Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 04

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл

Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Э, М.Б нарт холбогдох 1922000380071 дугаартай эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах прокурор Ц.Ариунжаргалын дүгнэлтийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгэлийн тухайд:

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг журамлан мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж эцэг С.Б хяналтад өгөх арга хэмжээ авагдсан,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 08 сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял,

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоосон,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль 1 ширхгийн хурааж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан гэх,

Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ял шийтгэлийн тухайд:

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн,

Шүүгдэгч М.Б, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сард  Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Сумъяагийн 2 тооны адууг хулгайлж 1800000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн С.Баянмөнхийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгөөс 4 ямаа, 1 хонь, 130000 төгрөгийг завшин 880000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Б.Э, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б.Э, М.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,  шүүгдэгч М.Бэд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Эы нийт эдлэх ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б, Б.Э нарын тус тус цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Б.Эд оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоног 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж шүүгдэгч Б.Эыг 684 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр, шүүгдэгч М.Бэд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоногийн 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж шүүгдэгч М.Бийг 384 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тус тус тогтоож  шийдвэрлэж, шүүгдэгч М.Б Б.Э нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сумъяад 1.200.000 төгрөгийн хохирол, төлбөр төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Баянмөнхөд төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, М.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдэж, шүүгдэгч Б.Э, М.Б нар тус бүр 2 хоног цагдан хоригдсон, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э, М.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан адууны 2 ширхэг ширийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлтдээ “...Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Э, М.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан, Б.Э бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн хугацаагаар нийтэл тустай ажил хийлгэх ял оногдуулсан. /эрүүгийн 1928000470053 дугаартай хэрэгт/

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Эы Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 684 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 85 хоногийн хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн “Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Наранцогтын бэлчээрт байсан бог малаас 8 тооны ямаа хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 92 дугаартай яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 1922000380071 дугаартай хэргийг тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 161 дугаартай шүүгчийн захирамжаар нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 176 дугаартай шүүгчийн захирамжаар “...Б.Э нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-нд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд ялыг нэгтгэх, нийт эдлэх ялын хэмжээг хэрхэн тогтоох талаар заагаагүй байна. ...Иймд эрүүгийн 1922000380071 тоот хэргийг эрүүгийн 1928000470053 тоот хэрэгт нэгтгэхгүйгээр шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Эы 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан эрүүгийн 1928000470053 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн эрүүгийн 1922000380071 дугаартай хэрэгт   нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал  шинээр илэрсэн байна.

Иймд Б.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “Тус прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 01 дугаартай дүгнэлт үйлдсэн. Б.Эд холбогдох Дундговь аймгийн Луус сумын нутаг дэвсгэрээс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  Наранцогтын бэлчээрт байсан 8 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэгт Прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдийн 92 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 168 дугаартай шүүгчийн захирамжаар нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу хэргийг  Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүхийн шүүгч Б.Мөнхбат 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар Б.Эд холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Б.Эд холбогдох хэргийн ялыг нэмж нэгтгэх боломжгүй байна гэж үзээд хэргийг  прокурорт буцаасан. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буцаасан шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичих хугацаа хэтэрсэн, эсэргүүцэл бичих боломжгүй учир давж заалдах шатны шүүхээр шүүгчийн захирамжийг хянуулах боломжгүй болсон. Б.Э нь 88 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа бүрэн эдэлж дууссан учраас 88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор Б.Эд оногдуулах ялыг нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дугаар зүйл, заалтуудыг хэрэглэх  хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжид дүгнэлт хийж өгнө үү.                   Гэтэл хүчин төгөлдөр шийдвэртэй болсон хэрэгт оногдуулсан зүйл анги нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буцаасан зүйл ангитай хэргийг нэгтгэснээр Б.Э ялласан  зүйл хэсэгт  ямар нэгэн хөнгөрүүлэх, хүндрүүлэхээр өөрчлөлт орохгүй. Гэтэл үүнийг нэгтгэж шийдвэрлэ гэсэн үндэслэлээр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлгүй буцаасан. Иймд давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “М.Бийг Б.Э бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Уг ялыг манай үйлчлүүлэгч М.Б нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны  өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ялаа бүрэн  эдэлж дууссан. 88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор М.Бийг Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэг нэг удаа ял оногдуулна гэсэн зарчим зөрчигдөх учраас 88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичсэн 01 дугаартай дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд дүгнэлтэд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Э, М.Б нарт холбогдох эрүүгийн 1928000470053, 1922000380071 дугаартай хэргүүдийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай саналд “...тус аймгийн Луус сумын 2-р багийн нутаг Дунд бууц гэх газарт оршин суух иргэн Г.Наранцогтын 15 тооны ямааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ээс 02 дугаар сарын 02-ны хооронд хулгайд алдагдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгахад яллагдагч Б.Э нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Сумъяагийн 2 тооны адууг 2019 оны 01 дүгээр сард бусадтай бүлэглэн хулгайлсан эрүүгийн 192800470053 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх тул 1922000380071 дугаартай хэргийг харъяаллын дагуу Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх саналыг Дундговь аймгийн Прокурорын газарт гаргаж байна /хх-32/ гэжээ.

Дундговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/335 дугаартай албан тоотоор Улсын ерөнхий прокурорын туслах прокурор О.Алтангэрэлд 1922000380071 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон хяналтын харъяаллыг өөрчлөн тогтоолгохоор хэргийг хүргүүлсэн байна /хх-33/.

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурор С.Хишигжаргалын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаартай тогтоолоор Г.Эрдэнэбулганд холбогдох эрүүгийн 19220003871 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулах харъяаллыг өөрчлөн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрыг, прокурорын хяналтын харъяаллыг өөрчлөн Өмнөговь аймгийн Прокурорын газрыг тус тус тогтоож, Г.Эрдэнэбулганд холбогдох эрүүгийн 19220003871 дугаартай хэргийг эрүүгийн 1928000470053 дугаартай хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалт явуулахыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна /хх-35/.

Гэтэл Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 68 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж Б.Э, М.Б нарт холбогдох 19280004753 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э, М.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э,  М.Б нарт тус бүрд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн  Б.Эы нийт эдлэх ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б, Б.Э нарын тус тус цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Б.Эд оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоног 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж шүүгдэгч Б.Э 684 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр, шүүгдэгч М.Бэд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас цагдан хоригдсон 2 хоногийн 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж шүүгдэгч М.Бийг 384 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тус тус тогтоож  шийдвэрлэсэн байна.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбатын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор Болдсайханы Эрдэнэбулганд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 684 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 85 хоногийн хорих ялаар сольж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ /хх-154-155/.

Хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ”...Б.Эд холбогдох эрүүгийн 1922000380071 дугаартай хэрэгт Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ДШМ/15 дугаартай магадлалд хяналтын журмаар эсэргүүцэл бичих хуулийн хугацаа хэтэрсэн,  Б.Э, М.Б нар нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан, одоо Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан заалтыг ч хэрэглэх  хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү гэх агуулгаар эсэргүүцлийнхээ үндэслэлийг тайлбарлаж,’’... 88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэж дүгнэлт гаргасан.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Э, М.Б нар нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй,  прокурор энэ үндэслэлээр дүгнэлт гаргаагүй байх тул урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул анхан шатны шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай“ прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичсэн 01 дугаартай “Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах тухай” дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Магадлалд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ