| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2019/00167/И |
| Дугаар | 134/ШШ2020/00007 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 134/ШШ2020/00007
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Н.Г-ийн нэхэмжлэлтэй,
Д.Б-д холбогдох
Сүмбэр сумын Улаан усны голын бууцны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрчилж,
Хариуцагч П.Б, нэхэмжлэгч Н.Г нарын хооронд Сүмбэр сумын 4 дүгээр баг, Улаан усны голын бууцыг шилжүүлсэн хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2007 оны хавар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар багийн иргэн П.Б гэгч нь манайх Төв аймаг өөд нүүж амьдрахаар боллоо гээд Улаан усны голын өвөлжөө бууцаа манайд шилжүүлсэн юм. Манайх өөрийн өвөлжөөний хорооны модыг буулган П.Б гуайн хорооны модны оронд өгсөний дээр нэг ботголох ингэн тэмээ өгч манайх Улаан усны голын бууц өвөлжөөг авч байсан. П.Б гуай тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээ ачаан доор орчихсон сүүлд өгье, таньдаг хүмүүс юм чинь болох байлгүйдээ гэж хэлээд яваад өгсөн. 2008 оны зун миний бие Сүмбэр сумын Газрын албаны даамал Д.Г-тэй уулзаад манайх Улаан усны голын өвөлжөөг П.Б гуайгаас авсан юмаа П.Б гуай бидэнд гэрчилгээгээ өгөхгүй нүүгээд явчихсан тул дахин газрын гэрчилгээ авч болох уу гэхэд Н.Г нь танайхыг П.Б гуайгаас өвөлжөө бууц авсаныг чинь мэдэх хүн байна уу гэхэд, тухайн үед Сүмбэр сум, 5 дугаар багийн Засаг дарга байсан Ц.Б/агсан/ П.Б гуайнхыг манайд өвөлжөө бууцаа шилжүүлснийг мэднэ гэсэн. Басанаа дарга манайхыг П.Б гуайн өвөлжөө бууцыг шилжүүлэн авч байхад бидэнтэй уулзаад явж байсан. Тэгээд тухайн үед газрын даамал Н.Г нь Ц.Б р /Багийн дарга агсан/ гэрчлүүлэн манайд 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0159566 дугаар гэрчилгээг гаргаж өгч байсан. Хариуцагч П.Б нь маргаан бүхий Улаан усны өвөлжөөний бууцныхаа гэрчилгээг өгөөгүй нүүсэн нь хожим би гэрчилгээтэй гэсэн давуу байдал үзүүлэх гэж биднийг зориуд хууран мэхэлж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудаар хохирогчийн дүр эсгэн, башир арга хэрэглэн, өргөдөл гомдол барьж явсаар Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/177 дугаар захирамжаар Н.Г миний Сүмбэр сум, 4 дүгээр багт байрлах 0159566 дугаартай гэрчилгээний газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгон, газар эзэмших эрхийг хүчингүй болгуулсан байна. П.Б гуай 2007 оны хавар Төв аймаг өөд нүүж явснаар бидэнтэй нэг ч удаа холбоо тогтоогооүй, манайх Сүмбэр сум, 4 дүгээр баг, Улаан усныхаа бууцны газрын төлбөрийг төлөөд 10 жил бууцандаа өвөлжиж байна.
Иймд, нэхэмжлэгч Н.Г миний Сүмбэр сум, 4 дүгээр баг, Улаан усны голын өвөлжөө бууцны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч Н.Г миний бие 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сүмбэр сумын Засаг даргын А/177 дугаар захирамж гарах хүртэл өөрийгөө хууль ёсоор Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа гэж ойлгож байсан тул уг хүндэтгэн үзэх шалтгааныг анхааран үзэж нэхэмжлэгч Н.Г миний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Пагам овогтой Б миний бие Сүмбэр сумын 6 дугаар баг, Гүн жалга гэх газар оршин суух Н.Гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Сүмбэр сумын 5 дугаар баг, одоогийн 4 дүгээр багт оршин суух Улаан усны голын өвөлжөөнөөс 2007 оны хавар Төв аймгийн Сэргэлэн суманд амьдрах өөрийн төрсөн ах Сэр-Од /одоо нас барсан/-ыг асран хамгаалахаар түр хугацаагаар явахдаа өөрийн өвөлжөөний моднуудыг саахалтын айл Н.Г т харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн авах хэсгээ авч, бусад хэсгийг буулгахгүй орхиод, Н.Г т хороо мод авч зөрүүд нь ботголох ингэн тэмээ авсан. Гэхдээ Н.Г т өөрийн эзэмшлийн өвөлжөөний газраа зарах шилжүүлэх талаар ярьж тохиролцоогүй, зөвхөн өвөлжөөний моднуудын асуудлаар ярилцаж наймаа хийсэн юм. Төв аймгийн Сэргэлэн суманд очин түр хугацаагаар амьдрахдаа П.Б миний бие нь Сүмбэр сумын 5 дугаар багийн Улаан усны хаягаас шилжилт хөдөлгөөн хийгээгүй бөгөөд уг хаягаараа төрийн үйлчилгээнд хамрагдсаар ирсэн бөгөөд тухайн эзэмшлийн газрын төлбөрийг төлж байсан билээ. Ингээд 2018 оны 08 дугаар сард өөрийн эзэмшлийн нутагт амьдрахаар нүүн ирж нутаглах гэсэн боловч миний өвөлжөөн дээр маань Н.Г 2008 онд тухайн үеийн багийн Засаг дарга байсан Ц.Б хамтарч ирээд надад мэдэгдэлгүйгээр, газрын гэрчилгээг давхардуулан хууль бусаар авсан байсан. Тэгээд 2018 оны намраас хойш сумын газрын алба, Сүмбэр сумын Засаг дарга нарт хүсэлт, шаардлага тавьсны дагуу Н.Г ийн давхардуулж хууль бусаар олгогдсон гэрчилгээг хүчингүй болгож, Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/80 тоот шийдвэрийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Улаан усны бууцыг хууль ёсны эзэмшигч болж өөрийн хороогоо барьж амьдарч байсан. Тухайн үед Н.Г нь Басан, газрын даамал Н.Г нартай хувилдан П.Б надаас зөвшөөрөл авалгүй хууль бусаар газрын гэрчилгээ давхардуулан гаргуулж, иргэн намайг хохироож байсан ба энэ талаар төрийн байгууллагуудаар хөөцөлдөж хүсэлт шаардлага тавьсны дагуу Н.Г т давхардуулан гаргасан гэрчилгээ нь хууль бус байна гэдэг нь нотологдож иргэн миний эзэмшлийн газрын гэрчилгээг сэргээн хууль ёсны эзэмшигч болсон. “... Иргэн П.Б миний бие өндөр настай үлдсэн насандаа тайван амьдармаар байна. П.Б миний бие нэхэмжлэгч Н.Г той Сүмбэр сумын 4 дүгээр баг, Улаан усны голын өвөлжөөний бууцны газрыг шилжүүлэх төлөөр ямар нэгэн амаар болон бичгээр хэлцэл байгуулаагүй ярилцаж тохироогүй, тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Г нь хууль бусаар Улаан усны голын өвөлжөөний бууцны газрыг хууль бусаар эзэмшиж байсан тул нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Н.Г нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Н.Г миний бие Сүмбэр сум, 4 дүгээр баг, Улаан усны бууцны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч П.Б нэхэмжлэгч Н.Г нарын хооронд Сүмбэр сум, 4 дүгээр баг, Улаан усны голын бууцыг шилжүүлсэн хэлцэл хийснийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч Н.Г миний бие хариуцагч П.Б-тэй Сүмбэр сум, 4 дүгээр баг, Улаан усны голын бууцыг шилжүүлэхдээ нэг ботголох ингэн тэмээг П.Б-д өгч оронд нь Улаан усны голын бууцыг 2007 онд авч байсан.
Нэхэмжлэгч Н.Г миний бие ингэн тэмээгээ 1 200 000 төгрөгөөр үнэлэх болно гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2007 онд П.Б гэх айл нь Төв аймаг нүүх боллоо гээд Н.Г той хороогоо хороогоор нь сольсон байдаг. Мөн бууцаа нэг ингэн тэмээгээр солиод авсан байдаг. Хариуцагч нь хороо авснаа хүлээн зөвшөөрдөг мөн ингэн тэмээ авснаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд 2008 оны зун манайх П.Б-гаас хороог авсан юм гэсэн чинь танайх худалдаж авсан гэдгээ нотолчих гэсэн шаардлага тавьсан байдаг. Үүний дагуу багийн Засаг дарга байсан Б сайн мэдэж байгаа гээд Б-аар нотлуулаад 2008 онд гэрчилгээ авсан. П.Бнь 11 жилийн дараа эргэж ирсэн байдаг. Тэгээд Говьсүмбэр аймгийн 4 дүгээр баг, Гашуун гэх газар буусан байдаг. 2019 онд маргаан үүсгээд бичгээр хийх хэлцлийг бичгээр хийгээгүй. Тиймээс Н.Гийн гэрчилгээг хүчингүй болгоод П.Б нь гэрчилгээ авсан байдаг. Тэгээд хороог хороогоор солиод бууцыг нь ингэн тэмээгээр солиод явсан нь худалдаа наймаа хийсэн байна гэж үзэж байна. 2019 оны 8 сар хүртэл Н.Г нь албан ёсны гэрчилгээтэй гэсэн бодолтой байсан. Тиймээс гэрчилгээг буцаан гаргуулах хүсэлтэй байна.
Үнэ хөлс төлсөн байдал нь тогтоож байна. Хорооны модоо П.Б өгсөн, мөн өөрийн хорооны модоо авч явсан, дээр нь ингэн тэмээ аваад явсан байдаг. Хариуцагч тал тэмээг үнэгүй байсан гэж ярьж байна. Тэмээ нь улаан номонд байдаг. Ингэн тэмээ нь хоёр жилд нэг удаа төлөлдөг. Тиймээс ингэн тэмээ нь маш үнэтэй мал юм. Ингэн тэмээ нь хоёр жилд нэг удаа төлөлдөг. Татвар төлж байсан нөхцөл байдлаас харж болно. 2009 оноос хойш татвар төлж байгаагүй нь тодорхойлогдож байна. П.Б нь газрын төлөлт хийгээгүй нь Амарсайхан даргын тодорхойлолтоор тодорхойлогдсон. Мөн газрын албаны тодорхойлолтоор 2019 он 01 дүгээр сард 5 600 төгрөг төлсөн байдаг. Тухайн үед гэрчилгээнүүд хоёулаа баталгаатай байсан. Иргэн хүн газрын төлбөр төлөх нь иргэн хүний үүрэг байдаг. Энэ нь хороогоо зарсан гэж нотлогдож байна. Н.Г нь манайх П.Б гуайн өвөлжөөн дээр түр байгаа гээд төлөхгүй байж болох байсан. Гэтэл Н.Г нь газрын төлбөр төлж байсан. Төлж байсан хавтаст хэрэгт авагдсан баримт бичгээр нотлогдож байдаг. Хоёр тайлбар хэлсэн байдаг. Бичгээр хийгээгүй хэлцэл нь иргэний хуульд нотлох баримтын шинжээ алддаг боловч нотолгооны бус хэлбэрээр нотолж болно. Э, Д нар бичгээр тайлбар гаргаж өгснийг нотариатаар баталгаажуулсан байгаа. П.Б-аас Н.Г нь хороог авсан гэснийг нотолж байгаа. 2007 онд Н.Г нь П.Б-аас хороог нь авсан, надад гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийн булан дээр Басанаа гэдэг хүн цохолт хийж өгч байсан. Тэр цохолтоор Н.Г ийн хороо гэдгийг нотолж болно. Гэхдээ хэлцлээ бичгээр хийгээгүй аман хэлцлээр хийсэн юм байна. Мөн Газрын тухай хуулийн 23.4.5 дэх хэсэгт газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах гэж заасан байдаг. Сумын газрын даамлууд П.Б-аас ердөө газрын бичиг хурааж аваагүй байдаг. Харин Н.Г-оос авсан байдаг. Сумаас шилжиж яваагүй учраас автоматаар бүртгэгдээд яваад байдаг гэж байсан. Журамд нийцэж ажиллаагүй гэж үзэж байна. 180 хоногоос дээш хугацаагаар байгаагүй. Гэтэл багийн Засаг дарга нар бүртгээд явсан байдаг. Энэ Засаг дарга нарын хариуцлагагүй байдал харагдаж байгаа. 180 хоногоос хэтэрсэн бол оршин суугаа газраа бүртгүүлэх ёстой, гэтэл бүртгүүлээгүй. 10 гаран жил явсан байдаг. Газрын гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэснийг энэ хурал дээр яриад байх зүйл байхгүй, захиргааны хэргийн маргаан учраас ямар нэгэн тайлбар ярихгүй. Газрын албаны даргын тодорхойлолт байдаг. Яагаад Улаан усны бууцыг Н.Г т газрын гэрчилгээ өгсөн юм бэ гэхэд Басанаа гэдэг хүний гарын үсэгтэй цохолтыг үндэслэн гаргаж өгсөн гэдэг гэв. Хороо, бууцны наймаа шилжүүлэх талаар ярьдаг. Хариуцагч тал манайх хороогоо модоор сольсон гэж ярьдаг. Бууцаа зарахгүй байсан юм бол Н.Г-ийн хорооны модыг буулгаад мөн өөрийнхөө хорооны модноос буулгаад авах ямар шаардлага байсан юм. Бууцаа зарахгүй бол хороогоо буулгахгүй үлдээгээд явж болох байсан. Өөрөөр хэлбэл бууцаа зараагүй л юм бол өвөлжөөн дээрээ буулгах үндэслэл байхгүй. Мөн хариуцагч хороогоо буулгахгүй үлдээгээд явж болно. Гэтэл тэгээгүй учраас нэхэмжлэгчийн яриад байгаа хороогоо шилжүүлсэн гэж үзэж байгаа. Хариуцагчийн хэлснээр Н.Г-ийн хорооны мод муу байсан юм бол яах гэж сольсон юм. Ер нь бол бодит байдалд нийцсэн тайлбарыг зохигч хэлэх ёстой. Бодит байдал дээр хоёр хороо адилхан бууцтай бол бууцтай тийм л хороо байсан. Гэтэл П.Б гуайн хэлж байгаагаар тэмээ үнэгүй гэж хэлээд байгаа ингэн тэмээнээс үнэтэй хороо байна гэж бодит байдалд нийцэхгүй, тэмээ нь улаан номонд орсон ховор амьтны тоонд ордог. Манайх тэмээгээ 1 200 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэвч хариуцагч тал үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар байхгүй, мөн 2007 онд ингэн тэмээ нь 1 200 000 хүрэхгүй гэсэн нотлох баримт байхгүй. Хариуцагч тал татгалзлаа ямар ч нотлох баримтаар нотлоогүй, сая Батмөнхийг гэрчээр оруулсан. Энэ хэлцэл бичгээр хийгээгүй учраас гэрчээр асуулгах үндэслэлээ алдана. Хариуцагч тал зарим тайлбараа хугацаа хэтрүүлж өгдөг. Тэр нь тайлбарыг үндэслэлгүй болгох үндэслэл болно. Мөн тайлбар дээрээ үндэслэлгүй зүйлүүд ярьдаг. Татварын асуудал байдаг. Татвараа төлж байсан гэж ярьдаг боловч төлж байснаа нотлоогүй. Харин ч үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт цугларсан байдаг. Мөн Энхбаатар, Дэлгэрмаа нарын тайлбараар нотлогдож байгаа. Газрын албанаас ирсэн тодорхойлолт, архиваас гарч ирсэн цохолт зэргээр нотлогдож байгаа. Хариуцагч тал манайх гэрчилгээтэй гэж яриад байгаа энэ дээр маргаад байх зүйл байхгүй. Энэ нь захиргааны хэргийн маргаан хэрвээ гэрчилгээ ярих юм бол захиргааны хэргийн шүүх дээр л ярина. Гэрчилгээний талаар ярих юм бол хэлцэл хийсэн байх шаардлагатай манайх хэлцэл хийсэн эсэхээ л тогтоолгох гэж байгаа. Харин хэлцэл хийсэн гэсэн бичгийн нотлох баримтууд байна. Хэлцэл хийгээгүй гэх нотлох баримтууд цуглараагүй. Тиймээс нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2007 онд шилжиж явчихаад газрын төлбөрөө төлөөгүй байна гэдэг. Энэ нь тухайн үед багийн Засаг дарга байсан Басанаа гэдэг хүн нүүхээс нь өмнө П.Б-аас идэшний хонь авсан байдаг. Тэр хонины өртгөндөө газрын төлбөрийг төлж байгаарай гэдгийг П.Бгуай болон талийгаач гэргий нь хэлсэн байдаг. Энэ байдлаас газрын төлбөр төлөгдөж байсан юм байна гэж бодож явсан. Тухайн үед хүмүүс ямар ч байдлаар наймаа хийж болно. Хажууд нь байсан хүн нотолж байна гэдэг. Гэвч өнөөдөр П.Б гуайн наймаа хийсэн эсэхийг нотлох хүмүүс нь хүүхдүүд нь мөн нүүхэд байсан жолооч гэрчлэх байсан. Одоо жолооч нь нас барсан учраас гэрчлэх хүнгүй байгаа. Мөн гэр бүлийн хүн нь байсан нас барьсан. Тухайн үед Засаг дарга хийж байсан Басанаа гээд хүн байсан бол нотолгоо их байх байсан. Гэвч одоо байхгүй болсон хүнийг яриад яах уу гэж бодож байна. Ганц Басанаа гэдэг хүний цохолтыг хараад давхар гэрчилгээ олгосон. Настай хүнийг мэдээгүй байхад нь хууль бусаар шилжүүлсэн байдаг. Энэ нь төрийн байгууллагуудын хариуцлагагүй байдал. Төв аймгийн Сэргэлэн суманд байсан гэдгийг Н.Г мэдэж байсан. Тиймээс очиж уулзах юм уу, утсаар яриад асуудлыг шийдэж болно. П.Б гуай байнга Төв аймагт байгаагүй, Чойрт хүүхдүүд нь байсан, 5 дугаар байранд гэр нь байдаг байсан. Шилжүүлэг хийлгэх боломжууд байсан ч шилжүүлэг хийлгэх талаар яриагүй. Н.Г нь газрын төлбөр төлж байсан гэж байна, хууль бусаар газрын гэрчилгээ авсан учраас төлөхөөс өөр арга байхгүй. П.Б гуай газрын төлбөрөө төлөөгүй нь Басанаа гэж хүнд төлж байгаарай гэж хэлсэн учраас төлөөгүй явсан. Тэгээд 2018 онд Төв аймгаас нүүж ирэхэд нь танайх энд бууж болохгүй, өөр айлд буусан гэж хэлдэг. Аргагүйн эрхэнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг Гашуун гэх газар буусан байдаг. Тэгээд бичиг баримтаа хөөцөлдөөд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Н.Г ийн гэрчилгээг хүчингүй болгоод П.Б гуайд гэрчилгээг нь олгоод 2019 онд өвөлжөөндөө буугаад амьдарч байгаа. Автоматаар тоолдог байсан гээд байгаа. Энэ хүнд амьд сэрүүн байгаа учраас тоологдож байсан. П.Б гуай төрийн бүх үйлчилгээг эндээс авдаг байсан. Одоо энэ бүгдийг шүүгээд үзэх юм бол бүгд гарч ирнэ. Энэ байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан хэлцэл болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухайн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч П.Б-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан Сүмбэр сумын Улаан усны голын бууцны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрчилж,
Хариуцагч П.Б-аас нэхэмжлэгч Н.Г нарын хооронд Сүмбэр сумын 4 дүгээр баг, Улаан усны голын бууцыг шилжүүлсэн хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... 2007 оны хавар П.Б гэгч нь манайх Төв аймаг руу нүүж амьдрахаар боллоо гээд Улаан усны голын бууцыг манайд шилжүүлсэн юм ...”, “.... Хэлцлийн талаар яригдаж байгаа учраас гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа, нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Сүмбэр сумын Засаг даргын А/177 дугаар захирамж гарах хүртэл өөрийгөө хууль ёсоор гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа гэж ойлгож байсан” гэж тайлбарлана.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ... үеэс үүснэ” гэж заасны дагуу тоолоход зохигч нар 2007 оны хавар бууцыг шилжүүлсэн гэж тайлбарладаг тул хэлцлийн хугацаа 2010 оны хавар дуусгавар болсон байна.
Гэвч нэхэмжлэгч нь дээрх хугацааны дотор нэхэмжлэл гаргаагүй нь хавтаст хэрэгт авагдсан 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон Н.Г ийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0159566 дугаар гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03/489 дүгээр тодорхойлолт, нэхэмжлэгчийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр газрын даамалд 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/177 дугаар захирамж зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0159566 дугаар гэрчилгээ олгогдсон 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/177 дугаар захирамж гарах хүртэл уг бууцыг албан ёсоор эзэмшиж байжээ.
Иймд, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй байна.
2. Хариуцагч П.Б-аас нэхэмжлэгч Н.Г нарын хооронд Сүмбэр сум, 4 дүгээр баг, Улаан усны бууцыг шилжүүлсэн хэлцэл хийсэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийгдсэн, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдсэн нь тогтоогдож байгаа, ... хороог хороогоор солиод бууцыг нь ингэн тэмээгээр солиод явсан нь худалдаа, наймаа хийсэн ...” гэж,
Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс “... Н.Г оос хорооны мод авч, зөрүүнд нь нэг ботголох ингэн тэмээ авсан, гэхдээ Н.Г т өөрийн өвөлжөөний газраа зарах, шилжүүлэх талаар ярьж тохиролцоогүй, зөвхөн өвөлжөөний моднууд авсан асуудлаар ярилцаж наймаа хийсэн, бууцаа шилжүүлэх талаар хэлцэл хийгдээгүй ...” хэмээн маргана.
Хэрэг авагдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/728 дугаар албан бичиг, гэрч О.Э, Б.Д нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Газрын даамалд 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, Н.Г ийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0159566 дугаар гэрчилгээ зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь уг бууцыг эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна.
Гэвч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-д заасан нөхцөл байдал тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Хэлцэл гэдэг нь иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл, хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгоно.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д газар эзэмшигч дараахь эрхтэй, 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй боловч, мөн хуулийн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ газар эзэмшигч нь барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байх тул газар эзэмших гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогддог.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч П.Балдангаас нэхэмжлэгч Н.Г нарын хооронд Сүмбэр сумын 4 дүгээр баг, Улаан усны бууцыг шилжүүлсэн хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА