Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0363/З/Т |
Дугаар | 128/ШШ2022/0034 |
Огноо | 2022-01-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2022/0034
2022 01 12 128/ШШ2022/0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч С.Гүлжанарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 9, 11 дэх М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ж.Б, С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн хоёрдугаар хавсралтын 9-д М ХХК-ийн 29,97 га талбай, 11-д 20 га талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар заагдсан байдаг. М ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *******А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр MV-017*** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч тус тус хуулийн дагуу эзэмшиж байна.
М ХХК маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд 2010 оны 2 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлэж, энэ хугацаанд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох журмын дагуу 2011 онд эзэмшил газартаа хайгуул хийлгэж нөөц тогтоолгон баталгаажуулан, дээжид лабораторын шинжилгээ хийлгэж, геологийн уулын ажлын төлөвлөгөө хянуулж, тайланг хэлэлцүүлэх, техник эдийн засгийн үндэслэлд шүүмж хийлгэж, шинжилгээ хийлгэж, хайгуулын ажлын гэрээ байгуулж, хайгуул хийлгэж, тог цахилгаан татах мөн тойрсон хашаа бариулсан байдаг. Мөн байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэх гэрээ хийж, нөөцийг тогтоолгож, нөөцийг бүртгэж, хүлээж авах холбогдох газарт нь хүлээлгэн өгч ашиглах бүрэн боломжтой болгосон. Ингээд 2012 оны 9 дүгээр сард Уул уурхайн яамнаас дүгнэлт гарч үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн. М ХХК тусгай зөвшөөрлөө авах, дүгнэлт гаргуулах, үйл ажиллагаа эхлэх бүрэн боломжтой болох хүртлээ 1 тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан.
2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар тогтоол гарч, түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт явуулах комиссын тогтоол гарсан. Үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн ажил хүлээлгийн байдалтай хүлээгдэж байсан. Хан-Уул дүүргийн Засаг даргаас М ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/72 дугаартай албан тоот болон тусгай зөвшөөрлийн нэгж талбайд усны нөөцийн давхцал байгаа учраас нэгж талбайд үйл ажиллагааг зогсоож нөхөн сэргээлт хий гэх албан тоот ирүүлдэг.
Тухайн газрыг ашиглаагүй байгаа учраас нөхөн сэргээлтийн асуудал яригдахгүй. Үүний дараа 2015 онд газар давхцуулан олгосон Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татсан М ХХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлээр М ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд холбогдолтой байсан учраас гуравдагч этгээдээр манай компани оролцож, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 2016 он хүртэл шүүхэд маргаан үргэлжилсэн нөхцөл байдалтай байсан.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн үндэслэл нь М ХХК газрын хэвлийг ашиглаж эхлээгүй 3 жил болсон гэдэг. Хариуцагч нараас нэмж тайлбарлахдаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа гэдэг. М ХХК-ийн хувьд ундны усны сан бүхий газар онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хэсгийг хасуулаад солбицолд өөрчлөлт оруулан ашиглаж болох хэсгээ ашиглая гэсэн асуудлыг ярьсан. Ийнхүү 2 тусгай зөвшөөрлийн талбайн хувьд Ашигт малтмалын газраас талбайн солбилцолд өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэл байгаа учир материалаа ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу очиж уулзахад шүүхээр нэгэнт асуудлаа шийдвэрлүүлэх гэж байгаа бол энэ асуудлаа шийдвэрлэгдсэний дараа уулз гэсэн тайлбар өгсөн. Манай зүгээс ундны усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хэсгийг хасуулаад солбицолд өөрчлөлт оруулан энэ хүрээнд эвлэрэх боломжтой байна гэдэг байр сууртай байсан боловч хариуцагчаас эвлэрэх боломжгүй гэж хэлсэн.
Тус маргаан анхан шатны шүүхээр хоёр удаа шийдвэрлэгдэж, одоо гурав дахь удаа хэлэлцэгдэж байна. Өнгөрсөн намар М ХХК-ийн газар дээр хашаа, гэр барьсан байсан. Энэ талаар тодруулахад танай газар цуцлагдсан гэсэн байдлаар хэлсэн. М ХХК-ийн зүгээс энэ асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт шүүхэд гаргасны үндсэн дээр гуравдагч этгээдүүд татсан. Гуравдагч этгээдүүдэд олгосон газар нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж гарахаас өмнө давхардуулан олгосон нь харагдаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн талаар шүүхэд маргаантай байхад гуравдагч этгээдэд давхардуулж газар эзэмших эрх олгосон гэдэг асуудал хууль бус юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ХХК-ийн маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй газар дээр давхцуулан шинэ нисэх онгоцны буудал явах зам тавигдсан нь нотлох баримтаар ирсэн байдаг. 2017 онд шинэ нисэх буудал руу явах чиглэлд авто замын ажил хийгдсэн. Мөн энэ ажилд М ХХК-ийн нэг тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг хассан. Тухайн үед Зам тээврийн хөгжлийн яамнаас бидэнд нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж өгөх, энэ ажиллагаанд саад учруулахгүй байх хэрэгтэй байна гэж хурлын тэмдэглэл хөтөлж ярилцаад тодорхой хэмжээнд манай компаниас зөвшөөрөөд ажилд саад учруулахгүй гэдгээр хамтран ажиллах боломжтой гэдгээр хэлэлцээр хийсэн байдаг.
М ХХК нь маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон гурван жил ашиглаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус захирамжийг гаргахдаа шалгалт явуулах тухай удирдамж гаргаад, үүнийхээ дагуу шалгалт явуулаад, шалгалтын дагуу тухайн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн саналыг хүргүүлсэн байдаг. Гэтэл энэ удирдамж, шалгалтын талаарх мэдээллийг М ХХК-д өгөөгүй, тухайн газар очиж үзлэг шалгалт хийсэн гэсэн баримт байхгүй. Үүнийгээ өмнөх хуралд хариуцагчийн төлөөлөгчид хүлээн зөвшөөрдөг.
Манайх 2017 он хүртэл үйл ажиллагаа эрхлэх бэлтгэл ажил хийж явсан. Нэг талбайн хувьд тог цахилгаан татсан, нөөц хүлээж авсан Ашигт малтмалын газрын дүгнэлт байгаа. Нөгөө талбайдаа нөөцөө тогтоолгох тухайд, манайх үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Эхний талбайд гаргасан зардлаа үйл ажиллагаа явуулаагүйгээс болоод нөхөх боломжгүй нөхцөл байдал үүсээд шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тодорхойгүй хүлээлт үүсгэсэн. Яаж ашиглах, аль хэсгийг хасах гэх асуудал тодорхойгүй байсан. 2015 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж солбицолд өөрчлөлт оруулъя, холбогдох хэсгээ хасуулж онцгой, энгийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг ашиглаж үйл ажиллагаа явуулъя гэдэг асуудлыг тавьж эхэлсэн байдаг. Тэр хүртэл үйл ажиллагаагаа зогсоо, нөхөн сэргээлт хий гэдэг асуудлыг тухайн газарт тавьж байсан.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 онд үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг утга бүхий албан бичиг ирсэн. Үйл ажиллагаа явуулахгүй удаан хугацаанд зогсохоор компанийн санхүүгийн нөхцөл байдал, түүнд хөрөнгө оруулалт хийж байгаа компанийн эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын байдал тодорхойгүй эргэлзээтэй болж байгаа юм. 2015 онд мөн шүүхийн маргаан үүсээд 2016 он хүртэл үргэлжилсэн. Үүнээс үүдээд энэ компанид аль аль талбайдаа үйл ажиллагаа явуулах боломж үүсээгүй. Хоёр талбайн хоёуланд нь давхардуулж газар олгосон гэдэг маргаан 2016 он хүртэл явсан. Аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахад тухайн оршин суугчид тоос шороо гардаг гэсэн маргаан Улсын Их Хурлын байнгын хороонд явж байсан гэдэг материал хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ М ХХК нэг ч хүрз хороо авч чадаагүй. Яагаад гэвэл төрийн байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг дуулгавартай биелүүлсэн.
2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Засаг даргад газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан, шүүхэд хянагдаж байгаа тул танайд ямар нэгэн хариу өгөх шаардлагагүй гэсэн. гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012, 2013 онд гол мөрөнд үйл ажиллагаа явуулахыг хориглосон хууль гарсан байсан. Манайх Түргэний гол гэдгээрээ үүнд хамарч байгаа. Манайх үүнд орох юм байна гэдгээ өмнө нь байгаль орчны үнэлгээ хийлгээд явж байхад хэлж байсан тул бид мэдэж байсан. Үйл ажиллагаа явуулахаа зогсоо гэдэг албан бичиг 2014 онд ирсэн. Энэ давхцалаа хасуулах, үйл ажиллагаагаа явуулах талаар журам гаргана тэр хүртэл хүлээ гэсэн. 2018 оны 02 сард Ашигт малтмалын газраас танайх усны онцгой хамгаалалтын бүсэд харьяалагдаж байна. Үүнээс хасуулаад цаашид үйл ажиллагаагаа явуулж болно. Өргөдлөө өгч онцгой бүсэд давхацсан хэсгээ хасуул гэсэн бичиг ирсэн. Тухайн хугацаанд шүүхээр явж байсан учир хүсэлт гаргаагүй.
MV017** тоот тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийлгээгүй, нөөц тогтоолгоогүй. Бид энэ хоёр талбайд жил болгон төлбөрөө төлөөд явдаг. MV 017** тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг нь шинэ хурдны замын трассд ороод нөхөн олговор олгохоор болоод бид зам барихыг зөвшөөрсөн.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарсан гэдгээр нөхөн олговор аваад тусгай зөвшөөрлөө буцаан хураалгая гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Бид газар дээрээ өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гэдэг хүсэлтэй байсан. Гэхдээ хүсэлтээ гаргаж байгаагүй. Ашигт малтмалын газраас давхацсан хэсгээ хасуул гэдэг. Тэр эцсийн шийдвэрийг хүлээж байсан. Эцсийн шийдвэр гараагүй байсан болохоор хандаагүй.
Давхцалтай хэсгээ хасуулах, зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт 2017 оноос өмнө Нийслэлийн Засаг дарга, Ашигт малтмалын газарт гаргаж байгаагүй. Яагаад гэвэл цааш ямар чиглэлээр явах нь тодорхойгүй байсан. Биднийг тусгай зөвшөөрөл авч байх үед Ашигт малтмалын газар олгодог байсан тул Нийслэлийн Засаг даргатай харьцаж байгаагүй. Цуцлагдсанаас хойш нийслэлийн Засаг даргатай харьцаж эхэлсэн. Тусгай зөвшөөрлийн төлбөрөө Ашигт малтмалын газарт төлдөг байсан. гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үзмээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хяналт шалгалтыг хийсэн байдаг. Тус хяналт шалгалтаар Газрын хэвлий тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан заалтыг зөрчсөн аж ахуйн нэгжийг судалгааг гаргаж газар дээр очин үзлэг хийж цэцгийг тогтоож фото зургаар баталгаажуулсан байдаг. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0574 дугаартай албан бичигт М ХХК нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон талаар дурдсан байдаг. М ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *******А, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр MV-******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа эхлүүлээгүй байна. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж Газрын хэвлийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргасан байгаа. Мөн өнөөдөр өгсөн нотлох баримтаар нотлогдож байна. Анх 2008 онд тусгай зөвшөөрлийг олгож байсан. Үүнээс хойш энэ газрын хэвлийг ашиглаж эхлээгүй байдаг. 2014 онд анх давхцалтайг мэдсэн гэдэг мэдсэн боловч давхцалыг хасуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч албан байгууллагад хандсан мэдээлэл хавтаст хэрэгт байдаггүй.
Сонсох ажиллагаа явуулсан тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглана гэж заасан. Нийслэлийн Засаг дарга хэвлэлийн бага хурал зарлаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эшэмшдэг аж ахуйн нэгжид хандаж хуулийг дагаж мөрдөх талаар хэлэлийн бага хурал заралсан байдаг. Үүгээрээ сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэг 2014 онд нийслэлийн Засаг даргад шилжиж ирсэн, 2014 оноос хойш М ХХК MV0******* дугаартай тусгай зөвшөөрөл, MV******* дугаартай тусгай зөвшөөрлийн энгийн хамгаалалтын бүс болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг хасуулаад давхцалгүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулъя гэсэн, зориулалтыг өөрчлөөд эзэмших хүсэлт гаргасан зүйл байхгүй.
Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь хуульд заасан 3 жилийн хугацаанд ашиглаагүй гэдгээ хүндэтгэн үзэж шалтгаанаар ашиглаж чадсангүй гэж тайлбарлаж байна. Мөн яриад байгаа газрын кординатын цэгээ тогтоолгоод өөр чиглэлээр ашиглах асуудлаарх хүсэлтийг зохих газарт нь гаргах боломжтой. Тог цахилгаан татсан, хашаа хатгасан гэсэн, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг учир газрын хэвлийг ашигласан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг хийж гүйцэтгээд Ашигт малтмал, газрын тосны газраас лавлагааг авсан. 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүссэн. Үүнд М ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрөл авснаасаа хойш төлөвлөгөө, тайлангаа ирүүлээгүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг. Тухайн газарт очиж үзэхэд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан. гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Шүүх хурал шударга явагдаж байна. Байгаль орчны газарт мэдлийг нь өгөөд ногоон байгалиар хангах нь зүйтэй байх гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах МV-0*******, МV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар 33 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй үндэслэлээр цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор М ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрших 29.97 гектар талбайтай МV-0******* дугаартай, 20 гектар талбайтай МV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүд багтжээ.
Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газар ашиглах эрхийг дуусгавар болгох-оор заасан, маргаан бүхий захирамжид уг заалтыг баримталсан, энэ шийдвэрийг гаргах эрхийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байна.
Нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь анх 2008 оны 1 дүгээр сарын 29-нд 285 гектараар Ба ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн *******Х дугаараар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас олгогдож, 2010 оны 3 дугаар сарын 10-нд 30 гектар талбайг хэсэгчлэн шилжүүлэн 29.97 гектар талбайтай МV-0******* дугаар, 2012 оны 1 дүгээр сарын 31-нд мөн 20 гектар талбайг хэсэгчлэн шилжүүлэн МV-******* дугаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүд М ХХК-д олгогджээ.
Ийнхүү 2010 онд олгогдсон МV-0******* дугаар, 2012 онд олгогдсон МV-******* дугаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд тус компани 2017 он хүртэлх хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа огт явуулаагүй, энэ талаар аливаа маргаангүй ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж, тухайлбал Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нэгж талбар нь хуулиар хориглосон усан сан бүхий газарт давхцалтай байгаа тул үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэнээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, цаашид хэрхэх нь тодорхойгүй байсан, мөн газрын давхцлын улмаас шүүхийн маргаантай байснаас ашиглах боломжгүй болсон, эдгээр хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаагүй гэж маргаж, тусгай зөвшөөрлийн талбай дээр хайгуулын нөөц тогтоолгож, техник эдийн засгийн үндэслэл батлуулсан, цахилгаан татаж, хашаа барих зэргээр тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлажээ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2010 онд олгогдсон МV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 05-10 дугаартай дүгнэлтээр техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн баталж, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 563 дугаар тушаалаар техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 95 дугаар тушаалаар нөөц хүлээн авч бүртгэсэн байна.
Харин 2012 онд олгогдсон МV-******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил хийгээгүй, нөөц батлуулаагүй, техник эдийн засгийн үндэслэлийг хүлээлгэж өгөөгүй байдаг. Энэ талаар сүүлд Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 02 дугаар сарын 12-нд 5/1644 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах үүргээ биелүүлээгүй болохыг мэдэгдсэн байдаг.
Эндээс үзвэл хайгуулын ажил хийж, нөөц батлуулах, техник эдийн засгийн үндэслэлийг хүлээлгэн өгөх үүргийг зөвхөн МV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн байх бөгөөд энэ нь газрын хэвлийг ашиглаж буй хэрэг биш, урьдач баримт бичгийн бүрдүүлбэр хангаж буй хэрэг.
Түүнчлэн цахилгааны байгууламжийн техникийн нөхцөл авч, цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих ажил нь үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлж буй хэрэг болохоос газрын хэвлийг зориулалтын дагуу ашиглаж буй хэрэг бас л биш юм.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий шийдвэрээр нэхэмжлэгчийг газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож тусгай зөвшөөрлийг цуцалсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын хэвлийг хөндөөгүйтэй, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт хийгээгүйтэй талууд маргаагүй тул захирамжид баримталсан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Харин ийнхүү тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, энэ хугацаанд ямар хууль журам хэрэгжсэн, нэхэмжлэгч компани хууль, журмаар олгогдсон боломжоо хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлүүдийн талбай нь хил залгаа бөгөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын баруун урд амны эхэнд Төв аймаг явах зам дагуу Түргэний голын урсац бүхий хэсэгт дамнуулан олгогдсон байдаг.
Улсын Их Хурлаас 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглож, 4.3 дахь хэсгээр уг хориглолтод хамаарах газар нутгийн хилийн заагийг Засгийн газар тогтоохоор, 4.5 дахь хэсгээр ийнхүү хориглосон талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар, 4.6 дахь хэсгээр олгогдсон тусгай зөвшөөрлийн хувьд нөхөн олговор төлөх замаар цуцлахаар тус тус заасан.
Улмаар Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүс бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг баталж, 2012 оны 194 дүгээр тогтоолоор усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, 2015 оны 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байдаг.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоохоор, тусгай зөвшөөрлийн талбай усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстай давхацсан тохиолдолд Усны тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр заасан байна.
Тусгай зөвшөөрөл олгогдсон, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон хууль гарсан энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Усны тухай хууль /2004 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газрыг, 3.1.4-т онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдэгт усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгохоор зааж, 31 дүгээр зүйлийн 31.2-т усны эх, ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтоохоор, 31.3-т усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтоохоор, 31.4-т усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор заасан, мөн түүний дараагаар шинэчилсэн найруулгаар батлагдсан Усны тухай хууль /2012 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгохоор, 3.1.9-д онцгой болон энгийн хамгаалалтын бүс гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг оруулахаар зааж, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах, 11.1.4-т усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох бүрэн эрхийг, 12 дугаар зүйлийн 12.1.4-т Нийслэлийн Засаг дарга нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхийг, 13 дугаар зүйлийн 13.1.6-д дүүргийн Засаг дарга нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заажээ.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоох бөгөөд 22.2-т зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-д зааснаар онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно, 22.3-т зааснаар усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно, 22.4-т зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох бөгөөд 22.9-д Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна гэж заажээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг тогтоосон, үүний өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 51/75 дугаар тушаалаар баталсан дэглэм үйлчилж байжээ. Уг дэглэмээр онцгой хамгаалалтын бүсийг ... голын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн байхаар тогтоож, ус хангамж, ус цэвэршүүлэх байгууламж, усны барилга байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, мод тарих, гүүр, зам, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн барилга байгууламжаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг хориглодог, мал бэлчээх, цооног гаргаж хяналт шилжилгээ хийхийг л зөвшөөрдөг, энгийн хамгаалалтын бүсийг усан сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд тогтоож, энгийн хамгаалалтын бүс нь онцгой хамгаалалтын бүсээс дотогш байж болохгүй, энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу зохицуулахыг зааж өгчээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэхдээ усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон байдаг.
Усны тухай хуулиар усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг голын эргээс 50 метрээс багагүй, энгийн хамгаалалтын бүс нь 200 метрээс багагүй байхаар, онцгой хамгаалалтын бүс нь энгийн хамгаалалтын бүсэд багтахаар хуульчилж, энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар тогтооно гэж зааж өгсөн, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглохдоо хуулийн үйлчлэлд хамаарах хилийн заагийг тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн, Засгийн газар 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон, Усны тухай хуулиар эрх олгосноор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Түргэний голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг солбицлоор тогтоосон.
Нэхэмжлэгч М ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий 2 талбай нь Түргэний гол дамнуулан олгогдсон бөгөөд Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон энгийн хамгаалалтын бүстэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй хэрхэн давхцалтай талаарх зургийг Нийслэлийн байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус тус гаргасан[1], тодруулбал МV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 29.97 гектар талбайн 23.88 гектар нь Засгийн газрын тогтоолоор тогтоосон энгийн хамгаалалтын бүстэй, 24.60 гектар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор тогтоосон энгийн хамгаалалтын бүстэй, мөн энгийн хамгаалалтын бүс дотор багтсан онцгой хамгаалалтын бүстэй 80, 81, 82, 83, 84, 85, 86 дугаар цэгийг холбосон шугам болон 300, 301, 302, 303, 304, 305, 306 дугаар цэгийг холбосон шугам хоорондох хэсгээр давхцалтай, 5.37 гектар л энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй, МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 20 гектар талбай нь онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй, харин 4.17 гектар нь Засгийн газраас тогтоосон энгийн хамгаалалтын бүстэй, 5.80 гектар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоосон энгийн хамгаалалтын бүстэй давхцаж, 14.2 гектар нь энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй байна. Засгийн газар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоосон солбицлын цэгийн зөрүүгээс бага зэргийн зөрүү байгааг дурьдах нь зүйтэй.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд буюу Засгийн газраас тогтоосон солбицол бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, мөн усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмээр аль ч бүсэд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох тул давхцалгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах эрх нь аль ч бүстэй нь давхцалгүй газрын хувьд яригдах ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригийн илэрхийллийн дагуу хийгдэнэ.
Нэхэмжлэгч нь 2012 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үед усан сан бүхий газар болох голтой давхцалтай болохыг мэдэж байсан гэх бөгөөд 2014 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх чиг үүргийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нэгж талбар нь хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон усан сан бүхий газарт давхцалтай байгаа тул үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдсэн, энэ үеэс давхцалтай хэсгийг хасуулж давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргах боломжтой байсан ч Усны тухай хуулиар тогтоосон онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, үйл ажиллагаа явуулахыг хуулиар ийнхүү хориглосон талбайг хасуулах энэ боломжоо хэрэгжүүлээгүй байдаг.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр болсонтой холбогдуулж өмнө нь олгогдсон байсан энэ төрлийн тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг, материалыг харьяалах орон нутагт нь шилжүүлэх ажил Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/127 дугаар тушаалаар зохион байгуулагдсан байх бөгөөд усны сан бүхий газартай давхцалтай газрыг хасуулах хүсэлтээ энэ хугацаанд буюу тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хугацаанд нэхэмжлэгч компани Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байгаагүй.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны удирдамжаар Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай буюу хайрга дайрга зэрэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 96 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, танилцуулга, дүгнэлт гаргасан, шалгалтын явцад үйл ажиллагаа явуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийн талаар лавлагааг Ашигт малтмал, газрын тосны газраас авсан, лавлагаагаар нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан үйл ажиллагааны үе шатны тайлан өгөөгүй нь тогтоогдсон байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давхцалгүй хэсэгтээ зориулалтыг өөрчлөн үйл ажиллагаа явуулах агуулгатай хүсэлт гаргасан нь үйл ажиллагаа явуулаагүй үндэслэлээр 2017 онд цуцалсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд хамаарахгүйн дээр газрын зориулалт, хэмжээг өөрчлүүлэх агуулгатай Газрын тухай хуулийн дагуу гаргасан хүсэлт биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид хооронд гаргасан эвлэрэн хэлэлцэх саналын шинжтэй байна.
Иймээс хориглосон талбайтай давхцалгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах, давхцалтай хэсгийг хасуулах хүсэлт гаргаж байгаагүй тул Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг хэрэглэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байна.
Шүүхийн маргаантай байсан гэх үндэслэлийн тухайд, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар М ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцсан гэх үндэслэлээр МХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр М ХХК-ийн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон, давхцалыг арилгаагүй нөхцөлд олборлолт явуулах нэгэнт боломжгүй байсан энэ хугацаанд шүүхээр газрын давхцалын маргаан шийдвэрлэж байсан хугацааг ашиглалт явуулаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох шаардлагагүй гэж үзлээ.
Маргаан бүхий актаар нийт 95 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байх бөгөөд ийнхүү шийдвэр гаргахаас өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ulaanbaatar.mn цахим хуудсаар цуцлах үндэслэл бүрдсэн талаарх сонсох ажиллагааны мэдэгдэл, мэдээллийг байршуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглах гэж заасныг зөрчөөгүй гэж шүүх үзсэн.
Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон байсан талбайн усны хамгаалалтын бүстэй давхцалгүй хэсэгт кадастр хийлгэн зохих журмын дагуу өөр зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргах эрхийг шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.9, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын М ХХК-д холбогдох 9, 11 дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 80, 83-85, 2 дугаар хавтсын 68-69, 75-78, 201-203, 3 дугаар хавтсын 146 дугаар хуудас