Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 120/ШШ2022/0002

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Базаррагчаа,

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Хатанзориг нарын хоорондын төрийн хяналт шалгалт болон төрийн албаны тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Б.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч М.Хатанзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, мөн аймгийн Даланзадгад сумын Засаг дарга нарт холбогдуулан Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Сөрөг дүгнэлт-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн өдрийн дугаар Албан шаардлага-ууд, дугаар төлбөр барагдуулах тухай актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын дугаар захирамжаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын албан тушаалд томилогдсон байна. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын Хариуцлага тооцуулах тухай 2021 оны дугаар албан шаардлагаар Тамгын газрын төсвийн шууд захирагч болон холбогдох бусад эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах шаардлагыг ирүүлсэн. Албан шаардлагын биелэлтийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор Төрийн аудитын газарт ирүүлэхийг мөн даалгасан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар Төсвийн шууд захирагчийн хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан болно.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсэн заалтыг үндэслэн хариуцагчаас 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэн түүнд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж маргаан бүхий актыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дугаар Санхүүгийн тайлангийн аудитын Сөрөг дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох, мөн өдрийн дугаартай төлбөр барагдуулах тухай актыг эс зөвшөөрч 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандаж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр хариу хүргүүлэх тухай, мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг эс зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаж, хариуг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр ...шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд хандана уу гэж тус тус нэхэмжлэгч Ж.*******д ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Аудитын албан шаардлагад дурдагдсан санхүүгийн алдаа зөрчлүүд нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт үл хамаарах ажил гүйлгээнүүд буюу Даланзадгад сумын төсвийн төвлөрүүлэн захирагч Даланзадгад сумын Засаг даргад хамааралтай асуудлуудыг тусгасан ба уг алдаа зөрчлийг намайг гаргасан мэтээр буруутгасан нь хуульд нийцэхгүй юм.

Миний бие Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагчид хамаарах бөгөөд зөвхөн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар гэх байгууллагын төсвийн зарлагад нэгдүгээр гарын үсэг зурж, зарцуулдаг эрхтэй. Даланзадгад суманд хийгдэх хөрөнгө оруулалтын гүйлгээнүүд нь төсвийн төвлөрүүлэн захирагч буюу Даланзадгад сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Аудитын дүгнэлтэд тусгагдсан асуудлаас зөвхөн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт хамааралтай асуудлуудад миний бие хариуцлага хүлээх бөгөөд аудитын тайланд тусгагдсан зөрчлүүдийн маш бага хувь нь надад хамааралтай асуудал байх ба материаллаг алдааны түвшин нь тайланд Сөрөг дүгнэлт өгөх хэмжээнд байгаагүй.

Бодит зөрчлийн дүн үндсэндээ байхгүй. Бидний хувьд аудитын алдаа зөрчилтэй асуудлын бүртгэлийг асуудал нэг бүрээр тайлбарлаж, аудитын явцад залруулсан, зарим зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж бичгээр тайлбарласан атал хүлээн зөвшөөрсөн мэтээр 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн огноотой дугаар Сөрөг дүгнэлт гаргахдаа Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг зөрчиж гаргасан, аудитыг төлөвлөх болон гүйцэтгэх үе шатны материаллаг байдлын хувьд хувь хэмжээг нэг хувиар тогтоосныг үндэслэлгүйгээр 0.5 хувь болгон тогтоож, аудитын олон улсын стандартыг зөрчсөн нь Сөрөг дүгнэлт гаргах механик бололцоог бий болгоход чиглэгдсэн. Улмаар энэ Сөрөг дүгнэлтээр намайг албан үүрэгт ажлаас халахаар урьдчилан тохиролцсон байж болохуйц хууль бус шийдвэр байсан гэх үндэслэлүүдээр маргаж байна.

Мөн Ж.******* би 2017 оны 01 дүгээр сарын 13 өдрөөс Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Даланзадгад сумын Засаг дарга Х.ын дугаар захирамжаар ажлаас халагдсан. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг тусгасан байх ба энэхүү заалт нь хоёр албан тушаалтан хоорондын хэрхэн харилцах процессыг тусгасан заалт байх тул ажлаас халах үндэслэлд хамаарахгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тусгасан. Төрийн албаны тухай хуулийн 48.1-д "энэ хуулийн 37, 39 дүгээр заалтыг зөрчсөн бол анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг нь ноогдуулна гэж заасан.

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл заасныг зөрчсөн тохиолдол байхгүй бөгөөд ажил олгогчоос яг энэ асуудлаар эдгээр заалтыг зөрчсөн тохиолдлыг тогтоосон баримт байхгүй. Урд нь ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд энэхүү хуульд анх болон давтан үйлдсэнийг нь харгалзана гэж тодорхой заасан байхад шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Намайг ажлаас халах захирамж гаргах үед Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өглөө ажилдаа ирсний дараа 12.00 цагт Засаг дарга Х.ын 152 дугаар бүхий албан бичгийг надад танилцуулсан. Уг албан бичигт "...төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тул 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14.00 цагт Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхрын 202 тоотод ирж оролцохыг мэдэгдье гэж бичсэн байсан. Хэнд сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа нь тодорхойгүй. Энэхүү сонсох ажиллагаанд гэрчээр ч юм уу ямар нэгэн хэлбэрээр хамт байх шаардлага гарсан юм байна гэж ойлгосон. Мөн хэрвээ надад ногдуулах бол уг албан бичигт дурдсан хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэл ногдуулах юм байна гэж ойлголт авсан. Уг мэдэгдлийг аваад 13.00-14.00 цагийн хооронд байгууллагын цайны завсарлага байдаг тул 12.00 цагаас 14.00 цаг хүртэл надад ажлын 1 цагийн хугацаа байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасанчлан надад өөрийн буруугүйг нотлох, нотлох баримт цуглуулах, тайлбар гаргах боломж хугацаагаар хангагдаагүй.

Иймд би 14.00 цагт нотлох баримт бүрдүүлэх хугацаагаар хангаж өгөхийг хүсэхэд тус өдрийн 15.00 цагт намайг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан үндэслэлээр ажлаас халсан захирамжийг гаргаж, надад гардуулж өгсөн. Уг үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй буюу хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээд болох намайг тайлбар санал гаргах боломжит хугацаагаар хангаагүй гэж үзэж байна.

Сонсох ажиллагааны мэдэгдэлд хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар дурдаж мэдэгдсэн байж шийдвэр гаргах үедээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн 48.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах талаараа мэдэгдэл огт өгөөгүй, сонсох ажиллагаа огт явуулаагүй гэж үзэх бүрэн үндэстэй байна. Нөгөө талаас шийдвэр гаргахдаа албан хаагч намайг гэнэдүүлж төөрөгдүүлж хууль бус шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хууран мэхлэх үйлдэл гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Санхүүгийн тайлангийн аудитын Сөрөг дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох, мөн өдрийн , , , , ӨМА 94/А1670360, , дугаартай албан шаардлагууд, , ӨМА дугаартай төлбөр барагдуулах тухай актыг тус тус хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасны дагуу санхүүгийн тайланд гүйцэтгэлийн аудит хийсэн бөгөөд уг аудит нь аудитын төлөвлөлтийн аудит эсхүл төлөвлөгөөт бус аудит эсэх нь тодорхойгүй. Хэрэв дээрх аудитыг хийхээр бол Улсын Их Хурлын төсвийн байнгын хороо, эсхүл Монгол улсын ерөнхий аудиторт мэдэгдэж, зөвшөөрөл авч байж хийх ёстой байжээ.

Мөн аудитын дүгнэлт гаргахдаа Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасныг зөрчиж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх гэсэн заалтыг зөрчсөн. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагууд, төлбөр барагдуулах тухай акт, санхүүгийн тайлангийн аудит нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус болсон.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Санхүүгийн тайлангийн аудитын Сөрөг дүгнэлт нь үндэслэлгүй, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасан цаглаварт хугацааг зөрчсөн, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр заалтууд, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн.

Мөн автомашины шатахууны норм хэтрүүлэн зөрчилд шалгагчийн ирүүлсэн санал, тайлбар зэргийг харгалзаж үзээгүй. Сөрөг дүгнэлт гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч Ж.******* нь Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагчид хамаарах бөгөөд зөвхөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн зарлагад нэгдүгээр гарын үсэг зурдаг. Гэтэл хамааралгүй зүйлээр аудитын дүгнэлт түүнд холбогдуулан гаргасан байна.

Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11/1621 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт дурдахдаа Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын даргад Монгол улсын Ерөнхий аудиторын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар батлагдсан Аудитын чанарын баталгаажуулалтын журмын дагуу Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн Сөрөг дүгнэлт нь үндэслэлгүй, мөн санхүүгийн тайлангийн аудитыг дахин нягталж, бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэхийг үүрэг болгожээ. Тиймээс үндэслэлгүй гарсан байна.

Монгол улсын Ерөнхий аудиторын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар батлагдсан Аудитын чанарын баталгаажуулалтын журмын дагуу Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны аудит дээр дүгнэлт өгсөн Санхүүгийн тайланг нягталсан ажиллагаа хийгээгүй, үүнийг дахин шийдвэрлэж Ерөнхий аудитын газарт хүргүүлээгүй байна.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар Ж.*******г ажлаас халсан. Энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4-д заасныг бүхэлд нь зөрчсөн. Сонсох ажиллагаа явуулахдаа 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт сонсох ажиллагааны мэдэгдэл өгч, сонсох ажиллагааг мөн өдрийн 14 цаг хийсэн. Сонсох ажиллагаа хийхдээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан хариуцлага тооцох талаар дурдсан.

Гэтэл сонсох ажиллагаа 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасны дагуу явагдаагүй, мөн сонсох ажиллагааны уулзалтын тэмдэглэл хөтлөөгүй, Ж.*******гээр гарын зуруулаагүй, гарын үсэг зурахгүй гэсэн бол тайлбаргүй, тэмдэглэлд Ж.******* нь надад тайлбарлаагүй гэж хэлдэг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэснийг зөрчсөн бөгөөд уулзалтаар тайлбар гаргах хугацаа авах талаар саналыг хүлээн аваагүйгээ тусгаагүй байна.

Мөн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол түүний үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийн аль хэсгийг зөрчсөн талаар тусгайлан заагаагүй, дурдаагүй, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д заасан хэсгийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй, мөн хууль зөрчиж хийгдсэн Төрийн аудитын газрын Сөрөг дүгнэлтийг баримталсан нь үндэслэлгүй тушаал болсон.

Хэрвээ хариуцагч нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол уг зүйлийн үндэслэл болсон 48 дугаар зүйлийн 48.1-д заасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэх, мөн Монгол улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.6, 2.4.1 2.6, 2.7, 4.1, 5.1-д заасныг зөрчсөн.

Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухай албан хаагчаас бичгээр тайлбар авах, гарын үсэг зуруулах, гарын үсэг зурахгүй гэвэл бичгээр тайлбар авах, нэмэлт тайлбар гаргах, хүсэлт гаргах эрхээр хангах үүрэгтэй. Сонсох ажиллагаа хийх хурал дээр яг ямар зүйлээр буруутгаад байгаа, үүнтэй холбоотой нэмэлт ажиллагаа хийлгэе, сонсох ажиллагааг хойшлуулах тухай хүсэлтүүдийг тухай үед гаргасан.

Мөн хариуцагч талаас сахилгын зөрчил 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу ногдуулж байгаа бол түүний үндэслэл болсон 37, 39 дүгээр зүйлийн аль хэсгийг нь зөрчсөнийг танилцуулж, тушаал дээр үндэслэл болгох байсан. Энэхүү тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасныг зөрсөн.

Хариуцагч нь Ж.*******гийн ажил хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрлөх, төрийн алба хашихтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Засаг даргын ажлын өрөөнд хуулийн мэргэжилтэнг байлцуулан 3-лаа шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь уг асуудлыг шийдвэрлэхдээ Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/16 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.3-д заасны дагуу ажлын цаг ашиглалт, ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам, зэрэг асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтийг нь хурлын тэмдэглэлээр баталгаажуулан хэрэгжүүлэх гэж заасан. Засаг даргын алба сахилгын хариуцлагыг тогтоож шийдвэрлэх байтал үүнийг мөн зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Санхүүгийн тайлангийн аудитын Сөрөг дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 94\А1670360, 93\А1670360, 91\А1670360 дугаартай албан шаардлагууд, 17\а1670360 дугаартай төлбөр барагдуулах тухай актыг тус тус хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын засаг даргад холбогдуулан Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн Б\13 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн, дэвтэр бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...тухайн албан тушаалтанд хамааралтай, түүний эрх хэмжээгээ хэрэгжүүлэх хүрээнд гарсан зөрчил гэдэг нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Албан шаардлагын хариу хүргүүлэх тухай 330 дугаар албан бичгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Ж.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан. Түүний нэхэмжлэл нь урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар санхүүгийн тайлангийн аудитын Сөрөг дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, мөн өдрийн албан шаардлагууд, төлбөр барагдуулах тухай актыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх боловч аудитад хамрагдагч этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нотолж эрх бүхий албан тушаалтнаас итгэмжлэл аваагүй, түүнийг хавсаргаж ирүүлээгүй. Дээрх маргаан бүхий акттай холбоотойгоор шалгагдагч байгууллагаас гомдол, нэхэмжлэл гаргаагүй байхад Ж.******* нь иргэний хувиар нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 60 дугаар албан бичгээр ирүүлсэн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд аудит хийж, хуулийн цаглаварт хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дүгнэлтийг гаргасан.

Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд аудит хийж дуусган дүгнэлт гарсан талаар аудит хийсэн ахлах аудитор Ж.******* нь тус газрын нягтлан бодогч Ц.д 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсээр байхад хуулийн хугацаанд гарсан дүгнэлтээ ирж авалгүй 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирж авсан байдаг.

Энэ байдлаа манай байгууллагыг Аудитын дүгнэлт, албан шаардлагыг хугацаа хэтрүүлж гардуулсан гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн аудит хийх явцад гарсан алдаа, зөрчил бүрийг Асуудлын бүртгэл-ээр шалгагдагч байгууллагад холбогдох журмын дагуу танилцуулдаг. Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын асуудлын бүртгэлд тусгасан алдаа, зөрчил нь санхүүгийн гүйлгээний төлбөрийн хүсэлтэд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.******* нэгдүгээр гарын үсэг зурж, улмаар гүйлгээ хийгдсэн байдаг.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13, 18 дугаар зүйлд анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг байгууллагын удирдлага хүлээхээр тус тус зохицуулсан.

Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/08 дугаар тогтоолоор Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулах 2,229,715.2 мянган төгрөгийг баталсан. Үүний дагуу Даланзадгад суманд зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд шалгарсан компаниудтай захиалагч талыг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.******* гарын үсэг зурж, түүний гүйцэтгэлийг үндэслэн олгосон санхүүгийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Аудитаар 173,083.9 мянган төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс худалдан авах ажиллагаатай холбоотой 111,186.0 мянган төгрөгийн зөрчил байгаа нь нийт алдаа, зөрчлийн 64 хувийг эзэлж байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан Материаллаг алдааны түвшин нь тайланд сөрөг дүгнэлт өгөх хэмжээнд байгаагүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар нь санхүүгийн тайлангийн аудитын материаллаг байдлын түвшин тогтоох, шинэчлэх, баримтжуулах бодлого арга зүй, Аудитын дээд байгууллагын олон улсын стандарт 100, 200, 1320, 1450, Аудитын олон улсын стандарт 200, 320, 450-д заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн ажилладаг. Дээрх зохицуулалтын хүрээнд манай байгууллагын аудитор нь материаллаг байдлын түвшинг тооцон ажилласан нь холбогдох хууль, журамд нийцсэн.

Иймд Ж.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 106.3.14-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Ж.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан төсвийн шууд захирагч гэсэн албан тушаалын чиг үүрэг хэрэгжүүлж байсан. Аудитын байгууллагаас хийсэн аудитаар 7 зөрчил илэрсэн. Ж.******* болон нягтлан бодогч гэсэн хүмүүсийн ажлын чиг үүрэгтэй шууд хамааралтай. Авлага, өглөгтэй холбоотой зөрчил, 37 сая төгрөгтэй холбоотой зөрчил, зардалтай холбоотой, бүртгэлтэй холбоотой зөрчлүүд байна. Үүнээс мөнгөн дүнгээр 1.4 тэрбум төгрөгийн зөрчил байна. Үүн дээр худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил гаргасан. Барьцаа данс руу шилжүүлсэн хөрөнгөтэй холбоотой. Тулган баталгаажуулалт хийхэд худалдан авах ажиллагаатай холбоотойгоор барьцаанд 5 хувийн мөнгөн дүнг хуримтлуулах ёстой байдаг. Гэтэл тайланд ондоо зохион байгуулагдаагүй худалдан авах ажиллагааны үлдсэн мөнгийг барьцаа данс гэдэг рүү шилжүүлсэн. Төрийн албан хаагчийн хувьд Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд барьцаа барьцаа дансанд мөнгөө шилжүүлж өөр мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэхгүй байх хэрэгтэй. Үүнийг Ж.******* тухайн албан тушаалд ажиллаж байхдаа тайлбар, гомдлоо өгөөд бичгээр гаргаад явж байсан.

Коронавирус, хил гаальтай холбоотой энэ данс руу ингэж татаж авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг аудит зөрчил байна гэж үзсэн. Тухайн үед тухайн байгууллагын тэмдгээ дараад гарын үсэг зурсан. Мөн шилэн данстай, бараа материалтай холбоотой зөрчлүүд байна. Шилэн дансны тухай хуульд зааснаар тухайн мэдээллүүдийг байршуулах ёстой байдаг. Үүн дээр 5 сая төгрөгөөс дээш үнэ бүхий бараа, ажил үйлчилгээ худалдан авсан бол түүнийгээ шилэн дансны мэдээлэлдээ байршуулах ёстой байсан. Дээрх зөрчлүүдийг үндэслээд Сөрөг дүгнэлт өгөх үндэслэл бүрдээд Сөрөг дүгнэлт өгсөн.

Төрийн аудитын тухай хуульд зааснаар иргэн Ж.******* гэдэг хүнийг шалгаж аудит хийгээгүй, төрийн байгууллагын албан тушаалтантай холбоотой буюу төсвийн захирагчтай холбоотой төсвийн зарцуулалтыг зөв байна уу үгүй юу гэдгийг шалгаж үзэх хуулийн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага. Ж.******* урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэгтэй холбоотойгоор иргэний статус, байр суурьтай болсны дараагаар акт, Сөрөг дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Албан тушаалаас чөлөөлөгдсөн дараа Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Аудитын байгууллагын тавьсан албан шаардлагын мөрөөр холбогдох арга хэмжээг аваад хэрэгжилтийг Төрийн аудитын газарт тайлангаар буцааж ирүүлсэн. Улсын хэмжээгээр 2021 оны 07 дугаар сард А/87 дугаар тушаалаар хэлбэрийг баталж аудит хийх төлөвлөгөөг баталдаг. Түүний Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын хэлбэрт баталсны дагуу аудитыг хийж гүйцэтгэсэн. Ерөнхий аудиторын 2018 оны А/114 гэсэн журамдаа 0.2-2 хувиар тухайн материаллаг байдлын түвшингээ тогтооно гэж заасан байдаг. Үүнийг тогтоохоо тухайн аудитор өөрийнхөө үнэлэмжээр тогтооно гэсний дагуу 1 хувиар тогтоосон.

Зөрчлийн хэмжээ нь их байвал Сөрөг санал дүгнэлт өгнө. Зөрчлийн хэмжээ их гэдгийг гарсан материаллаг алдаа нь тархалт нь их байна уу, бага байна уу гэдгээс хамаараад зөрчлийн хэмжээг их бага гэдгийг аудитор өөрийн дүгнэлтээ гаргадаг. Гарсан алдаа зөрчил дээр шууд дүгнэлт гаргадаггүй, асуудлын бүртгэл буюу 501 гэсэн маягтаараа шалгагч байгууллагад танилцуулаад хариу санал тайлбарыг бичгээр аваад баталгаажуулж авдаг. Үүний дагуу 501 маягт дээрээ хариу тайлбараа ирүүлсэн. Үүн дээр шатахууны норм, нормативын зөвшөөрөөгүй гэж тайлбар ирүүлсэн байгаа боловч бид аудит хийхдээ нотлох баримт дээр үндэслэдэг. Хариу тайлбар дээрээ энэ автомашин бол эдэлгээний хугацаа дууссан гээд бичгээр ирүүлсэн байгаа болохоос яг үүнийг үндэслээд ард нь энэ машин хэдэн онд ашиглалтад орсон, норм дууссан ч гэдэг юм уу ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй учраас бид эцсийн шийдвэрийг норм, нормативыг хэтрүүлсэн нь үнэн байна гэж үзсэн.

Санал тайлбарыг авсны дараа хамгийн сүүлд шийдэл гаргаад дараагийн шат буюу аудитын менежер тэргүүлэх аудиторт танилцуулаад эцсийн шийдвэр нь Сөрөг дүгнэлтийг өгөх шийдвэрт хүрсэн гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Ж.*******д сахилгын шийтгэл ногдуулсан дугаар захирамж нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр болсон юм. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн. Шалгалтаар Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчсөн зөрчил илэрч, Сөрөг дүгнэлт авсан.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын Хариуцлага тооцуулах тухай 2021 оны 94/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЭ дугаар албан шаардлагаар Тамгын газрын төсвийн шууд захирагч болон холбогдох бусад эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах шаардлагыг ирүүлсэн. Албан шаардлагын биелэлтийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор Төрийн аудитын газарт ирүүлэхийг даалгасан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар төсвийн шууд захирагчийн хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэсэн заалтыг үндэслэн түүнд 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэн түүнд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.18-д заасан үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас дараах зөрчлүүдийг гаргасан байна. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын Зөрчил арилгах тухай 2021 оны дугаар албан шаардлагад тайлант онд 37,194.1 мянган төгрөгийн байгууллагаас авлага, байгууллагад төлөх өглөг үүсгэсэн, Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг сумын Засаг даргын шийдвэргүй байгуулан 4,000.0 мянган төгрөг зарцуулсан, газрын кадастрын зураг 2,000.0 мянган төгрөг, конторын засварын зураг төсөв 7,000.0 мянган төгрөгийг бүртгэлд тусгаагүй шууд зардлаар бүртгэсэн зөрчлийг гаргасан байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан заалтад нийцээгүй байсан.

Мөн дугаар төлбөр барагдуулах актаар холбогдох хууль, тушаалыг хэрэгжүүлэн ажиллахгүй дугаартай тээврийн хэрэгслийн нормыг 719,7 литр 1,101,089 төгрөг, 8898 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийн нормыг 83,7 литр буюу 128,018 төгрөг, нийт 1,229,107 төгрөгийг шатахууныг хэтрүүлэн зарцуулсан зөрчлийг гаргасан. Түүний хэтрүүлэн зарцуулсан төлбөрийг Төрийн сан банкин дахь дансанд төвлөрүүлэх үүргийг манай байгууллага хүлээсэн.

Зөрчил арилгах тухай дугаар албан шаардлагад дүгээр ангийн ажилчдын байрны гадна талбайн тохижилт, цайны газрын байрыг засварлах ажил, Даланзадгад сумын хэсгийн төлөөлөгчдийн орон сууцны барилгын гадна шугам сүлжээний засвар, шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангах, хотын цагны зураг төсвийн ажлуудыг гэрээнд барьцаа 5 хувь байршуулахаар байтал 34,280.9 мянган төгрөг, 76,897.0 мянган төгрөгийн гэрээний үнийн дүнтэй ажлуудын үлдэгдэл санхүүжилтийг барьцаа дансанд шилжүүлсэн зөрчлийг гаргасан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь заалтыг зөрчсөн байна.

Зөрчил арилгах тухай дугаар албан шаардлагад Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг тулган баталгаажуулахад 4 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн, 7, 11 дүгээр саруудад 3 орлогын гүйлгээ нийт 16,996.7 мянган төгрөг, 4,5,7,10,12 дугаар саруудад 8 зарлагын гүйлгээ нийт 282.712.6 мянган төгрөг, 5.0 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй шатахуун, бичиг хэрэг, халаалт, гэрэл цахилгааны зардлуудыг мэдээлээгүй зөрчлийг гаргасан.

Нэхэмжлэгч нь төсвийн шууд захирагчийн хуульд заасан эрх, үүрэг, төрийн албан хаагчийн хууль, тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй улмаас түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг хүлээлгэх үндэслэл болсон. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шаардлагад нэхэмжлэгч Ж.*******д хариуцлага тооцох тухай албан шаардлага ирүүлсэн тул түүнд ажлаас халсан сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Хариуцлага хүлээлгэхдээ Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулсан. Хариуцлага тооцох тухай албан шаардлагыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр түүнд цахимаар мэдэгдсэн, тухайн үед Тамгын газрын албан хаагчид цахим болон ээлжээр ажиллаж байсан. Нэхэмжлэгчтэй 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халах шаардлагатай болсон талаар түүнтэй биечлэн уулзаж, урьдчилан ярилцсан.

Ж.*******д ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх талаар сонсох ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр явуулсан. Сонсох ажиллагаанд шийтгэл хүлээлгэх үндэслэл, агуулга, шийдвэрийн үндэслэлийг түүнд танилцуулан түүнд тайлбар, санал гаргах боломжийг урьдчилан хангасан. Сонсох ажиллагааны явцад түүнээс тайлбар, санал байгаа эсэхийг тодруулан тэмдэглэлд тусгасан боловч ярих зүйл байхгүй, нэгэнт Төрийн аудитын газраас дүгнэлт ирсэн бол хэлж ярих зүйл байхгүй гэх хариултыг сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгасан болно.

Иймд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******: 2021 оны дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаас эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. 2020 онд Даланзадгад сумын Тамгын газрын санхүүгийн тайланд хийсэн эрх бүхий байгууллагын гаргасан Сөрөг дүгнэлт болон албан шаардлага, актад үндэслээд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааны дагуу мөн, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан эрхийн хүрээнд гаргасан акт байгаа. Тиймээс энэ актыг ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй байна гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын өмгөөлөгч М.Хатанзориг: ...Аудитын байгууллагад холбогдуулж гаргасан нэхэмжлэл дээр Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 буюу цаглаварт хугацааг зөрчсөн гээд байгаа. Энэ зөрчил нь аудитын байгууллагад хамааралтай биш. Энэ нь нэхэмжлэгчид албан тушаалаа эрхэлж байх хугацаанд нь төсвийн шууд захирагч дээд шатны албан тушаалтан гаргах хугацааны заалт юм. Энэ нь аудитын байгууллагыг 25-ны өдрийн дотор заавал гарга гэсэн заалт биш. Ажлаас халсан захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гаргасан. Захиргааны байгууллага нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг барьж гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 43-д өөрт олгогдсон эрхийг дурдана гэсэн байдаг. Өөрт олгогдсон эрхийн хүрээнд ажлаас халах тохиолдолд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг заавал тодорхойлох ёстой.

Нэхэмжлэгч нь өөрөө төрийн захиргааны байгууллагын албан хаагч. Энэ албан хаагч нь өөрөө ажлын байрны тодорхойлолт, мөн Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч. Хүлээн үүргээ зөрчсөнтэй холбоотой үйлдлийг Аудитын байгууллага тогтоохдоо Шилэн дансны тухай хуулийг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөн холбогдох хуулийг зөрчсөн тухай нэг бүрчлэн дурдаад өөрт нь танилцуулсан, зөвшөөрсөн. Албан тушаалаа эрхэлж байх хугацаандаа 501 маягт дээр ерөнхий нягтлангийн хамтаар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Дараа нь 03 дугаар сарын 09-ний өдөр сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаа явуулахаас өмнө 03 дугаар сарын 04-ний өдөр өөрөө акт, албан шаардлагуудтайгаа танилцсан байдаг.

Акттай холбоотой санал тайлбар гаргах боломж нь өөрт нь олгогдсон байсан. Гэтэл 03 дугаар сарын 09-ний өдрийн сонсох ажиллагаа дээр нэгэнт Аудитын байгууллага акт гаргасан бол надад тайлбар, санал байхгүй гэж байгаа юм. Ж.******* гэдэг хувь хүн биш, Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий хүн нь өөрөө Тамгын газрын санхүүгийн шалгалт хийсэн дээр надад санал, тайлбар байхгүй гээд хүлээн зөвшөөрч байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан шиг 37 дугаар зүйлийн аль заалтыг зөрчсөн бэ гэдгийг тусгайлан заагаагүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй юм. Учир нь захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хангаад бодит нөхцөлдөө таарсан, үндэслэл бүхий болсон. Сонсох ажиллагаа хийхэд эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломжийг олгоно гэж байгаа. Энэхүү боломжийг нь олгоод өөрт нь сонсох ажиллагаа хийсэн, сонсох ажиллагаа хууль ёсны болсон. Гарын үсэг зураагүй нь үнэн. Нэгэнт гарын үсэг зураагүй тохиолдолд хүчээр гарын үсэг зуруулах боломжгүй.

Сонсох ажиллагааны гол зорилго нь тухайн шийдвэр гаргахаас өмнө тайлбар, саналыг нь авч байгаа юм. Аудитын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д аудитын байгууллага сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг бусад хууль журмаар зохицуулахгүй. Нэгэнт эрх бүхий байгууллага шийтгэл ногдуулах үндэслэл бий болсон, шийтгэл ногдуул гэсэн байхад Төрийн албаны зөвлөлийн баталсан журмыг барихгүй. Ялангуяа хөдөлмөрийн дотоод журмыг барихгүй. Шууд энэ үүргийг биелүүлэхийг хуулиараа захиргааны байгууллагад олгосон.

Төрийн албаны зөвлөлийн хамтарсан тушаалын 1.6, 2.4, 2.6, 2.7, 4.1, 5.1-г зөрчсөн гээд байна, үүнийг хэрэгжүүлэх боломжгүй. 1.6-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэж заасан. Энэ хуулиар эрх олгогдсон байгууллага нь мэдэгдсэн байгаа. Энэ журмын зохицуулах харилцаа нь гомдол гаргасан эсхүл ба римтыг ирүүлсэн тохиолдолд шалгалтыг зохион байгуулдаг. Холбогдох баримтыг илрүүлсэн тохиолдолд шалгалт явуулна. Ингээд цаашид журмын дагуу шалгадаг. Энэ журам энд хэрэгжихгүй. Учир нь хуулиар эрх олгогдсон хяналтын чиг үүрэгтэй байгууллагын бүрэн эрхэд тогтоогоод түүнийг сахилгын шийтгэл ногдуулахад бусад журмыг хэрэглэхгүй гэсэн байгаа. Засаг даргын Тамгын газраас албан тушаалтнуудаа томилоод, хянан шалгагч томилоод Аудитын байгууллагын үндэслэлийг дахиад шалгах эрх байхгүй. Мэргэжлийн байгууллага нь шалгасан байгаа тул. Энэ журам үйлчлэхгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Мөн байгууллагын журмыг үндэслэхгүй. Аудитын дүгнэлтийг биелүүлэх, үндэслэх л ёстой. Тиймээс дугаар маргаан бүхий захиргааны акт бол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******гээс гаргасан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр,

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Сөрөг дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох, мөн өдрийн дугаартай албан шаардлагууд, дугаартай төлбөр барагдуулах тухай актыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон бөгөөд шүүх нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч тус тус захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 120/ШЗ2021/0082 дугаар захирамжаар захиргааны хэргүүдийг нэгтгэжээ.[1]

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлд хавсаргасан Үндэсний Аудитын газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/1519 дугаартай албан бичиг (Ж.*******гээс 2021.05.18-ны өдөр гаргасан гомдолд хариу хүргүүлэх)-ийг хүргүүлсэн дугтуйн[2] дээр дарагдсан Монгол шуудан ХК-ийн дардас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр-ны огноог үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байсан тул 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд шүүхээс хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулахдаа өмнө нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан (2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр) нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан материалын хамт танилцуулж байсан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[3] ба шүүх хуралдаан дээр Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Сөрөг дүгнэлт-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар мөн өдрийн дугаар Албан шаардлага-ууд, дугаар төлбөр барагдуулах тухай актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох гэж сүүлийн байдлаар тодруулан тодорхойлсон ба шүүх энэ шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтын талаар: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 13ы өдрийн б/16 дугаар захирамжаар Ж.*******г мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлан , төсвийн гүйцэтгэлд мөн аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Цэрэнбаяр, аудитын менежер Т.Хонгорзул, ахлах аудитор Ж.******* нарын бүрэлдэхүүнтэй аудит хийж, тус аудитын шалгалтын үр дүнд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газар 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгах тухай, Хариуцлага тооцуулах тухай дугаартай албан шаардлагууд, дугаартай Төлбөр барагдуулах тухай акт, дугаартай сөрөг дүгнэлт-ийг гаргасан.

Улмаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар дээрх Хариуцлага тооцуулах тухай дугаартай албан шаардлагыг нэг үндэслэл болгож, нэхэмжлэгчийг сөрөг дүгнэлт авсан гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. Эдгээр маргаан бүхий акт, дүгнэлт, албан шаардлагууд нь биелэгдэж хэрэгжсэн болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож[4] байна.

Дээрх албан шаардлага, сөрөг дүгнэлтийг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байх тул нэхэмжлэгч төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж зааснаар өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас миний эрхэлж байсан ажлын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг ганц надад хамаатуулж албан шаардлага, акт, сөрөг дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, эдгээрийг үндэслэн ажлаас халсан нь миний төрийн алба хаах хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, сумын Засаг дарга ажлаас халах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй, мөн тайланг хуульд заасан хугацаанд дээд шатны албан тушаалтанд хүргүүлээгүй, хууль бус гэх,

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төсвийн байгууллагад аудит хийж тухайн байгууллагад албан шаардлага, акт, сөрөг дүгнэлт өгсөн, Даланзадгад сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ж.******* нь тухайн байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй, актуудыг гаргахдаа хууль, журам зөрчөөгүй, уг актуудыг тухайн байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч төлбөрөө төлсөн, алдаа, зөрчлөө засч, цаашид алдаа, зөрчил гаргахгүй ажиллахаа илэрхийлж хариуг ирүүлсэн учир эдгээр захиргааны актууд биелэгдсэн гэх,

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад нэхэмжлэлийг хүлээн авсан, нэхэмжлэгч Даланзадгад сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, түүнд сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтаас албан шаардлага ирүүлсэн тул төрийн албанд ажиллах боломжгүй гэж үзэж Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хууль буюу Төрийн албаны тухай хуулийн дагуу батлагдсан журам үйлчлэхгүй, сонсох ажиллагаа явуулсан, хууль, журам зөрчөөгүй гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан, дээрх маргаан бүхий акт, албан шаардлагаар оногдуулсан үнийн дүн, алдаа, зөрчлийн талаар нэг бүрчлэн дурьдаж тухайлан маргаагүй.

1. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Албан шаардлага-ууд, дугаар төлбөр барагдуулах тухай актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1.1. Дээрх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгах тухай дугаартай албан шаардлагаар[5] Барьцаа дансанд шилжүүлсэн хөрөнгийг тулган баталгаажуулахад 0131 дүгээр ангийн ажилчдын байрны гадна талбайн тохижилт, цайны газрын байрыг засварлах ажил, Даланзадгад сумын хэсгийн төлөөлөгчдийн орон сууцны барилгын гадна шугам сүлжээний засвар, шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангах, хотын цагны зураг төсвийн ажлуудын гэрээнд барьцаа 5 хувь байршуулахаар заасан байтал нийт 34,280.9 мянган төгрөгийг, мөн Даланзадгад сумын хэсгийн төлөөлөгчдийн орон сууцны барилгын гадна шугам сүлжээний засвар, шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангах 76,897.0 мянган төгрөгийн гэрээний дүнтэй ажлуудын үлдэгдэл санхүүжилтийг барьцаа дансанд шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6, Засгийн газрын 2012 оны 205 дугаар тогтоол "Төрийн сангийн төлбөр тооцооны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т "Төсвийн байгууллагын хөрөнгө оруулалт, барьцаа, техник хяналтын данс", 7 дугаар зүйлийн 7.11.6-д "барьцаа хөрөнгийн зориулалтаар орж ирсэн орлогыг тухайн мөнгө тушаасан байгууллага, иргэнд шилжүүлэх" гэж заасныг зөрчсөн гэж үзэж Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх хууль, журмын заалтуудыг хэрэгжүүлэн зөрчлийг арилгаж, биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны дотор Төрийн аудитын газарт нотлох баримтын хамт ирүүлэх, цаашид алдаа зөрчлийг давтан гаргахгүй, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын дарга (Ж.*******), ерөнхий нягтлан бодогч (Ц.) нарт даалгаж шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д "Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно", Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн сангийн үйл ажиллагааны журам"-ын 4 дэх хэсгийн 4.2-т Төсвийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран Төрийн санд дараах төрлийн данстай байж болно гээд 4.2.3-т "төсвийн байгууллагын хөрөнгө оруулалт, барьцаа, техник хяналтын данс", 7 дахь хэсгийн 7.11-д Тухайн байгууллагын данснаас дараах тохиолдолд орлого бууруулах гүйлгээ хийхийг зөвшөөрнө, 7.11.6-д "барьцаа хөрөнгийн зориулалтаар орж ирсэн орлогыг тухайн мөнгө тушаасан байгууллага, иргэнд шилжүүлэх" гэж заажээ.

Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар (цаашид сумын ЗДТГ гэх)-аас 2020 оны орон нутгийн төсвийн зардлаар 90,199,257.00 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг Говийн Очир Огтлогч ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хилийн 131 дүгээр ангийн ажилчдын байрны гадна талбайн тохижилт, цайны газрын байрыг засварлах дугаартай, мөн 110,951,985.00 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг Эрчим өргөө ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Даланзадгад сумын хэсгийн төлөөлөгчдийн орон сууцны барилгын гадна шугам сүлжээний засвар, шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангах багц-1 ажлыг гүйцэтгэх ******* дугаартай, мөн 76,879,000.00 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг Сүү хүнгий ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Даланзадгад сумын хэсгийн төлөөлөгчдийн орон сууцны барилгын гадна шугам сүлжээний засвар, шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинаар хангах ******* ажлыг гүйцэтгэх ******* дугаартай гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдийн ерөнхий зүйл хэсгийн 9-д Барьцаа хөрөнгийн дүн 5 хувь байна гэж заасан атлаа дээрх гэрээнүүдэд заасан ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг харгалзан үзэлгүйгээр гэрээний дүнтэй ажлуудын үлдэгдэл санхүүжилтийг барьцаа данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн цар тахлын улмаас үүссэн хүнд нөхцөлд жилийн эцэс болж мөнгө татагдах гээд байсан учраас барьцаа дансанд төвлөрүүлж авч үлдэхээс өөр аргагүй байсан гэх тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогдож байх тул дээрх хууль, журам болон Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.2.6-д заасныг зөрчсөн байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна, 46 дугаар зүйлийн 46.2-т захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер энэ хуулийн 46.1-д заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна гээд 16.4.15-д ...сумын Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 18 дугаар зүйлийн 18.1-т Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэж тус тус зохицуулсныг дээрх үйл баримттай харьцуулан үзвэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд захиалагчийн эрх үүргийг хэрэгжүүлэхээр, мөн дээрх гэрээнүүдэд захиалагч хувьд, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх дээр байгууллагын удирдлагын хувьд зөвшөөрч нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгчийн ...албан шаардлагад дурьдсан алдаа зөрчлүүд нь сумын ЗДТГ-ын төсөвт үл хамаарах ажил гүйлгээнүүд буюу сумын Засаг даргад хамааралтай асуудлыг тусгасан, уг алдаа зөрчлийг намайг гаргасан мэтээр буруутгасан нь хуульд нийцэхгүй... гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй.

1.2. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгах тухай ӨМА- дугаартай албан шаардлагаар[7] Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг тулган баталгаажуулахад 4 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн, 7, 11 дүгээр саруудад 3 орлогын гүйлгээ нийт 16,996.7 мянган төгрөг, 4, 5, 7, 10, 12 дугаар саруудад 8 зарлагын гүйлгээ нийт 282,712.6 мянган төгрөг, 5.0 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй шатахуун, бичиг хэрэг, халаалт, гэрэл цахилгааны зардлуудыг мэдээлээгүй, мөн тайлант онд гарсан хагас бүтэн жилийн өмчийн тооллогын тушаалыг тухай бүрд нь мэдээлээгүй, 5, 10, 12, дугаар саруудад 4 орлогын гүйлгээ нийт 42,896.1 мянган төгрөг, 9, 10, 11, 12 дугаар саруудад 6 зарлагын нийт 35,497.9 мянган төгрөг, 26,779.4 мянган төгрөгийн хоол хүнс, 43,978.8 мянган төгрөгийн үдийн цайны материалд тендер зохион байгуулж зарцуулсан байтал уг зардлуудыг мэдээлээгүй нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4, 6.4.5-д заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх хууль, журмын заалтуудыг хэрэгжүүлэн зөрчлийг арилгаж, биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны дотор Төрийн аудитын газарт нотлох баримтын хамт ирүүлэх, цаашид алдаа зөрчлийг давтан гаргахгүй, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын дарга /Ж.*******/, ерөнхий нягтлан бодогч /Ц./ нарт даалгасан байна. Энэ албан шаардлагад дурьдсан зөрчлүүд /хугацаа хоцроосон, оруулаагүй гэх мэдээлэл/-ийн талаар шүүх хуралдаан дээр талууд маргаагүй болно.

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д "Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ гээд 6.4.4-д "таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр хаяг", 6.4.5-д "цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийг дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ тус бүрээр гүйлгээ, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр", 7 дугаар зүйлийн 7.1-д Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ гээд 7.1.3-д тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан гэж зааснаас үзвэл Даланзадгад сумын ЗДТГазар /гарын үсэг зурж гүйлгээ хийсэн эрх бүхий албан тушаалтан/-аас цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авсан бараа, ажил үйлчилгээ, орлого, зарлагын мөнгөн гүйлгээ зэрэг холбогдох мэдээллүүдийг шилэн дансанд 7 хоногийн дотор мэдээлж байхаар зохицуулжээ.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 510 тоот албан бичгээр ирүүлсэн Даланзадгад сумын ЗДТГазрын 2020 оны санхүүгийн тайланд аудит хийсэн архивын баримт /боть-2/-д авагдсан баримтууд[8] Залруулаагүй буюу илэрхийлэл буруу алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл /В501/-ийн 7-д тэмдэглэгдсэн аудит хийлгэсэн байгууллагаас өгсөн тайлбар,[9] гэрч Ц.гийн ...шилэн дансны олон янзын мэдээллүүдийг сар сард нь би оруулдаг, Аудитаас өгсөн шаардлага өссөн дүнгээр мэдээлэх, энэ албан шаардлагыг зөвшөөрөөд одоо өссөн дүнгээр мэдээлж байгаа, хүлээлгэж өгсөн акт, албан шаардлагууд дээр дурьдсан зүйлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд биелүүлэхийг нь биелүүлж, залруулсан, хамгийн сүүлд Сүү хүнгий ХХК-д 76,978,600.00 төгрөгийг өнөөдөр шилжүүлсэн, ингээд дууссан гэх мэдүүлэг,[10] шүүхийн үзлэгийн тэмдэглэл,[11] хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Даланзадгад сумын ЗДТГазрын нягтлан бодогч албан шаардлагад дурьдсан мэдээллүүдийг хууль, журамд заасан хугацаанд нь зохих ёсоор мэдээлээгүй, хугацаа хоцроож мэдээлэл оруулсан, шалгагдагч байгууллагын зүгээс уг зөрчлийг хүлээн зөвшөөрч санал, тайлбараа өгсөн болох нь тогтоогдохын зэрэгцээ Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.3-д заасан үүргээ тухайн байгууллагын дарга хэрэгжүүлээгүй байна. Иймээс хариуцагчийн энэ шийдвэр хуульд нийцсэн байна гэж үзлээ.

1.3. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хариуцлага тооцуулах тухай 94/А1670360 ӨМА- дугаартай албан шаардлагаар[12] ...Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар Сөрөг дүгнэлт авсан Тамгын газрын төсвийн шууд захирагч болон холбогдох бусад эрх бүхий албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулах, мөн албан шаардлагын биелэлтийг нотлох баримтын хамт 2021 оны 03 дугаар сарын 20-ны дотор Төрийн аудитын газарт ирүүлэх-ийг хариуцагчид даалгажээ.

Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө, 42 дугаар зүйлийн 42.1-д Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, ...санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан... бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно, 42.3-д Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ гэж заасан хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Аудитын газар нь Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт өгөгдсөн гэж үзэж тухай шалгагдагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу Даланзадгад сумын Засаг даргад мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Албан шаардлага өгөхөд дараах нийтлэг үндэслэлийг харгалзана, 4.2.2-т Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд "Сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлнэ гэснээр энэ маргаан бүхий актыг хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцсэн, энэ актын улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд зөрчигдөхгүй гэж үзлээ.

Хэдийгээр уг албан шаардлага сумын Засаг даргад төсвийн шууд захирагч болон холбогдох бусад эрх бүхий албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулахыг даалгах агуулгатай мэт боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүй, зөвлөсөн шинжтэй акт байна.

Нэхэмжлэгчээс энэ албан шаардлагыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэх агуулгаар тайлбарлан маргасан боловч уг албан шаардлагаар нэхэмжлэгчид үүрэг бий болгоогүй, түүнийг төрийн алба хаах эрхийг хязгаарлаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

1.4. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Төлбөр барагдуулах тухай актаар[13] жолоочийн тооцоог тулган баталгаажуулахад дугаартай Ланд-200 маркийн автомашины нормыг 719.7 литр буюу 1,101,089 төгрөг, дугаартай Grandeur маркийн автомашины нормыг 83.7 литр буюу 128,018.00 төгрөг нийт 1,229,107.00 төгрөгийн шатахууныг хэтрүүлэн зарцуулсан нь 12-т Бараа материал", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т "үнэн зөв байх, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дүгээр тушаалаар батлагдсан "Жишиг норм батлах тухай"-ын Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм-ыг 1 дүгээр хавсралтыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж үзэж хэтрүүлэн зарцуулсан шатахууны 1,229,107.00 төгрөгийг Өмнөговь аймгийн Төрийн сан банкин дахь /Хүү торгуулийн орлого/ ******* тоот дансанд төвлөрүүлэх, Актын биелэлтийг нотлох баримтын хамт 2021 оны 05 дугаар сарын 25-ны дотор Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын дарга (Ж.*******), ахлах нягтлан бодогч (Ц.) нарт хариуцуулж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс ...шатахууны үнийг тооцохдоо Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ны өдрийн А/1221 дугаартай Шатахуун зарцуулах үндсэн нормыг нэмэгдүүлж тооцох тухай захирамжаар тогтоосон нормыг хэтрүүлээгүй... гэж,

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын зүгээс ...Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалаар баталсан Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг нормыг хэрэгжүүлж ажиллаагүй, алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэлийг танилцуулахад шалгагдагч байгууллагаас шатахуунтай холбоотой тайлбараа ирүүлсэн боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй, ирүүлсэн бол харгалзаж үзэх боломжтой... гэж маргасан.

Үндэсний аудитын газрын 2021 оны 11/1621 тоот, Өмнөговь аймаг дахь Аудитын газрын 2021 оны 442, 502 тоот албан бичгүүдээс үзэхэд Үндэсний аудитын газраас Ж.*******гийн гомдолд тусгагдсан аудитын холбогдох ажлын баримтуудыг үндэслэж чанарын баталгаажуулалт хийж зөвлөмж хүргүүлсэн байхад хариуцагч Аудитын газраас Даланзадгад сумын ЗДТГ-ын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитыг дахин нягталж маргаан бүхий актад дурьдсан автомашины шатахууны тооцоог Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын үндсэн нормыг тооцоолох аргачлал, зөвлөмж, жишээ, аймгийн Засаг даргын 2020 оны А/1221 дугаартай захирамжаар тогтоосон норм, шалгагдагчийн ирүүлсэн санал, тайлбар зэргийг харгалзан аудиторын шийдлийг гаргаагүй, шалгагдагч байгууллагын зүгээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу тухайн байгууллагын автомашинд зарцуулах шатахуун зарцуулалтын нормыг тогтоосон шийдвэр гаргаагүй, Даланзадгад сумын ЗДТГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Автомашины шатахуун зарцуулалтын үндсэн норм-ыг баталсан байхын зэрэгцээ төлбөр барагдуулах актыг хүлээн зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэтрүүлж зарцуулсан шатахууны 1,229,107.00 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг үйл баримт тогтоогдож[14] байна. Үүнтэй талууд маргаагүй.

Иймээс дээрх журмын дагуу тухайн байгууллагын автомашинд зарцуулах шатахуун зарцуулалтын нормыг тогтоосон шийдвэр гаргаагүй, Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үүргээ хэрэгжүүлж шатахуун зарцуулалт тооцохтой холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасан ...шаардагдах аливаа мэдээлэл, баримт бичгийг шалгагдагч этгээдээс болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас гаргуулах, авах... эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутган нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч талаас аудит хийсэн санхүүгийн тайланг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасан хугацаанд буюу 02 дугаар сарын 25-ны дотор дээд шатны төсвийн захирагчид хүргүүлээгүй гэх агуулгаар тайлбарлан маргах ба хэрэгт авагдсан гэрчийн Аудитын газраас тайлангаа 2021 оны 02 дугаар сарын 26-ны үед аудитор *******гаар гарын үсэг зуруулж аваад дараа нь Өмчийн газар, Төрийн сан зэрэг газруудад өгсөн гэсэн мэдүүлгээс үзвэл[15] хариуцагч Даланзадгад сумын ЗДТГ-ын 2020 оны санхүүгийн тайланг хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлэн шалгагдагч байгууллагад хүргүүлсэн байгаа нь буруутай боловч хуульд хугацаа, дээд шатны төсвийн захирагчид тайланг хүргүүлээгүйгээс нэхэмжлэгчид ямар үр дагавар учирсан талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул маргаан бүхий актуудад дурьдсан алдаа, зөрчлийг үгүйсгэх, эсхүл зөвтгөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагааны алдаа гаргасан байх боловч энэ нь бий болсон бодит нөхцөл байдлыг үгүйсгэхгүй тул хэргийн үйл баримт, актын хууль зүйн үндэслэлийг харьцуулж үзээд энэ нь зөрчлийн дагуу акт үйлдсэн хариуцагчийн үйлдлийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Сөрөг дүгнэлт-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх, 8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу ...төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийнэ, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх гэж тус тус заасны дагуу Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд аудит хийж, Санхүүгийн тайлант жилд авлага, өглөг үүсгэсэн, Барьцаа данс-д 5 хувиас илүү мөнгөн дүнг шилжүүлсэн нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон УСНББОУС-1, "Санхүүгийн тайлангийн толилуулга" стандарттай нийцэхгүй, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, тохиолдсон байх, үнэлгээ, эрх ба үүрэг, толилуулга ба тодруулга гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй гэж дүгнэсэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар сөрөг дүгнэлт-ийг[16] шалгагдагч байгууллага болох Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт 2021 оны 03 сарын 09-ний өдөр хүргүүлжээ.[17]

Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална, 20 дугаар зүйлийн 20.1-д Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана, Аудитын Олон улсын стандарт 705-ын 2-т Энэ АОУС-д хязгаарлалттай дүгнэлт, сөрөг дүгнэлт, татгалзсан дүгнэлт гэж нэрлэсэн гурван төрлийг тодорхойлсон гэснээр үзвэл хариуцагч нь дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хэрэгжүүлэхдээ төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримталж, холбогдох хууль, журамд үндэслэн сөрөг дүгнэлт гаргахаар байна.

Нэхэмжлэгч талаас сөрөг дүгнэлтэд дурьдагдсан (авлага, өглөг үүсгэсэн, Барьцаа данс-д 5 хувиас илүү мөнгөн дүнг шилжүүлсэн, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, тохиолдсон байх, үнэлгээ, эрх ба үүрэг, толилуулга ба тодруулга гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй зэрэг) аудитын гол асуудлуудын талаар болон уг сөрөг дүгнэлт хууль болон эрхийг нь хэрхэн яаж зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж маргаагүй, харин уг сөрөг дүгнэлт ажлаас халах үндэслэл болсон талаар тайлбарлан маргасан болно.

Хариуцагч захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтнаас сөрөг дүгнэлт үйлдэн өгөх эрхтэй хэдий ч уг сөрөг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нэхэмжлэгч (хувь хүнийх нь хувьд)-д чиглээгүй, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шинжийг агуулаагүй, мөн үүрэг бий болгоогүй, түүний эрхийг хязгаарлаагүй бөгөөд энэ сөрөг дүгнэлтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн яаж хөндөгдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар Сөрөг дүгнэлтэд дурьдсан алдаа, зөрчлүүдэд дүгнэлт үйлдэж, мөн өдрийн Хариуцлага тооцуулах тухай 94/А1670360 ӨМА- дугаартай Албан шаардлагад ...Сөрөг дүгнэлт авсан Тамгын газрын төсвийн шууд захирагч болон холбогдох бусад эрх бүхий албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулах, мөн албан шаардлагын биелэлтийг нотлох баримтын хамт 2021 оны 03 дугаар сарын 20-ны дотор Төрийн аудитын газарт ирүүлэх-ийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагч Даланзадгад сумын Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар[18] мөн аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 247 тоот албан бичгээр хүргүүлсэн мөн өдрийн Хариуцлага тооцуулах тухай 94/А1670360 ӨМА- дугаар Албан шаардлагыг үндэслэн ...Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар хуулиуд зөрчиж Сөрөг дүгнэлт авсан... гэж үзэж Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.*******г Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Ж.*******г Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хууль тогтоомжид заасан бусад үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас эдгээр зөрчлүүдийг гаргасан учир түүнд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон талаар тайлбарлан маргах боловч маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.8 дахь заалтуудыг үндэслэл болгоогүй, шүүх хуралдаанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий актын энэ үндэслэлээ нотлоогүй, шалгаж тогтоосон байдал тогтоогдохгүй байснаас үзвэл захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Дээрх албан шаардлагууд, сөрөг дүгнэлт зэрэгт дурьдсан алдаа, зөрчлүүдийг гаргасан буруутай байх ба үүнд эрх бүхий бусад албан тушаалтан (мөн нягтлан бодогч)-д ч хамаатай байхад зөвхөн төсвийн шууд захирагч, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.*******г шууд буруутган сахилгын шийтгэл ногдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Мөн нэхэмжлэгч нь Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын аль заалтыг хэдийд хэрхэн яаж зөрчсөн, энэ нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа Ж.*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасантай нийцээгүй байна.

Тухайн тохиолдолд Сөрөг дүгнэлт авсан нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх зайлшгүй нөхцөл болохгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан бусад сахилгын шийтгэлийн аль нэгийг сонгон ногдуулах боломжтой байсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас сумын Засаг дарга ажлаас халах үндэслэлийг шалгаж тогтоогоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй гэж, хариуцагчийн өмгөөлөгчөөс Төрийн аудитын тухай хуулийн 42.4-д сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй гэж тодорхой заасан учраас тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хуулийн дагуу батлагдсан сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам болон байгууллагын дотоод журам үйлчлэхгүй гэж тайлбарлан маргасан.

Маргаан бүхий захиргааны акт нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр болохын хувьд Төрийн албаны тухай хуульд заасан хэм хэмжээнд нийцсэн байх, мөн захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны шийдвэр болохын хувьд түүнийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагуудаас хамаарч уг актыг хуульд нийцсэн, алдаагүй захиргааны актын шинжийг хангасан гэж үзнэ.

Төрийн албан тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал, уг албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж, төрөөс цалин хөлс авч байсан Ж.******* нь төрийн жинхэнэ албан хаагч тул тус хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа түүнд нэгэн адил хамаарч, эрх бүхий албан тушаалтнаас хөдөлмөрлөх эрхэд нь халдсан аливаа шийдвэр гаргахад энэ хуулийг баримтална.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, ...шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна, 48.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийн үндэслэлийг шалгах, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой аливаа харилцаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам үйлчилнэ.

Тус журмын 2.1-т Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримт бичгийг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно, 2.2-т ...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно, 2.3-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна гэж тус тус зохицуулсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийг шалгах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтны зүгээс дээрх журамд заасны дагуу Ж.*******гийн сахилгын зөрчлийг шалган тогтоох үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д Тамгын газрын даргыг ...Засаг дарга томилно гэж заасан бөгөөд Даланзадгад сумын Засаг дарга нь мөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, зөрчлийг шалган тогтоох эрх хэмжээтэй дээд шатны албан тушаалтан тул сумын Засаг даргын Тамгын газрын даргын сахилгын зөрчлийг шалган тогтоох учиртай. Иймд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан.

Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдийн 247 тоот албан бичгээр сөрөг дүгнэлт, хариуцлага тооцуулах тухай албан шаардлага зэргийг хүргүүлснийг Даланзадгад сумын Засаг дарга нь маргаан бүхий дугаар захирамжийг гаргахын өмнө 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг мөн өдрийн 152 тоот албан бичгээр Ж.*******д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10:20 цагт мэдэгдэж, 14:30 цагт сонсох ажиллагааг явуулсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргасан үйл баримт тогтоогдож[19] байна.

Иймээс хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан шаардлагын дагуу мэдэгдэл хүргүүлээгүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй зэрэг нь сумын Засаг даргын 2021 оны дугаар захирамж хууль бус байх үндэслэлд хамаарах тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцөл, шаардлагын дагуу сонсож ажиллагааг зохион байгуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй, хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын агуулгаар тайлбарлавал захиргааны байгууллагаас гаргаж буй захиргааны актаас гадна уг шийдвэрийг гаргах ажиллагаа (процесс) нь хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдаагүй нь захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж тогтоох үндэслэл болно. 

Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үед хэрэгт авагдсан аудио бичлэг болох CD-г судлуулах гэсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй (дуу, яриа нь сонсогдохгүй) байсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт хавсаргаж үлдээсэн болно.

Дээрх байдлыг дүгнэвэл, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга нь Ж.*******гийн гаргасан гэх Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.18-д заасан зөрчил, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тус хуульд нийцүүлэн баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан ажиллагаа явуулж, баримт цуглуулах замаар зөрчлийг шалгаж тогтоолгүй, бусад төрийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн сөрөг дүгнэлт, хариуцлага тооцуулах тухай албан шаардлага зэргийг үндэслэж, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны дугаар захирамжийг хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас ...халагдахгүй байх гэсэн заалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр байх тул энэ захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр)-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.*******гийн ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 11 сар 01 хоногийн цалинтай тэнцэх олговорт 19,138,478.00 (арван есөн сая нэг зуун гучин найман мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг гаргуулан олгохдоо хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Ажилгүй байсан хугацааны олговроос зохих татвар шимтгэлийг суутган тооцох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын Албан шаардлага-ууд, дугаар төлбөр барагдуулах тухай актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, дугаар Сөрөг дүгнэлт-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.9, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.*******г Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр)-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 11 сар, 01 хоногийн цалинтай тэнцэх олговорт 19,138,478.00 (арван есөн сая нэг зуун гучин найман мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг гаргуулан олгохдоо хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400.00 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ:                     С.ОТГОНЦЭЦЭГ

[1] I Хавтаст хэргийн 1, 20, 29, 34, 62, 67, 90 дугаар хуудас

[2] Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан материалын 80-81 дүгээр хуудас

[3] II Хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас

[4] I Хавтаст хэргийн 128, 184-185, 222-223, 231-232, II Хавтаст хэргийн 5-14, 60, 93-95, 106-111 дүгээр хуудас

[5] I Хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас

[6] I Хавтаст хэргийн 221-237, II Хавтаст хэргийн 111 дүгээр хуудас

[7] I Хавтаст хэргийн 117 дугаар хуудас

[8] Хэрэгт ирүүлсэн Даланзадгад сумын ЗДТГазрын 2020 оны санхүүгийн тайланд аудит хийсэн архивын баримт /боть-1/ тайлангууд, 165-173, 217-222 дугаар хуудас, боть-2-ын 47 дугаар хуудас

[9] I Хавтаст хэргийн 184-186 дугаар хуудас

[10] II Хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас

[11] II Хавтаст хэргийн 101-108 дугаар хуудас

[12] I Хавтаст хэргийн 119 дүгээр хуудас

[13] I Хавтаст хэргийн 113 дугаар хуудас

[14] I Хавтаст хэргийн 182-183, 13, II Хавтаст хэргийн 2, 5-9, 69-70 дүгээр хуудас

[15] II Хавтаст хэргийн 94 дүгээр хуудас

[16] I Хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас

[17] II Хавтаст хэргийн 107, 110, 115-116 дугаар хуудас

[18] I Хавтаст хэргийн 132 дугаар хуудас

 

[19] I Хавтаст хэргийн 118-121, 137-141, II Хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас