| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0761/З |
| Дугаар | 221/МА2025/0532 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0532
“ЭОМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийн захирал Б.Б
Нэхэмжлэгч: “ЭОМ” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд/
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 325 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.С, Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0761/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 325 дугаар шийдвэрээр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 30 дугаар зүйлийн 30.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бгаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 05 сарын 07-ны өдөр хэргийг хэлэлцэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.6, 38-р зүйлийн 38.5, 101-р зүйлийн 101.1, 106-р зүйлийн 106.2 -p зүйлийг тус тус ноцтой зөрчиж хууль бус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Үндэслэл нь:
3.1. Монгол Улсын Дээд шүүхээс 2024 оны 04 сарын 03-ны өдөр 04/1146 тоот албан бичгээр тогтоол 2 хувь /6 хуудас/, 1 хавтас /228 хуудас/ хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авсан.
3.2.Үүний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүгч У. Б Баримт гаргуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт хүргүүлсэн баримтыг анх хараад тухайн хэрэг /1 Хавтас 228 хуудас/ У.Б шүүгчид хуваарилагдсан гэж ойлгосон, хэргийг хуваарилсан баримтыг хэргээс огт олж хараагүй. У.Б шүүгч хэрэг хянан шийдвэрлэх явцад нийт 4 хавтас нотлох баримтыг цуглуулж уг баримттай танилцсан. Гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн захирамжид гомдол гаргаснаар 2024 оны 09 сарын 30-ны өдөр 01/7444 дугаартай албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 хавтас 250 хуудас, 2 хавтас 110 хуудас, Нотлох баримт 1 хавтас 248 хуудас, 2 хавтас 250 хуудас, 3 хавтас 256 хуудас, 4 хавтас 177 хуудас буюу нийт 2 хавтас хэрэг, 4 хавтас нотлох баримттай хэргийг гомдлын хамтаар хүргүүлсэн.
3.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 10 сарын 21-ний өдөр 1/2169 тоотоор мөн дээрх 2 хавтас хэрэг, 4 хавтас нотлох баримтыг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
3.4.Гэтэл 2025 оны 05 сарын 07-ны өдөр шүүх хурал хийхэд зөвхөн 2 хавтас хэргийн баримтыг шүүх шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд 4 хавтас нотлох баримт огт байгаагүй, хуралд шинжлэн судлаагүйгээр шийдвэрийг гаргасан.
3.5.Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн зүгээс 2 хавтаст хэрэг, 4 хавтас нотлох баримттай танилцаад явж байсан бөгөөд шүүх хуралд нотлох баримт шинжлэн судалсны дараа 4 хавтас нотлох баримт байхгүй байгааг мэдсэн. Хурлаас өмнө эдгээр баримтуудтай танилцаад явсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс 4 хавтас нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг огт гаргаж байгаагүй. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 05 сарын 07-ны өдөр нотлох баримтыг дутуу шүүхийн танхимд оруулж ирж 4 хавтас нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр хэргийг хууль бусаар шийдвэрлэсэн
3.6.БОАЖЯ-н Сайдын 2023 оны 07 сарын 07-ны өдрийн А/250 дугаартай газар ашиглах эрхийг цуцалсан тушаалын үндэслэл нь: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 461 дугаартай саналыг үндэслэж “ЭОМ” ХХК-ийг Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж ТХГНТХ-н 33-р зүйлийн 33.2 үндэслэн Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-т зааснаар хүчингүй болгосон.
3.7.Иймд тус тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. "дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг хэлнэ гэсэн хуулийн дагуу "ЭОМ" ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай компани гэсэн үндэслэл тайлбарыг гаргаж мөн нотлох баримтаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 10 сарын 07, 2025 оны 03 сарын 13-ны өдрийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.8.Уг баримтад: “ЭОМ” ХХК-ыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4-т. Дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд хувь хүн Монгол улсын иргэн Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг гэж заасныг баримтлан 2015 оны 12-р сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна гэж нотлох баримтыг ирүүлсэн хэрэгт авагдсанаар хангалттай нотлогдож байна.
3.9.Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Засгийн Газрын 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 192 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол улсын виз олгох журамд заасан визний ангиллаар В ангиллын визийг хөрөнгө оруулагчид олгож байхаар заасан байхад WY нь В ангиллын визгүй болох нь тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4-т: Дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд хувь хүн Монгол улсын иргэн Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг гэж заасан. WY нь Монгол улсад байнга оршин суугч иргэн гэдэг нь /2 хавтас 209 хуудсанд авагдсан Гадаадын иргэн харьяатын газрын 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 03/504 тоот нотлох баримтаар байнгын оршин суугч болох нь бүрэн нотлогддог.
3.10.Анхан шатны шүүх “ЭОМ” ХХК-ыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлээр шууд дотоодын аж ахуй нэгжийн адил ойлгох боломжгүй гэж дүгнэсэн нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийг ямар ч үндэслэлгүйгээр хууль зөрчиж дүгнэж байгаа нь ялгаварлан гадуурхаж, хэргийг шийдсэн гэж үзэж байна. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу уг компанийг бүртгүүлсэн. Б.Б би энэ хуулийн дагуу Монгол улсад байнга оршин суугч иргэнтэй гэрээ байгуулж хамтран ажилласан бөгөөд компаниа хуулийн дагуу УБЕГ-т бүртгүүлсэн. Энэ бүртгэлийг үнэн зөв хууль ёсны гэж ойлгож байгаа бөгөөд одоо ч хүчин төгөлдөр бүртгэлтэй дотоодын компани. Гэтэл шүүх бүртгэлийг хүчингүй болгоогүй, хууль бус гэдгийг нотлолгүйгээр хууль бус шийдвэр гаргасан бөгөөд Улсын бүртгэл хуулийн дагуу хийгдсэнийг үндэслэлгүйгээр буруутгаж, манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байгаад туйлын гомдолтой байна. Монгол улсад хууль эрх тэгш үйлчилдэг хэнийг ч ялгаварлан гадуурхах ёсгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/250 дугаар тушаалыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалаар[1] “...Тусгай хамгаалалттай, газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Газрын тухай хууль зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/339 дүгээр тушаалаар Богдхан уулсын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд олгосон 1,4 га газрын ашиглах эрхийг цуцалсан байна.
3.Маргаан бүхий актын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 461 дүгээр албан бичгээр[2] “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хуулийн зохицуулалтын дагуу “ЭОМ” ХХК-д олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох санал”-ыг уламжилжээ.
4.Нэхэмжлэгчээс “...Тухайн газрыг гадаадын иргэн эзэмшээгүй, ашиглаагүй, WY гэдэг хүний нэр дээр ямар ч сайдын тусгай хамгаалалттай газар нутгийг эзэмшүүлэх шийдвэр байхгүй. Тус хувьцаа эзэмшигч нь татварын албанд бүртгэгдсэн татвар төлөгч, байнга оршин суугч иргэн учраас дотоодын хөрөнгө оруулагч, 2 жил ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд шүүхийн маргаантай байсан тул ашиглах боломжгүй байсан” гэж маргажээ.
5.Хариуцагчаас “... 2015 онд Вюф /WY/ гэж БНХАУ-ын иргэн тус компанийн 70 хувийн хугацааг эзэмшихээр өөрчлөлт оруулсан. Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон заалт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн ашиглахгүй гэдэг үзэл санаагаар хориглогддог заалт байхад нэхэмжлэгч нь дотоодын хөрөнгө оруулалттай гэж бүртгүүлээд Хятад улсын иргэнд 70 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчээр бүртгээд тухайн газрыг ашиглаж байгаа нь хууль зөрчиж байна. Газар ашиглалтын тухайд шүүхийн маргаан 2018-2021 оны хүртэл үргэлжилсэн бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн газар ашиглах эрх түдгэлзээгүй буюу хүчинтэй хэвээр байсан тул зориулалтын дагуу ашиглах эрхтэй байсан атлаа газраа ашиглаагүй.” гэж маргажээ.
6.Нэхэмжлэгч компанийн эрх зүйн байдлын тухайд:
6.1.Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан хувь хүнийг хэлнэ:”, 5.3.1-т “үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суусан”, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг” гэж тус тус зохицуулсан.
6.2.Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилт, тус компанийн дүрмийн 1.2-т Компанийн оршин байгаа газар: Монгол Улс, 1.3-т Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэр: “Монгол Улсын иргэн Б.Б, Монгол Улсад байнгын оршин суугч иргэн Вюф/” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн статусаар бүртгэгдээгүй харин дотоодын хязгаарлагдмал хариуцлагатай компаниар улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэхээр байна.
7.Нэхэмжлэгч компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Вюф /WY/ нь эрх зүйн байдлын тухайд:
7.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““гадаадын иргэн” гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг”, 5.1.8-д ““цагаач” гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” 27.2-т “Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараах хэлбэрээр олгоно:”, 27.2.2-т “цагаачлах”, 27.2.4-д “хөрөнгө оруулах”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсад цагаачлах эрх авах тухай гадаадын иргэний хүсэлт, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж, цагаачлах хүсэлтэй хүний боловсрол, мэргэжлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг энэ хуулийн 27.1-д заасан хугацаагаар олгоно.”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага оршин суух зөвшөөрөл олгоно.” гэж тус тус заасан.
7.2.Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 4.6-д визний ангиллаар “G” ангиллын визийг цагаачид, “B” ангиллын визийг Хөрөнгө оруулагчид олгохоор журамласан байна.
7.3.Эдгээр хууль, журмын зохицуулалтаас үзэхэд, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь хэд хэдэн хэлбэртэй бөгөөд, “цагаачлах”, “хөрөнгө оруулах” зэрэг хэлбэрийн хувьд зорилго, тавигдах шаардлага нь мөн ялгаатай гэж үзэхээр байна.
7.4.Хэрэгт авагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны 03/1839 тоот албан бичиг[3], 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03/263 тоот албан бичигт[4] “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Вюф /WY/ (1979 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, паспортын дугаар Е5596****) нь G /цагаач/ төрлөөр 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байна” зэрэг баримтаас үзэхэд “ЭОМ”ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийг эзэмшигч Вюф /WY/ нь 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл “G” буюу “цагаач” ангилалын визээр Монгол Улсад цагаачлан амьдрах оршин суух зөвшөөрөлтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буюу гадаадын иргэн гэж үзэхээр байна.
8.Маргаан бүхий актын “тусгай хамгаалалттай газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглосон” гэх үндэслэлийн тухайд:
8.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.”,
8.2.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.”,
8.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.”, 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.” гэж тус тус заажээ.
8.4.Эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар, тодорхой зориулалт, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ашиглаж болох боловч тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хуулиар хязгаарласан буюу хориглосон гэж үзэхээр байна.
8.5.Нэхэмжлэгч “ЭОМ” ХХК нь дотоодын хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч бодит байдал дээр тус хуулийн этгээдийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Вюф /WY/ нь БНХАУ-ын буюу гадаадын иргэн, мөн БНХАУ-ын иргэн Вюф /WY/ нь дээр дурдсан хууль, журамд заасан цагаач ангиллын ”G” ангиллын визтэй, цагаачлан амьдрах оршин суух зөвшөөрөлтэй этгээд атлаа “В” ангиллын визтэй, хөрөнгө оруулах зорилгоор байнгын оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд олгодог “дотоод хөрөнгө оруулагч”-ын статусаар “ЭОМ” ХХК-ийг дотоодын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
8.6.Иймд нэхэмжлэгч “ЭОМ” ХХК-ийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “дотоодын хөрөнгө оруулагч” хуулийн этгээд гэдэг үндэслэлээр тусгай хамгаалалттай газарт нутагт газрыг хууль ёсоор ашиглах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй.
8.7.Харин “ЭОМ” ХХК нь маргаан бүхий газрыг аялал жуулчлалын /хөрөнгө оруулалт, бизнесийн/ зорилгоор ашиглахаар газар ашиглах эрх авсан, мөн тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Вюф /WY/ нь БНХАУ-ын буюу гадаадын иргэн гэдэг бодит нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгч компанийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан гадаадын хөрөнгө оруулалттай аж аж ахуйн нэгжтэй адилтган үзэх үндэслэлтэй байна.
8.8.Үүний учир гадаадын хөрөнгө оруулалттай нэхэмжлэгч компанид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн харж, хууль нийцүүлэх зорилгоор цуцлахаар шийдвэрлэсэн маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Тусгай хамгаалалттай газар нутагт “... гадаадын иргэн, ...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно.” зэрэг зохицуулалттай тус тус нийцсэн бөгөөд энэхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч компанийн газрыг хууль ёсны дагуу ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
8.9.Иймээс нэхэмжлэгчийн “ЭОМ” ХХК-ыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4-т “Дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд хувь хүн Монгол улсын иргэн Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг” хэлэхээр заасныг баримтлан 2015 оны 12-р сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна гэж нотлох баримтыг ирүүлсэн хэрэгт авагдсанаар хангалттай нотлогдож байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
9.Захиргааны 128/2023/0761/З дугаар хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4058 дугаар захирамжаар Д.Э нарын нэр бүхий 9 иргэнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тухайн гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагатай холбоотойгоор 128/2018/1056/З индекстэй 4 хавтас захиргааны хэргийг нотлох баримтаар түр авч, мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 7768 дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Д.Э нарын нэр бүхий 9 иргэнийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн тул тус 4 хавтас нотлох баримтаар түр авсан хэргийг буцаан өгсөн гэдэг нь анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын тэмдэглэлээс[5] тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...4 хавтас нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр хэргийг хууль бусаар шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ