Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0067/з |
Дугаар | 221/МА2016/0719 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2016/0719
Иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.******* надад олгуулахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.*******ын нэр дээр олгосон, нэгж талбарын 18642307493405 дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “2016 оны 09 дүгээр сарын 13-нд болсон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 657 дугаар шийдвэр илт гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж байна.
Тухайлбал: 2010, 2011 онуудад захиргааны хэргийн болон иргэний шийдвэрүүдээр минийх болохыг тогтоож, шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2092 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар надад хүлээлгэн өгсөн юм. 2 төрлийн шүүхийн шийдвэрээр одоо надаас булааж авах гээд байгаа газрын 1-40, 2-1б, 2-4б газрууд нь нэг гэдгийг тогтоож өгсөн билээ.
Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэхдээ нэгэнт хүчин төгөлдөр болсон /5 жил болсон/ шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн шийдвэрлэлээ.
Би шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр бүхий газрыг надад гэрчилгээ олгуулж, харин тэнд амьдарч байгаагүй Д.Оюунхандын нэрийг Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалын хавсралтад байгааг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан юм.
2010-2011 онуудад намайг шүүхээр миний газар гэдгийг тогтоолгож байхад Д.Оюунханд, Д.Эрдэнэ нар надтай маргаж байхгүй яасан юм. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджавын 224 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тушаал гаргаж, гэрчилгээ олгох явцад Д.Оюунханд, Д.Эрдэнэ нар ар хударгаар илт хуйвалдааны /авилга өгсөн байж болзошгүй/ замаар гэрчилгээ бичүүлж авсан байдаг. Тэд нар иргэний үнэмлэх дээрээ “Соёмботын 2-4б-д амьдардаг гэсэн хаягтай учраас бидний газар гэж маргаж байна.
Гэтэл уул хаягийг юуг үндэслэж өгсөн юм тодорхойгүй /хуулийн этгээдийн шийдвэр байхгүй, мөн тэр газар дээр огт амьдарч байгаагүйг нь манай гэрчүүд Наран, Халиун, Баярсайхан, Норовцэрэн, 11 дүгээр хорооны Засаг дарга Түвшинжаргалын албан бичиг зэргээр нотлогдож байгаа юм.
Нэг үгээр хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан бидний нотлох баримтыг огт үнэлсэнгүй. Угаасаа тухайн газарт ямарч эрх эдлэх ёсгүй Д.Оюунханд, Д.Эрдэнэ нарын ярьсан, хэлсэн, хуурамчаар бүрдүүлсэн материалыг онцгойлон авч шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Манай шүүх засаглалынхан үнэн худлыг дэнсэлж, хар цагааныг нь ялгадаг, Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг онцгой эрхтэй билээ.
Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “2016 оны 9 дүгээр сарын 13 ны өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 657 шийдвэр нь илт гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 14 дүгээр зүйлийн 1 заалтыг зөрчсөн , түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн доорх баримтаар тогтоогдож байна. Үүнд: Уг маргалдаж байгаа газар нь захиргааны хэргийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд 2011 онд гарч уг шийдвэрээр тухайн газар нь Д.*******ын эзэмшлийн газар болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод 5 жил болж байгаа 2011 оны 5 дугаар сарын 19 ны өдөр дугаар 2092 шүүгчийн захирамжаар Цэцэгмааг албадан нүүлгэж одоо энэ хэргийн нэхэмжлэгч Д.*******т чөлөөлж өгсөн байдаг. Мөн уг хэргийг шийдвэрлэхдээ одоогийн маргалдаж байгаа газар нь хаяг нь өөр боловч нэг газар гэдгийг тогтоосон. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэгэнт хүчин төгөлдөр болоод 5 жил болсон шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэн нэгэнт шийдвэрлэсэн хэргийг Цэцэгмаа, Д.Эрдэнэ, Д.Оюунханд нарын хэн нь амьдарч байсныг Байгаль орчин , аялал жуулчлалын яаманд шийдвэрлэхийг даалгасан нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 , 78 заалтыг ноцтой зөрчиж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч хэрэгт огт байхгүй баримтыг өөрийн үзэл бодлоор ургуулан бодож, Д.*******аас Д.Оюунханд, Д.Эрдэнэ нар 2-16 тоотод газар эзэмшүүлсэн захирамж гэрчилгээг худалдан авч .......... гэж дүгнэсэн, мөн гуравдагч этгээд болох Д.Эрдэнэ нь огт баримтгүйгээр маргалдаж буй газрын гэрчилгээг би хөөцөлдөж байж Д.*******т авч өгсөн гэх мэдүүлгийг огт баримтгүй газрын гэрчилгээ олгох эрхгүй субьектийн хэлсэн үгийг үндэслэлтэй гэж үнэлсэн атлаа, Д.Эрдэнэ уг гэрчилгээ Алтанцэцэг гэдэг хүнээс авч өгсөн гэдэг Алтанцэцэг нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө би ямарч гэрчилгээ авч өгөөгүй би гэрчилгээ гаргах эрхтэй субьект биш гэсэн мэдүүлэг өгсөн байхад шүүх Д.Эрдэнээгийн мэдүүлэг үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэр гаргах үндэслэл болгож байгаа нь илт гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалсан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байдаг.
Нэхэмжлэгч Д.******* нь маргалдаж байгаа газар хашаа хатгаж, гэр барьж, хүн суулгаж, уг газрыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эзэмшилдээ байлгаж ирсэн нь шүүхийн үзлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Үүнд: Шүүхийн үзлэг хийх явцад маргалдаж байгаа газар хашаа барьсан дотор нь гэр барьсан айл байсан бөгөөд уг айлын эзэн гэрч Ц.Наран /хавтаст хэргийн 111 тал\ 2012 оны 5 дугаар сараас одоог хүртэл тасралтгүй 4 жил энэ газар Д.******* намайг суулгаж байгаа Д.Эрдэнэ энэ хавьд амьдарч байгаагүй, 2016 оны 3 дугаар сард нэг удаа харсан гэсэн мэдүүлэг байдаг, мөн хавтас хэргийн 115 дугаар хуудсанд шүүхийн үзлэг хийхэд байгаа гэр гэрчийн зурагнууд байдаг, мөн гэрч Баярсайхан /хавтаст хэргийн 222 дугаар тал/ шүүгч газрын зургийг үзүүлж асуухад энэ газар 2010-2011 онд Д.******* банз авчирч надаар хашаа бариулсан гэсэн мэдүүлэг, гэрч Норовцэрэн бид анх “Цэлмэг Зайсан” хөдөлгөөн байгуулж, уг газар тусгай хамгаалалттай газар гээд иргэдийн эзэмшилд өгдөггүй байхад нь иргэд өөрсдөө санаачилж хорооны дарга Лхагвасүрэнгээр цохолт хийлгэж хаягийг нь авч дүүргийн Засаг дарга эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж байсан Д.*******, түүний эхнэр 2 манай зөвлөхөөр ажиллаж газраа хөөцөлдөн авч байсан тэр үед Д.Оюунханд, Д.Эрдэнэ нар байгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт маргаж байгаа газрын хажууд амьдардаг Халиун мэдүүлэг өгөхдөө би энэ газар хэн ч амьдардаггүй байхад шороог нь цэвэрлэж, 2003 оноос хойш амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд энэ газар Д.Оюунханд, Д.Эрдэнэ нар огт амьдарч байгаагүй ирж ч байгаагүй, харин Д.******* хашаа бариулж, одоог хүртэл айл суулгаж энэ газраа эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн мэдүүлгүүдээр Д.******* нь энэ газрыг эзэмшилдээ байлгаж байсан нь нотлогддог боловч шүүгч нэхэмжлэгч талын нотлох баримтыг огт үнэлээгүй зөвхөн гуравдагч этгээд Д.Оюунхандад ашигтай мэдүүлгүүдийг үнэлсэн байдаг.
Мөн эргэлзээтэй гэрчийн мэдүүлгүүдийн зөвхөн гуравдагч этгээдэд ашигтай үнэлсэн жишээ нь хорооны Засаг дарга Лхагвасүрэн Д.******* 2-4б хаяганд амьдардаг гэж өөрийн гараар бичиж өгсөн байдаг бөгөөд гэрчийн мэдүүлэг өгөхдөө миний бичиг мөн гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Нэргүй мэдүүлэхдээ ...эзэмших эрхийн гэрчилгээн дээр механик алдаа гарсан тохиолдолд засвар оруулдаг гэж шүүгчийн 2-1б-г 2-4б гэж болох уу гэж асуухад хариулсан, Гэтэл шүүгч энэ мэдүүлгүүдийг огт үнэлээгүй байдаг нь илт хуулийн өмнө тэгш байх зарчим алдагдсан байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******тай хамт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон иргэдэд кадастрын зургийг хамт гаргаагүй учир нь дархан цаазтай газар тул кадастрын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй байсан иймээс эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг 2 хоорондоо холбоогүй гэдэг. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр Д.******* энэ газрын одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдож байна гэсэн. Мөн бусад баримтаар уг кадастрын зураг мэдээллийн санд ороогүй газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хамт гараагүй нь тогтоогдсоор байхад шүүгч үндэслэлгүйгээр Д.*******ын газрын кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоосон нь хуулийн үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү'” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Бодит байдал дээр Соёмботын 2-4б тоот хаягт гуравдагч этгээд Д.Оюунханд, Д.Эрдэнэ болон иргэн Б.Цэцэгмаа нарын хэн нь түрүүлж буусан, амьдарч байсан эсэхийг зөв шударгаар тогтоосны үндсэн дээр хэнд нь ашиглалтын гэрчилгээ гаргаж олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв” гэж дүгнэжээ.
Хэдийгээр 2008 оны үед иргэн Б.Цэцэгмаа нь уг газар дээр маргаан үүсгэж, шүүх, цагдаагийн байгууллагаар орж асуудлаа шийдвэрлүүлж байсан хэдий ч уг газрыг эзэмших эрхгүй болох нь тогтоогдож, газрыг чөлөөлсөн бөгөөд тухайн үед болон маргаан бүхий захиргааны актыг батлагдан гарах үед уг газрыг ашиглах талаар яам болон төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ огт гаргаж байгаагүйн зэрэгцээ уг захиргааны хэргийн оролцогч этгээд биш юм.
Тиймээс одоо бол иргэн Б.Цэцэгмаа нь маргаан бүхий газрын талаар ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, түүний ямар ч эрх хөндөгдөөгүй байхад дахин шалгаж, түүнд газар ашиглуулах эрх олгох эсэх асуудлыг шалгаж, захиргааны шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.
Түүнчлэн иргэн Б.Цэцэгмаа нь одоо Монгол Улсад байхгүй, гадаад улсад байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад ийнхүү шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын захиргааны шинэ акт гаргахыг даалгасан хэсэг болон тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд иргэн Д.******* нь маргаж буй газрыг 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн дагуу эзэмших эрх үүсч, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байжээ.
“Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж 2015 оны А/209 дүгээр захирамжаар хүчингүй болсон” гэсэн үйл баримтыг хариуцагч тал өөрийн тайлбарын гол үндэслэлийн нэг болгосон байна. Дүүргийн Засаг дарга захирамжаа хүчингүй болгосон үндэслэл нь иргэн Д.******* нь уг газрыг ашиглах эсхүл эзэмших ямар нэгэн эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсоны учир биш харин уг захирамжийг гаргах эрх бүхий этгээд нь биш байсан тул хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч Д.******* нь тухайн газрыг 2008-2015 оны хооронд эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байсан, улмаар тухайн газрын эзэмшлийн талаар Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шүүхээр маргаж байсан, уг газар буусан иргэн Б.Цэцэгмааг Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 509 дүгээр шийдвэрээр албадан нүүлгэхээр шийдвэрлэж, улмаар мөн оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 2092 дугаар шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шийдвэрийг биелүүлэхийг даалгаж байсан, уг газрыг иргэн Д.*******т чөлөөлөн хүлээлгэн өгч байсан зэрэг нь түүнд тухайн газрын талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ашиг сонирхол” байсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нараас Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 509 дугаар шийдвэрийн дагуу иргэн Б.Цэцэгмааг албадан нүүлгэсэн газар нь маргаан бүхий захиргааны актаар иргэн Д.Оюунхандад ашиглуулахаар шийдвэрлэсэн газартай байршлын хувьд давхцаж байгаа талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-259 дүгээр тушаалаар уг газрыг Д.Оюунхандад ашиглуулахаар шийдвэрлэсний улмаас иргэн Д.*******ын “хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн” байна. Дээрх үндэслэлээр /тухайн үеийн нэрээр/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.******* надад олгуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй байх, уг эс үйлдэхүй нь хууль бус байх, дээрх эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх ёстой.
Гэтэл нэхэмжлэгчийн өөрийн тайлбарлаж буйгаар тэрээр /тухайн үеийн нэрээр/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад тухайн газрыг ашиглах гэрчилгээ авахаар хандаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Д.*******т Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга “тухайн газар маргаантай” хэмээн тодорхойлолт өгөөгүйн улмаас газар ашиглах хүсэлтээ гаргаж чадаагүй гэдгээ өөрөө тайлбарлаж байна. Иймд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Д.******* нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалд заасанчлан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд ... удаан жил оршин сууж буй иргэн” болохынхоо хувьд холбогдох материалыг бүрэн бүрдүүлсний эцэст газар ашиглах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд “2008 оны 7 дугаар сарын сүүлчээр манай эхнэр Д.Оюунханд манай нутгийн ах Д.*******т газаргүй хоосон гэрчилгээ байна гэсэн түүнийгээ зарна гэж сонслоо гээд ирсэн. Тэгээд Д.*******тай уулзахад миний газар ХААИС-ийн Инженерийн сургуулийн газартай давхцаад бас Г.Хишигхүү /Соёмбот 2-1 хаягт оршин суугч/ хэрүүл хийгээд миний гэрчилгээг Хан-Уул дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч М.Нэргүй өгөхгүй байна, чамд М.Нэргүйг таньдаг хүн байна уу гэж асууж байсан. 2009 оны 7 дугаар сард Нийслэлийн газрын албаны ерөнхий нягтлан н.Алтанцэцэгт устгуулахаар өгсөн байсныг Чингэлтэй дүүргийн газрын албанаас Д.Эрдэнэ би авч Д.*******т өгсөн. Энэ үед Д.******* Засаг даргын 224 дүгээр захирамж кадастрын зураггүй юм чинь яаж ч хувиргаж болно гэж байсан” гэж тайлбарладаг боловч доорх үндэслэлээр тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
1-рт Газрын гэрчилгээ хураагдаад Нийслэлийн газрын албаны нягтлан бодогч н.Алтанцэцэгт устгуулахаар өгсөн байсан гэсэн үйл баримтыг гэрч өөрөө үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байна.
2-рт Тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшүүлэхээр болсон газар нь ХААИС-ийн Инженер механикийн сургуультай давхацсан /өөрөөр хэлбэл иргэн Б.Цэцэгмааг албадан нүүлгэсэн газраас өөр байрлалтай/ байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн гуравдагч этгээдийн талаас “Д.*******ын газар нь ХААИС-ын Инженер механикийн сургуулийн газартай давхцаад байсан тул хуурамч баримт бүрдүүлээд иргэн Б.Цэцэгмааг нүүлгэсэн, дараа нь би энэхүү газрыг Д.*******аас худалдан авсан, мөнгө төлж байсан баримт байгаа” гэсэн агуулгатай тайлбарыг гаргадаг. Энэхүү тайлбарыг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнээд анх Д.*******ын эзэмшсэн гэх газар нь Б.Цэцэгмааг албадан нүүлгэсэн газраас өөр байрлалтай байжээ гэж дүгнэсэн нь буруу болжээ. Нөгөө талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “газаргүй хоосон гэрчилгээ Д.*******аас худалдан авсан” эсхүл “тухайн газрыг худалдан авсан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд дээрх тайлбар нь маргаан бүхий акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг зөвтгөх үндэслэл болохгүй. Харин гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Д.*******т холбогдох мөнгө өгсөн, газаргүй хоосон гэрчилгээ худалдан авч хохирсон гэх асуудлаа иргэний журмаар жич шийдвэрлүүлэх боломжтой.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг анхан шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл” гэсэн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т “Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл ... болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон” бол шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдалд хамааруулж хянадаг. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ нь өөрийгөө тухайн үед хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхийн шийдвэр гаргуулсан болохоо тогтоолгосон тохиолдолд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулах боломжтой.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.1.3-д заасныг тус тус баримтлан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.*******ын нэр дээр олгосон, нэгж талбарын 18642307493405 дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь тухайн нэгж талбарын 18642307493405 дугаартай кадастрын зургийг үйлдэх үед Захиргааны ерөнхий хууль батлагдан гараагүй, хүчин төгөлдөр болоогүй байжээ. Гэтэл анхан шатны шүүх “хууль буцаан хэрэглэх” зарчмыг зөрчиж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Иргэн Д.*******ын нэр дээр олгосон, нэгж талбарын 18642307493405 дугаартай кадастрын зураг нь иргэн Д.Оюунхандын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул түүнийг хүчингүй болгох /илт хууль бус болохыг тогтоох/ шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүх “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь шүүх энэ хэргийн тухайд гуравдагч этгээд Д,Оюунхандын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, /маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн/, дахин захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Нөгөө талаар давж заалдах шатны шүүх нэгэнт маргаан бүхий захиргааны актын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дахин 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 657 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын Д.Оюунхандад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Соёмбот 2-4б тоот хаягтай газрын гэрчилгээг Д.*******т олгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 болгон, 4 дэх заалтын дугаарын 3, 5 дахь заалтын дугаарыг 4 болгон тус тус өөрчилсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч болон , гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140400 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР