Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00177

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2020/00702 дугаар шийдвэр,

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 201/МА2020/24 дүгээр магадлалтай,

 Б.Оийн нэхэмжлэлтэй

Д.Гд холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 42,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б.О хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 12,875,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 42,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...2 удаагийн зээл 20,000,000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу хүүгийн хамт тооцоход 24,600,000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс төлсөн 19,725,000 төгрөгийг хасахад 4,875,000 төгрөг болж байна. Үүний 50 хувийн алданги 2,437,500 төгрөг боловч алдангийг багасгаж нийт 6 сая төгрөг төлөхийг зөвшөөрнө” гэжээ.

 2. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2020/00702 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дугаар зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д. Гэрэлтуяагаас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож нэхэмжлэлийн шаардлагаас 12,875,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Ггаас улсын тэмдэгтийн хураамжинд 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэжээ.

 3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 201/МА2020/24 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2020/00702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ггийн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Монгол улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан Д.Ггаас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Д.Ггийн хувьд Б.Оээс 2 удаа буюу тус бүртээ 10 сая төгрөгөөр зээл авсан. Ингэхдээ эхний зээлийг 2017.11.10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 2018.05.10-ны өдөр төлөхөөр тохиролцон сарын 6 хувийн хүүтэй 1102 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Дараагийн зээлийг 2018.02.28-ны өдрөөс 3 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 10 сая төгрөгийг зээлсэн байдаг. Д.Г Б.О нарын хооронд энэ хугацаанд зээлийн гэрээгээр нийт 24,600,000 төгрөгийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн үүрэг үүсч байгаа юм. Энэ хугацаанд Д.Г нь нийтдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 19,725,000 төгрөгийн төлбөрийг Б.От төлж барагдуулсан байгаа болно. Уг төлсөн төлбөртэй нэхэмжлэгч тал огт маргаагүй болно. Энэ төлбөр нь дээрх 24,600,000 төгрөгийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс бүрэн хасагдах ёстойг анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж илэрхий алдааг гаргалаа.

4.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж Монгол улсын Иргэний хуулинд тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх уг зохицуулалтыг тайлбарлахдаа хүү шаардах зээлдүүлэгчийн эрхийг хязгаарласан зохицуулалт гэж байгаа болохоос бус хүлээн зөвшөөрч хүүг төлсөн зээлдүүлэгчийн эрхэд хамааралгүй зохицуулалт гэж шийдвэрлэж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүхийн маш том алдаа юм.

4.3. Д.Ггийн хувьд Б.От 19,725,000 төгрөгийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 24,600,000 төгрөгөөс хасахад 4,825,000 төгрөг болж байгаа бөгөөд уг төлбөрийн алданги нь 2,437,500 төгрөг байх бөгөөд нийт 7,262,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.От төлөх хууль зүйн үндэслэл гарч байгаа юм. Д.Ггийн хувьд банк болон бусад иргэдээс асар их зээлтэй, өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэргийг харгалзан үзэж Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж хуульчилсан байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх нийт төлбөрийг 6 сая төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 30,000,000 сая төгрөгөөс 24,000,000 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 6. Анхан шатны шүүх Д.Ггаас зээл, хүү, алдангид нийт 42,875,000 төгрөг гаргуулах Б.Оийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ, “зохигчийн хооронд 2 удаагийн зээлийн гэрээ байгуулагдаж, нийт 20,000,000 төгрөг зээлсэн, хариуцагч хүлээн зөвшөөрч нийт 19,725,000 төгрөгийн хүү төлсөн тул үндсэн зээл, алдангид нийт 30,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

 7. Хоёр шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Тухайлбал, хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2 удаагийн зээлийн гэрээ, зээлийн нэмэлт гэрээнд заасан нөхцөлийн дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлоогүй, хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөөгүй, түүний төлсөн мөнгийг бүхэлд нь зээлийн хүүд тооцон авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь харьцуулан үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 8. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Б.Оээс 2017.11.10-ны өдөр 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2018.02.28-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй тус тус зээлж бичгийн гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь тогтоогджээ.

 9. Мөн талууд 2017.11.10-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2018.06.10-ны өдөр хүртэл, 2018.02.28-ны өдрийн зээлийн гэрээг 2018.05.28-ны өдөр хүртэл тус тус сунгаж гэрээний нөхцөлийг шинэчилж нэмэлт гэрээг бичгээр байгуулсан нь хэргийн 5, 8-р талд авагдсан байна.

 10. Дээрх гэрээнүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь 2017.11.10-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 7 сарын дараа, 2018.02.28-ны өдрийн 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын дараа тус тус буцаан төлөх үүргийг хүлээсэн ба хариуцагчийн нийт үүргийг тодорхойлоход үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүүд 7,200,000 төгрөг, бүгд 27,200,000 төгрөг болно.

 11. Эдгээр хоёр гэрээний дагуу хариуцагч нийт 19,750,000 төгрөг төлснийг зохигч маргаагүй бөгөөд шүүх бичгийн гэрээний нөхцөлийг харгалзахгүйгээр уг мөнгийг бүхэлд нь зээлийн хүүд зөвшөөрч төлсөн гэж үзэхдээ Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 12. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Зохигч зээлийн гэрээг бичгээр байгуулсан, эдгээр гэрээнд зээлийн хүү, зээлийг буцаан төлөх хугацаа тогтоосон байхад шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохирсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэсэн зохицуулалтыг хэрэглэж хариуцагчийн төлсөн мөнгийг бүхэлд нь хүү гэж тооцсоноос гадна ийнхүү дүгнэлт хийхдээ талуудын хооронд харьцсан гар утасны мессэжийг үндэслэсэн гэх боловч эдгээрт зээлийн гэрээнд заасан хугацаанаас хойш үргэлжлүүлэн хүү төлөх амлалт өгсөн агуулга илэрхийлэгдээгүй байна. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч алдааг залруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

 13. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрийг аль гэрээний үүрэгт төлүүлснээ тодорхой үндэслэл зааж өөрийн тооцооллыг гаргаагүй байх тул хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд 2 удаагийн зээлийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүрэг 27,200,000 төгрөгөөс төлсөн 19,750,000 төгрөгийг хасч үлдэх 7,450,000 төгрөг, үүнээс алдангийг 50 хувиар тооцож 3,725,000 төгрөг, нийт 11,212,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 201/МА2020/24 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2020/00702 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.Ггаас 11,212,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,663,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “307,950 төгрөг” гэснийг “194,342 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Г /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд/ 2020.10.12-ны өдөр 277,950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО ЭРДЭНЭ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД