Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 150

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Т.Г,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Т.Г-т холбогдох 1928002890172 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 44 настай, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан

Шүүгдэгч Т.Г-т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 1-58 тоотод гэртээ эхнэр С.Ба-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Г-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Г шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Га-той гэр бүл болоод 4 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Хүүхэд маань 6 сартай, манайх Гурвансайханы 1-58 тоот хашаанд нүүж буугаад удаагүй хэдхэн хонож байгаа болохоор гадуур гэр орны ажил их байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр Га гадаа хашаа янзалж байсан. Тэгж байхад нь найз нь гэх хүн ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд Га гэрт орж ирээд унтаж байгаад үдээс хойш 16 цаг өнгөрч байхад сэрсэн. Тэгэхээр нь би гадуур хамаг юм чинь задгай байхад ажлаа хийхгүй архи уулаа гэж хэлсэн чинь уурлаад үглээд намайг загнаад байхаар нь би бас хэрэлдэж хэдэн үг хэлсэн чинь миний нуруу руу гараараа цохиж авсан. Тэгээд гадагшаа гараад явчихаар нь миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн. Га миний зүүн далны хавьд гараараа нударч цохьсон, өөрөөр зодож цохиогүй. Тухайн үед гэрт манай нялх хүүхэд бид 3 байсан. Өөр хүн байгаагүй...2018 оны 04 дүгээр сард байх Га бид хоёр бас үл ойлголцлоос болж миний биед хөнгөн гэмтэл учруулж тэр хэрэгтээ шүүхээс ял авч байсан. Түүнээс өөрөөр гар хүрч байгаагүй...Миний зүүн далны хөхөрсөн гэмтэл нь Га-ийн цохисноос болсон байх. Харин баруун бугалга, сарвууны цус хуралт нь би өмнөх өдөр нь гэрийн тавилга зөөж байгаад юманд цохьчихсон болохоор Га-т хамаагүй гэмтлүүд байгаа...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-14-15-р хуудас/

Шинжээч эмч С.Шү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Багийн биед учирсан зүүн далны дээд хэсгийн цус хуралт нь нэг удаагийн, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл нь мөн тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн далны дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 689 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Ба-гийн биед зүүн дал, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/

Шүүх сэтгэцийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: Шинжлүүлэгч Т.Г нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Шинжлүүлэгч Т.Г нь хэргийн талаар өөрийн сэтгэхүйн хэмжээнд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Т.Г нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 40-42-р хуудас/

Шүүгдэгч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал манай найз ирээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд манай найз хот руу явах ажилтай гээд явсан. Би гэртээ орж жаахан унтаж байгаад сэрсэн чинь эхнэр ажил хийсэнгүй гээд уурлаад намайг элдвээр хэлээд байхаар нь ам муруйж муудалцаж маргалдаж байгаад эхнэрийнхээ нуруу руу гараараа хальт нэг удаа цохьсон. Тэгээд гадаа гараад хашаандаа юм хийж байтал цагдаа нар ирээд та гэртээ агсам тавьсан байна гээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Зүүн далны хөхөрсөн гэмтэл нь миний гараараа цохьсоноос болсон байх, баруун гарын гэмтлүүд нь 11 дүгээр сарын 14-ний өдөр Ба өөрөө гэрийн тавилга зөөж байхад юманд цохьчихлоо гэж байсан. Дараа нь харахад баруун гарынх нь ар хэсэгт жаахан хөхөрчихсөн байсан. Би гаранд нь огт гар хүрээгүй. /хх-ийн 24-25-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26, 28-33, 35-38, 41/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Гурвансайханы 1-58 тоот гэртээ эхнэр С.Ба-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ба-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 689 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Багийн биед зүүн дал, баруун бугалга, сарвууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Хохирогч С.Ба-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна. /хх-ийн 14-15-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Улсын яллагч шүүгдэгч Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохироогүй байна гэж үзэж, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал, гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж гэмшихгүй байгаа байдал, түүний өрхийн орлого болон сарын орлогыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг харгалзахын зэрэгцээ эхнэр нь нялх хүүхэдтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан, түүнд торгох шийтгэл оногдуулах нь гэр бүлийн эдийн засгийн байдалд бэрхшээл учруулах нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн, түүний ялыг гэр бүлийн гишүүдэд нь халдаахгүй байх нь зохистой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, энэхүү ялыг бичелэн эдлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Т.Г нь 2018 онд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд урьд ял шийтгүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан үндэслэл болохгүй хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 20 настай эхнэр С.Ба-г зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулж байгаа үйлдэл дахин давтагдан гарч байгаа, 1 жилийн дараа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь түүний хувийн байдлыг илтгэн харуулж байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Тэ овгийн Тө-ын Га-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
  4. Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА