Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2020/00006

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт оршин суух, О овогт П.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА ЗД-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, ээлжийн амралтын олговор, урамшуулал хангамж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.М намайг ГАА ЗД-ын 2014 он 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 тоот захирамжаар Говь-Алтай аймгийн ЭУОНӨААТҮГ-ын захирлаар томилон, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар контрактын гэрээ байгуулан ажиллуулж байсан. Намайг 2014-2016 оны хооронд захирлаар ажиллах хугацаанд 5 нягтлан бодогч, 6 нярав орж гаран ажилласан юм. Үүний 4 нягтлан бодогч, 6 нярав өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 1 нягтлан бодогчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Миний бие ЭУүйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт тавих явцдаа тус үйлдвэрийн газрын ахлах нягтлан бодогч Т.Д-ын мөнгө, хөрөнгийн дутагдал гаргасаныг олж илрүүлж, тухайн үеийн аймгийн Засаг даргад өөрийн биеэр хандан хүсэлт гаргаж, улмаар аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаар 2015 оны 11, 11 дүгээр саруудад шалгуулж, 2016 оны 04 дүгээр сард хийгдсэн аймгийн Аудитын газрын хяналт, дүгнэлтийн дараа 2016 оны 05 дугаар сарын 05-нд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар нь “Говь-Алтай аймгийн Эрүүл ус” ОНӨААТҮГ-ыг төлөөлөн миний өгсөн гомдлыг хянан шалгаж байгаад хэргийг АТГ-т шилжүүлсэн. Нягтлан бодогч асан Т.Д-ын мэдүүлэгийг үндэслэн 2016 оны 11 сард уг хэрэгт намайг сэжигтнээр татан холбогдуулсан юм. улмаар АТГ-ын мөрдөгч, комиссар Х.Н-ийн шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж, уг мөрдөгчийн саналаар Говь-Алтай аймгийн ЭУОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалаас намайг түр түдгэлзүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 23/А тоот захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс би цагдан хоригдсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ГАА ЗД АТГ-ын мөрдөгч Х.Н-ийн “ажил албан тушаалаас түр түдгэлзүүлэх” шийдвэр, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 заалтыг үндэслэн Б/100 тоот захирамж гаргаж, намайг эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр чөлөөлж, үүрэг орлон гүйцэтгэгчийг түр томилсон бөгөөд уг томилогдсон этгээд нь үүрэг түр орлон гүйцэтгэгч статустайгаар өнөөг хүртэл ажиллаж миний бие түр чөлөөлөгдсөн хэвээр байна. би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 461 дүгээр ангид 60 хоног цагдан хоригдоод, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгж суллагдсан. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоор намайг сэжигтэн, яллагдагчаар татсан  мөрдөгчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Энэ хугацаанд намайг хамруулсан эрүүгийн хэргийн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгасан хэвээр байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн прокурорын газрын уг хэргийг хянан шийдвэрлэсэн прокурортой уулзахад П.М танд хамаарах зүйл байхгүй тул 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоос өөр шийдвэр гарахгүй, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч байгуулагад хүргүүлнэ гээд 301 тоот тогтоолын хуулбарыг анх удаа надад өгсөн. Эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдаж, аймгийн засаг дарга намайг ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл үгүй болсон байхад түр чөлөөлсөн шийдвэрийг цуцлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилохгүй, түр чөлөөлөгдсөн хэвээр байлгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад анх хандан гомдол гаргасанаас хойш Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дамнуулан шалгасан. Намайг холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэгтэй би анх удаа танилцсан, намайг бол  гомдлоор шалгаагүй, эрүүгийн хэрэг шалгах явцдаа холбогдсон байж магадгүй гэж үзээд цагдаагийн газраас болоод авилгатай тэмцэх газраас татан шалгасан байгаа тэгээд 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд намайг буруугүй юм  байна гээд гаргасан. Тийм учир хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад танилцуулаагүй, танилцуулах шаардлага ч байхгүй байсан байх. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан шийдвэр бол прокурорын байгууллагаас хууль бус гаргасан зүйл бол биш 2017 оны 07 дугаар сарын 01-нээс шинээр эрүүгийн хэрэг хянан шийдврлэх хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой асуудал, би оролцогчоор шалгуулж явж байгаад 2017 оны 12 дугаар сард шалгаж дууссан сая хэргийн материалтай танилцсан, танилцаад үзэхэд намайг яллагдагчаар татах, сэжигтэх яллагдагчаар тогтоох ийм тушаалууд бол байсан тэрийг би хуулбарлаж аваад өгсөн, тэр дундаас бол би намайг ажил албан тушаалаас чөлөөлөх тийм тушаал бол олж хараагүй, тийм ч учраас би шүүхэд хүсэлт гаргасан, нэгдүгээрт эрүүгийн хэргийн материалаас тэрийг шүүлгэж өгөөч, хоёрдугаарт ГАА ЗД намайг Б/100 тоот тушаалаар ажлаас түр чөлөөлөхдөө мөрдөгчийн шийдвэрийг үндэслэсэн боловч 40 гаруй хоног боллоо сая байхгүй гэж хэлж байна тэгэхээр энэ шийдвэрийг гаргахдаа намайг хууль бусаар түдгэлзүүлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Прокурорын газраас бол бас очсон байгаа намайг эрүүгийн хэрэгт хамаагүй байсан өөр холбогдуулж шалгаж байгаа эрүүгийн хэрэг байхгүй, тийм болохоор миний хэргийг хурдан шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Надад 97.000.000 төгрөгний хохирол учруулсан гэдэг зүйл бол байхгүй. Оролцогчоор шалгасан гэдэг нь шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой, намайг бол 60 хоног хорьж хохироосон, мөн өргөн бүрэлдэхүүнтэйгээр аймгийн Цагдаагийн газраас, Орон нутгийн өмчийн албанаас, Засаг даргын тамгын газраас, Санхүүгийн хяналтын газраас, Ж өөрөө ахлаад надаас ажил хүлээж авсан, ажил хүлээж аваад намайг бөөн юм идсэн юм шиг санаж байснаа сүүлд нь бүх эд хөрөнгөө тоолж хүлээж аваад тэнд байсан бүх хүмүүс тэгж ойлгосон. Наад зүйлүүд чинь бүгд тоо тоогоороо явж байгаа 97.000.000 төгрөг дутсан зүйл бол биш шүү хардах эрх бол хэнд ч байгаа харин хүнийг гүтгэх эрх ашгийг нь зөрчих эрх хэнд ч байхгүй. Харин ч би 238.000 төгрөг шиг санагдаж байна би авлагатай байгаа Ч.Г гуай ч мөн мэдэж байгаа. Хэрвээ намайг татан шалгах гэж байгаа бол эхлээд эхний асуудлаа шийдээд тэгээд дахиад татаж болно би шалгуулж болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.М нь 2018 онд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. П.Мд холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж байгаа. ЭУХХК-д ажиллаж байхдаа 97.000.000 төгрөгний хохирол учруулаад өөрийнхөө болон эхнэрийнхээ дансаар 97.000.000 төгрөг оруулж гаргасан байгаа, тэгээд шүүгчийн захирамж гараад яллагдагчаар татаад цагдан хориод, сая П.М хэлэхдээ хэрэгт бол татан шалгаагүй холбогдогчоор шалгагдсан гэж байна, Ч.Г дарга ч мөн хэлээд байгаа П.М-д холбогдуулаад гомдол гаргая гэж энэ асуудлыг бол зүгээр орхихгүй хэрэг хуучрахгүй. Сая өөрөө хэллээ би энэ хэрэгт хамаагүй гэж П.М бол ЭУ орон нутгийн өмчит газрын дарга байсан энэ хүн бол санхүүгийн бүх баримт бичиг дээр гарын үсэг зурдаг байгаа, санхүүгийн бүх гүйлгээг энэ хүн хийдэг. Тухайн үеийн Аудитын газраас шалгалт хийсэн материалууд бүгд цагдаагийн газарт байгаа энэ бүгдийг манай зүгээс татан аваад дахин шалгуулах гэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч П.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.М нь ГАА ЗД-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, ээлжийн амралтын олговор, урамшуулал хангамж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ..”ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр” нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Уг иргэний хэргийг тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00176 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай магадлалаар П.М-д холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, П.М-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон эсэх нь хэргийг бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаарх нотлох баримтууд эргэлзээтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч П.М нь Говь-Алтай аймгийн ЭУ орон нутгийн өмчит аж ахуйн  тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ГАА ЗД-ын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаартай П.М-ийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар, Орон нутгийн өмчийн албаны дарга С.Гантулга ЭУ ОНӨААТҮГ-ын дарга П.Манлай Эрдэнэ нарын хооронд байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ГАА ЗД-ын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай “Ажлаас түр чөлөөлж, ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн “ГНЦУ” ОНӨААТҮГ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаартай П.М-ийн цалингийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч П.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа засаг даргын захирамжийн үндэслэл болсон албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөгчийн шийдвэр хүчингүй болж үндэслэл арилсан, ГАА ЗД-ын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар захирамжийн үндэслэл болсон албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол аймгийн Засаг даргын тамгын газар яагаад байхгүй байгаа юм. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол байхгүй байхад гаргасан юм биш үү, нөхөн гаргах асуудал байхгүй учраас тогтоол байхгүй байхад хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлүүдээр ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь П.М-д холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, ЭУХХК-д ажиллаж байхдаа 97.000.000 төгрөгийн хохирол учруулаад өөрийнхөө болон эхнэрийнхээ дансаар 97.000.000 төгрөг оруулж гаргасан. Тэгээд шүүгчийн захирамж гараад яллагдагчаар татаад цагдан хорьсон. П.М хэлэхдээ хэрэгт бол татан шалгаагүй холбогдогчоор шалгагдсан гэж байна. П.М бол ЭУ орон нутгийн өмчит газрын дарга байсан. Энэ хүн бол санхүүгийн бүх баримт бичиг дээр гарын үсэг зурдаг, санхүүгийн бүх гүйлгээг хийдэг. Тухайн үеийн Аудитын газраас шалгалт хийсэн материалууд бүгд Цагдаагийн газарт байгаа энэ бүгдийг манай зүгээс татан аваад дахин шалгуулах гэж байгаа гэж маргажээ.

ГАА ЗД-ын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай “Ажлаас түр чөлөөлж, ажилд түр томилох тухай” захирамжид: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлд заасан үндэслэлээр албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол гарсантай холбоотойгоор аймгийн “Эрүүл ус” ӨНӨААТҮГ-ын дарга П.М-ийг үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түр чөлөөлсөн байна.

Нийслэлийн Прокурорын газарт гаргасан П.М-ийн гомдлыг хянаад гаргасан 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд: ...Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Х.Н-ийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоолын дагуу Говь-Алтай аймаг дахь “ЭУ” ОНӨААТҮГ-ын дарга П.М-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоол гараагүй байхад түдгэлзүүлсэн гэж үзэхээр байна гэх нэхэмжлэгч П.М-ийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэлийн хувьд Нийслэлийн Прокурорын газарт П.М-ийн гаргасан гомдлыг хянаад гаргасан дээрх тогтоолд буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд: ...Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Х.Н-ийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоолын дагуу Говь-Алтай аймаг дахь “ЭУ” ОНӨААТҮГ-ын дарга П.М-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн татгалзалд эрх зүйн дүгнэлт хийхэд 301 дугаартай прокурорын тогтоолоор сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, 01 дугаартай прокурорын тогтоолоор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд П.М-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн өмнө болсон үйл баримтын талаарх асуудал хэлэлцэж байгаа учраас уг хэрэгт дахиж болон өөр үндэслэлээр шалгуулах асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаа баримтлан гомдолоо гаргах, тэр асуудлын хүрээнд ажил албан тушаалыг түдгэлзүүлэх эсхүл ажил олгогч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөх боломжтой бөгөөд үүнд энэхүү хэргийг шийдвэрлэн гарсан шүүхийн шийдвэр саад болохгүй юм.  Хариуцагчийн татгалзлын энэ үндэслэл нь энэ хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийг хангахаас татгалзах үндэслэл болохгүй байх тул П.Мд холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бы тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

20160700168 дугаартай эрүүгийн хэрэгт П.М нь сэжигтэн, яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож байгаад Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот прокурорын тогтоолоор сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн Нийслэлийн Прокурорын газарт П.М-ийн гаргасан гомдлыг хянаад гаргасан 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд: ...Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Х.Н-ийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоолын дагуу Говь-Алтай аймаг дахь “ЭУ” ОНӨААТҮГ-ын дарга П.М-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх ажилтны эрх ашиг хэзээ зөрчигдсөн цаг хугацааг тогтоох ба нэхэмжлэгчийн эрх ашиг ГАА ЗД-ын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай захирамжаар зөрчигдсөн байна.

Хариуцагч тал нь ажлаас түр чөлөөлсөн үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 пүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалт, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 тоот захирамжийг гаргаж нэхэмжлэгч П.М-ийг ажлаас нь түр чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч П.М-ийг ажлаас түр чөлөөлсөн захирамжийн үндэслэл болсон шалтгаан нөхцөл арилсан буюу П.М-ийг ажлаас түр чөлөөлсөн захирамжаар зөрчигдсөн эрх нь Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот “...Эрүүгийн 201607000168 дугаартай хэрэгт мөрдөгч Х.Н-ийн гаргасан П.М-ийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр тооцсон, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон прокурорын тогтоолын хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай “...яллагдагч Т.Дт холбогдох эрүүгийн 201607000168 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай ...” гэсэн прокурорын тогтоолын хуулбар, Нийслэлийн Прокурорын газарт П.М-ийн гаргасан гомдлыг хянаад гаргасан 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд: ...Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Х.Н-ийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоолын дагуу Говь-Алтай аймаг дахь “ЭУ” ОНӨААТҮГ-ын дарга П.М-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолын хуулбаруудаар сэргээгдэх үндэслэл болсон байна.

ГАА ЗД нь Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Прокурорын газарт П.М-ийн гаргасан гомдлыг хянаад гаргасан 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолд: ...Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Х.Н-ийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай” тогтоолын дагуу Говь-Алтай аймаг дахь “ЭУ” ОНӨААТҮГ-ын дарга П.М-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол зэргийг үндэслэн “ГНЦУ” ОНӨААТҮГазрын даргын албан тушаалд П.М-ийг томилсон шийдвэр гаргаагүйгээрээ нэхэмжлэгч П.М-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

Ажилтныг ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл арилсан байхад урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаагүй байгаа нь эрх зүйн хувьд тухайн ажилтныг ажлаас халсантай адилтган үзэх үндэслэл болдог тул нэхэмжлэгч П.М-ийн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч П.М-ийн зөрчигдсөн эрх буюу ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх эрхийг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн урьд ажил эрхэлж байсан газар болох “ЭУ” ОНӨААТҮГ-ын нэрийг өөрчилж “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ болгосон нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай “... “ЭУ” ОНӨААТҮГ-ыг “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ болгон өөрчилсөн...” Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.М-ийг урьд эрхэлж байсан ажил болох “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.М-ийн 2016 оны 09, 10, 11, дүгээр саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 862.584+751.488+787.488=2.401.560 төгрөг байна. 2.401.560:3=800.520 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 800.520: 21.5 = 37.233 төгрөг байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт ажлын 806 хоногийн цалинг тооцож 30.009.798 төгрөгийг “ГНЦУ” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэхээр заасан, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын бичилтийг хийх үүрэг нь тухайн ажилтны ажиллаж байсан байгууллага буюу “ГНЦУ” ОНӨААТҮГазарт хамаарах тул нэхэмжлэгч П.М нь “ГНЦУ” ОНӨААТҮГазрын цалингийн сангаас цалин хөлсөө гаргуулах нь үндэслэлтэй байна.

Учир нь шүүх энэ шийдвэрээрээ ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож байгаа бөгөөд сэргээн тогтоохын агуулга нь урьд эдэлж байсан эрх, фактыг тухайн цаг хугацаанд нь нөхөн тогтоож байгаа явдал тул ажил эрхэлж цалин авч байсан байгууллагаас нь олговрыг гаргуулахаар тогтоодог. Нөгөө талаар аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч “ГНЦУ” ОНӨААТҮГазрын ажилтны цалин хөлсийг аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргуулах үндэслэлгүй, мөн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нь өөр байгууллагын ажилтны нийгмийн даатгалын тооцоог гүйцэтгэх /бичилт хийх/ эрхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.М-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “ГНЦУ” ОНӨААТҮГазарт үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “ГНЦУ” ОНӨААТҮГазраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 30.009.798 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307.999 төгрөг, нийт 378.199 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Олохнууд овогт П.М-ийг “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “ГНЦУ” ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30.009.798 /гучин сая есөн мянган долоон зуун ерөн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.М-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.М-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “ГНЦУ” ОНӨААТҮГазарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “ГНЦУ” ОНӨААТҮГазраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 30.009.798 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307.999 төгрөг, нийт 378.199 төгрөгийг гаргуулан улсын орлогод орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН