Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 149/2018/00120/И |
Дугаар | 001/ХТ2022/00313 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/00313
,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэртэй,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 208/МА2021/00001 дүгээр магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, бүгд 26,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.
3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 208/МА2021/00001 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.12-ны өдрийн 208/МА2021/00001 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл зээлийн гэрээний үүргийн харилцаа мөн эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хуулийг нэг мөр хэрэглэсэн гэж үзэхгүй. Дээд шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй ба хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “,,,,,,,,,,,,,,,,,,, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,т бэлэн болон бэлэн бусаар 25,000,000 төгрөг өгсөн байна. Энэ баримтад маргаагүйг дурдах нь зүйтэй” гэж дүгнэж байгаа нь хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрүүлж дүгнэн хууль зөрчсөн. Хариуцагчийн тайлбар нь хуульд зааснаар нотлох баримт болох ба хариуцагчийн тайлбарлаж байгаагаар зээлийн гэрээний харилцаа болоогүй, бусдаар ажил гүйцэтгүүлэх шаардлага гараад яг үнэндээ авлига өгөх шаардлагатай байсан тул өгсөн мөнгөө гэрчлэхийн тулд зээлийн гэрээ байгуулсан. Мөн дээрх 25,000,000 төгрөгийг дан ганц ,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөөсөө гаргаагүй, ,,,,,,,,,,,,,,,,,,, нь тал мөнгийг гаргасан “Ар гахайт” гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг гаргасан ба энэ мөнгийг ,,,,,,,,,,,,,,, авсан, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан. Энэ талаар ,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө сайн мэдэж байгаа, ийм харилцаа болсныг гэрчилж, баталж ярьсан болох нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан. Дээрх шийдвэрийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн.
4.2. Анхан шатны шүүх зохигч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй маргаан болох нь харагдах ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй, анхан шатны шүүхийн хэрэг маргаан шийдвэрлэхдээ ямар төрлийн маргаан болох, эрх зүйн ач холбогдолтой гэрч болон бусад нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн болох шийдвэрийн үндэслэлийг орхигдуулж, бүхэлд нь хянаж шийдвэрлэсэнгүй. Мөн анхан шатны шүүхийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулаад бусад хэсгийг үлдээж хэргийг бүхэлд нь хяналгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтын үндсэн дээр гараагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцоогүй, тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,гээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдлийг хэвээр үлдээсэн.
8. Нэхэмжлэгчээс “... Би 2017.05.16-ны өдөр иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хүсэлтээр 15,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн. Дараа нь мөн түүний хүсэлтээр 2017.05.19-ний өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлдүүлэгчид 2 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,, нь одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул нийт 26,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч “...,,,,,,,,,,,,,,,,,,, бид хамтран газар шорооны ажил хийхээр тохирсон, мөнгийг юунд зарцуулсан, хэнд өгсөн гэдгийг ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,нар сайн мэдэж байгаа... Мөнгөөр нь “Ар гахайт” гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Энэ ажлыг хийхэд талийгаач ,,,,,,,,,,,,,, тусалж, бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн, би бүх мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,т өгсөн... Хэрэв энэ нэхэмжилж буй мөнгийг би үнэхээр төлөхөөр бол Цагдаа, Авлигатай тэмцэх газраар шалгуулж үнэн мөнийг олсны дараа асуудлыг иргэний журмаар шийдэх нь зүйтэй... Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талууд 2017.06.06-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлж, зээлдүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, хариуцагчид 25,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлсэн, хариуцагч зээлийг эргэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
10. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.
11. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...зээлийн гэрээний харилцаа болоогүй, бусдаар ажил гүйцэтгүүлэх шаардлага гараад яг үнэндээ авлига өгөх шаардлагатай байсан тул өгсөн мөнгөө гэрчлэхийн тулд зээлийн гэрээ байгуулсан, 25,000,000 төгрөгийг ганц ,,,,,,,,,,,,,,,,,,, гаргаагүй, ,,,,,,,,,,,,,,,,,,, нь тал мөнгийг гаргасан, “Ар гахайт” гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг гаргасан ба энэ мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,, авсан, үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй маргаан ба уг хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно...” (Тодорхойлох хэсгийн 4.1-д) гэсэн боловч энэ үндэслэлээ нотлоогүй, анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, татгалзлаа нотлох боломжийг хангалттай олгосноос гадна, хавтаст хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын 2019 оны 60 дугаар Хэрэг бүртгэлт хаах тухай “...,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... –д заасан гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй харилцаа байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн прокурорын тогтоолоор үгүйсгэгдэж байна.
12. Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй, энэ талаарх гомдол (Тодорхойлох хэсгийн 4.2.-т) үндэслэлгүй.
13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 208/МА2021/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД