Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 104

 

                                                             Д.Б-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн  даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Д.Б-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1789 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906015840970 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д.Б-, 1981 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт,  оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Д.Б- нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцэст хамтран амьдрагч Ж.Ононг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүдэн тус газар нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Ж.Онон нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Д.Б-ын цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй, хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. 2-11 насны гурван хүүхэдтэй байсан. Бага хүү Бат-Оргил маань нас бараад удаагүй байгаа. Үлдсэн хоёр хүүхдэдээ санаа их зовж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.Б- нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хуучин эцэст байрлах дэн буудалд хамтран амьдрагч Ж.Ононтой архидан согтуурч байхдаа, түүнийг бусадтай хардан нүдэн тус газар нь архины шилээр цохисны улмаас эрүүл мэндэд нь “...зүүн нүдний хараагүйдэл...” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ж.Онон нь “...Б-тай хамтран амьдарч эхэлснээс хойш намайг байнга зоддог байсан. Эрүүлжүүлэгдэх болгондоо намайг “Гомдолгүй гээд хэлчих” гэж хэлээд цагдаагийн байгууллагаар шалгуулдаггүй байсан. 2017 оны 12 сард миний эрүүг хугалж, шүүхээс 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Би энэ тухайгаа хамаатны эгч Даш-Оюунд хэлж байсан. Хэрэг гарсан өдрийн орой 19-20 цагийн үед, би ангийнхаа хүүхэдтэй утсаар ярьж байтал Б- гэнэт архины шил барьж аваад миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Тэр үед Батбаатар салгах гээд ирсэн боловч Б- нь “Цаашаа бай” гээд холдуулсан. Архины шилээр цохиулснаас болж миний дух, зүүн доод зовхи орчим зүсэгдэж гэмтсэн. Түүнээс болж миний зүүн нүдний хараа муудсан. Одоо огт юм харахгүй байгаа. ...” /2хх 8-24/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Л.Батбаатарын “...Б- хэвтэж байснаа орны урд талд байсан 0,75 литрийн Хараа архины шилээр Ононгийн дух орчимд 1 удаа цохисон. Тэгтэл Ононгийн духны орчмоос цус гарсан. ...” /2хх 31-34/,

- гэрч Д.Даш-Оюуны “...Онон бол миний төрсөн эгч Дашмаагийн бага охин. Б- нь эхнэр Ононг бараг суусан цагаасаа хойш зодсон. 2018 оны 11 дүгээр сард шоронгоос гарч ирээд удаагүй байхдаа Ононг зодсон. Тухайн үед дух руугаа цохиулсан гээд аль нүдийг нь санахгүй байна, хүүхэн хараа нь цайрсан, нүднийх нь дээд тал нь язарсан, толгойгоо боосон байдалтай байсан. ...” /2хх 166-169/,

- шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...намайг хорих ангиас суллагдахын өмнө миний бага хүүхэд нас барсан байсан. Энэ үйл явдлыг хамтран амьдрагч Онон надад хэлээгүй. Үүнээс болж бид хоёр тухайн өдөр хэрэлдсэн. Энэ үед Ононгийн гар утас дуугарч, тэр “Хоёулаа ирэх 7 хоногт уулзъя, хайраа” гэж яриад утсаа салгасан. Тэгэхээр нь би “Намайг доромжилж ханаагүй байна уу” гэж хэлээд бид хоёр дахин хэрэлдсэн. Тэвчихээ байгаад ширээн дээр байсан архины шилийг авч Онон руу шидэхэд түүний духанд оносон ба духны голоос цус гарсан. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 151-154, 239/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2828, 672 дугаартай дүгнэлтүүд /2хх 37, 46/, түүний нүдэнд учирсан гэмтлийн талаарх шинжилгээ, оношилгооны баримтууд /2хх 40-43/ зэргээр давхар нотлогджээ.

 Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заасан.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодод нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах, үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах зэрэг идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Түүнчлэн хохирогч Ж.Онон өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй боловч шүүх түүнийг цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Д.Б- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлэх боловч тэрээр урьд нь хамтран амьдрагч Ж.Ононг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь “...эрүү ясны хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учруулж байсан бөгөөд энэхүү гэмт үйлдэлдээ шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн боловч уг ялаа эдэлж дууссаныхаа дараа дахин дээрх шалтгаанаар Ж.Ононгийн нүдэн тус газарт архины шилээр цохисноос эрүүл мэндэд нь “...зүүн нүдний хараагүйдэл...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан байна.

Энэхүү байдлаас үзвэл, шүүгдэгч Д.Б- нь хамтран амьдрагч Ж.Ононг өөрийн эрхшээлд байлгаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халддаг бөгөөд тэрээр урьд үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, түүний хувьд Ж.Ононгийн эрх ашгийг дахин зөрчихгүй байх баталгаатай байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймээс “...хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг бууруулж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Д.Б-ын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Үүнээс гадна, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол /2хх 112/-ын тогтоох хэсэгт яллагдагч Д.Б-ын нэрийг “Г.Ганпүрэв” гэж тусган хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг тэмдэглэж, хойшид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1789 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                                     ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                                     ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН