Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2020/00052

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2020/00052

Говь-Алтай аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ГАА ЕС-д оршин суух, Д.А-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА БСУГ-т холбогдох,

албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГАА БСУГ-ынахлах мэргэжилтэнээр Д.А нь ажиллаж байсан. ГАА БСУГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар албан тушаал бууруулсан байдаг. Ингэж албан тушаал бууруулахдаа ямар ажил хийхийг нь заагаагүй. Ямар ажил хийхээ мэдэхгүй явж байгаад улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгоод Газар зүйн боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Тухайн ажил дээр ажиллах гээд очтол цагийг нь бүртгээгүй гэдэг шалтгаанаар мөн ажиллаж чадаагүй. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.А нь өмнө нь эрхэлж байсан ажил буюу Боловсрол соёл урлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр мөн хэрэг шийдвэрлэгдээд, шийдвэр нь хэвээр үлдсэн.  Хариуцагч талаас Улсын дээд шүүхэд гомдол гаргахад, гомдлыг Улсын дээд шүүх хүлээж авахаас татгалзсан. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү 1.348.275 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 11.113.772 төгрөг нэхэмжилж байна. Д.А гэдэг хүн ажлаасаа үндэслэлгүй халагдсан байна гээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой дүгнэлтүүдийг бид өнөөдөр энд хийгээд суугаад байх үндэслэл байхгүй. Цалингийн зөрүү мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр хоёрыг хавсаргаж өгсөн байгаа. Яагаад лавлагааг гаргаж өгсөн гэхээр 12 дугаар сард сайн дураараа төлсөн гэдгийг лавлагаагаар батлахаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр Д.А-г ажилд нь эгүүлэн тогтоосон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр байгаа. Энэ шийдвэрт бол анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон байдаг. Гаргасан тушаалуудтай холбоотой нэмэгдүүлсэн шаардлагууд гаргаж байсныг анхан шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. Тэр хүчингүй болгосон шаардлагыг өөрчилж давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан байдаг. Үүнтэй холбогдуулж анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А-г албан тушаал бууруулсан үндэслэл нь өөрөөс нь хамаарсан. Төрийн албан хаагчийн тухай хуулинд захирах, захирагдах ёс байдаг үүнийг зөрчсөн. Төрийн албаны ёс зүйн дүрмийг зөрчиж архи уусан, ажил тасалж явсан. Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Эрдэнэбилэг гэдэг хүн Боловсрол соёл урлагийн газрыг ирж шалгасан. Ирээд шалгахад ажил дээрээ байгаагүй, утсаа таслаад алга болсон гэж шалгалтын тэмдэглэл дээр тэмдэглэсэн байдаг. Төрийн албаны хууль зөрчсөн, төрийн албаны ёс зүй зөрчсөн, ахлах мэргэжилтний үүрэг даалгаврыг биелүүлээгүй учир энэ хүнийг ажил албан тушаалыг нь өөрчлөх шаардлага дээд шатны байгууллагаас ирсэн байдаг. Үүний дагуу албан тушаал бууруулсан шийдвэр гаргасан. Энэ тушаалын үндсэн дээр үр дүнгийн гэрээ байгуулах даалгавар өгөхөд биелүүлээгүй, ажлаа орхиод явсан. 04 дүгээр сарын 02 хүртэл ажил орхиж явсан. Бид ажил хийхгүй байгаа хүн дээр цалин гаргаад яваад байж болохгүй учраас ажил тасалсан шалтгаанаар 4 сарын дараа ажлаас чөлөөлсөн. Тэгээд явж байгаад эгүүлээд ажилд нь томилсон байдаг. Гэтэл Д.А Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шийдвэр гаргуулна гэсэн байдлаар явсаар 2019 оны 12 дугаар сарын 30 хүртэл явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс буцаад ажилдаа орсон. Шүүхийн шийдвэр бол ахлах мэргэжилтний орон тоон дээр томилох гэсэн байгаа. Манай байгууллагад бүтэцийн өөрчлөлт хийгдээд энэ орон тоо нь байхгүй болсон. Тэгээд томилохгүй байсан ч болохоор байгаа юм. Би болоод манай удирдах зөвлөл бол албан тушаалын зөрүү 1.300.000 төгрөгийг шийдэж болно. Үлдсэн мөнгө нь өөрөөс нь шалтгаалсан учраас боломжгүй гэсэн байр суурьтай байна.  Ажил хийхгүй байж байгаад цалингаа шүүхээр гаргуулаад авч болдог юм байна гэсэн ойлголтыг өмгөөлөгчөөсөө авсан юм шиг байна. Ажилгүй байсан хугацааны цалин нь аль ч талаасаа бодсон цалингийн асуудал нэхэмжлэх боломжгүй юм гэж үзээд байгаа юм. Төсөв захирагчийн эрх үүргийн хувьд хууль зөрчсөн, ерөнхий сайдын захирамж чиглэлийг биш Төрийн албаны хуулийг үндэслээд албан тушаал бууруулсан. Үүнийг зөвтгөнө гэдэг бол буруу, хууль зөрчсөн асуудал болно. Ажлыг нь заагаад албан тушаал бууруулж байхад өөрөө ажлаа хаяж явсан. Ажил хийгээгүй байж цалин авсан байгаа. Үүнийг буцааж нэхэмжилнэ гэж бодож байна. Ажил хийгээгүй бүртгэл нь байгаа. Ажил хийлгүй явж байгаад цалин тогтоолгодог ийм хууль байхгүй. Ажил хийгээгүй хүнд цалин өгөх хууль эрх зүйн боломж байхгүй. Харин буцааж 1.300.000 төгрөгийн нэхэмжлэл гаргах бодолтой байгаа. Одоо бол би ажлаар хангасан. Шүүхийн шийдвэрийн хувьд бол ажлаар хангаж чадаагүй. Үүнийг бол өөрөө ойлгож байгаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс бүтцийн өөрчлөлт хийгээд, Боловсрол соёл урлангийн газарт ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон. Бид нарын санаачлагаар болсон зүйл биш. Өөрөө тэр хүн дахиж архи уухгүй, ёс зүйн зөрчил гаргахгүй, энэ ажлаа гүйцэтгэмээр байна гэсэн хүсэлт удаа дараа гаргасан болохоор ажилд томилсон. Эхний албан тушаал бууруулсан тушаалыг өмгөөлөгч ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан байдаг. Энэ бол ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалаас чөлөөлсөн тушаал. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гэрээ байгуулаад хамтарч ажиллах чиглэл өгсөн боловч тушаалд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан учраас тэр тушаалд өөрчлөлт оруулаад Газар зүй хариуцсан мэргэжилтнээр томилсон. Тэр хоорондын цалингийн зөрүү гараад байгаа. Өөрөө шүүхийн шийдвэрээр ажил албан тушаалдаа орно гээд ажлаа хийхгүй яваад байсан. Ажлаа хийхгүй яваад байгаа хүнд сул цалин олгоно гэдэг хууль байхгүй. Тийм болохоор зөвхөн дээд шатны газраас энэ хүн ажлаа хийж чадахгүй байна, энэ албан тушаалд тэнцэхгүй байна, төрийн албаны ёс зүй зөрчиж байна, ажлын байранд архи ууж байна,  ажил тасалж байна гэсэн шаардлага тавьсан болохоор албан тушаал бууруулсан шийдвэр гарсан. Энэ хүнээс өөрөөс нь хамаарсан зүйл. Цалингийн зөрүүг олгож болно. Сүүлд ажил таслаад явсан байхад нь ажилгүй байсан хугацааны цалин өгөх боломжгүй. Манайд хамаагүй болсон хойноо нийгмийн даатгал төлсөн нь хувь хүнтэй холбоотой асуудал. Ийм асуудлыг энд оруулах нь зүй зохисгүй зүйл байна гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад ГАА БСУГ-т холбогдох албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь хариуцагч ГАА БСУГт холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү, 2018 оны 12 дугаар сараас шүүх хуралдаан болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч БСУГ-ын төлөөлөгч Р.Б нь Би болоод манай удирдах зөвлөл бол албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү 1.300.000 төгрөгийг шийдэж болно. Үлдсэн мөнгө нь өөрөөс нь шалтгаалсан учраас боломжгүй гэсэн байр суурьтай байна.  Ажил хийхгүй байж байгаад цалингаа шүүхээр гаргуулаад авч болдог юм байна гэсэн ойлголтыг өмгөөлөгчөөсөө авсан юм шиг байна. Ажилгүй байсан хугацааны цалин нь аль ч талаасаа бодсон нэхэмжлэх боломжгүй юм гэж үзэж байна. Ажлыг нь заагаад албан тушаал бууруулж байхад өөрөө ажлаа хаяж явсан. Ажил хийгээгүй байж цалин авсан. Үүнийг буцааж нэхэмжилнэ гэж бодож байна. Ажил хийлгүй явж байгаад цалин тогтоолгодог ийм хууль байхгүй, ажил хийгээгүй хүнд цалин өгөх хууль эрх зүйн боломж байхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.А нь ГАА БСУГ-т боловсрол соёл урлагийн ахлах мэргэжлтнээр ажиллаж байгаад ГАА БСУГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар албан тушаалыг бууруулж, улмаар шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалаар Д.А-г тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0275 дугаартай магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна. Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэсрлэл болохгүй байх тул ажил хийлгүй явж байгаад цалин тогтоолгодог хууль байхгүй, ажил хийгээгүй хүнд цалин өгөх хууль эрх зүйн боломж байхгүй гэх хариуцагчийн төлөөлөгч Р.Б-ийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон...” гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагчийн тайлбар нь ГАА БСУГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 дугаартай “Д.А-г ажилд томилох тухай” тушаалаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн ажил, албан тушаал буурсан хугацааг ажилтны эрх зөрчигдсөн цаг хугацаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эрх нь зөрчигдсөн болохыг шүүх тогтоосон хугацаа буюу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон бөгөөд ажилгүй байсан хугацааг урьд эрхэлж байсан ажилд бодитойгоор эгүүлэн авсан хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа гэж тодорхойлсон болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.А-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал тушаал бууруулсан нийт 238 хоногийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүү, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилгүй байсан нийт 221 хоногийн цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч ГАА БСУГ-аас гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А-гийн 1104188 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүсэн хуулбарын 5 дугаар хуудсанд бичигдсэн ажил албан тушаал буруулахын өмнөх гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2018 оны 01, 02, 03 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 845.360+836.360+842.360=2.524.080 : 3 сар= 841.360:21.5= 39.133 төгрөг байна. Тушаал бууруулснаас хойш авч байсан цалингийн дунджийг 9, 10, 11 /12 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хувиараа төлсөн/ дүгээр саруудын ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 234.595+850.983+420.992 =1.506.570:3=502.190:21.5=23.357 төгрөг байх бөгөөд нэг өдрийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүг тооцоход 39.133-23.357 =15.776 төгрөг байх тул 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажлын 238 өдрөөр тооцож үзвэл Д.А-д олгох албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүний хэмжээ 15.776*238=3.754.688 /гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян найман/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажлын 221 өдрөөр тооцож үзвэл олговорын хэмжээ 39.133*221=8.648.393 /найман сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун ерөн гурван/ төгрөг, нийт 12.403.081 /арван хоёр сая дөрвөн зуун гурван мянга наян нэгэн/ төгрөг байна.

Нэхэмжлэгч Д.А-д  2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг дуустал тушаал бууруулсан нийт 238 хоногийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүд 3.754.688 /гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян  найман/ төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилгүй байсан нийт 221 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 8.648.393 /найман сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун ерөн гурван/ төгрөг, нийт 12.403.081 /арван хоёр сая дөрвөн зуун гурван мянга наян нэгэн/ төгрөгийг ГАА БСУГ-аас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГАА БСУГ-т даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА БСУГ-аас улсын тэмдэгтийн хураамжид  213.399 /хоёр зуун арван гурван мянга гурван зуун ерөн есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ГАА БСУГ-аас ажил албан тушаал бууруулсан 238 хоногийн албан тушаал бууруулсан үеийн цалингийн зөрүүнд  3.754.688 /гурван сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян  найман/ төгрөг, ажилгүй байсан хугацаа 221 хоногийн олговорт 8.648.393 /найман сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун ерөн гурван/ төгрөг, нийт 12.403.081 /арван хоёр сая дөрвөн зуун гурван мянга наян нэгэн/ төгрөгийг гаргуулан Ж овогт Д-ийн А-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ГАА БСУГ-т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч ГАА БСУГ-аас улсын тэмдэгтийн хураамжид  213.399 /хоёр зуун арван гурван мянга гурван зуун ерөн есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН