Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0659

 

“******* ******* *******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.*******маа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Б.*******, Н.*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, гуравдагч этгээд “*******импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан хийж, хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэртэй, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр “Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Дөл” хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Давж заалдах гомдлын үндэслэл: 1. Шүүх нотлох баримтыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх журмыг зөрчснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөн хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн үнэлсэн болох нь илэрхий байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хэрэгт авагдсан “УБ Дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Алтангэрэлийн хянаж зөвшөөрсөн гадна дулаан хангамжийн шугамын зургаас үзвэл Эрчим хүчний газар болон “*******импекс” ХХК-иуд нь өөрсдийн барьж буй барилгын инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагаас хянаж баталсан дулааны шугамын байгуулалтын зөвшөөрөгдсөн зургийн дагуу барьж байгуулалгүй түүнийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл Эрчим хүчний газар болон нь “*******импекс” ХХК-иуд инженерийн шугам сүлжээгээ зөвшөөрөгдсөн зургийн дагуу буюу “******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газраар дайруулахгүйгээр барих боломжтой байжээ” гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан 17000 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг зориуд үл хайхарсан байх бөгөөд энэ зургаас Нийслэлийн Засаг Дарга нь “******* ******* *******” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо “*******импекс” ХХК, Эрчим хүчний газрын төлөвлөгдсөн барилгын суурьт тулган олгосон нь тодорхой харагдана. Барилгын суурьт тулган газар олгосон, түүн дээгүүр  шугам  сүлжээ татахаар эрх бүхий этгээд зөвшөөрч шийдвэрлэсэн байхад шүүгчийн дүгнэснээр хэрхэн “эзэмшил газраар дайруулахгүй барих боломжтой байсан”-ыг огтоос ойлгосонгүй.

Мөн “Өөрөөр хэлбэл НЗД-ын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн А/89 дүгээр захирамжид дурдсан “...“******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон хэрэг биш харин инженерийн шугам сүлжээ нь “******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газарт эрх бүхий этгээдийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр баригдсан нь нэхэжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ” гэжээ. Энд “эрх бүхий этгээд гэж хэнийг хэлж буй нь ойлгомжгүй байхаас гадна өмнөх хэсгийн дүгнэлттэй зөрчилджээ.

Өмнөх хэсэгт “эрх бүхий байгууллагаас хянаж баталсан дулааны шугамын байгуулалтын зөвшөөрөгдсөн зургийн дагуу” гэснээс үзвэл эрх бүхий этгээд гэж УБ Дулааны сүлжээ ТӨХК эсхүл түүний албан тушаалтныг хэлсэн гэж ойлгогдож байхад тэр этгээдийн зөвшөөрсөн зургийн дагуу баригдсан шугам сүлжээг эрх бүхий этгээдийн ямар нэгэн зөвшөөрөлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир битүүлэг болжээ.

Газар эзэмшиж буй этгээд буюу нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүгчийн “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй” гэж дүгнэсэн шугам сүлжээнээс дулаан хангамжаа авахаар техникийн нөхцөлд заасан байхад энэ үйл баримтыг үл тоон энэ дулааны шугам сүлжээ нь зөвхөн “*******импекс” ХХК, Эрчим хүчний газарт хамааралтай мэтээр дүгнэж буй нь бодит байдалд нийцэхгүй болно.

Цаашилбал “2013 оны А/752 дугаар захирамж гарах үед ямар нэгэн шугам сүлжээ баригдаагүй байсан” гэжээ. Энэ нь мөн л зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт тулгуурласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, гуравдагч этгээдүүдийн инженерийн шугам сүлжээний зураг батлуулсан хугацаа, дараалал, эрх бүхий байгууллагаас баталж зөвшөөрсөн инженерийн шугам сүлжээний зургууд, нэхэмжлэгчийн газар эзэмших болсон хугацаа, хоорондын уялдаа холбоог орхигдуулсан бөгөөд нотлох баримтад тулгуурлалгүй дээрх баримтыг огт дурдаж үнэлэлгүй хийсвэрээр үндэслэлгүй дүгнэжээ.

2. Хууль буруу хэрэглэсэн - Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... энэ тохиолдолд газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьсан инженерийн шугам сүлжээг чөлөөлөх үндэслэлээр “******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэлгүй юм. ...Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар хууль ёсны эзэмшигчтэй тохиролцох буюу нөхөх олговор олгохоор байна, ... зохих журмын дагуу эзэмшиж байхад “******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг тэдэнтэй урьдчилан тохиролцолгүйгэзр хасч шийдвэрлэсэн нь хууль бус болжээ” гэж заажээ.

Газрын тухай хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргагч үзэж байгаа бөгөөд захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн заалт байсан, энэ нь Нийслэлийн Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн асуудал болно.

Шүүхийн шийдвэрт дүгнэсэн “зохих журмын дагуу, хуульд заасан журмын дагуу эзэмших” гэдэгт хуульд заасан дуудлага худалдааны үнэ буюу газрын гэрчилгээний үнэ төлөх нь мөн хамаарах бөгөөд газрын гэрчилгээний үнийг төлөөгүй буюу газрыг зохих журмаар эзэмшээгүй этгээдтэй Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийн журмыг баримтлан урьдчилан тохиролцох хууль зүйн үндэслэлгүй юм,

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “*******импекс” ХХК-ийн зүгээс гаргасан “Нийслэлийн Засаг Даргын А/89 дүгээр захирамж гарах хүртэл “******* ******* *******” ХХК эзэмшил газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэх талаарх лавлагаа, төлөөгүй бол тус компанид хүргүүлж байсан мэдэгдэл, хүргүүлсэн тохиолдолд тухайн нотлох баримтыг шаардлага хангуулж Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулах” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд уг хүсэлтэд дурдсан нотлох баримт хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзэж хүсэлтийг хангаж нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулан шийдвэрлэжээ. Гэвч шүүхээс захирамжийнхаа биелэлтийг хангахаар НӨХГ-аас дээрх баримтыг гаргуулах, нотлох баримт цуглуулах ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.

Түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас газрын дуудлага худалдааны үнийг төлсөн баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан гуравдагч этгээд болон хариуцагч НЗД-ын төлөөлөгчөөс дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэх, ямар хэмжээгээр төлсөн талаарх лавлагааг гаргуулах хүсэлтийг энэ маргаан нь дуудлага худалдааны үнэтэй холбоотой маргаан биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг асуудлаар зөрчилдсөн үндэслэл бүхий өөр өөр шийдвэр гаргасан, ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтаа цуглуулаагүй атлаа үндэслэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын А/89 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Давж заалдах гомдлын шаардлага: Иймд анхан шатны шүүхийн 517 дугаар шийдвэрийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, хэргийн нөхцөл байдлыг буруу үнэлснээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 752 дугаар захирамжаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д “Улаанбаатар хотын банк” ХХК-аас маргаж байгаа 17000 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэхдээ хөрш залгаа газар эзэмшигч Эрчим хүчний газрын ажилчдын орон сууцны 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр техникийн нөхцөл олгогдсоны дагуу барьсан инженерийн шугам сүлжээ, уг шугам сүлжээнээс салбарлан барихаар төлөвлөгдсөн гуравдагч этгээд “*******импекс” ХХК-ийн барилгын инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам талбай зэргийг уялдуулсан төлөвлөлтгүйгээр шилжүүлжээ.

Үүний улмаас гуравдагч этгээдүүдийн барьсан инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын бүс нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын зарим хэсэгт орсноос тэдгээрийн хооронд маргаан үүсэж, гаргасан гомдлыг нь мэргэжлийн хяналтын байгууллага болон авлигатай тэмцэх газраас шийдвэрлүүлэхээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар, барилгажилтын техникийн зөвлөл уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, холбогдох мэргэжлийн этгээдүүдийг оролцуулан 2015 оны 11 дүгээр сард удаа дараа хурлаар хэлэлцсэний үр дүнд нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 015/071 дүгээр албан бичгээр нэгэнт барьсан шугам сүлжээг зайлуулахгүйгээр тодорхой хувилбаруудыг санал болгож байжээ. Үүнээс үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд хөрш зэргэлдээ газар эзэмшигч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг гаргасан байхад анхан шатны шүүх маргаан бүхий актын зорилго, хэрэгт авагдсан баримтууд, хэргийн бодит нөхцөл байдал буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмшсэн, инженерийн шугам сүлжээ, барилгаа төлөвлөж барьсан хугацаа, гуравдагч этгээдийн барилга, инженерийн шугам сүлжээ баригдаж ашиглалтад орсон байдал зэргийг анхаарч үзэлгүй “... газрыг эзэмшиж байсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьсан инженерийн шугам сүлжээг чөлөөлөх үндэслэлээр “******* ******* *******” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг хасч өөрчлөлт оруулах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус компаний барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын анхны хийгдсэн төлөвлөлт, зураг төслөөс үзвэл нь уг газрыг нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд дээрх шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарч байгаа зурвас газрын ихэнх хэсгийг нийтийн эзэмшлийн зам талбайд үлдээхээр төлөвлөсөн байх ба маргаан бүхий актын тухайн хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөөргүй байна.

Харин нэхэмжлэгч нь “... анх төлөвлөж зураг төслийг нь хийлгэсэн 109 дүгээр барилгын суурийн булангийн хэсгээр гуравдагч этгээд “*******импекс” ХХК нь зөвшөөрөлгүйгээр инженерийн шугам сүлжээ барьснаас зураг төслөө дахин хийлгэх шаардлага гарсан, “Улаанбаатар банк” ХХК-аас шилжүүлэн авахдаа газрын хэмжээгээр төлбөр төлсөн тул их хэмжээний зардал гарах болсон” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргааныг зохицуулах зорилгоор гаргах шийдвэрийнх нь улмаас хөндөгдөх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу нэхэмжлэгчийн нэгэнт төлөвлөсөн барилгын зурагт өөрчлөлт оруулах асуудал болон гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу инженерийн шугам сүлжээ барьсан эсэхийг шалгалгүй орхигдуулж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээнээс шууд хасч шийдвэрлэснийг “зохицуулах” зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх нөхцөл байдлыг тодруулж, гуравдагч этгээд, нэхэмжлэгч болон холбогдох мэргэжлийн эрх бүхий этгээдийг оролцуулан хэлэлцэж дахин шинэ акт гаргах хүртэл А/89 дүгээр захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн оролцогч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний шийдвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс гомдлын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулсан болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Эрчим хүчний тухай болон  бусад хууль тогтоомжид заасны дагуу А/89 дүгээр захирамжаас гарах үр дагавар буюу гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу инженерийн шугам сүлжээ барьсан эсэхийг шалгаж, нэхэмжлэгчийн нэгэнт төлөвлөсөн барилгын зурагт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсний дараа дахин шинэ актыг 6 сарын дотор гаргаагүй бол А/89 дүгээр захирамж нь хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ