Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2020/00091

 


2020 оны 01 сарын 07 өдөр  Дугаар 184/ШШ2020/00091 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.С/,

Нэхэмжлэгч: Н.Д,

Нэхэмжлэгч: Р.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 тоот хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024.... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.С, Н.Д, Р.Гнараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Р.Гнадад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/0... дугаартай захирамжаар 70.715.903 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ хийгээгүй. Энэ тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт албан ёсоор танилцуулаагүй, мэдэгдээгүй хуулийг зөрчсөн. Мөн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар тайлбарлан мэдэгдээгүй атлаа албадан дуудлага худалдаануудыг явуулсан. Албадан дуудлага худалдаа явуулах тухай ч мэдэгдээгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрхийг ноцтойгоор зөрчсөн. Түүнчлэн өмчлөгч Н.Д нь өндөр настай бөгөөд түүнд хууль эрх зүйн талаас нь өмгөөлөгч, төлөөлөгч авах эрхийг ч олгоогүй амьдран сууж байгаа гэрийг нь бусдад хууль бусаар худалдсан гэсэн мэдэгдлийг өгсөн. Ингэснээр эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар үүсэж байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны үнэ тогтоохдоо хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй төдийгүй өмчлөгч нарт мэдэгдээгүй хуулийг зөрчсөн. Энэ нь зах зээлийн бодит үнэлгээ, үнээс доогуур болсон байна. Шийдвэр гүйцэтгэгчээс албадан дуудлага худалдаа хийлгэх тогтоолоо надад албан ёсоор урьдчилж танилцуулаагүй, мөн тухайн дуудлага худалдаа хаана, хэзээ явагдах талаар огт танилцуулаагүй. Энэхүү ажиллагаанд өөрийн биеэр оролцох, гомдол хүсэлт, санал гаргах эрхийг минь олголгүй хэт нэг талыг барьж явуулсан байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор хийгдсэн иргэн Н.Д, Р.С нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн ажиллагаа болон албадан дуудлага худалдаа хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/0.... дугаар захирамжаар Р.Г-ээс 70.715.903 төгрөгийг гаргуулж Эй Эм Эф ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Р.С, Н.Д нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024.... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах 62.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталгаажуулан шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17270001/.. дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 130.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 91.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон бөгөөд төлбөр төлөгч Р.Г, өмчлөгч Р.С, Н.Д нарт 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/..., 4/1... дугаартай мэдэгдлүүдийг баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч Р.Г-т гардуулж, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4/1..., 4/1... дугаартай мэдэгдлээр өмчлөгч нарын оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Албадан дуудлага худалдаанд санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 50 хувиар тооцон 65.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 4/14817, 4/1...дугаартай мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгч Р.Ст гардуулж, Р.Г, өмчлөгч Н.Д нарт мэдэгдлийн хувийг дамжуулж өгөхийг мэдэгдсэн. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 67.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.С, Н.Д, Р.Гнар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ...дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2016/05327 дугаартай Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж болон 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 735 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17270001 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцад төлбөр төлөгч Р.Гээс, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гомдлыг хянаж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/0... дугаартай шийдвэрээр гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн бол давж заалдах болон хяналтын шатны шүүх гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 001/ХТ2018/00... дугаартай Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор төлбөр төлөгч Р.Гийн гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ.

Дээрх хугацааг хүртэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа шүүхээр хянагдсан байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааг хийж гүйцэтгэхээр 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1720001/.. дугаартай тогтоолоор, Р.С, Н.Д нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024.... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах, 62.24 м.кв талбай бүхий орон сууцыг хураан авч, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэ тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч Р.С, Н.Д болон төлбөр төлөгч Р.Гнар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 130.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрсөн байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч, өмчлөгч нарын гаргасан саналын дагуу хөрөнгийг 130.000.000 төгрөгөөр үнэлж, уг үнийн 70%-иар тооцож анхны албадан дуудлага худалдаа явуулах доод үнийг тогтоож, улмаар энэ талаар талууд болон өмчлөгч нарт 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4/11.., 4/11..., 4/11... дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Р.С, Н.Д, Р.Гнар нь хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлээгүй, шинжээчээр үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр

гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, аливаа хөрөнгийн зах зээл дэх анхны үнэ тогтох үндэслэл нь тухайн хөрөнгийн өмчлөгчийн өөрийн нэрлэсэн үнэ байдаг. Ийнхүү хөрөнгийн өмчлөгчийн өөрийн үнэлгээг үндэслэл болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцож чадаагүй бол шинжээчээр үнэлүүлэхээр заасан байна. Иймд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлээгүй гэх нэхэмжлэгч нарын гомдол мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэх, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан эрх байгаа талаар тайлбарлан мэдэгдээгүй, өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ. Хөрөнгийн өмчлөгч Р.С, төлбөр төлөгч Р.Гнар нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандаж, хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааны талаар гомдол гаргасан байна. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгөөгүй гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д: Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заажээ. Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нарын хаягаар, шуудангаар хүргүүлсэн байхад төлбөр төлөгч, өмчлөгч нар нь энэ талаар 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

Талууд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ...дугаартай тогтоолоор, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчөөгүй байна.

Мөн анхны албадан дуудлага худалдааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4/1..., 4/1..., 4/1... дугаартай мэдэгдэх хуудаснуудыг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн байна.

Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг худалдан авах санал ирээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ талаарх мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/14..., 4/14.... 4/14... дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байна. Төлбөрт хураагдсан хөрөнгийн хамтран өмчлөгч болох Н.Дтай хамт амьдардаг Р.Ст мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасантай нийцжээ.

Ийнхүү хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх болон худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчдод мэдэгдсэн ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тул уг хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024.... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ...дугаартай тогтоолоор зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай Р.С, Н.Д, Р.Гнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР