Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2020/00960

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг  дугаар хороо, хороолол, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /,Б овогт Ш-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Ч овогт Д-ийн Б-д холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 540,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд болон төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 100 хоногийн хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээл авсан. Д.Бгаас зээлийн үлдэгдэл  төлбөр 360,000 төгрөг, алданги 180,000 төгрөг нийт 540,600 төгрөг гаргуулна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамж гарснаас хойш 3 жилийн дотор нэхэмжлэл гаргаагүй шалтгаан нь Ш.Б өвчтэй байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа сэргэсэн гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Ш.Бгаас 2,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, өдөрт 26,000 төгрөг төлөхөөр зээл авсан. Нарантуул 2 хүнсний зах дээр махны худалдаа хийдэг байсан. Биеийн байдал муудаж ажлаа болиод 360,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2012 онд Зоогийн газарт тогооч хийж байгаад Ш.Бгийн мөнгө хураагч охинд үлдэгдэл мөнгөө бага багаар өгч дууссан. Иймд 540,600 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 360,000 төгрөг, алданги 180,000 төгрөг нийт 540,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Ш.Бгийн мөнгө хураагч охинд үлдэгдэл мөнгөө бага багаар өгч дууссан” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч Д.Бтай 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 100 хоногийн хугацаатай, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

Зээлдэгч Д.Б нь үндсэн зээлийн гэрээний үүрэгт 360,000 төгрөг, зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэгтэй.

Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан тухайд хариуцагч маргаагүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 100 хоногийн хугацаатай, өдрийн 6,000 төгрөгийн хүүтэй зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дуусах байсан бөгөөд нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар шүүгчийн захирамжаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 34 тал/

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг гардан аваад түүнээс хойш 3 жилийн хугацаанд тогтоосон журмаар дахин нэхэмжлэл гаргаагүй. Түүнээс хойш 7 жил 4 сар 29 хоногийн дараа шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02594 дугаар шийдвэрээр Д.Бг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С дээрх 102/ШШ2019/02594 дугаар шүүхийн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.

           Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гарснаас хойш 3 жилийн дотор нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхтэй байжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С нь “Ш.Б өвчтэй байсан” гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж маргасан.

            Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлээр хариуцагч Д.Бгаас 540,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч Д.Бд шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба хариуцагч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 540,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,868 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ