Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2020/02068/И |
Дугаар | 001/ХТ2022/00257 |
Огноо | 2022-03-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/00257
Б.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02683 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаар магадлалтай,
Б.Бийн нэхэмжлэлтэй
Д.С, Б.Онарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.С, Б.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 3,000,000 төгрөг, 3 сарын хүү 720,000 төгрөг, алданги 1,167,000 төгрөг, нийт 4,887,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.С нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Миний сайн танил н.Энх-Амгалан надаас 2,000,000 сая төгрөг зээлээч гэхэд тухайн үед надад мөнгө байгаагүй. Гэтэл маргааш нь надад би нэг дүүтэйгээ ярьчлаа, очоод авчих, гэхдээ зээлийн гэрээ хийнэ гэж байна, чи 1,000,000 төгрөгийг нэмээд авчих гэсэн. Батцэцэгтэй гэрээ байгуулж, дансаар 3,000,000 төгрөг аваад 2,000,000 сая төгрөгийг н.Энх-Амгаланд шилжүүлсэн. Иймд би өөрийн авсан 1,000,000 төгрөгийг хүүтэй, алдангитай төлөхөд татгалзахгүй. Харин н.Энх-Амгалангийн 2,000,000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхгүй” гэж маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02683 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Сос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,887,000 төгрөг гаргуулан Б.Бт олгож, хариуцагч Б.Одгэрэлд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 93,142 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 93,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/02683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, Б.Онараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,887,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай” гэж, 2 дахь заалтын “...хариуцагчаас” гэснийг “...хариуцагч Д.С, Б.Онараас” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Д.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.С, Б.Онарт холбогдуулж 4,887,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Сос 4,887,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, хариуцагч Б.Одгэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Б тус анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдолдоо хариуцагч Б.Одгэрэлд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгох гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-т “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр 21-ны өдрийн 102/ШШ2020/02683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагчаас” гэснийг ... “хариуцагч Д.С, Б.Онараас” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн”. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан Б.Одгэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагч Д.Солонгын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
6. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.С, Б.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 720,000 төгрөг, алданги 1,167,000 төгрөг, нийт 4,887,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.С үндсэн зээлээс заримыг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагч Б.Озээлдэгч биш тул гэрээний үүргийг хариуцахгүй гэж тус тус маргажээ.
7. Анхан шатны шүүх хариуцагч Д.Сос 4,887,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Б.Одгэрэлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Д.С, Б.Онараас мөнгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
8. Д.С хяналтын журмаар гомдол гаргахдаа давж заалдах шатны шүүх Д.Одгэрэлд холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг “хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тогтоосон байх бөгөөд давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бол гэрээний талууд хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.
11. Хэргийн баримтад авагдсан хариуцагч Д.Солонгын тайлбарт “...нэхэмжлэгч Б.Б нь зээл олгохдоо хамтран зээлдэгч шаардсаны дагуу өөрийн нөхөр Д.Одгэрэлийн хамт гэрээ байгуулсан гэсэн, хариуцагч нар зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурж мөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон байна. Иймд зээлийн гэрээ байгуулагдахад хариуцагч Д.Одгэрэлийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэх боломжгүй тул хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж дүгнэх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасантай нийцнэ.
12. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба шүүх хамтран зээлдэгч нарын гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, үндсэн зээл 3,000,000 төгрөг, түүний хүүд 720,000 төгрөг, /гэрээнд сар бүр 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон, 1 сарын хүү 240,000 төгрөгийг гэрээнд заасан 3 сараар бодож/ алдангид 1,167,000 төгрөг /сар бүр хүү төлөх болон гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээл төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож/ нийт 4,887,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.
13. Иймд магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Солонгын 2020.12.10-ны өдөр 93,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД