой бус байснаас 2012.05.04-ны өдөр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч шүүхэд хандсанаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үеэс тухайн тасалдал зогсож, гурван жилийн хугацааг дахин шинээр тоолох үндэслэл бий болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.7-д заасантай нийцнэ.

 11. Хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж эхлэх 2012.05.04-ны өдрөөс хойш 2015.05.04-ны өдөр хүртэл нэхэмжлэгч хариуцагчид хандаж зээлийн үүрэг шаардсан, эсхүл хариуцагч урьдчилгаа олгосон, хүү төлсөн, аливаа баталгаа гаргасан, бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацааг дахин тасалдуулсан нөхцөл байдал бий болоогүй байна.

 12. Харин хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдсоноос хойш 7 жил 4 сар гаруйн дараа нэхэмжлэгч 2019.10.03-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, улмаар 2020.03.09-ны өдөр зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан энэхүү нэхэмжлэлийг гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, сэргээх үндэслэл тогтоогдоогүй, эдгээр үйл баримтын талаар хоёр шатны шүүх хэргийн баримтын хүрээнд хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 13. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2020/00960 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1305 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Б /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарансуяа/-ийн 2020.07.16-ны өдөр төлсөн 16,868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ