Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 771

 

Д.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00201 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Э--, Э.О нарт холбогдох

 

   Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулан маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар Д.Э, Д.Э-- нарыг тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, ногдох хэсгийг Д.Э--д олгож, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулах, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, гэм хорын хохиролд 12 559 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ур

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Са

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Э--, Э.О нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1.Би нөхөр Д.Цтай 1988 оноос эхлэн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоотын 2 өрөө орон сууцанд ам бүл тавуулаа амьдарч байсан. Нөхөр маань 2000 оны 02 дугаар сард нас барж 49 хоногийг хурааж амжаагүй, байхад талийгаачийн том хүү Ц.Д бидний амьдарч байсан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надаас эх хувиар нь авч гэрчилгээн дээр миний нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бичүүлж шинэ гэрчилгээ гаргуулан буцааж өгнө гээд авсан. Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 624 дүгээр шийдвэрээр намайг талийгаач Д.Цын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоосон. Иймд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

  1.             Д.Э-- нь миний хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий байрны өмчлөгч болж, 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр хүүхдүүдийг бэлэглэлийн гэрээний дагуу нэмж бүртгүүлсэн тул 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү.
  2.             Д.Э-- нь хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг үндэслэн гаргуулсан өмчлөх эрхийн гэрчилгээгээ иргэн Х.Гэрэлт-Одод барьцаалан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 43 828 075 төгрөгийн төлбөрт маргаан бүхий байрны өмчлөх эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан шилжүүлсэн тул 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү.
  3. Д.Э би 2014, 2016 онд 2 удаа БНСУ-д эмчилгээ хийлгэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй. Д.Э, Д.Э-- нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагч болохыг тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан, орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, Д.Э--д ногдох хэсгийг нэхэмжлэгчээс гаргуулан, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасч, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. Д.Эрдэнцэцэг би уг орон сууцандаа үлдэж, орон сууцны үнэ 68 000 000 төгрөгөөс хариуцагч Д.Э--д оногдох 50 хувийг төлөх хүсэлтэй байна.
  4. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг байрнаас албадан гаргаснаас хойш айлын орон сууц түрээслэн амьдарч байна. Иймд Д.Э--ас өөрт учирсан хохирол буюу түрээсийн төлбөр, бусад зардалд нийт 12 559 000 төгрөг гаргуулж өгнө үү.
  5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Д.Э-- шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Э-- би талийгаач Д.Цын том хүү Ц.Дгийн 3 дахь хүүхэд нь бөгөөд эцэг эхээс зургуулаа. Өвөө Д.Ц нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоотод оршин сууж байгаад 2000 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан ба уг үл хөдлөх хөрөнгө нь тухайн үед Д.Ц болон Ц.Энхбаатар нарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Д.Цыг нас барснаас хойш хууль ёсны өв залгамжагч болох хүү Ц.Д, Ц.Энхбаатар, охин Ц.Оюунчимэг, Ц.Уранчимэг нар хуулийн дагуу өвлөх эрхээ нээлгэхээр нотариатад хандан үл хөдлөх хөрөнгийг эцэг Ц.Дд өмчлөх эрхийг бусад өв залгамжпагч нар нь өгч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Эцэг Ц.Д 2011 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар нас барсан ба дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг өвлөх албан ёсны эрхтэй эх Г.Цээлхам, хүүхэд Д.Энхтөр, Д.Энхболд, Д.Энхбаяр, Д.Отгонлхам, Д.Оюунлхам нар өв залгамжлахаас татгалзаж, Д.Э-- би хүсэлт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үүний дараа эхнэр Э.О, хүү Э.Энх-Од, Э.Энхмэнд нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. 2015 оны 6 сард 24 000 000 төгрөгийг Х.Гэрэлт-Одоос зээлж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлээ төлж барагдуулаагүй тул Х.Гэрэлт-Одод шүүхийн шийдвэрийн дагуу 43 640 000 төгрөг төлөх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгөөр төлбөр барагдуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Х.Гэрэлт-Одод хуулийн дагуу шилжсэн. Э.О бид 2 хуулийн дагуу өмчлөх эрхтэй байсан үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулсан. Нэхэмжлэгчийг албан ёсоор өвлөх эрхээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан баримтгүй. 2002 онд нэхэмжлэгчийг өв залгамжлагч мөн гэж тогтоосноос хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Д.Э нь талийгаач Д.Цтай 1988 онд танилцаж 1991 он нэг гэрт орсон гэж тайлбарладаг. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор маргааны зүйл болох 15 тоот орон сууцыг хувьчлагдахад өмчлөх эрх Д.Ц, Ц.Энхбаатар нарт үүсч, эрхээ баталгаажуулсан. Нэхэмжлэгчтэй 7 жил болчихоод талийгаач Д.Ц эхнэрээ өмчлөгчөөр бүртгүүлээгүй нь Д.Эт өөрийн орон сууцаа өмчлүүлэх хүсэлгүй нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Гэрэлт-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/Ш32016/02525 дугаар захирамжаар хариуцагч Д.Э--ас 43 828 075 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа хийж, Д.Э-- орон сууцаа 65 000 000 төгрөгөөр үнэлж зөрүү төлөхийг зөвшөөрснөөр Баянгол дүүргийн 14 д хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот үл хөдлөх эд хөрөнгийг надад шилжүүлсэн. Үүнээс хойш байрны зөрүүд Д.Э-- надаас Тоёота гаяа 58-28 УНМ автомашиныг 8 607 000 төгрөгт, Субару Импреза 71-92 ДАР автомашиныг 5 200 000 төгрөгт, Митсубиши пажеро 94-48 ДАХ автомашиныг 4 365 000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр авч дууссан. Миний бие дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны шударга өмчлөгч болсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лочин шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2525 дугаартай захирамжаар Д.Э--ас 43 828 075 төгрөг гаргуулж Х.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх, шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Э--д төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч, уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр төлөгч Д.Энхтулгын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн, актаар хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Д.Э-- үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгөөр төлбөрийг бүрэн барагдуулах хүсэлт гаргасан, төлбөр авагч Х.Гэрэлт-Од хүлээн зөвшөөрсөн тул 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/24823 дугаар албан бичгээр маргаан бүхий орон сууцыг Х.Гэрэлт-Одын өмчлөлд төлбөрт тооцон шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16/748 дугаар тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлага хангахгүй байх тул хариуцагч Д.Э--, Э.О нарт холбогдуулж Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр байрны 15 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж тогтоолгох, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэх гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, Д.Э, Д.Э-- нарыг маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар тогтоолгож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлж, орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, ногдох хэсгийг Д.Э--д олгож, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулах, учирсан хохирол 4 559 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, анхан шатны шүүх нь үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасны дагуу Баянгол дүүргийн шүүхийн 624 дугаартай шийдвэрээр “Д.Э намайг хууль ёсны өв залгамжлагчаар тогтоосон байхад "Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим"-ыг зөрчиж, тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Д.Эийг өвлөгч гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй тул хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу "нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгчийн хувьд уг өвийг хүлээн авсан тул хүлээн аваагүй тухайгаа зохих байгууллагад гаргах шаардлагагүй байсан” гэж үзэж байна. Гагцхүү хууль ёсны өвлөгчийн хувиар маргаж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор 2005 оноос хойш холбогдох байгууллагад хандсаар өдийг хүрсэн.

             Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Э нь өвлөх эрхтэй холбоотой өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байсан 1422 дугаар шүүхийн шийдвэр, "хууль ёсны өвлөгч"-өөр тогтоосон 624 дугаар шийдвэрүүд нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор гаргаж байсныг гэрчлэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд авагдсан бөгөөд 2002 оны шийдвэр гарснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгч нь өвлөн авсан орон сууцандаа 2016 оны 8 дугаар сарыг хүртэл амьдарсан бөгөөд тус хугацаанд бусад өвлөгч нараас хүлээн зөвшөөрч, ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй нь хууль ёсны өвлөгчөөр тогтоосонтой холбоотой. Нэгэнт бусад өвлөгч нараас 2002-2016 оны хооронд нэхэмжлэгчид болон бусад байгууллагад хандаж гомдол, шаардлага гаргаагүй тул шүүхийн шийдвэрт заасанчлан нэхэмжлэгчийн зүгээс бусад өвлөгчтэй холбоотой гомдол гаргах боломжгүй. Харин нэхэмжлэгч өөрийн эзэмшиж буй орон сууцны эзэмших, өмчлөх субъектив эрхийг бусад өвлөгч нарын зүгээс өөрт нь мэдэгдэлгүйгээр зөрчснийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн даруйдаа уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо "маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох" шаардлага гаргасан байхад уг шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухайгаа мэдсэн үеэс эхлэн тоолох журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн шүүхээр хэрэг маргаан шийдвэрлүүлэх эрхийг үндэслэлгүй хязгаарлан шийдвэрлэсэн. Бэлэглэлийн гэрээ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эд хөрөнгийн эрхийг зөрчсөн үр дагаварыг үүсгэсэн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 56.1, 56.4 дэх хэсэгт заасны дагуу тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлага гаргасан боловч шүүхээс уг асуудалд дүгнэлт гаргалгүй, шууд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Х.Гэрэлт-Од, Д.Э--, Э.О нарын хоорондын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаар гэрээг нэхэмжлэгчийн гомдлоор хянах үндэслэлгүй. Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт хамаарахгүй, хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар өмчлөгч гэж үзэх баримт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

             Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаар барьцааны гэрээ байгуулах үед орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд байсан, Д.Э 2002 оноос хойш амьдарч байсан бөгөөд хууль ёсны өвлөгчөөр тогтоогдсоны хувьд бусад өвлөгчийн нэгэн адил тухайн орон сууцны өөрт ногдох хэсгийн өмчлөх эрх үүссэн, мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг үл харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

             Иймд анхан шатны шүүх хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, нэхэмжлэгч Д.Эийг хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг дахин шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, бусад шаардлагын Иргэний хуульд заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Э--, Э.О нарт  холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 11 дүгээр байрны 15 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15/105 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулан маргаан бүхий орон сууцны өв залгамжлагчаар Д.Э, Д.Э-- нарыг тогтоож, өв залгамжлагч тус бүрт ногдох хэсгийг тодорхойлуулан орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг үлдээж, ногдох хэсгийг Д.Э--д олгож, орон сууцны өмчлөгчөөс Д.Энхтулгыг хасуулж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Эийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, гэм хорын хохиролд 12 559 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын нэг болох гэм хорын хохиролд 12 559 000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаанд хамаарахгүй байхад шүүгч дангаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар шүүгч дангаар шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна. Иймээс хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасанд нийцнэ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Д.Мөнхбүрэнгээс шүүгч Л.Оюунцэцэгт шилжүүлсэн үндэслэл тодорхойгүй, шүүх хуралдаан даргалагчийг томилсон тухай Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байгаа нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан журам зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүгч хэргийн оролцогчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь оновчгүй болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

                                                      

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Ч.ЦЭНД