Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01856

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01856

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, , Ж албан газар УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо,0 тоотод байрлах, регистр 0000, Г ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 0-р байрны 0 тоотод оршин суух, регистр ИА0000000, Б овогт Ю-ийн Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 767 231 275 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Б.А /үнэмлэх 3/, хариуцагч Ю.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц /үнэмлэх 1/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г ХХК нь Ж сангаас 2014 оны 10-р сарын 23-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1 800 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авсан зорилго нь Завхан аймагт чулуу бутлан ангилах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр, төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрийг байгуулахаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 70 581 306 төгрөг, зээлийн хүүнд 46 359 673 төгрөг нийт 116 940 673 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг удаа дараа хугацаандаа төлөөгүй нийт 1 690 хоногийн зөрчил гаргасан. Шүүхээд гаргаж байсан бөгөөд хариуцагч нар хаягтаа байхгүй гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхээс 2019 оны 5 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажиллагаа хийж хаягийг тогтоосноор 2020 оны 3-р сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 12-ны байдлаар зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөр 1.129.418.695 төгрөг, зээлийн хүү 73.090.733 төгрөг, алданги 564.709 төгрөг, нотариатын зардлал 12.500 төгрөг нийт 1.767.231.275 төгрөгийг Г ХХК болон Ю.Цэ нараас нэхэмжилж байна. Хэрвээ төлбөрийг төлөхгүй бол барьцааны хөрөнгө болох Г ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Е тоот хаягт байрлалтай үйлдвэрийн зориулалттай 990 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй барилга, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо ЧЧЧ тоот хаягт байрлалтай 936 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэгдсэн 3 641 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь 2014 онд Ж сангаас Завхан аймагт чулуу бутлан ангилах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр, төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрийг байгуулахаар зээл авсан. Уг төсөл нь 3.3 тэрбум төгрөгийн төсөл байсан бөгөөд компани 1 420 000 000 төгрөг буюу 44%-ийг өөрийн хөрөнгөөс, сангаас 1 800 000 000 төгрөг буюу нийт хөрөнгийн 55%-ийг санхүүжүүлэх төсөл байсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.8 тэрбум төгрөгийн зээл авахаар гэрээнд заасан боловч сан 2014 оны 12-р сарын 26-ны өдөр 1 200 000 000 төгрөгийг Г ХХК-д шилжүүлсэн. Ингээд манай компани 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгцээт техник тоног төхөөрөмжөө авсан, үлдэх 600.000.000 төгрөгөөр зарим тоног төхөөрөмжүүдийг авахаар байсан боловч мөнгө орж ирээгүй. Энэ 600 000 000 төгрөгөөр авах тоног төхөөрөмж нь зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд байсан тул үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Манай компани 2016 оны 4-р сарын 1-нийг хүртэл энэ мөнгийг орж ирнэ гэж хүлээсэн. Манайх нэхэмжлэгчид 116 940 979 төгрөгийн эргэн төлөлт хийсэн, зээлсэн 1 200 000 000 төгрөгнөөс 1 083 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрч, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ю.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Ц нь 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу 2014 оны 11-р сарын 02-ний өдөр гэхэд 1 800 000 000 төгрөгийг Г ХХК-ийн дансанд хийхээр тохирсон. Гэтэл ж сан нь тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй. 2014 оны 12-р сарын 6-нд 1 200 000 000 төгрөгийг дансанд шилжүүлсэн, энэ санхүүжилтээр төслөө хэрэгжүүлээд өөрөөсөө хөрөнгөө гаргаад ажилласан. Гэтэл 2016 онд 600 000 000 төгрөг Г ХХК-д орж ирэхгүй талаар мэдэгдсэн. Иймд зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болоод алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлээс 1 083 059 021 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж сан нь Г ХХК болон Ю.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 767 231 275 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Засгийн газраас орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Г ХХК-тай 2014 оны 10-р сарын 23-ны өдөр 2014/04 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1 800 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, Г ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 0 тоот хаягт байрлалтай үйлдвэрийн зориулалттай 990 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй барилга, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 0 тоот хаягт байрлалтай 936 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэгдсэн 3641 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалахаар тохирчээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ /хх 7-20/ байна.

 

Зээлийн гэрээний 5-р зүйлд зааснаар зээлдэгч Г ХХК-тай зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх үүргийг Ю.Ц хүлээхээр тохирсон ба Иргэний хуулийн 242-р зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Харин зээлдүүлэгч нь 2014 оны 12-р сарын 26-ны өдөр зээлдэгчийн дансанд 1 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 181/, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 70 581 306 төгрөг, зээлийн хүүд 46 359 673 төгрөг нийт 116 940 979 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчид үлдэх 600 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, харин зээлдэгч 2015 оны 06-р сараас хуваарийн дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байх ба зээлдэгч нар үндсэн зээлд 1 083 059 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Хэдийгээр зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлдэгч шилжүүлэн авсан 1 200 000 000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч 2016 оны 2-р сарын 1-ний өдрийн 72 тоот, 2016 оны 6-р сарын 2-ны өдрийн 315 тоот, 2019 оны 5-р сарын 2-ны өдрийн 1/390 тоот мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн /хх 23, 206-207/ боловч талуудын хэн аль нь гэрээ цуцлах санал гаргаагүй, гэрээний хугацаа дууссан байна.

 

Талууд гэрээний 2-р зүйлийн 2.1.4.Алданги-хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 4-р зүйлийн 4.2.зээлдэгч авсан зээл, түүний хүү, алдангийг зөвхөн төгрөгөөр гүйцэтгэнэ, 6-р зүйлийн 6.1.1.зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тус тус заасан нь алдангийн талаарх тодорхойлолтоос эхлэн үүргийг төгрөгөөр гүйцэтгэх, алданги төлөх хэмжээг тохирсон гэж үзнэ.

 

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч үндсэн зээл 1 200 000 000 төгрөг, зээлийн хүү 119 342 086 төгрөг нийт 1 319 342 086 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс 116 940 979 төгрөг төлсөн байна.

 

Иймд Г ХХК, Ю.Ц нараас зээл, зээлийн хүүд 1 202 401 107 төгрөг, алданги 564 709 349 төгрөг нийт 1 767 110 456 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах, нотлох баримтыг эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргах үүрэгтэй, хуулийн энэ шаардлагыг хангаж нотариатын үйлчилгээнд 12 500 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Хэргийн 77-205 дахь хуудаст авагдсан бизнесийн төслийн талаар талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г ХХК, Ю.Ц 1 767 110 456 /нэг тэрбум долоон зуун жаран долоон сая нэг зуун арван мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж  Ж санд олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 120 819 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК, Ю.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 0 тоот хаягт байрлалтай үйлдвэрийн зориулалттай 990 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй барилга, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 00 тоот хаягт байрлалтай 936 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, конторын зориулалттай барилга, улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэгдсэн 3641 м.кв газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 10 747 613 /арван сая долоон зуун дөчин долоон мянга зургаан зуун арван гурав/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА