Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

    2020            01           16                                       2020/ДШМ/91

 

                                   Э.Сд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч А.Мөнхмарал,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1057 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Сд холбогдох эрүүгийн 1903007900354 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайж овгийн Э.С, 1995 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо,         1 дүгээр хороолол, 10 дугаар байрны 49 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УХ95070614/;

 

Шүүгдэгч Э.С нь 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 5 цаг 5 минутын үед, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд 50-25 УБВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн авто машиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад  тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын хажуугийн бетонон хашлагыг мөргөж, зорчигч Ц.Энх-Амарын амь насыг хохироож, А.Мөнхмаралын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Э.Сг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан 1 жил /нэг/ 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Э.С, иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяа нар нь энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмон, хохирогч А.Мөнхмарал нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэн нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Мөнхмарал нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 956752 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэхийг шүүгчийн туслахад даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгоос оршуулгын зардалд 7.696.234 төгрөг нэхэмжилснээс 7.000.000 төгрөгийг, хохирогч А.Мөнхмаралаас эмчилгээний зардалд 3.173.635 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн хохирлоос 5.400.000 төгрөгийг төлж, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Цаашид А.Мөнхмаралд эмчилгээний зардал гарсан тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмон болон түүний өмгөөлөгч С.Одгариг нар анхан шатны шүүх хуралд шүүгдэгчийг заавал хорих ялаар шийтгэж, эрх зүйн байдлыг хүндрүүлэх шаардлагагүй гэсэн тайлбарыг хэлж байсан. Э.С нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан материаллаг  хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Харин уг хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байна. Э.Сд хорих ял оногдуулахгүйгээр өөр төрлийн ялаар шийтгэх боломжтой гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч А.Мөнхмарал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэргийн улмаас миний бие хүнд гэмтэл авсан. Э.С надад учирсан хохирлыг төлж барагдуулсан, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Э.Сд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

            Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Э.С болон А.Мөнхмарал нар нь миний хүүгийн багын найзууд. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг хэлж байсан. Гэхдээ нэг хүний амь нас хохирч, мөн хохирогч А.Мөнхмаралын биед хүнд гэмтэл учирсан. Дээрх гэмтлийн улмаас үүссэн хор уршиг арилсан нь тодорхойгүй, хохирогч А.Мөнхмарал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хор уршиг арилж байгаа гэсэн тайлбар хэлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Э.С нь 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 5 цаг 5 минутын үед, Сонгинхайрхан дүүргийн 31 дүгээр хорооны замд 50-25 УБВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн авто машиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох
Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад  тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын хажуугийн бетонон хашлагыг мөргөж, зорчигч Ц.Энх-Амарын амь насыг хохироож, А.Мөнхмаралын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонгийн: “...2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр би 17 цагийн үед ажлаа тараад гэртэй ирээд байж байхад орой 20 цагийн үед санагдаж байна, манай хүү Энх-Амар “найз Э.Сгийн төрсөн өдөр болж байгаа, би гарлаа найзууд тэмдэглэх гэж байна” гээд гараад явсан юм. Манай хүүгийн найзууд нь багаасаа нэг ангид явдаг байсан. Би ер нь бүх найзуудыг нь таньдаг, манайхаар орж гараад явдаг хүүхдүүд юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 7 дугаар сарын 7-ны өглөө 6 цаг 40 минутын орчим хаалга тогшихоор нь Энх-Амарыг ирж байна гэж бодоод хаалгаа нээсэн чинь манай хүүгийн найз Буянравжих эхнэртэйгээ ирчихсэн Гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй байна гээд намайг дагуулаад гарсан. Эмнэлэг дээр ирэхэд манай хүү нас барсан байсан. Ослын талаар надад сайн зүйл яриагүй, ярьсан ч би сайн ойлгоогүй, ослын талаар нарийн сайн мэдээлэлгүй байгаа. ...”/хх 21-23/,

 

          хохирогч А.Мөнхмаралын: “...2019 оны 7 дугаар сарын 6-ны орой 23 цагийн үед манай найз Тогтохсүрэн над руу залгаад танай гэрийн гадаа ирчихлээ гараад ир гэсэн. Энэ өдөр найз Сгийн төрсөн өдөр болж байсан юм. Намайг гарч ирэхэд Э.С машинаа барьчихсан, Энх-Амар, Буянравжих нар хамт байсан. Тэгээд манай гэрээс хөдлөөд Тогтохсүрэнг гэрээс нь аваад Сүлжмэл дээр очиж Үржинсүрэн, Баасанбаяр хоёртой уулзсан. Тэр хоёр өөрсдийн машинтайгаа, бид нар Сгийн машинтай 3, 4 дүгээр хорооллын Ахуйн үйлчилгээний тэнд караокед орсон юм. Тэндээ дуулж байгаад Тогтохсүрэн, Энх-Амар, Буянравжих, Баасанбаяр бид тав 0.5 литрийн савалгаатай 1 шил архи хувааж уугаад шөнө 03 цагийн үед гараад Үржинсүрэн, Баасанбаяр хоёрын машинд бид нар бөөндөө суугаад 5 шар луу явсан. Үржинсүрэн, Баасанбаяр нарыг гэрт нь хүргэж өгчихөөд такси бариад Сүхбаатарын талбай орсон. Тэнд бааранд орох гэж байсан боловч хаачихсан байсан. Бид нар буцаад нөгөө караокед очоод С машинаа аваад урд Тогтохсүрэн, хойд талын голд би, миний баруун талд Буянравжих, зүүн талд Энх-Амар суугаад гэмтлийн баруун талын замаар явж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт 7 дугаар сарын 11-нд ухаан орсон. ...”/хх 50-52/,

 

          гэрч Э.Буянравжихын: “...2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр манай найз Э.Сгийн төрсөн өдөр байсан юм. Тэгээд би ажлаа тараад орой 22 цагийн үед гэртээ ирээд байж байх үед С над руу залгаад гараад ир гэхээр нь би 23 цагийн үед гараад Энх-Амар, Э.С нартай уулзаад Сгийн машинд суугаад нарангийн голд очиж Тогтохсүрэн, А.Мөнхмарал нартай уулзсан юм. Тэгээд 3, 4 дүгээр хорооллын Ахуй үйлчилгээний тэнд байдаг нэг караокед орсон. Тэндээ Энх-Амар, Тогтохсүрэн, Мөнхмарал, Баасанбаяр бид нар 1 шил 0,75 гр савалгаатай архи хувааж уусан юм. С жолоо барьж явсан учраас архи уугаагүй. Нэг мэдсэн 5 шард байрны гадаа бид нар бүгдээрээ сууж байсан, тэгээд хаашаа яаж явснаа санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. ...” /хх 75/,

 

иргэний нэхэмжлэгч С.Тогтохсүрэнгийн: “...2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн орой 22 цаг 30 минутын үед намайг гэртээ байж байхад манай найз Энх-Амар над руу залгаад “Сгийн төрсөн өдөр болж байгаа уулзъя” гэхээр нь би орой болчихсон байна, би машингүй байгаагэсэн чинь очоод авъя” гэхээр нь би за гээд байж байхад 23 цаг 40 минутын үед Мөнхмарал, С, Энх-Амар, Буянравжих 4 манай гэрийн гадаа ирэхээр нь би гараад очсон юм. Тэгээд 3, 4 дүгээр хорооллын Ахуйн үйлчилгээний тэнд байх нэг караокед шөнийн 1 цаг болж байхад орсон. Тэндээ Үржинсүрэн, С 2 архи уугаагүй, үлдсэн найзууд 1 нэг шил 0,75 гр савалгаатай архи хувааж уугаад тэндээс 3 цаг өнгөрөөгөөд гарсан юм. Тухайн үед С машинаа жолоодоод би хажууд нь суугаад миний ард Энх-Амар, түүний хажууд буюу голд Мөнхмарал, хамгийн баруун захад Буянравжих суучихсан явж байсан. Тэгээд 1 дүгээр хорооллын арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байхад нь би дээшээ харсан чинь л яах ийхийн зуургүй замын хашлага очоод мөргөчихсөн.Би хэсэг ухаан алдсан байсан, нэг мэдсэн гадаа баахан цагдаа нар ирчихсэн, С машинаа тойроод гүйгээд байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. ...”/хх 60- 61/,

 

            иргэний хариуцагч Ж.Эрдэнэтуяагийн: “...Миний нэр дээр “Тоёота Приус”-20 маркийн 50-25 УБВ дугаартай тээврийн хэрэгсэл байгаа, 2017 оны 9 дүгээр сард Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад 2018 оны 2 дугаар сард зээлээ төлж дуусаад автомашинаа нэр дээрээ шилжүүлэх албан бичигээ авчихсан байгаа юм. Гэхдээ одоохондоо шилжүүлж авч амжаагүй байгаа. Би энэ машиныг уул нь том хүү Гаваад худалдан авч өгсөн юм. Ер нь бол манай бага хүү С, Гаваа 2 ээлжлэн унадаг байсан юм. Осол гарсан өдөр С над руу залгаад уучлаарай ээжээ, би осол гаргачихлаа гэж хэлэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон. ...”/хх 65-66 /,

 

            яллагдагч Э.Сгийн: “...Гэмтлийн эмнэлгийн баруун талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байхад араас хэнийг нь санахгүй байна нэг нь бөөлжих гээд байна гэхээр нь би зогссон чинь “за за зүгээр болчихлоо” гэхээр нь эргээд хөдлөөд Гэмтлийн эмнэлгийн баруун урд талын уулзвараар баруун гар тийшээгээ эргээд 1 дүгээр хорооллын арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай явж байхад ард сууж байсан найз нараас нэг нь ямар ч байсан эрэгтэй хүний хоолой байсан “баруун, баруун” гэж хэлэхээр нь миний зүүн талд ямар нэгэн машин ойрхон байгаа юм байх гэж бодоод баруун гар тийшээ дарж баруун  салсан зам руу орсон юм. Тэгээд юу байсан юм бол гэж бодоод зүүн талынхаа толинд харсан чинь ямар ч юм байхгүй байхаар нь эргээд урагшаагаа хартал замын хашлага тулаад ирчихсэн байсан. Тэгээд л тэр хашлагыг мөргөсөн. ...”/хх 145-146/,

 

         Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8455 дугаартай: “...А.Мөнхмаралын биед дух яс, зүүн нүдний ухархайн дээд хана, дотор хана, турк эмээл, зүүн нүдний ухархайн гадна хана, суурь ясны зүүн их далавч чамархай яс дайрсан үйрч бяцарч цөмөрсөн хугарал, зүүн гайморовын хөндийд урд болон арын хана, зүүн нүдний ухархайн доод гадна, дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн дух, чамархай, зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, хоёр чамархай, зүүн зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун умдаг ясны доод салаа, зүүн умдаг ясны дээд салааны хугарал, ууцны 1-5 дугаар нугаламын хугарал, баруун атгаалын дунд 1/3 хэсгийн далд, зөрүүтэй хугарал, дух, зүүн хацар, хоёр нүдний зовхи, зүүн шилбэ, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” /хх 86-87/,

 

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8469 дугаартай: “...С.Тогтохсүрэнгийн биед зүүн эгэмний дээд хэсэг, хэвлийн урд доод хэсэг, зүүн ташаа, ахар сүүлэнд цус хуралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /хх 90/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3697 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн, 50-25 УБВ улсын дугаартай, NHW20-0090833 арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүд нь үүсээд удсан гэмтэл байна. Toyota Prius-20 маркийн, 50-25 УБВ улсын дугаартай, NHW20-0024161 арлын дугаартай автомашины эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Тоормос шингэн дамжуулгатай, ABS системээр тоноглогдсон. Баруун урд талын тоормосны механик ажиллаж байна. Зүүн урд тоормосны эд ангийн битүүмж алдагдсан, автомашины хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмуудын ажиллагааг шалгах боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн, 50-25 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг  тогтоох боломжгүй. Шинээр нөхцөл байдал илрээгүй. ...” /99-101/,

 

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1508 дугаартай: “Ц.Энх-Амарын цогцост дээрх оношинд бичигдсэн хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, шинэ гэмтэл бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн байх тул дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач 2019 оны 7 дугаар сарын 7-ны 5.50-6.50 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна /цогцосны гадна үзлэгээр/ Талийгаач В III бүлгийн цустай байна. Талийгаачийн цус, цөсөнд шинжилгээгээр спирт илрээгүй. ...” /хх 129-131/ гэх дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Сгийн үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас,  нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Сгийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүн амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хууль зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нь  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан  хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.С нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол болох  оршуулгын зардал 7.700.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмонд, хүнд гэмтэл учирсны улмаас нэхэмжилсэн эмчилгээний зардал 5.400.000 төгрөгийг хохирогч А.Мөнхмаралд төлсөн байх бөгөөд одоогоор бусад хохирогч нарын зүгээс нэхэмжилсэн зүйлгүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цолмон, хохирогч А.Мөнхмарал нар нь “ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах” талаар тайлбар гаргасан, мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүх тухайн зүйлд заасан “нэгээс таван жил” хүртэлх хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч Э.Сгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Э.Сгийн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас,  нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хэдийгээр мөнгөн дүнгээр хохирлыг тооцож хохирогч нарт хохирол төлөгдсөн байх боловч хүний амь нас хохирсон хор уршиг арилах боломжгүй байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул зэргийг дүгнэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 

Иймд шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1057 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сгийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ