Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/03374

 

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/03374

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.А.

Нэхэмжлэгч: Т.А

Хариуцагч: Ү.Г

2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, хариуцагч Ү.Г, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.А, Т.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бэлэглэгч Д.А, Т.А нар бэлэг хүлээн авагч Ү.Гд 00000000000 тоот 50 мкв 4 өрөө орон сууцыг бэлэглэхдээ хариуцагчийн үгэнд итгэж, хөнгөмсөгөөр найдаж дүр үзүүлсэн хэлцэл хийж шилжүүлсэн. Бэлэг хүлээн авагч орон сууцыг барьцаалан Х.Бнаас 80.000.000 төгрөгний зээл авч одоог хүртэл төлөөгүйгээс болж нэхэмжлэгч нар цагдаа, прокурорын газраар явж, өмгөөлөгч авч 3 жил хөөцөлдөж байна. Үүнээс болж нэхэмжлэгч нар амьдрах байргүй болж байрны гэрэл цахилгааны төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй зэрэг шалтгаанаар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоож байна. Энэ асуудлаас болж ах дүүгийн холбоо тасарсан. Бэлэг хүлээн авагч тухайн орон сууцанд амьдраагүй өнөөдрийн байдлаар байр хаягдсан байдалтай байгаа зэрэг үйлдлүүд нь бэлэглэгчийг гомдоож байгаа. Энэ байдлаас болж нэхэмжлэгч нар сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирч байна. Бэлэглэлийн гэрээгээр 20.000.000 төгрөгний асуудал яригддаг. Х.Б ХХК, Ү.Г нарын зээлийн гэрээний асуудал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Учир нь манай нэхэмжлэлийн шаардлага бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох. Ер нь бол худалдах, худалдан авах гэрээ хийж байр хариуцагчийн өмчлөлд шилжсэн. Дараа нь хариуцагчийн хэлснээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Банк ямар гэрээг үндэслэн зээл олгосонг мэдэхгүй. Нэхэмжлэгч Д.Аийн хувьд орон байргүй болж хөлсний байранд амьдарч, бие тааруу байнгын эмчилгээтэй байна. Ү.Г нэхэмжлэгчийг байрыг нь барьцаалж, зээл авч 2 дахиа гомдоосон. Орон сууцны гэрэл цахилгааны мөнгийг төлөхгүй 3 дахиа гомдоосон. Хариуцагч нь ах дүүсээрээ нийлж бэрээ гомдоосон улсууд. Нэхэмжлэгч орон сууцны ордер шилжүүлсний дараа гомдоогүй, бэлэглэлийн гэрээ хийж өгсөн тухайн үедээ ч гомдоогүй. Харин зээлийн 80.000.000 төгрөгийг Ү.Г ах Гансүхийн хамт үгсэж авсан үеэс гомдсон. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор худалдах, худалдан авах гэрээ дагаад хүчингүй болно. Ингэснээр байрыг буцааж авна. Тэгэхээр банкны зээлтэй холбоотой асуудал хамаагүй. Иймд бэлэглэгч Иргэний хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар бэлэглэлийг хүчингүй болгох, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ү.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нар энэ байраа барьцаалж Т ББСБ-аас зээл авч зээлээ төлөөгүй байхдаа зээлийн хүү өндөр тул зээлээ төлөөгүй, бага хүүтэй зээл авмаар байна, бид зээлтэй тул бидэнд зээл олгогдохгүй гэснээр тухайн үед хэн хэнд маань зээл хэрэгтэй байсан тул байрыг миний өмчлөлд шилжүүлж Х.Бинд барьцаалж нэхэмжлэгч нар зээлээс 20.000.000 төгрөгийг авч ББСБ-аас авсан зээлээ төлж хаасан. Д.Аийн хуучин нөхөр Д.Т нь сүүлд нэрээ солиулж одоо Д.Жх гэдэг нэртэй болсон. Бид анх зээл хөөцөлдсөн юм. Нэхэмжлэгч Т.Агийн дансруу 20.000.000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоно. Х.Бнаас авсан зээлийг өнөөдрийг хүртэл миний бие төлж ирлээ. Татвар төлөхгүй гэдэг үндэслэлээр Жамуух надтай бэлэглэлийн гэрээ хийх саналыг тавьж бэлэглэл хийгдсэн. Энэ улсуудын байр хоосон байгаа. Өөрсдөө ороод амьдарч болно. Байрны төлбөрөө өөрсдөө төлөх ёстой. Өөр өөрийн авч хэрэглэсэн мөнгөө банкинд төлчихвөл байрыг нь буцаагаад шилжүүлээд өгчихнө. Өөрсдөө зөвшөөрч зээл авчихаад зээлээс төлөлцөхгүй байраа авна гэж байгаа тул бэлэглэлийг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй. Намайг нэхэмжлэгч нар ноцтой гомдоосон гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Харин ч өөрсдөө гэр орноор ирж хэрүүл шуугиан гаргаж, агсан тавьж биднийг гомдоож байгаа. Бид хамаатан садан хүмүүс. Д.Аийг хэрхэн яаж гомдоосон түүнээс шалтгаалж бие нь өвдсөн талаар шалтгаант холбоо байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээд Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Б ХХК нь зээлдэгч Ү.Гг орон сууц худалдан авахад зориулж 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Баянгол дүүрэг 00000 тоот 50 мкв 4 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууцны зээл авах зорилгоор маргаан бүхий орон сууцыг банкинд барьцаалах хүсэл сонирхолтой байсан нь энэ хүмүүсийн тайлбараас харахад тодорхой байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг. Орон сууцны өмчлөгч Ү.Г болох нь 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул зээлдүүлэгч Х.Б ХХК нь түүнийг өмчлөгч гэж үзэж зээл, барьцааны гэрээ байгуулсан, бүртгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь буруу ташаа гэж эсэргүүцээгүй. Х.Б ХХК нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул гэрээний төлбөр дуусах хүртэл маргаан бүхий орон сууцыг банк барьцаанаас чөлөөлөх боломжгүй. Энэ хүмүүсийн маргааны улмаас хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан Х.Б ХХК-ийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй тул гуравдагч этгээдийн арх ашгийг харгалзаж үзнэ үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.А, Т.А нар хариуцагч Ү.Гд холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэжээ.

Бэлэглэгч Д.А, Т.А, бэлэг хүлээн авагч Ү.Г нар 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 0000тоот 50 мкв талбай бүхий 4 өрөө 100.000.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэж орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирч байнгын эмчилгээтэй, гэр оронгүй айлаар хэсч амьдарч байна. Зээл авсан өдрөөс нь эхэлж гомдсон, хариуцагч анхнаасаа бид орон сууцны зээл авах зорилгоор өмчлөлийг миний нэр дээр бэлэглэлээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч нарыг гомдоосон зүйл байхгүй, харин ч эсрэгээрээ намайг гомдоож байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Зохигчид маргаан бүхий орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлийг Ү.Гн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Х.Б ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг зээлдэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсан үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэх зорилгоор хийгдсэн байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, хариуцагчийг зээл авсан өдрөөс эхэлж гомдсон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гэж тайлбарласан болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчийг Х.Б ХХК-наас зээл авсан өдрөөс эхэлж гомдсон гэж тайлбарлан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардсан боловч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй байхаар заасан бөгөөд энэ шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн тул хариуцагч Ү.Гд холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч Д.А, Т.А нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.2-т зааснаар хариуцагч Ү.Гд холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.А, Т.А нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА