Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалан,Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулан

      Гомдол гаргагч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт оршин суух, иргэн З.Т,

      Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж холбогдуулан гаргасан,

       Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч М.А, гомдол гаргагч З.Т,түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.Э/цахимаар/,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Гомдол гаргагч З.Т нь тус шүүхэд Увс аймгийн Татварын хэлстийн татварын улсын байцаагч Т.Ж-д  холбогдуулан “улсын байцаагчийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

2. Хариуцагч татварын улсын байцаагч Т.Жавзандулам 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсаар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргаж зарцуулсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

      3.Гомдол гаргагч З.Т 2021.07.07-ны өдөр хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байх бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 44 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 656 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

       4. Гомдол гаргагч З.Т шүүхэд гаргасан  гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуульд зааснаар би 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн зардлын данс нээлгэсэн. Уг зардлын дансанд тодорхой хэмжээний хандив цуглуулах ёстой гэсэн чиглэлийг намаас өгсөн. Манай ээж, дүү нар нийлж миний сонгуулийн дансанд 1.000.000 төгрөгийн хандив өргөсөн. Сонгуулийн зардлын дансанд оруулсан 1.000.000 төгрөгийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулна гэж би ойлгож явсан. Намын зүгээс 2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны материалыг нэгдсэн журмаар хийлгэх тул нэр дэвшигчид тус тусдаа сонгуулийн сурталчилгааны материал хийлгэхгүй бөгөөд сурталчилгааны материал хийлгэх зардлын мөнгийг өөрсдөө гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх зорилгоор сонгуулийн зардлын данснаас хандивын 1.000.000 төгрөгийг бэлнээр авах гэтэл банкны зүгээс гүйлгээний хураамжид 1000 төгрөгийн хураан авч 999.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Уг 999.000 төгрөгөөр сонгуулийн сурталчилгааны материал хийлгүүлэх зорилгоор намдаа хүргэж өгсөн. Сонгуулийн зардлын дансандаа хувийн аудитын хийлгэж, санхүүгийн тайлан гаргуулсан. Хувийн аудитын байгууллагаас намайг хууль зөрчөөгүй, зөрчил гаргаагүй гэж шалган тогтоож, дүгнэлт гарган Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн. Гэтэл Увс аймаг дахь Төрийн аудитын газраас намайг сонгуулийн зардлын данснаас бэлэн мөнгө гаргаж, буруу зарцуулалт хийсэн гэдэг үндэслэлээр Увс аймгийн Татварын хэлтэс рүү холбогдох баримт бичгүүдийг шилжүүлсний улмаас маргаан бүхий шийтгэлийн хуудас бичигдсэн.

       Би сонгуулийн зардлын данснаас бэлэн мөнгө гаргаж, намдаа сурталчилгааны материал хэвлүүлэх зорилгоор мөнгө хүргэж өгснөөр төрд хохирол учруулаагүй. Татварын улсын байцаагч Т.Ж-ын зүгээс намайг сонгуулийн зардлын данснаас бэлэн мөнгө авч сурталчилгааны материалд зарцуулсан гэж дурдсан байдаг.

        Намын сурталчилгааны материалууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Уг сурталчилгааны материал нь хувь хүн рүү чиглэгдээгүй ба З.Т-тай холбоотой сурталчилгааны материал биш. Сонгуулийн штабаас бусад нэр дэвшигчдийн сурталчилгааны хамт хэвлэн бэлтгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдох болно. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

        5.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...З.Т-ын Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн зорилго нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд” оршдог. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилго, зохицуулах хүрээний хувьд “Зөрчлийн тухай хуулийн нэрлэн заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахад оршино” гэж заасан байх тул  Зөрчлийн тухай хуульд нэрлэн заасан зөрчил байх хуулийн шаардлага бий болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Татварын улсын байцаагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж шийтгэлийн хуудас бичсэн. Хариуцагч талаас сонгуулийн зардлын данснаас бэлэн мөнгө гаргасан үйлдэл нь зөрчил юм гэж тайлбарладаг. Гэтэл зөрчил гэж үзэж байгаа зарцуулах талаар хуульд заасан ямар журмыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасныг зөрчсөн гэж татварын улсын байцаагчийн зүгээс үзсэн.Хуульд данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно гэж заасан боловч уг данснаас бэлнээр зарлага гаргахыг хориглосон зүйл заалт байхгүй. Иймээс З.Т-г Зөрчлийн тухай хуульд нэрлэн заасан зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг боловч эрх бүхий албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан зохицуулалт нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, дансанд цугларсан мөнгийг зориулалт бусаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх зохицуулалттай гэж ойлгож байгаа.

Хувийн аудитын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаар дүгнэлтээр З.Т-г зөрчил гаргаагүй гэж дүгнэлт гаргасан байдаг. З.Т нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар зориулалтын дагуу сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэхээр зарцуулсан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ” гэж заасны дагуу анхан шатны баримт гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны баримт нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байх тул уг баримтын дагуу цугласан 1.000.000 төгрөгийн хандивыг зардлын данснаас гарч болох хэмжээгээр буюу 999.000 төгрөгөөр гаргаж, өөрийнхөө сонгуулийн сурталчилгааны материалд зарцуулсан байдаг.

Иймд З.Т-г зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

      6. Хариуцагч татварын улсын байцаагч Т.Жавзандулам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Тариалан сумаас аймгийн 13-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарцуулсан гэх гомдлыг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн.З.Т орон нутгийн сонгуульд оролцохдоо сонгуулийн зардлын дансыг нээж сонгуулийн хугацаанд гүйлгээ хийж ажилласан нь Төрийн аудитын газраас ирүүлсэн зардлын дансны тайлан,ХААН банкны дансны хуулга,мөнгө зарлагадсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдож Аймаг,нийслэл, сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг зөрчсөн нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан..” гэжээ.

      7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдол гаргагч З.Т 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж оролцсон. З.Т нь сонгуульд нэр дэвшихдээ Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасныг зөрчсөн. Сонгуулийн зардлын дансанд орлого орохдоо хандив хэлбэрээр орж, зарлага гарахдаа данснаас дансанд шилжүүлж гаргах ёстой хуулийн зохицуулалттай. Хэрэв сонгуулийн зардлын дансанд төвлөрсөн хандивыг намд өгөх гэж байсан бол намын данс руу шилжүүлж болох байсан. Нам нь уг мөнгийг нэгдсэн журмаар хэрхэн зарцуулах нь намын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал юм. Намын зүгээс сурталчилгааны материал хэвлүүлэх гэж байсан бол гомдол гаргагч З.Т-ын зүгээс сонгуулийн сурталчилгаа хэвлүүлэх компанийн данс руу сонгуулийн зардлын данснаас мөнгийг шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Иймд гомдол гаргагч З.Т Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн зардлын данснаас бэлнээр мөнгө гарган авах нь хуульд заасан зөрчил гаргасанд тооцогдоно. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 0176490 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү...” гэх тайлбар гаргаж хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцов.

      8.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч М.А “Гомдол гаргагч З.Т 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд түүний ээж, эгч, дүүгийн хуримтлуулсан 1.000.000 төгрөгийг авч сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх зорилгоор зохицуулалтын дагуу зарцуулсан гэсэн дүгнэлт хийж байгаа тул гомдол гаргагч З.Т-г гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       9. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        10. Гомдол гаргагчаас “-Намын зүгээс 2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны материалыг нэгдсэн журмаар хийлгэх тул нэр дэвшигчид тус тусдаа сонгуулийн сурталчилгааны материал хийлгэхгүй бөгөөд сурталчилгааны материал хийлгэх зардлын мөнгийг өөрсдөө гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх зорилгоор сонгуулийн зардлын данснаас хандивын 1.000.000 төгрөгийг бэлнээр авах гэтэл банкны зүгээс гүйлгээний хураамжид 1000 төгрөгийн хураан авч 999.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Уг 999.000 төгрөгөөр сонгуулийн сурталчилгааны материал хийлгүүлэх зорилгоор намдаа хүргэж өгсөн. Сонгуулийн зардлын дансандаа хувийн аудитын хийлгэж, санхүүгийн тайлан гаргуулсан. Хувийн аудитын байгууллагаас намайг хууль зөрчөөгүй, зөрчил гаргаагүй гэж шалган тогтоож, дүгнэлт гарган Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн,

- Намын сурталчилгааны материал нь хувь хүн рүү чиглэгдээгүй ба З.Т-тай холбоотой сурталчилгааны материал биш. Тариалан суманд нэр дэвшигчдийн сурталчилгааны материал юм.Сурталчилгааны материалд сонгуулийн штабаас хэвлэн бэлтгэсэн гэдэг нь бичигдсэн. Би хууль бус буруутай үйлдэл гаргаагүй байхад татварын улсын байцаагч Т.Ж-ын зүгээс намайг Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан”  гэсэн үндэслэлээр маргаж байна.

       11. Хариуцагч улсын байцаагч Т.Жавзандуламаас “Нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарцуулсан нь Увс аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн баримтууд, холбогдогчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон болно.

         12. Увс аймгийн Татварын хэлстийн татварын улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн  2021 оны 06 сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсаар нэр дэвшигч З.Т-г сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарцуулсан нь холбогдогчийн мэдүүлэг,бусад нотлох баримтаар  тогтоогдсон” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

         13. Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна”, 38.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”  гэж тус тус заажээ.

        14.Гомдол гаргагч З.Т нь 2020 оны Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас 13-р тойрог буюу Тариалан сумаас нэр дэвшжээ.

         15. Нэр дэвшигч З.Т нь сонгуулийн зардлын дансанд 1.000.000 төгрөгийн хандив цугларсныг  бэлнээр авахад гарсан 999.000 төгрөгийг Увс аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Б-д 2020 оны 9 сард хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан 014 дугаартай сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийн зардал, 500 ширхэг гэсэн утга бүхий,Увс аймгийн Ардчилсан намын Увс аймгийн хороо гэсэн тэмдэг дарагдсан хүлээн авсан Г.Б гэж нэр бичигдэн гарын үсэг зурсан нэхэмжлэхээр тогтоогджээ.

        16. Мөн Г.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:” 2020 оны ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн намын штаб байгуулагдаж,штабаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намаас нэр дэвшсэн 41 нэр дэвшигч нарт нэгдсэн нэг загварын сургталчилгааны сэтгүүл,сонин хэвлүүлэхээр шийдвэрлэж Улаанбаатар хотод хэвлүүлсэн.Тариалан сумын 13-р тойрогт нэр дэвшсэн С.Ц,З.Т нарын сурталчилгаа нэг сэтгүүлд хэвлэгдэж ирсэн.Нийт нэр дэвшигч нар хэвлэгдэх сэтгүүлийн тооноос хамаарч тодорхой хэмжээний мөнгийг намдаа хүлээлгэн өгсөн.Нэр дэвшигч З.Т-ын өгсөн 1 сая төгрөгийг сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэхээс өөр зүйлд зарцуулсан зүйл байхгүй” гэж мэдүүлсэн ба хэрэгт хэвлэгдсэн сонгуулийн сурталчилгааны сэтгүүл хавсаргагдсан байна. Уг сэтгүүлийн нүүр хэсэгт С.Ц, З.Т гэсэн нэр бүхий сэтгүүлийн баруун доод буланд “Увс аймгийн Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллагаас бэлтгэв” гэсэн бичвэртэй байна.

       17. Талууд нэр дэвшигч З.Т нь данснаас бэлнээр 999.000 төгрөгийг гаргаж авсан талаар маргаангүй болно.

       18. Хэдийгээр нэр дэвшигч З.Т нь данснаас сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх зорилгоор бэлнээр мөнгө гарган Ардчилсан намд хүлээлгэн өгсөн байх боловч Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлэгдсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах зорилгоор өөрийн харьяалагдах нам буюу Ардчилсан намд хүлээлгэж өгсөн, намын сонгууль эрхэлсэн байгууллагаас З.Т-ын сонгуулийн сурталчилгааны материалыг нь хамт нэр дэвшсэн нэр дэвшигч С.Ц болон Тариалан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн  сурталчилгааны материалтай хамт хэвлүүлсэн, Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болохыг зөвшөөрсний зэрэгцээ өөрийн намын байгууллагаар дамжуулан сонгуулийн сурталчилгаанд зарцуулахыг хориглоогүй байна.

Иймд нэр дэвшигч З.Т-г Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасан “...сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэсэн журмыг зөрчсөн гэж шууд дүгнэх үндэслэл байхгүй, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

      19. Дээр дурдсан дүгнэлтүүдээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “гомдол гаргагч зөрчил гаргаагүй” гэж үзсэн талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

        20. Иймд гомдлын шаардлагыг хангаж Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

21. Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч байгууллага Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч З.Т-ын  гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 0176490 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч байгууллага Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагч З.Т-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ

                   ШҮҮГЧИД                                              Г.ЯНЖИНДУЛАМ

                                                                                    Д.АЛТАНЦЭЦЭГ