| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 184/2016/00630/И |
| Дугаар | 210/МА2018/00646 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2018/00646
У.Ц, В.У нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00063 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: У.Ц, В.У нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Жд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 18 500 000 төгрөгийг буцаан гаргуулах, хохиролд үнэлгээний компанийн ажлын хөлс 250 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 1300 000 төгрөг, нотариатын зардал 14 700 төгрөг, нийт 20 064 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч В.У, У.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнтийн зусланд өвлийн байшин бариулахаар М.Ж-тай тохиролцож 25 000 000 сая төгрөгт багтааж түлхүүр хүлээн авах нөхцөлтэйгээр хүлээн авахаар тохиролцсон. М.Ж гэрээ байгуулах шаардлагагүй зүгээр мөнгө төгрөгөө өгч авалцаад болно гэсэн. Ингээд 2016 оны 3 дугаар сарын З0-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаар бичиж мөнгөө өгсөн. Угтаа зээлийн гэрээ бус. ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 3 дугаар сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 05-ны өдөр 4 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 18-ны 8 000 000 төгрөг, 5 дугаар сарын 20-ний өдөр 500 000 төгрөг нийт 24 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Байшингийн гадна тохижилтын ажил хашаа, гүүр, сагсны талбай, шит, явган хүний замыг 5 000 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож, 5 дугаар сарын 25-ний өдөр 5 000 000 төгрөг өмнөх гэрээний үлдэгдэл 500 000 төгрөг нийт 5 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. М.Жд нийт 30 000 000 төгрөгийг өгсөн. Гэтэл анхны ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон 6 дугаар сарын 01-ний өдөр, дараа нь гадна тохижилтын 6 дугаар сарын 10-ний өдөр дуусгаж хүлээлгэн өгнө гэсэн хугацаа хэтэрч байшин дутуу хагас, гаднах ажлын хувьд хуучин хашааны талыг нурааснаас өөрөөр хийгдсэн зүйлгүй. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 7 дугаар сарын 10-ны өдөр гэхэд гэрээний дагуух зарим ажлаа дуусгаж өгөх, 5 000 000 төгрөгийг буцааж өгөх хэлцлийг хийсэн. М.Жы дутуу хагас хийсэн ажлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн. Ухаа шүрт консалтинг ХХК-ны үнэлгээгээр материал, ажлын хөлс зэргийг оруулан тооцоод 11 500 000 төгрөгийн ажил хийгдсэн гэж гарсан. Иймд М.Жаас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр авсан 25 000 000 төгрөгнөөс 11 500 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл 13 500 000 төгрөгийг, мөн гадна тохижилт хийнэ гэж 2016 оны 5 дугаар сарын 25-ний өдөр авсан 5 000 000 төгрөгийг аваад юу ч хийгээгүй тул 5 000 000 төгрөгийг нийт 18 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хохиролд үнэлгээний хөлс 250 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 1 300 000 төгрөг, нотариатын зардал 14 700 төгрөг гээд нийт 20 064 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан гэр, зуухыг буцааж өгнө гэжээ.
Хариуцагч М.Жаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчдийн захиалгаар 8x10 хэмжээтэй мансардтай амины сууцны ажлыг гүйцэтгэсэн. Өөрсдийнх нь хүссэнээр чанартай материалыг худалдан авч хэрэглэсэн, хувьдаа мөнгө авсан зүйлгүй. Харин ажил гүйцэтгэчхээд цаг хугацаа, хүч хөдөлмөрөөрөө хохирч байна. Ажлын гүйцэтгэл дууссан,нэхэмжлэгчийн өгсөн мөнгө нь материал худалдан авах, ажилласан хүмүүст хөлс өгөх, тээврийн болон бусад зардалд зарцуулагдаж дууссан. Ер нь 30 000 000 төгрөгөөр өвлийн байшин барихад бүрэн хүрэлцэхгүй. Цалин хөлсний төсвийг тусад нь өгөөгүй. Нэхэмжлэгч нар хариуцагчийн 4 ханатай монгол гэрийг авч явсан. Гэр дор хаяж 800 000 төгрөгийн үнэлгээтэй, 100 000 төгрөгийн зуухыг авсан. Нийт 900 000 төгрөг буюу 4 ханатай гэр, зуухыг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч 18 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ үнэлгээг нэхэмжилсэн. Гэтэл энэ үнэлгээнд байшин барихад шаардагдах наад захын зардлуудыг тусгаагүй. Тухайлбал шланк, төмөр, прусс мод, стинк, элс хөөс, хайрга, ус гэх мэт зүйлийг үнэлээгүй. Хэдхэн тооны үнэлгээ багатай зүйлийг бүгдийг үнэлсэн. Энэ үнэлгээнд эдгээр мөнгийг хэрхэн тооцож гаргаад байгаа нь байхгүй. Хэдэн палкийг яаж тооцоод 600 000 төгрөг болсон гэдэг нь байхгүй. Тааз 600 000 төгрөг гэж үнэлсэн байгаа. Ийм зүйл үнэлгээнд байхгүй. Таагаад бөглөөд хүснэгт хийгээд явчихсан мэт үнэлгээ харагдаж байна. Тус байшин барихад 03 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын сүүл хүртэл 5-7 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж,13 000 000 төгрөгийн бараа авсан баримтыг гаргаж өгсөн. Нийт 21 000 000 төгрөгийг зөвхөн бараа материалд зарцуулсан. Мөн дээр нь 6-7 хүний цалин хөлс гэж байгаа. Иймд м.кв-р тооцоход мансардтайгаа 160 м2 талбайтай байшин 45 000 000 төгрөгөөр барих боломжтой гэсэн төсөв гарсан. Барилгын явц 90 хувийн гүйцэтгэлд орсон. Замаск татаад, паркетан шал шахаад дуусах байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1, 352 дугаар зүйлийн 352.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Жаас 14.268.301 /арван дөрвөн сая хоёр зуун жаран найман мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.У, У.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5796.399 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Ж 4 ханатай гэр, зуух гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч В.У, У.Ц нар хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч В.У, У.Ц нарын 258.280 төгрөгийг, хариуцагч М.Жы 26.150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Жаас 229.291 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч В.У, У.Ц нараас тус бүр 13.075 төгрөг нийт 26.150 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.Ж нь ажлыг хугацаанд хийж гүйцэтгээгүй бус захиалагч талын мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйн улмаас барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, 90 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон. Өгсөн мөнгөн төлбөр нь уг орон сууцыг барьж дуусахад бүрэн хүрэлцэхгүй байсан. Мэргэжлийн төсөвчид болох Г.П, Д.М нараар төсөв гаргуулж угсралтын ажлын төсөв 43 234 795 төгрөг, заслын ажлын төсөв 22 977 839 төгрөг, гүйцэтгэлийн ажлын төсөв 34 751 902 төгрөг болсон талаар танилцуулсан. Захиалагчид үүргээ биелүүлэхээс татгалзаж барилгын ажил зогссон. Нийт 43 234 795 төгрөгний төсөвтэй сууцыг 30 000 000 төгрөгт багтаан 90 хувийн гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэсэн М.Жыг буруутгасан. Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс 8х10 хэмжээтэй амины орон сууцыг барихад худалдаж авсан бараа материалын 16 000 000 төгрөгний баримт, туслан гүйцэтгэгч П.Б үйлдсэн акт, гэрч н.Т мэдүүлэг, н.С-ын баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй. Шүүх төсөвчдийн мэдүүлгийн утгыг алдагдуулж түүвэрлэн авч дүгнэлт хийсэн. Төсөвчдийн үнэлгээний ямар үйлдэл нь барилгын тухай хуулийн ямар зүйл заалтад нийцээгүй талаар тодорхойгүй дүгнэлт хийгээгүй. М.Жаас хохирол нэрийдлээр 1 564 700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-с 21 566 400 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзэж үнэлсэн атлаа тооцоо гаргахдаа орон сууц барихад өгсөн гэх 25 000 000 төгрөгөөс 19 796 645 төгрөгийг хасаж 5 203 601 төгрөгний тооцоо гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг гаргасан, гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, талуудын мэтгэлцээн бүрэн явагдсан тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч У.Ц, В.У нар нь хариуцагч М.Жд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсний үлдэгдлийг болон хохиролд нийт 20 064 700 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. / хх-ийн 1,43 /
Зохигч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амины сууц бариулах ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, М.Ж нь нэхэмжлэгч нараас нийт 24 500 000 төгрөгийг хүлээн авсан, ажлыг 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцсон ч хугацаандаа дуусгаж чадаагүй, гэрээний хугацааг 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгаж, нэмж 5 500 000 төгрөгийг авсан ч бүрэн дуусгаж чадаагүй үйл баримт тогтоогджээ. / хх-ийн 12, /
Амины сууцны ажлын гүйцэтгэл 90 хувьтай байхад нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг цуцалсан байна.
Зохигчид гэрээг цуцлах болсон шалтгааны талаар маргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийг ноцтой зөрчиж хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол хариуцагч “ төсвийн хэмжээ нэмэгдсэн, захиалагчид мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй, гэрээ цуцлагдахад буруугүй” гэж маргасан. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч буюу гүйцэтгэгч нь 25 000 000 төгрөгт багтаан амины сууцыг барина гэж амлаж мөнгийг хүлээн авсан, сүүлд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гадна тохижилт хийж гүйцэтгэхээр 5 000 000 төгрөгийг хүлээн авахдаа ч төсвийн талаар дурдаагүй байна. / 1-р хх-ийн 12/
Талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээг цуцалж, 5 000 000 төгрөгийг М.Ж нь захиалагч нарт хүлээлгэн өгөхөөр, гадна тохижилтын 6 төрлийн ажлыг хийж гүйцэтгэхээр, биелүүлж чадахгүй тохиолдолд захиалагч тал хохиролд нийт 15 000 000 төгрөгийг, алдангийн хамт шаардахаар тохиролцжээ. / 1-р хх-ийн 12, 13 /
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Иймд ажил гүйцэтгэгч урьдчилан харах боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдсэн, захиалагчид энэ тухай нэн даруй мэдэгдсэн гэх байдлаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагч нь гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаах, хохирлыг төлөх үүрэгтэй юм.
Ажил гүйцэтгэгчийн ажлыг 90 хувьтай гүйцэтгэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар гаргасан тайлбарыг нэхэмжлэгч буюу захиалагч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар няцаасан тайлбар, нотлох баримтыг гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар ажлын гүйцэтгэлийг 90 хувьтай гэх тайлбарыг нэхэмжлэгч эсэргүүцээгүй гэж үзнэ.
Ажлын үр дүн буюу амины сууцны 90 хувийн гүйцэтгэл нь 21 566 400 төгрөг гэж үнэлгээчин тогтоосон,/хх-ийн 258/ уг үнэлгээнд материалын зардал, ажлын хөлс багтжээ. Иймд хариуцагчийн нийт хүлээн авсан 30 000 000 төгрөгөөс 21 566 400 төгрөгийг хасч, үлдэх 8 433 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан хохирол гэх ойлголтод хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, олох ёстой байсан орлого хамаарах юм. Иймд үнэлгээчний хөлс, өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал, ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөнөөс үндэслэлгүй нэхэмжилсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Анхан шатны шүүх нь тухайн маргааны шаардах эрхийн зохицуулалтад хамааралгүй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1, 352 дугаар зүйлийн 352.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдийг баримталсан байгааг хасах нь зүйтэй. Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн хэсгийг зохицуулсан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудад холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2018/00063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Жаас 8 433 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Ц, В.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 631 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтын “229 291” гэснийг “149 887” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч В.У, У.Ц нараас тус бүр 79 750 төгрөг, хариуцагч М.Жаас 115 500 төгрөгийг нөхөн гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД