Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00237

 

“Жд” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01856 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1737 дугаар магадлалтай,

 “Жд” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

“Г” ХХК, Ю.Цнарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 1,767,231,275 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч А.БулГы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Г.УуГзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Жд” УТҮГ нь хариуцагч “Г” ХХК, Ю.Цнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,129,418,695 төгрөг, төлөөгүй зээлийн хүү 73,090,733 төгрөг, зээлийн алданги 564,709,347 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 1,767,231,275 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн 1,8 тэрбум төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, 1,2 тэрбум төгрөг шилжүүлсэн. Үүнээс улбаалж компани нь үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадаагүй. Иймээс хүү алданги нэхэмжилснийг төлөх боломжгүй. 684,051,400 төгрөгийг хасч тооцож өгнө үү.” гэж,

 Хариуцагч Ю.Ц“...гэрээгээр тохиролцсон зээлээ олгоогүй байж хүү, алданги тооцож их хэмжээний хүү, алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сан гэрээгээр тохиролцсон зээлээ олговол үндсэн төлбөрийг төлөхөд бэлэн байна.” гэж тус тус маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01856 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК, Ю.Цнараас 1,767,110,456 төгрөг гаргуулж Ждд олгож, үлдэх 120,819 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК, Ю.Цнар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-........дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18131/, 166/2 тоот хаягт байрлалтай үйлдвэрийн зориулалттай 990 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй барилга, улсын бүртгэлийн Ү-........дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18131/, 166 тоот хаягт байрлалтай 936 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Г-........дугаарт бүртгэгдсэн 3641 м.кв газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 10,747,613 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1737 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...1,767,110,456...” гэснийг “...1,465,531,520...” гэж, “...120,819...” гэснийг “...301,699,755...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...10,747,613...” гэснийг “...7,485,608...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,578,207 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч А.БулГ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. “Г” ХХК нь 2014 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож чулуу бутлан ангилах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр, төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэр байгуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 3,22 тэрбум төгрөгийн төсөл маань шалгарсан. Уг төсөл нь Завхан аймагт хэрэгжих ба уг 3,22 тэрбум төгрөгийн 44.2 хувь буюу 1,420,000,000 төгрөгийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, үлдсэн 55.8 хувь буюу 1,800,000,000 төгрөгийн санхүүжилтийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ гэсэн төсөл маань дэмжигдэж 1,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгох болж, түүнийг баталгаажуулан 2014.10.23-ны өдөр 2014/04 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2014.11.02-ны өдөр гэхэд манай компанийн голомт банкны 1201194354 тоот дансанд 1,8 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт орж ирэх байсан. Гэтэл 2014.12.26-ны өдөр 1,2 тэрбум төгрөгийг шилжүүлснийг мэдсэн. Тухайн зээлийн 33.3 хувийн санхүүжилт болох 600,000,000 төгрөгийг хүлээж, үйлдвэрүүдийн ихэнх тоног төхөөрөмжүүдээ худалдан авсан ба үлдэгдэл 600,000,000 төгрөгийн үндсэн тоног төхөөрөмжөө авч чадаагүй нь үйлдвэрлэлээ бүрэн явуулах боломжгүй болсон.

4.2. Сангаас үлдэгдэл 600,000,000 төгрөгөө өгөх боломжгүй, сангийн хөрөнгө оруулалтын зээлийн эх үүсвэр дууссан гэсэн хариуг 2016.04.01-ний үед өгч үлдэгдэл зээл орж ирэхгүй нь тодорхой болсон. Үлдэгдэл хөрөнгө оруулалтын зээл орж ирэхгүй нь тодорхой болох хүртэл буюу 2016.04.01-ний өдрийн байдлаар манай компани сангийн шаардсан зээлийг төлж байсан ба нийтдээ 116,940,979 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ хүртэл манай компани гэрээний үүргээ биелүүлж, гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваарийн төлөлт үндсэн зээл сард 40, хүү 4-5 сая байсан ба үлдэгдэл 600,000,000 төгрөг орж ирээгүй, зээлийн хүүд сард хэдийг хийх нь тодорхойгүй тул сангийн мэргэжилтнүүдээс асууж шилжүүлдэг байсан.

4.3. Нэхэмжлэлийн зээлийн үндсэн төлбөр хэсгийн 1,129,418,733 төгрөгийн шаардлагаас 1,083,059,021 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн үндсэн төлбөрийн шаардлагаас үлдэх 46,359,712 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн. Нэхэмжлэлийн шаардлагын Б, В, Г хэсэгт байгаа төлөөгүй зээлийн хүү 73,090,733 төгрөг, зээлийн алданги 564,709,347 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай компани нь сангаас гэрээгээр харилцан тохиролцсон хөрөнгө оруулалтын төслийн зээлийн 33.3 хувийн зээлийг шилжүүлээгүйгээс төсөл бүрэн хэрэгжих боломжгүй болж алдагдалд орсон, авсан тоног төхөөрөмжөө энд тэнд тараан байрлуулсан. Хөрөнгө оруулалтын төслийг дэмжиж, түүнийгээ баталгаажуулан зээлийн гэрээ байгуулчхаад сүүлд санд мөнгө байхгүй гэсэн хариу өгч, сан гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлж чадаагүй.

4.4. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч илт нэхэмжлэгчийн талд үйлчилж бидний нүдэн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийг шүүхийн шаардсанаар баримтаа өгдөг гэж шийдвэртээ ашиглах баримтыг шаардсан. Шүүх шийдвэртээ ...зээлийн хүү, алданги гаргахдаа зээлийн хүүг аль хугацаанаас тооцсон, алдангийг мөн аль хугацаанаас тооцсон нь тодорхойгүй шийдвэрлэсэн. Шүүх зөвхөн зээлдэгч буруутай гэж шийдвэрлэхдээ зээл олгогч үндсэн үүргээ биелүүлсэн эсэх нь хамаагүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бодит байдал дээр хөрөнгө оруулалтын зээлээ гэрээнд зааснаар хугацаанд нь өгсөн бол ийм зүйл болохгүй, зээл олгогчийн бурууг буюу 600,000,000 төгрөгийн зээлийг өгөөгүй нь зээлийн эргэн төлөлтөө хийж чадахааргүй болсонтой шууд холбоотой байхад хэт их алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.5. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зээлдүүлэгч үүргээ биелүүлээгүй буюу зээлийн гэрээгээр баталгаажсан зээлээ бүтэн олгоогүйгээс компани зээлээ хугацаа хэтрүүлсэн тул хүү, алданги тооцохгүй гэж байхад ямар нэгэн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж зээлийн алданги, хүүгээс 382,531,520 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан хариуцагч “Г” ХХК болон Ю.Цэнд-Аюушаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1,767,231,275 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч үндсэн зээлд 1,083,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс зээлийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж чадаагүй тул зээлийн хүү, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 6. Анхан шатны шүүх үндсэн зээл 1,200,000,000 төгрөг, зээлийн хүү 1,202,401,107 төгрөг, алдангид 564,709,349 төгрөг, нийт 1,767,110,456 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэх 120,819 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн зээл 1,200,000,000 төгрөг, зээлийн хүүд 81,059,021 төгрөг, алдангид 184,472,499 төгрөг, нийт 1,465,531,520 төгрөг гаргуулж, үлдэх 301,699,755 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 7. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нар хамтран үүрэг гүйцэтгэгчид болох талаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3, 242 дугаар зүйлийн 242.1-д заасантай нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

8. Хариуцагч нар төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2014.10.23-ны өдөр нэхэмжлэгчээс 1,800,000,000 төгрөгийг жилийн 3.3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлж, мөнгийг тогтоосон хуваарийн дагуу эргэн төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон боловч нэхэмжлэгч нь зээлээс 1,200,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гэрээний хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт нийт 116,940,673 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

 9. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 116,940,673 төгрөгөөс 70,581,306 төгрөгийг үндсэн зээлд, 46,359,673 төгрөгийг зээлийн хүүд тус тус тооцож үндсэн зээл, хүүгийн гүйцэтгэвэл зохих үлдэх төлбөрийг шаардсан, анхан шатны шүүх үндсэн зээл болон хүүг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр гаргуулжээ. Давж заалдах шатны шүүх төлөгдсөн мөнгийг бүхэлд нь хүүгийн төлбөрөөс хассан боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 10. Харин анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэгчийн шаардсанаар гаргуулсан нь хууль болон гэрээнд нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.

 11. Хариуцагч нар зээлийн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, нэхэмжлэгч гэрээнд заасан 1,800,000,000 төгрөг зээлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, 600,000,000 төгрөгийг дутуу өгснөөс төсөл хэрэгжүүлэх ажлыг бүрэн гүйцэтгээгүйгээс хохирол хүлээсэн гэсэн, мөн энэ үндэслэлээр хяналтын гомдол гаргасан байна.

 12. Хариуцагч гомдолдоо, шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасан “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүснэ” гэснийг хэрэглээгүй гэсэн боловч энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

 13. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээдгээс үзвэл уг гэрээ нь 2 талын харилцан эрх болон үүрэг хүлээсэн гэрээ юм.

 14. Зээлийн гэрээ нь талуудын хооронд 2014 онд 5 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үүргийг бүрэн биелүүлэхийг буюу дутуу олгосон мөнгийг шаардсан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн санхүүжилтгүй болсноос зээлийг бүрэн олгоогүй гэх тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна. Иймд зээлийн гэрээг 1,200,000,000 төгрөгийн хэмжээнд байгуулагдсан гэж үзэх ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар зээлийн гэрээгээр шилжүүлсэн 1,200,000,000 төгрөгийг хариуцагч өмчлөлдөө авч, захиран зарцуулснаар мөнгийг ашигласны хариу төлбөр болох зээлийн хүүг, улмаар хугацаа хэтрүүлсний алдангийг тус тус төлөх үүргийг гэрээ болон хуульд зааснаар хүлээнэ.

 15. Давж заалдах шатны шүүх алдангийн тооцооллыг хийхдээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 1 хоногт төлөх алдангийн хэмжээг гэрээний нөхцөлийн дагуу хэтрүүлсэн хоногоор тодорхойлж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна.

 16. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн “хүү, алданги гаргуулсныг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1737 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Г” ХХК /төлөөлөгч А.БулГ/-ийн 2020.09.08-ны өдөр 2,070,608 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

              ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Д.ЦОЛМОН