Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 03

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЗ/249 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.Г болон “Э” ХХК-нд холбогдох 1728000730118 дугаартай, дөрвөн хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, “Э” оноосон нэртэй, тоот хаягт байршилтай, цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хязгаарлагдмал хариуцлагатай компани.

Яллагдагч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сард “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэр, Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч “Э” ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэр, Даянгар гэх газарт  нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, “Э” ХХК-ийг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд 2019/ШЗ/249 дугаар шүүгчийн захирамжаар Зулууд овогтой Болдын Ганзориг болон Улсын бүртгэлийн 9011462084 дугаарын гэрчилгээтэй “Э” ХХК-д холбогдох 1728000730118 дугаартай дөрвөн хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Г, “Э” ХХК-ийн төлөөлөгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 8004 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 6298 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор 1 ширхэг тус тус битүүмжлэгдсэн гэх боловч иргэний нэхэмжлэгч Б.Должинсүрэн, П.Дарханбаатар, У.Пүрэвдорж, Э.Саранбаатар нар буцаан авсан гэх үндэслэлээр прокурор хэргийн хамт ирүүлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй хуучин цахилгаан моторыг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:   

“...Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох нь прокурорын бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд ...төрийн байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлыг урвуулан ашигласан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн... гэх тогтоолд заасан ажиллагааг хийлгэхдээ хэрэг бүртгэлт,

мөрдөн байцаалт явуулах харьяаллыг зөрчиж, цагдаагийн байгууллагаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэсэн байна. ...Иймд Улсын дээд шүүхийн тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт хийж яллагдагч Б.Г болон “Э” ХХК-д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна”, 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтооно”, 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон оролцогч, гэрч, хохирогчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоож болно” гэж, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг тогтоох” бүрэн эрхтэй гэж тус тус заасан.

Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 158 дугаартай тогтоолд “...Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар хэмээх газар уул уурхайн нөхөн сэргээлт хийхтэй холбогдуулан төрийн байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлыг урвуулан ашигласан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, дээрх үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн гэх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа тухайн шийдвэрийн хүрээнд олгогдсон гэх зөвшөөрлийн дагуу нөхөн сэргээлт явуулж байсан шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно” гэх дүгнэлтийг хийсэн.

“Э” ХХК болон Б.Г, Б.М нарыг “...2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэрт Даянгар гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд хохирол учруулсан” гэмт хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Уг хэргийг шалгах явцад прокурор дээр дурдсан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн болон нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуй нэгжүүдийг шалгаруулах ажлын хэсгийн гишүүдээс дахин мэдүүлэг авч, холбогдох нотлох баримтуудыг гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шалгуулах шаардлагагүй гэж үзэж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Тодруулбал давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан “албан тушаалтнууд нь “Э” ХХК-д нөхөн сэргээлтийн ажил хийх зөвшөөрлийг өгөхдөө албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх” гэх асуудлыг шалгаж, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул прокуророос хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүхээс “...Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгчийн захирамжид “...прокурор нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот тогтоолоор зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл болгосон нотлох баримтуудыг гэрч Э.Чойжилсүрэн мөрдөгчид гаргаж өгсөн... гэрчид нотлох баримт гаргаж өгөх эрх хуулиар олгогдоогүй байхад гэрчээс өгсөн хуулбарласан нотлох баримтуудыг үндэслэн прокурор шийдвэрээ гаргасан нь хууль зөрчсөн байна” гэж дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэж заасан бөгөөд Цогт-Овоо сумын Засаг дарга албан тушаалтай Э.Чойжилсүрэнгээс холбогдох нотлох баримтуудыг хүлээн авч хэрэгт хавсаргасан ажиллагаа болон уг нотлох баримтуудыг хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж гаргасан прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Прокуророос яллагдагч “Э” ХХК /хуулийн этгээд/ болон Б.Г, Б.М нарт холбогдох эрүүгийн 1728000730118 дугаартай хэргээс “төрийн байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус байж болзошгүй” гэх үйлдлийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Б.М холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх прокурорын тогтоолуудад хэргийн оролцогч нарын зүгээс гомдол, хүсэлт гаргаагүй, хүчин төгөлдөр болсон бөгөөд яллагдагч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, яллагдагч “Э” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад шүүх прокуророос гаргасан шийдвэрт дүгнэлт хийж хэргийг буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЗ/249 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 тоот эсэргүүцлийг үндэслэн Б.Г, “Э” ХХК-д холбогдох 1728000730118 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч Б.Гийг “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө, “Э” ХХК-ийг хуулийн этгээдийн  нэрийн өмнөөс компанийн ашиг сонирхлын төлөө 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг дэвсгэр, Даянгар гэх газарт  нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Э” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1728000730118 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүн, хуулийн этгээд нь эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас тодорхой хугацаа, нөхцөл,  шаардлагын дагуу эрх олгосон шийдвэрийн дагуу газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах журмыг зөрчиж эрх олгосон шийдвэргүйгээр эсхүл зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаагаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө сэдлээр газрын хэвлийд халдсан үйлдэл тогтоогдсон байх явдал юм.

Газрын хэвлийг ашиглах, хамгаалах нөхөн сэргээлт хийх эрх зүйн үндэслэлийг  үзвэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа мэргэжлийн байгууллагаар хэрэгжүүлнэ гэсний дагуу Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 2.1.6-т заасан газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэшсэн үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон мэргэжлийн байгууллага энэ журмын 4.1, 4.2-т заасан эрх, үүргийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.  

Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч “Э” ХХК нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газраас зарласан төсөл сонгон шалгаруулах зарын дагуу материалаа ирүүлж, сумын Засаг даргын баталсан гэрээний үндсэн дээр 25,2 га талбай бүхий газарт техникийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг гүйцэтгэх болсон гэх үйл баримт тогтоогдож байх тул “Э” ХХК-ийг Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 4.1.1-т “гэрээний үндсэн дээр тухайн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн ажлыг аж ахуйн нэгж, байгууллагын  захиалгаар хийж гүйцэтгэх” гэж заасан эрхийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 2-т зааснаар нөхөн сэргээх төсөл боловсруулж, хэрэгжүүлэх эрх олгогдсоны дагуу уг ажиллагааг  явуулсан гэж үзэхээр байна. /хэргийн 01 дүгээр хавтас, 236, 239-240 дүгээр хуудас/

Дээрх хуулийн зохицуулалтад үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд халдлагын зүйл болсон тухайн газарт нөхөн сэргээлт хийх эрх зүйн үндэслэлийг буюу биологийн нөхөн сэргээлт хийхгүйгээр дан ганц техникийн нөхөн сэргээлт хийлгэх шалгаруулалт зарлаж, улмаар эрх авсан мэргэжлийн байгууллага байх шалгуур тавьсан атлаа мэргэжлийн биш байгууллагыг сонгон шалгаруулж, энэ төрлийн ажиллагааг гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээг баталж буй Комисс, Засаг даргын шийдвэр, үйл ажиллагаа нь зөрчил, эсхүл гэмт хэргийн шинжийг агуулж буй эсэх, яллагдагч нарын ямар үйлдэл яагаад хууль бус болох, уг үйлдлийг ямар ашиг сонирхлын үүднээс хэнд ямар давуу байдал бий болгох зорилгоор үйлдсэн зэргийг шалган тогтоох нь мөрдөн байцаалтын шатанд заавал хийгдэх ажиллагаа болно. Энэ ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” хангалттай шалгаж тодруулаагүй гэх үндэслэл болж байна.

Мөн прокурор нь дээрх ажиллагааг нотлоогүйгээс гадна тухайн гэмт хэргийн хувьд яллагдагч нарыг “...ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт явуулсан...” гэсэн атлаа хуульд заасан ашиглах, хайх, ажиллагааг зөрчсөн эсэх, эсхүл газрын хэвлийд нэвтрэн малталт хийж, ашигт малтмалыг өөрийн мэдэлд авсан эсэх зэрэг ямар үйлдэл хийсэн гэж үзэж байгааг өөр хуульд заасан диспозицид, .Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал”, 4.1.5-д “ашигт малтмал эрэх”, 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэх утгаар ойлгох нэр томъёоны тайлбар зэрэг бусад салбар  эрх зүйн хэм хэмжээнд хэрхэн тусгагдсан байдалд нийцүүлэн дүгнээгүй байна.  

Хэрвээ албан тушаалтан өөрийн эрх мэдэл, чиг үүрэгтээ харшлах хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол уг үйлдлээс хамаарч бусад гэмт хэргээр зүйлчлэгдэх, ингэснээр  яллагдагч нарын эрх зүйн байдалд нөлөөлөх зэрэг үр дагавар үүсэхийг үгүйсгэхгүй. Прокурор нь “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот прокурорын тогтоолоор Цогт-Овоо сумын Засаг дарга болон сонгон шалгаруулалт явагдсан комиссын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалтны байдлаа урвуулан ашигласан өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан зөрчлийг арилгаж, дүгнэлт хийж шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байх боловч уг тогтоолд ямар албан тушаал эрхэлдэг, хэн гэдэг хүнийг ямар шийдвэртэй холбогдуулан шалгасан,  тогтоолыг хууль бус шийдвэр гаргасан байж болзошгүй гэж шалгагдсан хэн гэх этгээдэд гардуулах зэргийг заагаагүйгээс гадна тогтоолыг гардуулаагүй тул уг тогтоолд гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон гэх тайлбар үндэслэлгүй.

Прокурорын “нөхөн сэргээлт хийх шаардлага хангасан асуудлаар комисс нь шийдвэр гаргахдаа хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа”  гэж гаргасан тайлбарыг яллах дүгнэлтэд заасан нөхөн сэргээлт хийх нэрийдлээр гэдэгт ямар нөхцөл байдлыг хамааруулж байгаа, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хууль ёсны  гэж үзсэн үндэслэл зэргээ эргэлзээгүй тайлбарласан тайлбар гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд хэрэгт  авагдаагүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж буй мэдээлэл агуулсан байж болзошгүй, төрийн байгууллагын архивын нэгжид хадгалагдаж буй албан бичгийг гэмт хэрэгт сэжиглэгдэж байж болзошгүй албан тушаалтны өөрийнх нь хэрэгт гаргаж өгснөөр хүлээн авахдаа түүний эх сурвалжийг Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”, “Архивын лавлагаа, архивын хуулбар, хэсэгчилсэн хуулбар, баримтын сэдэвчилсэн жагсаалт олгосон бүртгэл” зэргийг үндэслэн магадлалгүйгээр, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах боломжтой эсэхийг тогтоохгүйгээр нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй, энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 11 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

Дээрх үндэслэлүүд нь яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй,  прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг тус тус зөрчиж, гэмт хэргийн шинжийг бүрэн гүйцэд эргэлзээгүй тогтоогоогүй байхад яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн ажил гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан нь Ажил гүйцэтгэх гэрээний 1.1 заалтаар, “Э” ХХК-ий “нөхөн сэргээлтийг өөрийн техник, хүн хүчээр гүйцэтгэх”, “орон нутгийн хөгжилд зориулан 15 сая төгрөг зарцуулахаар төсөвлөв” гэсэн мэдээллийн агуулга бүхий албан бичгүүдээр нотлогдож байна. Гэтэл ажил гүйцэтгэгч гэх “Э” ХХК нь нөхөн сэргээлтийг өөрийн хөрөнгөөр хийхээс гадна захиалагчид 15  сая төгрөг зарцуулахаар төсөвлөж буй нь бодит үнэнд нийцсэн гэхэд эргэлзээ төрүүлэхүйц байх тул санхүүжилтийн эх үүсвэрийг нягтлан шалгаагүй байна гэж үзсэнийг, тусгай зөвшөөрлийг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгох өөр өөр зохицуулалттайг цаашид анхаарахыг тус тус   дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЗ/249 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Т.БЯМБАЖАВ