Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 122

 

Б.Ө-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1841 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ө-д холбогдох эрүүгийн 1903010580493 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Ө-, 1997 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Б.Ө- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужир булангийн “Тэгш хэм” дэлгүүрийн урд замд 28-71 УБД улсын дугаартай, “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Булгантамир /13 настай, эрэгтэй/-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ө-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Ө- гаргасан давж заалдах гомдолдоо: “...би уг хэрэгт маш их харамсаж байна. Осол гарсан өдөр эхнэр залгаад “Хүүхэд халуураад байна” гэж хэлсэн тул би яарч сандраад болгоомжгүй үйлдэл гаргасан. Та бүхэн залуу хүний цаашдын ирээдүйг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ө- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирлыг төлж барагдуулсан. Мөн осол гаргасан даруйдаа эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн. Иймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлбөр төлж барагдуулсан боловч уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилаагүй, арилах боломжгүй байгаа. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч нь автомашин жолоодон эсрэг урсгал сөрж явснаас болж явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Ө- нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хужир булангийн “Тэгш хэм” дэлгүүрийн урд замд 28-71 УБД улсын дугаартай, “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч О.Булгантамир /13 настай, эрэгтэй/-ыг мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Ө- нь “...тухайн өдөр “Тэгш хэм” дэлгүүрийн харалдаа автобусны буудал дээр нэг автобус хүн буулгаад зогсож байсан. Тэр автобусны хойно хоёр автомашин зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь тойроод гартал эсрэг урсгалаас автомашин байхгүй байсан учир хажуугаар нь гүйцэж түрүүлээд гартал зогсож байсан автобусны араар гэнэт нэг хүүхэд гүйж гарч ирээд миний автомашины урдуур орсон. Тулсан байсан учир тоормос гишгээд сандраад очиж мөргөөд замын баруун гар талд шахаж зогсоод, мөргүүлсэн хүүхэд дээр гүйж очоод тэвэрч автал хүүхэд амьсгаатай боловч ямар нэг зүйл ярьж чадахгүй байсан. Осол гарсан газарт чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол гэсэн тэмдэг байсныг би сүүлд нь харсан. ...” /хх 75-76/ гэж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Адъяагийн “...төв замын хажуу талын шороон зам дээр зогсож байтал Гацуурт чиглэлийн автобус баруунаас зүүн чиглэлд хүн буулгаад зогсож байсан. Автобусны ар талаас хоёр хүүхэд гарч ирээд нэг нь ухраад нэг нь чигээрээ зам хөндлөн гүйсэн. Тэгэхэд автобусны ард 7-8 автомашин зогсож байхад нэг цагаан өнгийн “Subaru Forester” загварын автомашин урсгал сөрж орж ирээд хүүхдийг мөргөсөн. Би хүүхэд дээр гүйж очиход жолооч нь бууж ирээд хүүхдийг замаас өргөж гаргаад замын хажуу талд тавьсан. Хүүхэд автомашинд мөргүүлээд ойролцоогоор 20 метр орчим газар шидэгдсэн. Осол гаргасан жолооч маш хурдтай, ойролцоогоор 80 км/цагаас илүү хурдтай явж байсан. ...” /хх 33/ гэсэн мэдүүлэг,

- зам тээврийн осол, хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-13, 15-19/,

- зам тээврийн осол гарсан байдлыг харуулсан “Тэгш хэм” дэлгүүрийн гаднах хяналтын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-22/,

- талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1983 дугаартай дүгнэлт /хх 43-48/,

- осол гаргасан тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын шинжилгээ хийсэн “Автотээврийн үндэсний төв”-ийн шинжээчийн 53068 дугаартай дүгнэлт /хх 55-61/, зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 485 дугаартай дүгнэлт /хх 64-65/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Ө-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөлийг хуульд нийцүүлэн тогтоосон байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Хэдийгээр шүүгдэгч Б.Ө- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг төлж барагдуулсан байх боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршиг арилах боломжгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Отгонжаргал гомдолтой байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ө-ын давж заалдах гомдолд дурдсан “...Осол гарсан өдөр эхнэр залгаад “Хүүхэд халуураад байна” гэж хэлээд намайг яаруулсан...” гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд уг шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгалд орсныг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Ө-ын эдэлбэл зохих үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээ нь гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шийтгэх тогтоолд анхаарвал зохилтой дараах асуудлууд байна.

Тухайлбал, анхан шатны шүүх дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн асуудлыг хянан хэлэлцээд, “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах нь түүний эрх бөгөөд үүнээс үүдэн гарч байгаа зардал нь гэмт хэргийн улмаас шууд гарч байгаа зардал биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримт нь гэмт хэргийн нотлох баримтад хамаарахгүй байхыг хуульчилсан...” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа түүний хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс болох 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй...” гэсэн ижил утгатай дүгнэлтийг удаа дараа тусгаснаас гадна, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба ... ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.”, “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал ... зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.” гэх зэргээр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад төдийлөн нийцэхгүй байгааг анхааруулж тэмдэглэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1841 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

                                      ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                                      ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН