Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0785

 

 

 

 

 

2021 11 23 128/ШШ2021/0785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Б.Мөнх-эрдэнэ, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С овгийн Д Н

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/156 дугаар тушаалын Б.Наранчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Д.Наранчимэгийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Наранчимэг миний бие 2008 оноос татварын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан тушаалд томилогдон, 2016-2019 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үзүүлэлтээр А үнэлгээтэй, Татварын ерөнхий газрын харьяа татварын нэгжийн 2019 оны үйл ажиллагаа, гүйцэтгэлийн хүрэх түвшний шалгуур үзүүлэлтээр В үнэлгээгээр үнэлэгдэн ажилласан юм.

Гэтэл Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/156 дугаар тушаалаар намайг тус ажлаас чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон нь надад хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хууль бусаар албан тушаал өөрчилж, төрийн жинхэнэ албан хаагч миний шударгаар ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын дарга нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

1. Төрийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу эрх нь хөндөгдөх этгээдэд урьдчилан танилцуулж саналыг нь авахаар маш тодорхой зааж хуульчилсан байтал надад энэ талаар урьдчилан тохиролцолгүйгээр хууль зөрчин албан тушаал өөрчилсөн байна.

2. Мөн тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дах заалтыг дурьджээ. Уг заалтад төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх) эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах-аар зохицуулагдсан. Мөн Б.Заяабал даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 тоот Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай тушаалд Татварын хяналт шалгалтын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэгт өөрчлөлт ороогүй юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч тус нэгжийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалд нь үргэлжлүүлэх ажиллуулахаар зохицуулагдсан байтал өөрчилсөн.

3. Мөн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль-ийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг үндэслэн Нийтийн албанд томилохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авилгатай тэмцэх газарт хүргүүлнэ. Авилгатай тэмцэх газар дээрх хуулийн 23.6-д заасны дагуу урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл надаас урьдчилсан мэдүүлэг аваагүй, миний оронд томилсон тус хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Ц.Сүрэнхорлоогоос мөн урьдчилсан мэдүүлэг авалгүйгээр томилгоо хийсэн байдаг. Дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж тушаал гаргасан үйлдэл нь өөрөө ашиг сонирхолтой шийдвэр гаргасан гэж үзэж шийдвэрлүүлэхээр Авилгатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан.

Авилгатай тэмцэх газар нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 05/4768 тоот албан бичгээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай 2012 оны 05 дугаар тогтоолын 3.6, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу түүний эрхлэх асуудлын чиг үүрэгт өөрчлөлт орсон байх тул нэр дэвшсэн албан тушаалд томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраас хянан үзсэний дараа тухайн ажилд томилж ажиллахыг мэдэгдсэн.

Иймд Д.Наранчимэг миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/156 дугаар тушаалын Д.Наранчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Наранчимэг шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Д.Наранчимэгийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний тушаал нь татварын байгууллагын бүтэц зохион байгуулалттай холбоотой гарсан тушаал юм. Үүнд надаар дамжуулан манай тасгийн бүх улсын байцаагч нарт мэдэгдэж, ямар ажлын байранд очих тухай саналыг нь авсан. Манай хяналт шалгалтын тасаг тухайн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд хамрагдаагүй буюу манай тасгийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, нэр өөрчлөгдөөгүй. Манай тасгийн судалгааны байцаагчийг үлдээн бусад бүх байцаагч нарыг сэлгэн ажиллуулсан. Сэлгэхдээ шалгалт авсан, тухай шалгалтад бүгд унасан гэдэг шалтгаанаар бүх байцаагч нарыг сэлгэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр энэ тухай надад огт мэдэгдээгүй. 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр гэхэд бүх ажлаа дуусгаарай гэдэг чиглэл өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тушаал танилцуулна гэдгийг байцаагч нар мэдэж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15:30 минутад Хэлтсийн дарга орж ирээд тушаалыг нь танилцуулсан. Тухайн тушаалд бүх тасгийн дарга нар хамрагдсан байсан. Тухайн тушаалд хамрагдана гэдгээ би мэдээгүй байж байгаа тухайн үед гэнэт мэдсэн. Тэгээд тухайн тушаалыг зөвшөөрч байна уу? гэж надаас асуухад нь би зөвшөөрөхгүй байна гэж гарын үсгээ зурсан. Би маргааш өдрөөс эмнэлэгт хэвтэх тухай хэлтсийн даргатай өмнө нь ярьж тохирсон байсан. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тушаалаа сонсчихоод эмнэлэгт хэвтсэн. Ингээд тухайн тушаал гарах тухай надад мэдэгдээгүй учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авч Авлигатай тэмцэх газраар хянуулдаг, тухайн мэдүүлгийг аваагүй. Миний оронд томилогдож ирсэн н.Сүрэнхорлоогоос танаас ашиг сонирхлыг мэдүүлэг авсан уу? Авлигатай тэмцэх газарт хянуулсан уу гэж асуухад надаас мэдүүлэг аваагүй гэж хэлсэн. Би үүнийг Авлигатай тэмцэх газраас тодруулахад Авлигатай тэмцэх газраас Мэдүүлэг авах ёстой. Танай Татварын ерөнхий газрын дарга хууль зөрчсөн байна. Би таны хүсэлтийн хариуг явуулна. гэж хэлсэн. Тэгээд 6 хоногийн дараа даргад хариуг ирүүлсэн байсан.

Би тэр үед Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс 25 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулчихаад бүтэн сарын дараа Манай харьяалан шийдвэрлэх асуудал биш байна. Шүүхэд хандах боломжтой. гэсэн хариу өгсөн. Тэгээд сарын дараа Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Эхний тушаал бол надад огт мэдэгдээгүй миний албан тушаалыг өөрчилсөн. Сүүлийн Б/458 дугаар тушаалыг гаргахдаа мөн надад огт мэдэгдэлгүйгээр намайг ажлаас халсан. Би тухайн үед нь өвчтэй байж байсан, ийм зүйл болно гэж огт мэдээгүй. Би Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын ажлаа хийгээд, гэрээгээ байгуулаад, төлөвлөгөөгөө батлуулаад, бүх байцаагч нартаа ажлыг хуваарилж өгсөн. Миний даралт ихсээд байсан учраас эмнэлэгт хэвтсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 26-нд эмнэлгээс гарсан. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа очиход И-мэйлээ шалгаад, Хяналтын шалгалтын тасгийн хянан шалгах зааварчилгааны хариуг өг гэсэн. Би Миний программын эрхийг та нар авсан. Мөн бүх судалгааны байцаагч нарт байсан бүх судалгааг та нар авсан. Би ямар нэгэн программ, судалгаанаас харахгүйгээр ямар тайлбар өгөх юм бэ? гэхэд Үүнийг чи мэдэж байх ёстой. гэсэн. Тэгээд миний өмнөөс биччихсэн зарим асуултад хариулчихсан, зарим асуултад хэн хариулсан юм бэ гэж асуухад н.Сүрэнхорлоо хариулсан, одоо чиний хариулах хариулт үлдсэн. гэж хэлсэн. н.Сүрэнхорлоо даргад бүх судалгаа, бүх материалууд байгаа учраас тухайн дарга өөрөө хариулах ёстой шүү дээ. Би энэ талаараа хариу тайлбараа явуулсан байхад Намайг хариу тайлбар өгсөнгүй том толгой гаргалаа. гэж ажлаас халсан.

Американ стандарт ресурс ХХК-ийн асуудлаар манай хоёр байцаагчтай асуудал үүсээд халж байна гэж бодтол намайг хамтад нь халсан. Надад сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг ирүүлсэн гэж тайлбарлаж байна. Би үүнийг мэдээгүй байж байгаад сүүлд буюу миний хувийн и-мэйл хаяг руу явуулсан байсан. Тухайн сонсох ажиллагаа нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 17:20 минутад хийгдсэн гэж байна. Гэтэл үүнийг би сүүлд мэдсэн. Мөн 2 дахь тушаалын талаар надад огт мэдэгдээгүй, надаас нэг ч үг асуугаагүй. Тухайн и-мэйлд намайг хариу ирүүл гэсний дагуу хариу хүргүүлсэн. Тухайн хариундаа Би Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга хийж байна. Би өөр ажлын байрын тодорхойлолттой, өөр ажил хийж байна. Хэрэв шалган зааварчлах ажиллагаа явуулах байсан юм бол намайг Хяналт шалгалтын тасгийн дарга хийж байх үед хянан зааварчлах ажиллагаа хийсэн бол мэдээллийг нь гаргах боломжтой байсан. Надад ямар ч мэдээлэл, судалгаа байхгүй учир тэр олон тоон мэдээллийг гаргаж өгөх боломжгүй юм. гэж хариу өгсөөр байтал хариу ирүүлсэнгүй гэдэг шалтгаанаар халсан.

Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа удаан үргэлжилж байна. Би маш их хохирч байна. Би цалингүй олон сар болж байна. Мөн корона туссан, тэгээд коронагийн дараах хүндрэл зэргээр маш их зовж байна. Намайг Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга байх үед надад маш их дарамт ирдэг байсан. Мөн намайг ажлаа хүлээлгэн өгсний дараа буюу 2020 оны 09 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт Американ стандарт ресурс ХХК-тай холбоотой хяналт, шалгалтыг хаасан, шалгасан гэж тайлбарлаж байна. Тухайн компанитай холбоотой ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хаасан тухай нотлох баримт байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би ажил хийгээгүй, ажил хийх боломж байгаагүй. Хариуцагч тал 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажил хийсэн байна гэж яагаад зүтгээд байна вэ гэвэл өмнөх оны шалган зааварчилгаагаар Та нар шийдвэр гаргасан өдрөө программтайгаа ижил огноотой яваад байна. гэсэн зааварчилгаа ирсэн. Тийм учраас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн байцаагчаас хянуулаад, эцсийн байдлаар оруулж ирснийг нь 01-ний өдөр тэмдэглээд, программдаа өөрөө гараараа 04 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн гэж оруулсан. Харин лог хяналтаар энэ үйлдлийг 04 дүгээр сарын 01-нд хийсэн байна гэж гарч ирсэн. Би 04 дүгээр сарын 02-ны өдөр программд хаалт хийгээгүй.

Албан тушаалын тодорхойлолтод тасгийн дарга хяналтын шалгалтын материалыг нэг бүрчлэн шалгах тухай огт заагаагүй. Тэр байтугай Татварын ерөнхий хуульд татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс ямар нэгэн дарамт шахалт үзүүлж оролцохыг хориглоно гэж заасан байдаг. Хяналт, шалгалтын тасгийн дарга нь тухайн хууль эрх зүйн үндэслэл нь зөв эсэхийг, тооцоолол нь зөв эсэхийг л хянана. Түүнээс биш хөндлөнгийн мэдээлэл нь зөв эсэхийг байцаагч өөрөө хариуцдаг. Тиймээс акттай холбоотой маргааны шүүх хуралдаанд байцаагч өөрөө хариуцагчаар оролцдог.

2020 оны 07 дугаар сарын 10-аас хойших буюу халагдсанаас хойших цалингаа нэхэмжилж байгаа. Хяналт, шалгалтын тасгийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах шаардлага гаргасан. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Д.Наранчимэг нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар 2016 онд зохих журмын дагуу шалгалтыг өгөн жинхэлж томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм. 2017 онд Гааль, татварын ерөнхий газар нэгтгэсний дагуу Гааль, татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга гэдэг албан тушаалыг нь түр орлон гүйцэтгэгч болгон өөрчилсөн. Энэ нь тухайн албан хаагчийн эрх зүйн байдлыг түр орлон гүйцэтгэгч болгон дордуулсан. Холбогдох шалгалтыг өгөн жинхэлж томилогдож байсан албан тушаалаас нь хожим 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нэрээр Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 46 дугаар зүйлд заасныг зөрчин чөлөөлөөд, өөр албан тушаалд томилсон. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын даргын Б/156 тоот тушаалаар албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилсон, энэ тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Д.Наранчимэгийг тухайн албан тушаалаас нь чөлөөлж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсон.

Нэгдүгээр хавсралтын чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Төрийн албаны тухай 46 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй бол чөлөөлөгдөхгүй байх гэдэг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн. Хоёрдугаар хавсралтаар өөр албан тушаалд шилжүүлэн томилсон. Өөр албан тушаалд шилжүүлэн томилохдоо буюу Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг зөрчсөн. Яагаад гэвэл тухайн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн ч гэсэн татварын хяналт шалгалтын тасаг гэдэг үндсэн чиг үүргийн ажил нь хэвээрээ байгаа учраас түүнд нь үргэлжлүүлж ажиллах боломжийг нь олгоогүй. Тухайн шийдвэр Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газрын хамтарсан 2019 оны 34/31 тоот Төрийн албан хаагчийг шилжүүлэх журмыг зөрчсөн хэмээн Төрийн албаны зөвлөл, дараа нь шүүхэд хандсан.

Маргааны гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл тус хэлтсийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн хэдий ч тухайн шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалтаар урьд эрхэлж байсан ажлын байр, чиг үүрэг хадгалагдсан бол тухайн албан тушаалд нь үргэлжлүүлж ажиллуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг ажил олгогчоос шаардсан. Тухайн шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны зөвлөл болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хамтарч баталсан 2019 оны 34/31 тоот журмын хэрэв өөр албан тушаалд томилох бол зөвшилцөх, зөвшөөрлийг нь авч гарын үсэг зуруулах гэсэн процедурыг зөрчсөн байна гэж маргаж байсан.

Маргаж байх явцад Д.Наранчимэгийг шүүхэд мэдүүлэх үндсэн эрхээ хэрэгжүүлсний төлөө холбогдох дарамт шахалт ирж, улмаар 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Д.Наранчимэгийг төрийн албанаас халах тухай, сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/458 тоот тушаал гарч Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тухайн шийдвэртэй холбогдуулж шаардлагаа нэмэгдүүлж маргаж байгаа.

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шалган зааварчилгаа гэдэг татварын байгууллагын дотоод зохион байгуулалтын арга хэмжээ орсон. Шалган зааварчилгаа нь Татварын хууль болон холбогдох журамд заасны дагуу тухайн ажил, албан тушаалыг сайжруулах талаар зөвлөмж өгдөг, татварын байгууллагын ажлыг сайжруулах зорилготой үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа байдаг. Тухайн шалган зааварчилгаа хийж 4 хуудсан тайлан гаргасан. Тайланд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гарсан байтал 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хийсэн байна гэсэн агуулгатай дүгнэлт гарсан. Үүнээс нь Татварын ерөнхий газрын даргаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжсэн атлаа 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажил хийсэн байна гэсэн үндэслэлээр ажлаас нь халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Татварын ерөнхий газрын даргаас бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мэдээгүй. Яагаад гэвэл 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас халах шийдвэрийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргаас албан хаагчдад танилцуулсан. Тэгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухай хэлтсийн ажил үүрэг хэвийн үргэлжилж байсан. Харин тухайн өдөр тус тушаалыг мэдсэн, тус тушаалыг мэдсэн даруйдаа хийж байсан ажлаа зогсоох боломжгүй юм. Төрийн алба тасралтгүй явах зарчимтай, тэр үүднээс тухайн албан тушаалыг дараагийн томилогдсон хүнд хүлээлгэж өгсний дараа нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдөж, ажил үүргийг гүйцэтгэх ёсгүй болж, шинэ ажил албан тушаалын ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагийн хурлын тэмдэглэл байдаг. Тухай өдрийн 14:00 цагт өөр албан тушаалд гэнэт томилогдсоноо мэдээд Д.Наранчимэг цочирдож, даралт нь ихсээд ажлын байрнаасаа гарсан. Тухайн өдрөөс хойш 10 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Зүй ёсоор бол албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан бол дараагийн хүнд ажлаа хүлээлгэж өгөөд шинэ ажлаа хүлээж аваад ажилдаа орох ёстой. Ингэхгүй бол төрийн албаны тасралтгүй байх зарчим алдагдана. Энэ хооронд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шалгалтаа дуусгаад ирүүлсэн татварын улсын байцаагч нарын шийдвэр баталгаажихгүй, томилолтын хугацаа дууссан, актуудын хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй ийм нөхцөл байдал үүснэ. Үүнээс болж Д.Наранчимэг хохирохгүй, татварын байгууллага болон татварын байгууллагаар дамжин төрийн ашиг сонирхол хохирох болно. Ийм учраас Д.Наранчимэг нь ажлаа үргэлжлүүлж хийсэн нь зөв, хууль ёсны ажил гэж үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуульд ажил хүлээлцэх цаг хугацааны талаар томьёологдоогүй байна. Төрийн албаны тухай хуульд нийцүүлж баталсан холбогдох дүрэм, журамд энэ талаар байхгүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар энэ хуульд зохицуулагдаагүй асуудлыг зохицуулна гэж заасан байдаг учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг баримтлах ёстой. Үндсэндээ тухайн маргаанд Д.Наранчимэг нь 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийсэн эсэх, эсвэл 04 дүгээр сарын 02-ны ажлаа хийсэн эсэх нь ач холбогдолгүй юм. Д.Наранчимэг нь 04 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн гэдгээ шүүхэд үнэн зөвөөр мэдүүлж байна. Татварын ерөнхий газраас 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хийсэн гэж маргаж байна. Гэтэл энэ нь аль аль нь утгагүй юм. Д.Наранчимэг нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажлаас чөлөөтэй байсан эмнэлгийн магадлагаа нь байдаг. Д.Наранчимэг 04 дүгээр сарын 13-ны өдөр н.Сүрэнхорлоо гэдэг хүнд ажлаа хүлээлгэн өгөөд, улсын байцаагчийн эрхийн үнэт цааснуудыг хүлээлгэн өгөн, гарын үсгээ зурсан. Энэ өдрөөс хойш Д.Наранчимэг нь өмнөх ажлаа хийсэн бол буруутаж болно. Гэтэл энэ ажиллагаанууд явагдаагүй.

Татварын албаны татварын улсын байцаагч нар Fisher гэдэг программыг ашиглан, бүх ажил үүргээ тухайн программд гүйцэтгэдэг. Гэтэл Д.Наранчимэгийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд тухайн Fisher системд хандах эрхүүдийг нь хааж, шинээр албан тушаалд нь томилогдсон хүнд шилжүүлэн өгсөн.

Д.Наранчимэг нь ажил үүргээ гүйцэтгэж байтал 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шалган зааварчилгаа орж байгаа талаар мэдэгдсэн. Шалган зааварчилгаа ажил, албан тушаалыг сайжруулах чиг үүрэгтэй учраас Д.Наранчимэг нь Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын ажил үүрэгт холбогдуулан шалган зааварчилгаа ирж байгаа бол тухайн шалган зааварчилгаанд хамрагдаж, тусламж зөвлөгөө авах боломжтой талаараа тайлбараа хэлсэн. Гэтэл өмнө эрхэлж байсан, н.Сүрэнхорлоод хүлээлгэн өгсөн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын ажил, албан тушаалд шалган зааварчилгаа ирсэн, тухайн шалган зааварчилгаа нь н.Сүрэнхорлоогийн ажлын хянан зааварчилгаа биш, Д.Наранчимэгийг ажлаас нь халах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэх ажил болон хувирсан.

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тухайн шийдвэр нь төрийн албан хаагчийг ажлаас нь халах, чөлөөлөхтэй холбоотой Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг, мөн тус хуульд нийцүүлж гаргасан Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журамд заасан процессуудыг алийг нь ч хэрэгжүүлээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.

2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шалгалтын ажлын тайлан 19 хуудастай, ард талд нь өгөх санал 4 хуудастай баримтад 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Арга зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Бадамцэцэг нь биччихээд улсын байцаагч нараар зуруулсан гэсэн баримт бичиг үйлдээд, ийм үндэслэлээр халсан гэж шүүхэд авчирч өгсөн. Тухайн баримтад Д.Наранчимэгийг төрийн албан тушаалын чиг үүргийг зохих ёсоор биелүүлж ажиллах, улмаар төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлттэй холбогдуулан маргасан боловч хүлээж аваагүй. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн миний гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Мэдээлэл технологи хариуцсан хэлтсээс нь лог мэдээллүүдээс нь шүүгээд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийсэн байна гэсэн нотлох баримт ирэнгүүт хариуцагч талаас тайлбар ирүүлдэг. Тухайн нотлох баримтыг шүүх үнэлэх ёстой байтал тухайн нотлох баримтыг буруу нотлох баримт гарсан байна гэж хариу өгсөн. Тэгээд Д.Наранчимэгийн бичиж оруулсан 04 дүгээр сарын 02-ны өдөр жагсаалтыг шүүхэд авчирч өгсөн. Маргаан шийдвэрлэгдэж байх явцад Д.Наранчимэг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн Авлигатай тэмцэх газарт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр буюу сүүлд нь гомдол гаргасан. Албан хаагчийг ажлаас нь халдаг, халсан шийдвэртэй нь холбогдуулах маргахаар нь Авлигатай тэмцэх газарт гомдол өгдөг. Тэгээд шүүхэд түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргадаг төрийн захиргааны байгууллагын удаа дараагийн ийм хууль бус үйлдлүүд байна. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс тогтоохоос өмнө хэн нэгэн буруутай гэж дүгнэх ёсгүй. Тэр тусмаа төрийн албан хаагчийн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол түүнийгээ урьдчилан тогтоосныхоо үндсэн дээр төрийн албанаас халах шийдвэр гаргах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн бол гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл тухайн тушаалтай маргасных нь төлөө Авлигатай тэмцэх газарт өгдөг жишиг тогтоод удаж байна. Энэ бол захиргааны байгууллагаас иргэний шүүхэд маргах эрхийг хааж, шүүхээр эрхээ сэргээлгэхэд дарамт үзүүлж байгаа үйлдэл гэж хуульчийн хувьд ойлгодог. Тэгэхээр үүнийг шүүхийн зүгээс таслан зогсоож, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль бус шийдвэрт авах арга хэмжээг авах ёстой гэж үзэж байна.

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ажлаас халах шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг ноцтой зөрчсөн. Тухайн шийдвэрийн үндэслэсэн заалт нь маш ерөнхий буюу тангаргаас няцсан гэж үндэслэсэн. Гэтэл яг ямар үйлдлээр тангаргаас няцсан гэдэг нь тодорхой биш, ард талд нь бичихдээ ажлаас чөлөөлөгдсөний дараа ажлаа хийсэн гэсэн агуулгатай байдаг. Үүнийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлж баталсан Төрийн албаны зөвлөл болон Засгийн газар нарын хамтарч баталсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот журмын дагуу шалгаж тогтоосны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийг холбогдох заалтыг хэрэглэдэг юм. Гэтэл энэ ажиллагаа огтхон ч хийгдээгүй.

Мөн ажлаас халах шийдвэртэй холбогдуулан сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халах шийдвэр гарсан мөртөө тухайн өдөр нь сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан. Тухайн сонсох ажиллагааны мэдэгдэлд нь ямар үндэслэлээр яах гэж байгаа нь тодорхойгүй, зүгээр л сонсох ажиллагаа явуулж байна гэсэн агуулгатай мэдэгдлийг ирүүлсэн. Гэтэл сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу тодорхой нөхцөл байдлыг тогтоон, үүсэж буй нөхцөл байдлын талаар танилцуулан, үүнтэй холбогдуулан тайлбар, нотлох баримт гарган өгөх бололцоог олгох, түүний үндсэн бодит нөхцөл байдлыг тогтоож дараа нь шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл энэ ажиллагаануудыг бүгдийг нь алгасан, одоо сонсох ажиллагаа хийхэд нь ирээгүй гэдэг тайлбарыг ирүүлж байгаа нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газрын хамтран баталсан 2019 оны 36/32 тоот журам, мөн тус хоёр байгууллагын хамтран баталсан 34/31 тоот хэм хэмжээний актуудыг зөрчсөн хууль бус шийдвэр, үйл ажиллагаа байгаа учраас таслан зогсоож, төрийн албан хаагчийн хуульд заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Х.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр татварын багц хуулиуд шинэчлэн батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Татварын албаны шинэчлэлийн хүрээнд татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, албаны үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахтай холбоотойгоор Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, 2 дахь заалтаар харьяа газар, хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг батлан мөрдүүлэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгасан. Улмаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар газар, хэлтсийн ажлын ачааллыг харгалзан бүтэц, зохион байгуулалтын чиг үүргийг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 43 дугаар тогтоол, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтыг баталсан.

Шинэ бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбоотойгоор Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн ажилтан, албан хаагчдыг хуучин албан тушаалаас нь чөлөөлж, томилсныг хууль бус гэж үзэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх маргаан бүхий Б/156 дугаар тушаалаар Д.Наранчимэгийг татварын хяналт шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд тухайн албан тушаалд томилсон гэсэн үг биш, түүний албан тушаалын ангилал, зэрэглэл, шатлал, цалин буураагүй.

Татварын ерөнхий газраас өөрийн харьяа газар, хэлтсийн үйл ажиллагааг шалган зааварчлах, арга зүйгээр хангах зорилтын хүрээнд татварын хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтсийн дарга, татварын улсын байцаагч нарын хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаа хэрэгжүүлж ажилласан байдал, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, чиглэлийг хэрэгжүүлж ажилласан байдлыг шалгаж, татварын хяналт шалгалтын ажлын чанар, үр нөлөө, сахилга хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх талаар заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйгээр хангах, хууль бус үйлдэл, зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг уламжлах үүднээс төлөвлөгөөт хяналт шалгалт/дотоод/ хийх удирдамжийг Татварын ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

Удирдамжийн дагуу татварын улсын байцаагч Н.Долгормаагаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийг дуустал хугацаанд хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад Д.Наранчимэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд албан үүргээ гүйцэтгэж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй орхигдуулсан, албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргаснаас хойш албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, цаг хугацаанд нь хийгээгүй ажлыг програмд нөхөн баталсан, үндэслэлгүйгээр томилолт цуцалсан, хяналт шалгалтын томилолт үүсгээгүй, 2019 оны 11, 12 дугаар сарын хийсэн ажлын тайлан болон 2020 оны эхний 3 сарын төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулсан талаар тайлан, мэдээллийг ирүүлээгүй, холбогдох баримтыг гаргуулах шаардлагыг биелүүлээгүй бөгөөд баримт материалыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан зэрэг зөрчлүүдэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд хууль тогтоомжийн хүрээнд шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт чиг үүргийн хүрээнд Б/156 дугаар тушаалаар нийт ажилтан албан хаагчдыг чөлөөлж, томилсон үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэхүү тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Д.Наранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Д.Наранчимэг нь Татварын ерөнхий газрын 2016 онд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2020 онд татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтын хувьд буюу чиг үүргийн хувьд өөрчлөлт орсон. Сангийн сайдын тушаалын дагуу бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн баталсан. Үүний дагуу ерөнхий газрын бүтэц, аймаг, нийслэл, дүүргийн бүтцийг батлаад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Татварын ерөнхий газрын даргын тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн бүх албан хаагчдыг чөлөөлөөд, тухайн тушаалын хавсралтаар буцаан томилсон. Уг тушаалаар Д.Наранчимэгийг Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөөд Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Д.Наранчимэг нь өмнө Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа ажил үүргээ хангалттай хийж гүйцэтгэж чадахгүй байсан тул энэ ажлыг тодорхой түвшинд хийж чадахгүй байна гэж үзэн, захиргаанаас өөрийн эрх мэдлийн хүрээнд өөр тасгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Тухайн томилсон тушаал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт: Д.Наранчимэг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хоёрдугаарт: цалин, төрийн албан хаагчийн ангилал, шатлал, зэрэг дэв буураагүй учраас түр орлон гүйцэтгэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл аль аль албан тушаалд түр орлон гүйцэтгэгч байсан. Хяналт шалгалтын тасгийн даргын түр орлон гүйцэтгэгч байсан. Төрийн албаны тусгай шалгалт өгч байж жинхэнэ албан хаагчаар томилогддог. Б/156 тоот тушаалын дагуу цалин, шатлал зэрэглэл буураагүй учраас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримталсан, бүгдийг нь чөлөөлөөд, буцаан томилсон. Хяналт, шалгалтын тасаг хэвээрээ байгаа ч Д.Наранчимэг нь түр орлон гүйцэтгэгч байсан. Ковид-19 өвчний нөхцөл байдлаас шалтгаалан Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулагдахгүй, албан ёсоор сонгон шалгаруулалтаар томилогдох нөхцөл нь бүрдэхгүй байсан. Удирдах албан тушаалын тусгай шалгалт зарлаагүй учраас удирдах албан тушаалд зөвхөн Д.Наранчимэг биш бүгд түр орлон гүйцэтгэгч байсан.

Цалин хөлс нь буураагүй, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор чөлөөлөөд, буцаан томилсон л асуудал байгаа юм. Татварын шинэ хуулийн дагуу татвар төлөгчийн сегмент буюу ангиллаар нь бүтцэд өөрчлөлт орсон. Хяналт, шалгалтын тасгийн чиг үүрэг нь хэвээрээ байгаа. Д.Наранчимэг Хяналт, шалгалтын тасгийн даргаар 2016 оноос ажиллаж байсан, анх 2016 оны 06 дугаар сард тасгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, дараа нь 2016 оны 07 дугаар сард жинхэлж томилсон. 2017 онд гааль, татварын байгууллагууд нийлээд, буцаагаад салах үед бүх албан хаагчдыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан, одоог хүртэл ажиллуулж байгаа. Д.Наранчимэгийг тасгийн даргын тусгай шаардлагад тэнцэх эсэхэд маргаан байхгүй.

Хоёрдугаарт: 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 тоот тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар маргаж байна. Тухайн тушаал гарахад Татварын ерөнхий газар нь босоо тогтолцоотой байгууллагын хувьд тодорхой хугацаанд харьяа газруудын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хүрээнд явж байгаа эсэхэд шалган зааварчлах, чиглүүлэх, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байвал илрүүлэх, удирдах албан тушаалтанд санал хүргүүлэх, дүгнэлт гаргуулах эрхтэй ажлыг хэсгийг байгуулагдаад Хяналт, шалгалтын тасгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тухайн шалгалтаар Хяналт, шалгалтын тасгийн үйл ажиллагаа нэлээн зөрчил дутагдалтай байсан нөхцөл байдал ажлын хэсгийн шалгалт дүгнэлтээр тогтоогдсон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Татварын ерөнхий газрын даргад шалгасан ажлынхаа талаар танилцуул, санал, дүгнэлтийг хүргүүлсэн. Тухайн санал дүгнэлтэд ...Д.Наранчимэг нь Хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай биелүүлж чадаагүйгээс болон тодорхой зөрчлүүд гарсан байна. Тухайн Тасгийн даргын чиг үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа учраас арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн байгаа юм. Ямар зөрчил гаргасан талаарх дүгнэлт нь хавтаст хэрэгт дэлгэрэнгүй байгаа. Тухайн ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслээд Татварын ерөнхий газрын даргаас Д.Наранчимэгийг албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Тухайн халах тушаалд 2 асуудал яригдсан. Нэгдүгээрт: 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлсөн тухай тушаал гарсан байхад, Сүхбаатарын дүүргийн Татварын хэлтэс нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн тушаалыг нийт хамт олны хурлаар танилцуулан, Хяналт, шалгалтын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөөд, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тушаалыг сонсмогц өмнөх зөрчил дутагдалтай зарим нэг ажлуудаа байцаагч нь дүгнэлтээ гаргаагүй байхад систем дээр яаравчлан дуусгавар болгосон нөхцөл байдал байсан буюу илтгэх хуудсыг баталгаажуулсан үйлдэл гаргасан. Илтгэх хуудсыг баталгаажуулсан үйлдлийг Американ стандарт ресурс ХХК-тай холбоотойгоор ярихад хөндлөнгийн мэдээллийн санд татварын тайлантай холбоотой нэлээн зөрчил, мэдээллүүд байсаар байхад зөрчилгүй гэж хоёр байцаагч нь илтгэх хуудас үйлдсэн байдаг. Тухайн илтгэх хуудсыг үйлдсэн хоёр байцаагч нь хянан шалгалт хийгээгүй, хугацаа дууссан гэсэн үндэслэлээр илтгэх хуудсыг гаргасан. Үүнийг Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хянаж, баталгаажуулж, хүчин төгөлдөр болгох үйлдлийг албан тушаалын тодорхойлолтод зааснаар Д.Наранчимэг хянаж ажилладаг. Зөрчилтэй байхад зөрчилгүй гэж гаргасан энэ илтгэх хуудсыг баталгаажуулсан үйлдэл, мөн тухайн илтгэх хуудсыг гаргасан нэг байцаагч нь тухайн компанийг огт шалгаагүй, тус илтгэх хуудас гарч байгааг мэдээгүй байхад системд томилолтыг нь дуусгаад, илтгэх хуудаст гарын үсэг зурж хаасан үйлдлийг гаргасан. Тухайн илтгэх хуудсыг гаргасан 2 байцаагчийн нэг н.Ганчимэг нь тухайн илтгэх хуудас гарсныг сүүлд мэдсэн. Мөн тухайн илтгэх хуудаст гарын үсэг зураагүй байхад нь шахалт шаардлагын үндсэн дээр 2020 оны 07 дугаар сард илтгэх хуудаст гарын үсгээ зурсан байхад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр илтгэх хуудас гарсан байсан гэдэг үндсэн дээр Д.Наранчимэг нь илтгэх хуудас дээр баталгаажуулж гарын үсэг зурсан нь өөрөө эрх мэдлээ хэтрүүлсэн буюу байцаагч нь гарын үсэг зурсны дараа зурж баталгаажуулах ёстой энэ үйлдэл дээр нь зөрчил гэж үзэн, Төрийн албаны тухай 37 болон 39 дүгээр зүйлд заасан хориглосон болон хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Системийн лог мэдээлэл дээр Д.Наранчимэг нь 7, 8 аж ахуйн нэгжүүдийг материалыг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хаасан байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг сонгон системд оруулсан бүр цагийг нь 17:21 минут гэдгийг сонгож хийсэн болж таарах гээд байна. Тэр зөвлөж байгаа үйлдлийн огноог сонгодог болохоос биш тухай системд нэвтэрсэн огноог сонгож чадахгүй. Тухайн өдрийг нь сонгодог нөхцөл байдал тухай баазын системд байдаггүй. 1033 гэдэг код нь тухайн системд нэвтэрдэг давхар код юм. А93572 гэдэг код нь өөрийнх нэртэй адил системд хэрэгждэг нэр нь юм.

Ажлын хэсгийн тайланд энэ талаар мөн дурдсан байсан. Тухайн тушаал танилцуулагдсан тухайн өдөр Мэдээлэл, технологийн төвөөс хяналтын эрхийг хаах ёстой үүрэг байсан. Тухайн тушаал нь 04 дүгээр сарын 01-ний өдөр гараад бүх дүүргүүд рүү хүргэгдсэн. Харин Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь 04 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулсан байсан. Системд хандах эрхийг нь Мэдээлэл, технологийн төвөөс хаах ёстой байхад тухайн хаалтыг хийгээгүйгээс болоод Fisher системд илтгэх хуудсуудыг хаалт хийсэн үйлдэл байна гэсэн.

Татварын улсын байцаагч хяналт, шалгалт хийгээд шийдвэрийг гаргадаг. Нэгжийн дарга өдөр тутмын хяналт тавина, арга зүйгээр хангана. Албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу Хяналт, шалгалтын нэгжийн дарга нь тухайн байцаагч илт үндэслэлгүйгээр илтгэх хуудас гаргасан нөхцөл байдал байгаа эсэхэд хяналт тавина. Тухайн үед хөндлөнгийн мэдээллийн санд Американ стандарт ресурс ХХК-тай холбоотой мэдээлэл байхад илтгэх хуудаст байхгүй гэж гаргаж байгаа тохиолдолд хөндлөнгийн мэдээллийн санд хяналт тавина.

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийсэн, 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хийгээгүй, тэр огноог нь сонгосон гэж тайлбарлаж байна. Гэтэл илтгэх хуудсыг гаргасан 2 байцаагчид яг энэ үндэслэлээр халах тухай сахилгын шийтгэл оногдуулсныг шүүхээс үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Гэтэл тухай илтгэх хуудсыг хянаж, баталгаажуулах албан тушаалтан нь тухайн зөрчлийг гаргаагүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч талаас тухайн тушаал нь 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан тийм учраас ямар нэгэн зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байна. Тухайн ажлыг 04 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн гэдэг нь архивын бааз мэдээллээс шүүж үзээд гарсан.

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гараад 04 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулсны дараа Д.Наранчимэг явчихсан. Утсаа авахгүй, холбогдохгүй, өвчтэй гээд ерөөсөө ажилдаа ирдэггүй. Мөн 2020 оны 06 дугаар сард Ажлын хэсгээс Хяналт, шалгалтын үйл ажиллагааг шалгаад н.Сүрэнхорлоогоос шаардлагатай мэдээлэл, баримтуудыг аваад явсан, зайлшгүй авах шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг архивт ороогүй, Д.Наранчимэгт байсан нөхцөл байдал байсан учраас Д.Наранчимэгтэй холбогдохоор би нэгэнт шүүхдэж байгаа юм чинь та нар яадаг юм гэсэн хандлагаар хандаж ирээгүй. Мөн 2020 оны 07 дугаар сарын 10-ны тушаалын дагуу сонсох ажиллагаа хийх гэхээр утсаа авдаггүй. Бүр арга ядаад и-мэйл хаяг руу нь сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хурууны хээгээ уншуулсан. Хяналт шалгалт ирэх гэж байна гэдгийг мэдээд явчихсан. Ажлын хэсгийн хүмүүс гайхаж байсан. Дээд шатны байгууллагаас шалгалтаар ирж байхад тайлбарлаж, холбогдох баримт бичгүүдээ гаргаж өгдөггүй нөхцөл байдалтай байсан. Сонсох ажиллагааны хувьд холбогдох гээд чадаагүй учраас тушаал нь гарсан.

Тушаал гаргахаас өмнө Д.Наранчимэгтэй холбогдох гэж оролдсон. Тэгээд холбогдож чадаагүй учраас и-мэйл хаягаар нь сонсох ажиллагаа хийнэ гэж төлөвлөсөн, үүнтэй зэрэгцээд н.Ганчимэг, н.Ариунаа хоёрт сонсох ажиллагаа хийгдсэн. Тухайн байцаагч нар нь 07 дугаар сарын 10-ны өдөр тайлбараа ирүүлсэн. Д.Наранчимэг нь утсаа авахгүй, н.Ганчимэгийн мэдүүлэгт ...Илтгэх хуудас дээр 07 дугаар сарын 10-ны өдөр би гарын үсэг зурсан юм... гэж дурдсан. Ийм нөхцөл байдлууд тогтоогдсон учраас тухайн тушаалыг гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Октябрь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 07 дугаар сарын 10-ны тушаалд 2 үндэслэл байдаг. Нэгдүгээрт: Ажил үүрэг нь өөрчлөгдсөн байхад тухайн нэгжийн чиг үүргийн ажлыг чөлөөлөгдсөнөөс хойш ажил үүргээ хэрэгжүүлсэн нэг үндэслэл байдаг. Хоёрдугаарт: Ажил үүргээ үргэлжлүүлж хийхдээ хууль зөрчин, татварын хуулиар заасан чиг үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй гэсэн хоёр үндэслэлийг маргаан бүхий тушаалд илтгэх хуудсыг баталгаажуулсан үйлдэл гэж байгаа. 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан тушаалтай 04 дүгээр сарын 02-ны өдөр танилцаад, ажил үүргээ өөрчлөгдөж байгааг мэдсэн даруйдаа яагаад хүчин төгөлдөр бус илтгэх хуудсыг программд яаравчлан бүртгэсэн юм бэ? Баталгаажуулах үйлдэл хийсэн юм бэ? Нөгөөтээгүүр төрийн алба тасралтгүй залгамжлах зарчим нь дараагийн шинээр томилогдсон албан хаагч нь үргэлжлүүлээд Д.Наранчимэгийг дутуу хийсэн ажлыг хийгээд явна. Гэтэл тушаалтайгаа танилцангуутаа яаран сандран хэд хэдэн илтгэх хуудсыг буюу хяналт шалгалт огт хийгээгүй шийдвэрийг системд баталгаажуулсан зөрчил байдаг. Улсын байцаагчийн шийдвэр гарсан гэж үзэхгүй. Яагаад гэвэл томилогдсон хоёр байцаагч нь төлөвлөгөөнийхөө дагуу шалгалтаа явуулаад, өдөр тутмын ажлаа нэгжийн даргадаа танилцуулаад явдаг. Түүнээс биш шалгаад дууссаныхаа дараа бүгдийг нь шалгуулдаггүй, тухай бүрд нь чиглэл, арга зүйгээ аваад явдаг. Хоёр байцаагч нь шалгалтаа хийгээд шийдвэрийн төслөө хянуулж, баталгаажуулж байгаа юм. Тэгээд эцсийн байдлаар тухайн төсөл хуульд нийцсэн байвал даргын гарын үсгээр бүрдэл хангагдсаны үндсэн дээр шийдвэр гардаг. Түүнээс өмнө улсын байцаагчийн төслийг шийдвэр гэж хэлж болохгүй байх. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлөөд, 04 дүгээр сарын 02-ны өдөр системд орсон асуудал бол чөлөөлөх тушаалтай холбоотой асуудал гэдэг нь тодорхой байна. Хэрвээ 04 дүгээр сарын 02-ны өдөр системд орсон асуудал нь ашиг сонирхол үүсгэсэн асуудал байгаа бол тусдаа гомдлоо гарган шийдвэрлүүлэх асуудал юм. Тухайн маргаан нь төрийн албан хаагчийг өөр ажлын байранд шилжүүлэх, өөрчлөхтэй холбоотой шийдвэр гаргахдаа зөв, буруу эсэхийг тогтоох маргаан гэж ойлгож байна. Ажил олгогч нь шийдвэр гаргахдаа процессын алдаа хийсэн байна гэж ойлгогдож байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранчимэг нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр ажиллаж байсан нэгж, албан тушаал, чиг үүрэг өөрчлөгдөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн үндэслэлээр, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, сонсох, тайлбар авах ажиллагаа хийгээгүй, тасгийн дарга татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажилд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж оролцохоос биш хяналт шалгалтын ажлыг, хөндлөнгийн мэдээллийг орж шалгах чиг үүрэг, эрх хэмжээ байхгүй, ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө системд хяналт шалгалтын ажлыг дууссаныг бүртгэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгуулахаар, урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгохоор, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий тушаалуудын хууль зүйн үндэслэлээс хамаарч нэхэмжлэлийн бусад шаардлагууд шийдвэрлэгдэхээр байх тул акт тус бүрийн хууль зүйн үндэслэлийг, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэхээр байна.

Нэг. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан Д.Наранчимэгийг тус хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Тушаалд баримталсан хуулийн бусад заалт нь шийдвэрийг гаргаж буй этгээдэд уг шийдвэрийг гаргах эрх олгосон заалт бөгөөд тушаалын үндэслэлд хамаарахгүй тул дүгнэх шаардлагагүй, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангуулах зохицуулалт байна.

Нэхэмжлэгч Д.Наранчимэг нь 2008 оноос татварын байгууллагад ажилласан, 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга, улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан төрийн удирдах албан тушаалыг хашиж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

Тушаалд үндэслэл болгосон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан тус газрын харьяа нэгжийн зохион байгуулалтын бүтцийг баталсан, энэ бүтцээр төвийн дүүргүүдийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийг татвар төлөгчийн ангиллаар нь Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг, Хувь хүний татварын тасаг гэж өөрчлөн зохион байгуулсан, харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан Татварын хяналт шалгалтын тасаг бүтэц, чиг үүргийн хувьд хэвээр, өөрчлөлт ороогүй, тасгийн даргын албан тушаалын орон тоо хасагдаагүй байна.

Ийнхүү байгуулагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан, мөн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх үзлээ.

Тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, мөн томилох зохицуулалт агуулаагүй, энэ хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх, шилжүүлэн томилох, халах зохицуулалтыг тодорхой хуульчилсан, ийнхүү хуульчилснаас өөрөөр чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгааг хангуулах, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт хэрвээ өөрчлөгдсөн тохиолдолд чиг үүрэг нь хэвээр бол үргэлжлүүлэн ажиллуулах, орон тоо цөөрсөн бол сонгон шалгаруулж ажиллуулах, орон тоо хасагдан бол өөр ажилд шилжих, цалин хөлсөө авангаа мэргэших, ажлын байраар хангуулах, дээрх боломжууд бүгд үгүй тохиолдолд 1 удаагийн тэтгэлэг авах ийм л зохицуулалт.

Нөгөө талаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл болон ямар албан тушаалын чиг үүргийг ямар албан тушаалтнаар, хэнээр орлон гүйцэтгүүлэх журмыг хуульд тодорхой заасан, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн нь энэ үндэслэлд хамаарахгүй байхад байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн нэрийдлээр удирдах, гүйцэтгэх бүх албан хаагчдаа чөлөөлж буй нь, буцааж томилохдоо албан тушаалыг сольж, албан хаагчдаа албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж буй нь энэ талаарх мөн хуулийн 42, 43 дугаар зүйлийг болон 43 дугаар зүйлийн 43.6-д энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчжээ.

Хариуцагч нь Д.Наранчимэгийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул чөлөөлж, өөр албан тушаалд томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчөөгүй гэж тайлбарлах ч 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Хяналт шалгалтын тасгийн дарга, улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байхад нь Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдах хүртэл хугацаагаар албан хаагчдыг үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, мөн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар шинэ бүтцийн дагуу чөлөөлж дахин Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд үүнээс хойш Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажиллаагүй, ковид 19 цар тахлын хязгаарлалтын дэглэмээс хамаарч төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт явуулаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсаар байсан гэх тул энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан баталгааг зөрчих, эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болох ёсгүй.

Хариуцагч нь Д.Наранчимэгийг Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын ажил үүргийг хангалттай хийж гүйцэтгэж чадахгүй байсан гэж чөлөөлж, өөр албан тушаалд томилсон үндэслэлээ тайлбарлах ч чөлөөлж, томилсон тушаалд энэ үндэслэлээ заагаагүй, өөрөөр хэлбэл тушаалын үндэслэлд хамаарахгүй, түүнчлэн энэ үндэслэлээ тогтоогоогүй, хэрвээ хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээрээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахаар хуульчлагдсан, Тасгийн дарга Д.Наранчимэг нь 2018 оны үнэлгээгээр 91 оноо, 2019 оны үнэлгээгээр 93 оноогоор үнэлэгдсэн байдаг.

Маргаанд хамаарах тушаалд үндэслэл болгоогүй ч агуулгын хувьд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн эсхүл сэлгэн ажиллуулсан гэж харахаар, нэхэмжлэгч мөн энэ агуулгаар шийдвэрлэсэн бол саналыг нь аваагүй, өөртэй нь тохиролцоогүй гэж маргадаг бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д албан ажлын зайлшгүй шаардлагыг буюу тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар бүхий бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, ... байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл байдлыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно., 44.2-т төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан, шилжүүлэн эсхүл сэлгэн ажиллуулах алин боловч төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцох, зөвшөөрөл авахаар, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар шилжүүлэн ажиллуулах урьдач нөхцлийг хуульчилсан, нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, саналыг аваагүйгээс гадна, нэхэмжлэгч тухайн албан тушаалыг 4 жил хашиж байснаас үзвэл эдгээр урьдач нөхцлүүд хангагдаагүй байдаг.

Иймд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан Д.Наранчимэгийг тус хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг буюу нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчжээ.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байх тул энэ шаардлагатай уялдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоолгох шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтад нийцнэ.

Хэдийгээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж буй нь хууль зөрчсөн талаар дээр дүгнэсэн ч шүүх захиргааны байгууллагын гаргасан томилсон, чөлөөлсөн, халсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэхээс биш албан хаагчдыг томилох хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдаж, тасгийн даргын албан тушаалд шууд эгүүлэн тогтоох боломжгүй юм.

Хоёр. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар Д.Наранчимэгийг Татварын хяналт шалгалтын нэгжийн даргын албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.9, 37.1.13-т заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3-т заасан хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй гэж үзээд 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас сахилгын шийтгэлээр халжээ.

Тушаалын үндэслэлээс үзвэл албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж 2 үндэслэл заасан байна. Үндэслэл тус бүрээр дүгнэвэл.

1. Уг тушаал нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шалган зааварчлах ажлын удирдамжийн дагуу шалган зааварчилсан ажлын тайлан, ажлын хэсгийн саналыг үндэслэн гарсан байх бөгөөд тайлан, саналд өөр татварын улсын байцаагч нартай холбоотой хяналт тавьж ажиллаагүй гэх зөрчлүүдийн талаар дурдсан ч энэ нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болоогүй, харин тушаалын үндэслэл болсон албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зөрчлийн тухайд тайлангийн 12-т тушаал гарснаас хойш хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийсэн, шийдвэр гаргахад оролцсон эсэхийг Фишер программаас шалгаад 5 хяналт шалгалтын томилолтыг 4 дүгээр сарын 02-ны өдөр хаасныг зөрчил гэж үзсэн, тайлангаас бүтцийн өөрчлөлтийн тушаал гарах бүрт өдөрт нь багтаан программын хандах эрхийг хаах, нээх, өөрчлөх зэрэг эрхийг Мэдээлэл технологийн төвд яаралтай өгч хийлгэж хэвших талаар санал гаргасан, үүнээс гадна шалган зааварчлах ажлын хэсэг Д.Наранчимэг, Д.Ариунаа, Н.Ганчимэг нарт хариуцлага тооцуулах санал гаргасан.

Шалган зааварчлах ажлын хэсгийн санал тасгийн дарга Д.Наранчимэгээс гадна татварын улсын байцаагч Д.Ариунаа, Н.Ганчимэг нарт холбогдуулж гарснаас, түүнчлэн тушаалд зөрчлийг албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойш татварын хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн илтгэх хуудсыг баталгаажуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Д.Наранчимэгт сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэлд тайланд дурдсан бусад зөрчлүүд хамааралгүй, татварын улсын байцаагч Д.Ариунаа, Н.Ганчимэг нарт олгосон Американстандарт ресурс ХХК-д татварын хяналт шалгалт хийх томилолтыг өөр нэгжид томилсон тушаал гарсны дараа хаасан нь албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хөндлөнгийн мэдээллийн санг шалгаагүйгээс зөрчилгүй гэж илтгэх хуудас бичсэнийг баталгаажуулсан нь хуульд нийцээгүй шийдвэр гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн байна.

Нэхэмжлэгч 4 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрлэгдсэн илтгэх хуудсыг тухайн өдөр нь хянан баталгаажуулж, Фишер программд бүртгэхдээ дараагийн ажлын өдрийг сонгож бүртгэсэн, 4 дүгээр сарын 02-ны өдөр тушаал сонсоод бүртгэлд нэвтрээгүй хэмээн маргадаг ч, шүүхийн шаардсанаар Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс 4 дүгээр сарын 1, 2-ны өдөр I93572 кодтой татварын улсын байцаагч Д.Наранчимэг Фишер программд хэдэн удаа нэвтэрсэн, ямар үйлдэл хийсэн лог файлыг системээс баталгаажуулан ирүүлсэн[1], уг мэдээллээс үзэхэд Американстандарт ресурс ХХК-д хийгдсэн хяналт шалгалтын томилолтыг 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгасныг системд 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17:21:18-д нэвтэрч үйлдэл хийсэн, тодруулбал томилолт дуусгах хугацаа нь 4 дүгээр сарын 01-ний өдөр бөгөөд цаг, минут, секунд тэмдэглэгдээгүй, харин томилолт дуусгасан огноо нь 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17:21:18 гэж тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн Американстандарт ресурс ХХК-д хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарт илтгэх хуудасны дугаар 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон бүртгэл[2] хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийг Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Бичил татвар төлөгчтэй харилах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн алба хаагчдад 4 дүгээр сарын 02-ны өдрийн 14:15-15:05 цагт хийсэн хуралдаанаар танилцуулсан байх бөгөөд тухайн өдрөө ажлыг хүлээлцээгүй талаар талууд маргаагүй, эмнэлгийн тодорхойлолтоор Д.Наранчимэг нь 4 дүгээр сарын 03-наас 9-ний хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон эмнэлгийн хуудсаар 4 дүгээр сарын 6-наас 11-нийг дуустал хугацаанд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн, дараагийн ажлын өдөр болох 4 дүгээр сарын 13-ны өдөр шийтгэлийн хуудас /үнэт цаас/, шийтгэлийн хуудасны маягт олгосон татварын улсын байцаагч нарын гарын үсэгтэй жагсаалт бүхий хавтас няравт хүлээлгэн өгсөн баримт үйлдэгдсэн зэргээс үзэхэд 4 дүгээр сарын 13-нд Татварын хяналт шалгалтын тасгийн даргын ажлыг хүлээлцсэн байна.

Татварын ерөнхий хуульд болон Төрийн албаны тухай хуульд ажлаас чөлөөлсөн, халсан хугацааг тооцох, ажил хүлээлцэх зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй тул хөдөлмөрийн суурь харилцааг зохицуулдаг Хөдөлмөрийн тухай хуулийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар хэрэглэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэснийг хэрэглэж тайлбарлавал чөлөөлж, өөр нэгжид томилсон 4 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг 4 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулснаас хойш цагаар илтгэх хуудсыг баталгаажуулж, Фишер системд нэвтэрч томилолтыг хаасан гэж буруутгах боломжгүй, үүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2. Американстандарт ресурс ХХК-ийн 2016-2019 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25200100007 дугаартай томилолтын дагуу хяналт шалгалтын татварын улсын байцаагч Н.Ганчимэг хяналт шалгалтыг хийгээгүй, Д.Ариунаа хяналт шалгалтыг хийсэн гэх ч шалгалтаар зөрчил илрээгүй, хөндлөнгийн мэдээлэл байхгүй үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр илтгэх хуудас үйлдсэн, гэвч шалган зааварчлах ажлын хэсгийн шалгалтаар тус компанид хяналт шалгалтад хамаарах хугацаанд татварын ногдол үүсэх хөндлөнгийн мэдээллүүд байхад зөрчил илрээгүй, хөндлөнгийн мэдээлэл байхгүй гэж илтгэх хуудас бичсэн, илтгэх хуудаст гарын үсэг нөхөж зурсан зөрчил илэрч, тэдгээр татварын улсын байцаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдаг. Мөн илтгэх хуудсыг үндэслэлгүй үйлдсэн, шинэ нөхцөл байдал хөндлөнгийн мэдээллээр тогтоогдсон гэж үзээд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/167 дугаар тушаалаар хүчингүй болгож, шинээр томилолт үүсгэн татварын хяналт шалгалтыг дахин хийж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байдаг.

Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/264 дүгээр тушаалаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмаар хяналт шалгалт нь бэлтгэх, гүйцэтгэх, дуусгах үе шаттай бөгөөд татварын хяналт шалгалт хариуцсан нэгжийн дарга нь бэлтгэх үе шатанд хяналт шалгалтын ажлын томилолт олгох, хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг батлах, дуусгах үе шатанд тогтоогдсон зөрчил, түүний хууль зүйн үндэслэл, тооцооллыг танилцаж хянах, хяналт шалгалтын ажлын үр дүнгээр үйлдэгдсэн татварын акт, илтгэх хуудсыг хянан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулах чиг үүрэгтэй бол хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагч хяналт шалгалтын үе шат бүрт хэрэгжүүлсэн үйлдэл, үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл, баримт, тайлбар, үндэслэл, нотолгоо, дүгнэлт, шийдвэр зэрэг холбогдох баримт бичгийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүрт бүртгэх, хяналт шалгалтын бэлтгэх үйл ажиллагаанд хөндлөнгийн мэдээллийг татварын тайлангийн үзүүлэлттэй харьцуулах, хяналт шалгалтыг гүйцэтгэх, хяналт шалгалтыг дуусгаж, шалгалтын үр дүнгээр шийдвэр гаргаж, татварын акт, илтгэх хуудас үйлдэн гарын үсэг зурж, нэгжийн даргад хянуулан баталгаажуулах чиг үүрэгтэй байна.

Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс үзвэл хяналт шалгалтын татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтыг удирдамжйн дагуу хийх, татвар төлөгчийн хөндлөнгийн мэдээллийн талаар тодруулга хийх, хувийн хэрэг, татвар санхүүгийн тайлан, урьд хийгдсэн шалгалтын материалтай танилцах, хяналт шалгалтад ашиглах үүрэгтэй бол Татварын хяналт шалгалтын тасгийн дарга нь хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт шалгалтыг томилолтын хугацаанд хийсэн байдалд болон хяналт шалгалтын ажлын явцыг мэдээллийн санд оруулах, хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн хөндлөнгийн мэдээлэл цуглуулах, ашиглахтай холбогдсон ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэгтэй, тодруулбал нэгжийн дарга нь хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, хяналт тавих, хяналт шалгалтын дүнгээр гаргасан татварын улсын байцаагч нарын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэйгээс бус хяналт шалгалтыг гардан гүйцэтгэх, гүйцэтгэх үе шатанд оролцох үүрэггүй, нөгөөтэйгүүр хяналт шалгалтын татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг хуулиар болон хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, ажлын байрны тодорхойлолтоор үүрэг болгосон байх тул татварын хяналт шалгалтад татвар төлөгчийн, тухайлбал Американстандарт ресурс ХХК-ийн хөндлөнгийн мэдээллийг шалгаагүй, татварын зөрчлийг илрүүлээгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй, зөрчилгүй хэмээн илтгэх хуудас бичсэн асуудалд нэгжийн даргыг буруутгахааргүй байна.

Өөрөөр хэлбэл хөндлөнгийн мэдээллийг шалгаагүй илтгэх хуудас бичсэнийг баталгаажуулсан нэгжийн даргын үйлдэл тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 тангарагтаа үнэнч байх, 37.1.9 албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууцыг хадгалах, бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх, 37.1.13 албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.1 албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах хориглох зүйлийг зөрчөөгүй байх тул хуульд нийцээгүй шийдвэр гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Д.Наранчимэгийг ажлаас чөлөөлж, томилсон шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, сахилгын шийтгэлээр төрийн албанаас халсан тушаалыг мөн хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэж байх тул ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойших ажлын өдрөөс буюу 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. ТЗ-7 зэрэглэл 5 шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон ажилгүй байсан 16 сар 7 хоногийн цалинг гаргуулахаар байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь цалин олговроос зохих хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэнийг, тухайн маргаан нь төрийн албан хаагчийг өөр ажлын байранд шилжүүлэх, өөрчлөхтэй холбоотой шийдвэр гаргахдаа ажил олгогч процессын алдаа хийсэн байна гэж дүгнэснийг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 48 дугаар зүйлийн 48.8, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/156 дугаар тушаалын Б.Наранчимэгт холбогдох хэсгийг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/458 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Д.Наранчимэгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан энэ өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг Татварын ерөнхий газраас гаргуулан олгож, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 189-190 дэх тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 219 дэх тал