Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0169

 

 

 

 

 

 

 

 

 

  2022 03 10 0169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Хариуцагч: Гаалийн Ерөнхий газрын дэд дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г Ч.Т нарын хоорондын Гаалийн Ерөнхий газрын дэд даргын ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Ч.Т шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Гаалийн Ерөнхий газрын дэд даргын ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээрх захиргааны актуудыг эс зөвшөөрч Гаалийн Ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд Гаалийн Ерөнхий газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03/2975 дугаартай албан бичгээр хариу өгч шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Гаалийн Ерөнхий газрын дэд даргын ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг дараах үндэслэлээр хууль бус гэж маргажээ. Үүнд:

1/. Шүүхийн шийдвэрээр М ХХК-ийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын дэмжлэгийг авах эрхтэй хуулийн этгээд мөн, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байхад манай компанийн арилжааны банкны харилцах дансыг хааж, битүүмжлэх тухай албан бичиг нь илт хууль бус гэж,

2/. Гаалийн ерөнхий газрын дэд даргын Гаалийн тухай хуулийн 2951 дүгээр зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан арилжааны банканд хүргүүлж буй захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дэх заалтуудыг зөрчсөн гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М ХХК нь барилгын материалын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. аймгийн сум болон Улаанбаатар хотын 22 дугаар үйлдвэрийн бүсэд цогц үйлдвэр бүхий цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Манай компани нь Монцемент цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтын хугацаанд үйлдвэрийн тоног төхөөрөмж болон түүний иж бүрдлийг импортоор оруулж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т импортолсон техник тоног төхөөрөмжийг барилга угсралтын хугацаанд Гаалийн татвараас чөлөөлж нэмэгдсэн өртгийн албан татварыг 0% хүртэлх хувь хэмжээгээр намсгаж болно гэж заасан хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын дэмжлэгийг авч чадалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймээс манай компани нь хуульд заасан энэ дэмжлэгийг авч чадахгүй байсан учир эрх бүхий төр захиргааны байгууллагад уламжилж 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, уг асуудлыг судлан шийдвэрлэх үүргийг 44 дүгээр тэмдэглэлээрээ Барилга хот байгуулалтын сайдад үүрэг болгосон. Гэвч Засгийн газрын 44 дүгээр тэмдэглэлийн дагуу судалж шийдвэрлэх үүрэг бүхий Засгийн газрын холбогдох яамдууд нь шийдвэрийг үл биелүүлэн шийдвэр хэрэгжихгүй эс үйлдэхүй гаргаж байсан учир манай компани Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамыг хариуцагчаар татан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн үндэслэл нь гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, татвараас чөлөөлөх асуудлыг судалж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг даалгах тухай байсан. Анхны шүүх хурал 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд уг хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч нь тус татварын дэмжлэгийг авах эрхтэй, хариуцагч нь асуудал шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Улмаар давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож магадлал болон шийдвэр нь одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа бөгөөд уг хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Гэтэл эрх бүхий байгууллагаас гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх чөлөөлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэгдээгүй байтал Гаалийн ерөнхий газраас 22,900,000,000 төгрөгийг алдангийн хамт төлж барагдуулах төлөөгүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 2951.1.-т Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 29411 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ. гэж заасныг үндэслэж эрх мэдлээ хэтрүүлэн, хуулийг буруу хэрэглэж, манай компанийн арилжааны банк дахь дансыг хааж битүүмжлэх илт хууль бус захиргааны актуудыг ХААН банк болон Худалдаа хөгжлийн банканд тус тус хүргүүлсэн байдаг.

ХААН банк нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай компанийн 0000000000 тоот харилцах дансыг хааж битүүмжилсэн. Манай компани данс хааж битүүмжилж манай компанийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт тавьсан боловч Гаалийн ерөнхий газрын дэд даргын хариу албан тоотод хуулийн хүрээн шаардлагатай арга хэмжээг авна, хууль зөрчиж манай компанийн арилжааны банк дахь дансыг битүүмжлэх шаардлагатай бусад арга хэмжээ авах болохоо хариу мэдэгдсэн. Улмаар ХААН банк нь Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тоот буюу хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн харилцах дансанд хуримтлагдсан байсан 193,150,000 мянган төгрөгийг хураан авсан хууль бус үйл ажиллагаа явуулсан. Манай компани дээрх Гаалийн ерөнхий газрын дэд даргын арилжааны банкуудад хүргүүлсэн илт хууль бус захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул тус актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 2951.1. Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 29411 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ. гэх тусгай зохицуулалттай байгаа. Гаалийн ерөнхий газрын хариу тайлбар болон Гаалийн ерөнхий газраас баримталж байгаа зарчмууд нь Гаалийн ерөнхий хуулийн 295 дугаар зүйлийг баримталж шийдвэр гаргах эрхийг Гаалийн ерөнхий газрын дэд дарга эдлэхгүй. Иймээс Гаалийн ерөнхий газрын орлогч даргад Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлд заасны дагуу данс битүүмжлэх, гүйлгээ зогсоох эрхийг олгоогүй. Хөрөнгө оруулалтын гэрээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь гаалийн татвар авах тооцох журам, аргачлалыг тогтвортой байлгана гэсэн гэрээг Монгол Улсын Засгийн газар хүлээж байгаа.

Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх заалт нь 2016 онд нэмэлт өөрчлөлтөөр орсон зүйл заалт юм. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эрх зүйн орчин дээр нэмэлт оруулсан заалт нь тогтвортой байдлын гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу манай компанийн баримтлах хэм хэмжээ биш. Тооцох аргачлал, орчин тогтвортой байна гэсэн зохицуулалтыг хамааралгүйгээр ийм шийдвэр гаргасан Гаалийн дэд даргын үйлдэл нь илт хууль бус юм. Хөрөнгө орлогын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д татварын орчны тухай заасан байдаг. 295.1 гэх заалтыг Гаалийн газар хэрэглэх эрхгүй, өөрөөр хэлбэл 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр байсан Гаалийн тухай хуультай утга нэг заалтыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгоод үүний дараа 2016 онд 295.1 гэх заалтыг оруулж ирсэн. Тэгэхээр 295.1 гэх заалт нь илт хууль бус үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6 заасан хуулийн орчныг дордуулж, Засгийн газрын эрхийг давж хэрэглэсэн байгаа учир илт хууль бус гэх үндэслэлээр энэ заалтуудад хамаарч байна гэж үзэж байна. Мөн Улсын дээд шүүхээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 7,3 тэр бум төгрөгийн татвар төлөх үүрэгтэй байна гэх шүүхийн шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл энэ хэргийн нэхэмжлэгч нь М ХХК байсан бөгөөд энэ хэрэг дээр татвараас хөнгөлөх чөлөөлөх хөрөнгө орлогын дэмжлэг эдлэх ёстой байсан гэх асуудал дээр үүнийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх асуудалд шүүх оролцохгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан дэмжлэгийг М ХХК эдлэх эрхтэй байна үүнийг Засгийн газрын хуралдаанаар оролцуулж шийдвэрлэх тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал байна.

Иймээс энэ нөхцөлд Гаалийн ерөнхий газар 295.1-д заасны дагуу банкны гүйлгээг хаах нь үндэслэлгүй юм. Дээр дурдсанчлан Гэрээний 2.1, 9.1-т Засгийн газар тогтвортой байлгах үүргийг хүлээсэн байгаа. Гэрээний 10.8-д төслийг хэрэгжүүлэгч М ХХК нь банк дахь гүйлгээ хийхэд ямар нэгэн саад болохгүй гэх үүргийг Засгийн газраас хүлээсэн байдаг. Мөн уг гэрээг дараа нь сунгасан бөгөөд сунгасан заалтдаа Сангийн яам энэ гэрээний биелэлтэд хяналт тавьж шаардах эрхийг эдлэхээр заасан. Гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүй буюу бидэнд мэдэгдэхгүйгээр Гаалийн ерөнхий газарт татвартай холбоотой шаардах эрхээ шилжүүлэхийг хориглосон заалт нь 2.1.12-д бусдад шилжүүлэх эрхгүй гэж заасан атал Сангийн яамнаас Гаалийн ерөнхий газар ийм шаардах эрхгүй гэсэн байдаг. Ийм эрх олгогдоогүй байхад Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь зөрчиж үйл ажиллагаа явуулж байна. Дүрмийн 2.2.5-д хөрөнгө оруулалтыг сунгасан хугацаанд ямар хугацаагаар хэд хэдэн гэсэн графикаар хэсэгчлэн төлөх тухай графикийг батлахаар заасан. Гэтэл Гаалийн байгууллагаас өнөөдрийг хүртэл энэ татварыг хэд хэдэн төгрөгөөр хэзээ хэсэгчлэн татах тухай тохиролцоо хийгээгүй байгаа учир Гаалийн ерөнхий газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна үзэж байна. Энэ асуудлыг талууд шийдвэрлэхээр Засгийн газарт үүрэг болгосон шүүхийн шийдвэр гарсаар байтал Гаалийн ерөнхий газар банкны гүйлгээ хааж байгаа нь илт хууль бус үйлдэл хийхийг бусад этгээдээс шаардсан гэх зөрчил гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын банкны дансны гүйлгээг хаахаар хийлгэж байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй байгаа учир үүнийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б гарын үсэг албан бичиг ХААН банканд очсон бөгөөд тухайн албан бичгийн агуулга нь нэхэмжлэгч компанийн дансны гүйлгээг хаалгах тухай албан бичигт Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 2951.1-т заасныг үндэслэсэн. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа хуулийн үндэслэлгүй албан бичиг явуулсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл албан бичигт Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 2951.1 гэсэн зүйлийг баримталсан байгаа. Энэ заалт нь аж ахуй нэгж байгууллагын дансны гүйлгээг шаардлагатай үед нь хаах, эд хөрөнгийг битүүмжлэхтэй холбоотой зохицуулалт юм. Энэ зохицуулалт дотор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, энэ таван заалт байгаа энэ нь үндэслэлгүй заалт гэсэн. Гэхдээ энэ таван заалт нь Б.Батхишигийн явуулсан албан бичигт дурдагдаагүй байдаг. Гаалийн ерөнхий газрын даргын ХААН банканд явуулсан албан бичгийн үндэслэлд хамааралгүй.

Учир нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх заалт нь эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой, 290.2 дахь заалт нь хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой, 291, 293 дахь заалт нь татвараас зайлсхийх санаатай үйлдлийн заалт юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй санаа нийлж байгаа нэг зүйл нь 2951.1 дэх заалтад байгаа эхний 5 заалт аль аль нь хамаарахгүй. Харин 2941.1 гэсэн заалтыг үндэслэж албан тоотоо явуулсан. Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-т гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тодорхой хувиар хүү тооцох ёстой гэж заасан байдаг. Гаалийн тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 2941.1-т заасан үүргээ биелүүлээгүй бол Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.1 гэх заалтаа бариад дансны гүйлгээг хаана гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Энэ бүрэн эрхийн заалт нь гаалийн байгууллагын удирдлагад хуулийн дагуу олгогдсон юм. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн 5 заалт нь хамааралгүй ч манай баримталсан гол заалт нь 2941.1 дэх заалт юм. Уг заалтын үндэслэл нь нэхэмжлэгч компани нь Монгол Улсын гаалиар 2014-2018 оны хооронд нийт 5 жилийн хугацаанд тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор импортын бараа, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, түүхий эд материалыг улсын хилээр оруулсан байдаг. Үүнтэй холбоотой шаардлагатай гаалийн мэдүүлэг, үнийн дүн, барааны талаар нэхэмжлэгч тал маргалдаагүй. Тухайн бараа бүтээгдэхүүн 2014-2018 онуудад улсын хилээр хуулийн дагуу гаальд мэдүүлж нэвтэрсэн учир маргаан үүсээгүй иймд энэ шүүхэд яригдахгүй. Харин 2014-2015 онд улсын хилээр нэвтрүүлсэн нэхэмжлэгч компанийн бараанд нь хоёр эрх зүйн актын үндсэн дээр татвар ногдуулсан байдаг. Нэг дэх эрх зүйн акт нь Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоол юм. Уг тогтоол нь гарахдаа Монгол Улсын Хилээр импортоор орж ирж байгаа бүх төрлийн бараанд хэдэн хувиар татвар ногдуулах талаар зохицуулсан заалт юм. Нэхэмжлэгч компанийн импортоор оруулж ирсэн тухайн бараанууд нь 27 дугаар тогтоолд хамаараад 5%-ийн импортын гаалийн албан татвар төлөхөөр байгаа. 5%-ийн албан татварын нийт дүн нь 7,3 тэрбум төгрөг юм.

Хоёр дахь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль юм. Уг хуульд гадаад улсаас Монгол Улсад импортоор орж ирж байгаа бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, хувь хэмжээ нь 10% байхаар заасан. Тухайн компанийн оруулж ирсэн бүх бараатай холбоотойгоор 15,6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулсан. Энэ хоёрын нийт дүн нь 22,9 тэрбум төгрөгийн татвар болсон. Энэ татвараа төл гэдэг шаардлагыг, та бүхэн төлөх үүрэг хүлээсэн байна, улсын хилээр орж ирсэн учир орж ирсэнтэй холбоотой татвараа төлөх ёстой гэх албан тоотыг удаа дараа хүргүүлсэн. Тухайн бараа нь Замын-Үүд дэх гаалийн газраар орж ирсэн учир 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 01/312 тоот албан бичгээр Замын-Үүд дэх гаалийн газраас нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Нийт төлөх ёстой 22,9 тэрбум төгрөгийн гаалийн татварыг хугацаанд нь төл гэсэн шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын дагуу нэхэмжлэгч компани татвар төлөх үүргээ хүлээгээгүй. Татварын ерөнхий хуульд орлого олсон, улсын хилээр бараа нэвтрүүлсэн, ашиг хүртэж байгаа бүхий л төрлийн үйл ажиллагаанд татвар ногдуулна гэсэн ганц үндсэн зарчим байдаг. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02/654 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид татвараа төлөх тухай шаардаж хүргүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч компанид 02/520 тоот албан тоотоор татвараа төлөх тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч компани улсын хилээр оруулж ирсэн нийт бүх импортын бүтээгдэхүүндээ маргаан үүсгэдэггүй.

Тооцооллоороо бол гаалийн татвар 7,3 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 15,6 тэрбум байгаа гэдэгтэй маргадгүй. Харин нэхэмжлэгч компани нь Монгол Улсын Сангийн яам болон Барилга, хот байгуулалтын яамтай энэ асуудлыг шийдвэрлэхээр шүүхийн шатанд хандсан байгаа гэдэг тайлбарыг хэлдэг. Нэхэмжлэгч компанитай холбоотой Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын яам гээд гурвуулаа байгуулсан гурван талт гэрээ байгаа. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгаж төлөх тухай 793325 дугаар гэрээг нэхэмжлэгч компани, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын яамны хамтарсан гэрээ байдаг. Энэ гэрээний хамгийн сүүлийн хуудаст татвар хураамжаа тогтоосон хуульд заасан хувь хэмжээгээр төлж барагдуулна, харин бидний татвар төлөх хугацаан дээр график байгуулж өгнө үү гэсэн байдаг. 2014, 2015, 2016, 2017, 2018 он гэх 5 жилийн хугацаанд төлж барагдуулна гэх график нь байгаа бөгөөд нэхэмжлэгч байхгүй гэж сая ярьсан. Ингээд татвараа төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учир Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 2951.1, 295 дугаар зүйлийн 2941.1 -т заасныг үндэслэж дансны гүйлгээг хаасан. Дансны гүйлгээг хаах бүрэн эрх нь хуулиар Гаалийн байгууллагад олгогдсон. Энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сангийн яам болон Барилга, хот байгуулалтын яамтай энэ асуудлыг шийдвэрлэх гэж байгаа гэж хэлсэн. Шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа. Харин одоогоор гаалиар бараа нэвтрүүлсэн, татвараа ногдуулсан, татвараа төлөх хугацааг нь олгосон, графикаа хоёр талаасаа байгуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч компани өөрөө биелүүлээгүй байгаа. Гэрээгээр хүлээсэн хугацаагаа зөрчсөн учир татвараа төл гэх шаардлага тавьж арга хэмжээг авч байгаа. Нэхэмжлэгч компанийн хэлж байгаа шиг нэр дурдсан яамдуудтай асуудлаа шийдвэрлэх эсэх нь бидэнд хамааралгүй. Гаалийн тухай хуулийн 268, 269, 271 дүгээр заалтуудад улсын хилээр бараа тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн аж ахуй нэгж хувь хүн бараагаа татварын газар мэдүүлээд татвараа хуульд заасан хувь хэмжээгээр төлөх, гаалийн байгууллага уг татварыг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх үүргээ биелүүлж байгаа учир ийм арга хэмжээ авагдсан гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээний хугацаа нь дууссан. Өөр ямар ч гэрээ байхгүй. Татвар төлөх үүрэг хүлээсэн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Гаалийн Ерөнхий газрын дэд даргын ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3140 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулжээ.

2. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

3. Нэхэмжлэгчээс ...эрх бүхий байгууллагаас гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэгдээгүй байтал Гаалийн ерөнхий газраас 22.9 тэрбум төгрөгийг алдангийн хамт төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд Гаалийн газар буюу хорооны даргын шийдвэрээр үл маргах журмаар данснаас нь гаргуулан авах хуулийн заалтыг буруу хэрэглэн хууль зөрчиж илт хууль бус захиргааны шийдвэр гаргасан гэж,

4. Хариуцагчаас ...Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор М ХХК-ийг 7,386,609,320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхөөс татгалзсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээд нь гаалийн албан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул тухайн хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны гүйлгээг хаах арга хэмжээг гаалийн байгуулага авах бүрэн эрхтэй гэж маргажээ.

5. М ХХК нь Монцемент төслийн хүрээнд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортолж оруулж ирсэн болон Монгол улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолоор Монцемент төслийг хэрэгжүүлэгч Сэнж сант ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж, төслийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулахыг даалгасан гурван талт гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь татвар төлөхийг хойшлуулсан тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

6. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор ...Хөрөнгө оруулалтын хуульд заасан дэмжлэгийг эдлэх урьдчилсан нөхцөлийг хуулиар тусгайлан заасан буюу дээр дурдсанаар хөрөнгө оруулагчдад зөвхөн гаалийн албан татварыг төлөхийг хойшлуулах эсхүл хэсэгчлэн төлөх сонголтыг олгосон, нэхэмжлэгчээс энэхүү эрхээ эдэлж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаар тогтоолоор 2 жил хүртэл хэсэгчлэн төлөх, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор гэрээний хугацааг сунгах зэргээр хуульд заасан дэмжлэгийг эдэлсэн байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч М ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан 7,386,609,320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/ дүгээр магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 128/ШЗ2020/ дугаартай шүүгчийн захирамж гарсан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2021/0298 дугаартай захирамжаар Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3-д Бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийсэн гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт гаргаж төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно, 2701 дугаар зүйлийн 2711.1.3-д Гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах гэж заасны дагуу зөрчил гаргагч нь гаалийн татвараа улсын төсөвт төвлөрүүлээгүй тохиолдолд гаалийн байгууллага ердийн харьяаллын шүүхэд нэхэмжлэл гомдол гарган шийдвэрлүүлэхээр хуульчилсан гэсэн үндэслэлээр албадан гүйцэтгэх захирамжийг хүчингүй болгосон байна.

7. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр хуралдааны тэмдэглэлээр М ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, М ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, М ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайдад даалгаж шийдвэрлэн уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

8. Гэтэл Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Татварын үл маргах журмаар гаргуулах тухай 03/3140 дугаартай, мөн өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг ХААН банк болон Худалдаа хөгжлийн банк-нд хүргүүлсэн нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 29411 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ гэснийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

9. Учир нь Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.1Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно, мөн хуулийн 2711 дүгээр зүйлийн. 2711.2Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл Гаалийн газар хорооны шийдвэрээр татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаахаар зааж, харин Гаалийн газрын даргын эзгүйд дэд дарга орлохоор заасныг хариуцагч зөрчсөн байна.

10. Өөрөөр хэлбэл Гаалийн газрын дэд дарга нь Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.1Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно гэж зааснаар гаалийн газар, хорооны дарга биш бөгөөд харин Гаалийн газрын даргын эзгүйд орлох боловч энэ талаар гаргасан тушаал шийдвэр байхгүй байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д "өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

11. Иймд Гаалийн ерөнхий газрын дэд даргын ХААН банк болон Худалдаа хөгжлийн банк-нд хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Татварын үл маргах журмаар гаргуулах тухай 03/3140 дугаартай, мөн өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.2, 2951 дугаар зүйлийн 2951.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын дэд даргын ХААН банк болон Худалдаа хөгжлийн банк-нд хүргүүлсэн нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Татварын үл маргах журмаар гаргуулах тухай 03/3140 дугаартай, мөн өдрийн 03/3139 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ