Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулан

       Гомдол гаргагч: Увс аймгийн Ховд сумын Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

         Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-т  холбогдуулан гаргасан,

         Татварын улсын байцаагч Н.Н-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 0178704 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Гомдол гаргагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь тус шүүхэд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-т холбогдуулан “улсын байцаагчийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 0178704 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

2. Хариуцагч татварын улсын байцаагч Н.Н 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 0178704 дугаар шийтгэлийн хуудсаар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч Б.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч  нь 2021 оны 07 сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2021 оны 07 сарын 29-ний өдөр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.

 4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т нь Ховд суманд 2020 оны 10 сард болсон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин оролцсон.Увс аймгийн Ардчилсан нам нь Ховд сумын Ардчилсан намыг шууд удирдлагаар хангах,тухайн намын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвшиж байгаа тул нэгдсэн журмаар нэр бүхий 21 нэр дэвшигчийн дансны жагсаалтыг нэгтгэж, сумын Ардчилсан намын тогтоол гарган Увс аймгийн Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэхийг хүсэж 2020 оны 9 сарын 25-ны өдөр Аймгийн ардчилсан намд албан ёсоор хүргүүлсэн байгаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалтад нэр дэвшигч өөрөө биечлэн дансны мэдээлэл,банкны нэрийг төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүрэггүй.Б.Т нь сонгуульд нэр дэвшигчийн хувьд сумын Ардчилсан намд хуулийн хугацаанд дансны мэдээллээ өгсөн бөгөөд улсад ямар нэгэн бодит хохирол учруулаагүй.Аймгийн Ардчилсан намаас хугацаа хэтрүүлснээс болж төрийн аудитын байгууллагад бүртгүүлж чадаагүй.Хувийн аудитын байгууллагаар сонгуулийн зардлын дансны зарцуулалтад хяналт хийж “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт гарсан байдаг.Иймд Татварын улсын байцаагч Н.Нийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 0178704 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагч татварын улсын байцаагч Н.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Б.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан төрийн аудитын газраас ирүүлсэн баримтууд, холбогдогчийн мэдүүлэг,гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдож байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалтад “нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан тул аймгийн Ардчилсан намд хүлээлгэн өгснийг төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад бүртгүүлсэн гэж үзэхгүй...” гэжээ.

6. Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Гомдол гаргагчийн гомдол үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргав.

7. Хариуцагч Н.Н-ээс шүүхэд “2022 оны 3 сарын 22-ны өдрийн 9 цагийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна” гэсэн тайлбар ирүүлсэн, гомдол гаргагч талаас хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг сумынхаа намд өгсөн,сумын намаас мэдээллийг төрийн аудитын газарт хүргүүлэхээр аймгийн Ардчилсан намд өгсөн, улсад хохирол учруулаагүй” тухай тайлбар гарган маргаж байна.

10. Хариуцагч улсын байцаагчаас “Б.Т нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэх, хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь төрийн аудитын газраас ирүүлсэн баримтууд,холбогдогч,гэрчийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргав.

11. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Нийн  үйлдсэн  2021 оны 07 сарын 06-ны өдрийн 0178704 дугаар шийтгэлийн хуудсаар  иргэн Б.Т-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж,бүртгүүлээгүй болох нь холбогдох мэдүүлэг,бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

12. Б.Т-т холбогдох зөрчлийн хэрэгт холбогдогч Б.Тийн “сумын намын хорооноос яаралтай данс нээж, дансны дугаараа бүртгүүл гэж мэдээлэл өгсний дагуу данс нээж, сумын намын хороонд дансаа бүртгүүлсэн.Нэгдсэн журмаар аймгийн намд хүргүүлж, аудитын газар бүртгүүлнэ гэдэг мэдээлэл бидэнд өгсөн.Нэр дэвшигч өөрсдөө бүртгүүл гэдэг мэдээлэл өгөөгүй учраас нэгдсэн журмаар бүртгүүлэх юм байна гэсэн ойлголт авсан тул өөрийн биеэр бүртгүүлээгүй” гэх мэдүүлэг авагдсан байх бөгөөд шүүхээс бичиг баримт хуулбарлан хэрэгт хавсаргасан тэмдэглэлээр Ардчилсан намын Увс аймгийн намын хорооны 2020.09.29-ний өдрийн 30 дугаартай Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хаягласан сумуудын зардлын данс нээсэн материалыг хүргүүлэх тухай албан бичиг, ахлах аудитор Т.Н-ын “Увс аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшсэн иргэдийн болон Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг ирүүлснийг аудитын газарт ирүүлснийг хүлээн авч бүртгэсэн байдаг.Харин бусад сумын материалыг 2020 оны 9 сарын 25-ны өдрийн дотор ирүүлээгүй” гэх гэрчийн мэдүүлэг,П.Э-ийн “сонгуулийн үеэр Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Б  сумуудаас сонгуульд нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг өөрөө цуглуулан төрийн аудитын газар албан бичгээр хүргүүлэхээр надад өгсөн.Би тэр өдрөө буюу 2020 оны 09 сарын 29-ний өдөр материалыг хүргэж өгөхөөр очоод Намжил гэж хүнтэй уулзахад хугацаа хэтэрсэн байна,хүлээж авах боломжгүй гэж хэлсэн учир би албан бичгүүдээ буцааж Г.Б даргад хүргэж өгсөн” гэх гэрчийн мэдүүлэг,Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021.01.14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар баталсан “Нийцлийн аудитын тайлан” зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

13. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланд сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг 389 нэр дэвшигч ирүүлээгүй тухай дурдаж, хавсралтаар нэрсийг нь гаргасны 326 дугаарт Б.Т гэсэн нэр бичигдсэн байдал, гэрч П.Э, Т.Н нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн Б.Т нь дансны дугаар,банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж,хүргүүлээгүй болох нь тогтоогджээ.

14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардалтай холбогдох харилцааг зохицуулж, уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж,бүртгүүлэх үүрэгтэй” гэж нэр дэвшигч нарт үүрэг хүлээлгэсэн байна.Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нарын дансны дугаар,банкны нэрийг Сумын намын хороонд, сумын намын хорооноос аймгийн Ардчилсан намын хорооны хэрэг эрхлэх газарт хүргүүлснийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллагад хүргүүлсэн гэж үзэхгүй юм.

15. Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

16. Зөрчлийн хэргийн холбогдогч Б.Т сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж, хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж, татварын улсын байцаагчийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 0178704 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

17. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

18. Өөрөөр хэлбэл гомдол, тайлбарт гаргасан “сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр сумын намын хороондоо бүртгүүлсэн, улсад бодит хохирол учруулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

19. Иймд Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

20. Шүүхээс гомдол гаргагч Б.Т-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь нотлогдсон гэж дүгнэсэн тул иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “гомдол гаргагчийн гомдол үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

21. Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н-ийн 2021 оны 07 сарын 06-ны өдрийн 0178704 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЯНЖИНДУЛАМ

                    ШҮҮГЧ                             С.ОЮУНГЭРЭЛ

                       ШҮҮГЧ                             Д.АЛТАНЦЭЦЭГ