Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/01138/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............. аймаг, ............... сум, .............. баг, ......... ХХК-ийн байранд оршин суух, /утас ........../, ............ регистрийн дугаартай, Б овогт Ц-ийн Л-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээдийн битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2 255 510 төгрөг гаргуулахыг хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч Ц.Л-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б- нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Өмч хувьчлалын комиссын 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 33 тоот тогтоолоор Орхоны жимс ногооны сангийн аж ахуйг хувьчилж, төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болгон дүрмийн санг 7 430 500 төгрөгөөр тогтоож, нийт 74305 ширхэг хувьцаа гаргаснаас 51 хувь буюу 36365 ширхэг хувьцааг төрийн өмчийн мэдэлд үлдээж, үлдэх 49 хувь буюу 34940 хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалдсан болно. Улмаар Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2001 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 169 дүгээр захирамжаар Орхон сумын Х ХК-ийн нийт хувьцааны 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч ба бусад 52093 ширхэг хувьцаа буюу хувьцааны 68.85 хувийг өөр иргэд эзэмшдэг.

Гэтэл Х ХК-ийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.Л- намайг ОХУ-д ажлаар явж байхад миний дансыг битүүмжилсний улмаас миний бие нь дансан дахь мөнгөө захиран зарцуулж чадахгүй, хүний нутагт маш хүнд байдалд орсон тул тэр даруйд ШШГШГ-ын вэб сайт руу орж, онлайнаар гомдол гаргасан ба өөрийн хуульчийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай уулзуулж, Хуулийн этгээдийн өр төлбөрийг хувь хүний данснаас гаргуулах гэж байгаа нь хууль зөрчиж байгаа тул ажиллагаагаа зогсоох тухай тайлбар, хүсэлт гаргуулсан боловч үр дүн гараагүй, миний дансан дахь мөнгийг татан авч, төлбөр төлөгч Х ХК-ийн өр төлбөрийг барагдуулсан.

Ийнхүү хөрөнгийн биржид бүртгэлтэй хэдэн зуун хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компанийг гаргуулах өр төлбөрийг, тус компаний 31.15 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн банкин дахь хувийн дансыг битүүмжилж, уг дансан дахь мөнгийг хураан авч барагдуулсан нь хууль зөрчсөн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэгдсэн Ц.Л- миний эзэмшлийн Х банк дахь 5045529071 тоот дансыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д заасныг үндэслэн данснаас хураан авсан 2 255 510 төгрөгийг нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байнаурХурта гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга С.Л-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шүүгчийн захирамжаар Х ХК-аас 2 195 510 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн 230 тоот гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны хүлээн авч, 19070330 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Х ХК нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ц-ийн Л 1 иргэний 100 хувийн үүсгэн байгуулагчтай итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ж-ын Б болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 75 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Ж.Б- нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас баралтын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Х ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л-ыг шүүхээс заасан хаягаар очин 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19070330/01 тоот зарлан дуудах мэдэгдлээр 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цагт ирүүлэхээр зарлан дуудсан боловч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд ирээгүй тул төлбөр төлөгч Х ХК-ийн арилжааны банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу төлбөр төлөгч-хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгөгүй болох нь тогтоогдсон байна.

Төлбөр төлөгч Х ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л- нь дээрх төлбөрийг би төлөх ёсгүй, компанийн ногоо усалгааны сувгийг одоо иргэд ашиглаж байгаа, иргэдээс тус компанийн сувгийг ашигласны төлбөрөөс төлөх ёстой гэсэн тайлбарыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид өгөн эд хөрөнгийн мэдүүлэг өгөх, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан байна..

Төлбөр төлөгч Х ХК-ийн өмчлөл болон эзэмшилд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдсон компанид оруулсан хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгөөс зааглагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компаний үүсгэн байгуулагч Ц.Л-ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2 255 510 төгрөгийн хасалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Тус газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан тул иргэн Ц.Л-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Л- нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчөөс өөр этгээд

болох Ц.Л-ын битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх, хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 2 255 510 төгрөг гаргуулахыг хүссэн гомдлын шаардлага гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч тал битүүмжилсэн дансыг чөлөөлсөн үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д тус тус заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070330/06 дугаар тогтоолоор тус компаний үүсгэн байгуулагч Ц.Л-ын арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас заасан төлбөрийн үнийн дүн болох 2 255 510 төгрөгийн хасалт хийж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирол шаардсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасантай нийцэж байх тул шаардах эрхтэй байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй Х ХК-д холбогдох 2 195 510 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1169 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 230 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 19070330 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Төлбөр төлөгч Х ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л-т зарлан дуудах мэдэгдэл болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирэхийг мэдэгдэж байсан байх бөгөөд төлбөр төлөгчийн арилжааны банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүргүүлж байсны дагуу Х ХК-ийн К банкин дахь 2050366 дугаартай дансны хөдөлгөөнийг зогсоосон байна.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Х ХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Л-ын эзэмшлийн Х банкин дахь 5045529071 данснаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2 255 510 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн авсан болох нь төлбөрийн хүсэлт,  Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасгийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтуудаар тогтоогдож байх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 19/600 дугаартай тогтоол үйлдсэн байна.  /хх-ийн 84-89/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х ХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэгт байгаа хувьцаа эзэмшигчдийн талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Үнэт цаас эзэмшлийн тодорхойлолтоор Х ХК -ийн нийт 71305 ширхэг хувьцааны 31,15 хувь буюу 22212 ширхэг хувьцааны эзэмшигч Ц.Л- байх бөгөөд Х ХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 2007 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл, мөн хурлаар 9 хүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ц.Л-ыг томилсон тогтоол, гүйцэтгэх захирлаар Ж.Б-ыг томилсон тогтоол, хяналтын зөвлөлийн гишүүдийг баталсан тогтоол, хяналтын зөвлөлийн даргыг томилсон тогтоол зэрэг баримтууд авагдсан байна.

Нэхэмжлэгч нь дээрх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудаар Ц.Л- нь Х ХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдож байхад түүний эзэмшлийн данснаас компанийн төлбөр гаргуулсан нь Х ХК-ийн 2001 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дүрмийн 4.1-д заасан Компани зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ, 7.3-д Хувь нийлүүлэгч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 8.1-д компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагдсан байх бөгөөд 71305 ширхэг энгийн хувьцаа байна гэсэн заалтууд болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан тул хувь хүний данснаас төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа гаргуулахад Х ХК нь .............. аймгийн .............. сумын ............. ....... багт байрладаг, мал аж ахуй, гахай шувуу, зөгийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 1 үүсгэн байгуулагчтай, Ц-ийн Л-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ж-ын Б гүйцэтгэх захирал гэсэн дэлгэрэнгүй лавлагаа болон төлбөр төлөгч Х ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд 2004 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Монгол шуудан банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9 тоот, Дархан-Уул аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/190 тоот албан бичгүүдээр тус тус эрх нь түдгэлзүүлсэн бүртгэл бүртгэгдсэн гэж хариу ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь Х ХК-ийн төлбөрийг хувьцаа эзэмшигчийн данснаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Х ХК нь 1 үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулагч нь Ц.Л- 100 хувийн хувьцааны эзэмшигч гэсэн бүртгэлтэй болох нь компанийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх тул компанийн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д зааснаар хувьцаа эзэмшигчийн төлбөрөөс гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь компанийн дүрмээр компанийн хүлээх хариуцлагыг хүлээхгүй гэж маргаж байгаа боловч компанийн дүрмийг улсын бүртгэлийн хэлтэст ирүүлээгүй, компанийн гүйцэтгэх захирал нас барсан гэж тайлбарлаж байгаа боловч хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулж Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага болон хувь эзэмшигчдийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7-д Төлбөр төлөгч хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зээлдэгч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байхад энэ үүргийг биелүүлээгүй байна.

Хэдийгээр улсын бүртгэлийн газарт хувьцаа эзэмшигч нарын судалгаа авагдсан боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн төлбөр гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Ц.Л-ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 минутад товлосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талаас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Л-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас учирсан хохирол 2 255 510 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нь битүүмжилсэн дансыг чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 758 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА