Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/02043

 

 

 

 

         2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/02043

    Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ШШГГ-т холбогдох 

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/XT2018/00634 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Б” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээ болон Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Б” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай. Нэхэмжлэгч Г.А миний бие нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Ө-ны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/17484 тоот мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу анх 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182/Ш32019/05648 дугаартай захирамжаар “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэх 4/17484 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч нь нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн ба уг мэдэгдлийн 21 гэсэн тоо нь засвартай байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг тодорхойлох боломжгүй байна...” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс нэхэмжлэгч Г.А миний бие ШШГГ-ын Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Ө-ны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/17484 тоот мэдэгдлийн хуулбарыг ШШГГ-аас албан ёсоор гаргуулан авч, нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргаж, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг шинээр төлж, энэхүү нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/XT2018/00634 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд тус тус хийсэн “Б” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Иргэний хууль”-ийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр журамлан заасан. Гэтэл ШШГГ нь төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал гаргуулан авалгүйгээр, талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнэ ханшнаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд ч гомдолтой байна. Мөн шинжээч “Б” ХХК нь Г.А миний өмчлөлийн орон сууцнуудыг нэг бүрийг нь 132.127.000 төгрөг, хамтад нь 264.254.000 төгрөгөөр үнэлсэн явдал нь зах зээлийн бодит үнэ ханшид огт нийцэхгүй байна. Учир нь Г.А миний бие үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцны зах зээлийн үнэ ханшийг судлан үзэхэд “Б” ХХК-ийн үнэлгээнд хамрагдсан миний өмчлөлийн тус нэг орон сууц нь 350 сая төгрөгөөр, хоёр орон сууц хамтдаа 700 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Тус орон сууцнууд нь гэрчилгээндээ 36 м.кв талбайтай гэж бичигдсэн байгаа боловч бодит хэмжилтээр бол 120 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй. Гэтэл шинжээч “Б” ХХК нь Г.А миний орон сууцнуудын үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшнаас хамаагүй багаар буюу хоёр орон сууцыг хамтад нь 264.254.000 төгрөгөөр үнэлж, миний өмч хөрөнгүүдийг маань үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, намайг ихээхэн хохирол амсах байдалд хүргэж байна. Түүнээс гадна шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нийт 66 сая төгрөгийг Г.А-аас гаргуулан төлбөр авагчид олгуулахаар шийдвэрлэсэн байхад төлөх ёстой уг төлбөрөөс хамаагүй их үнэлгээтэй 2 орон сууцыг маань хоёуланг нь шинжээчээр үнэлүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйд гомдолтой байна. Учир нь Г.А-ын өмчлөлийн нэг л орон сууц нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 2 дахин их үнэлгээтэй байна. Ийм байхад хариуцагч нь төлбөр төлөгч, иргэний эрх ашгийг бодолцолгүй, эрх ашигт нь хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Улмаар ШШГГ нь “Б” ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэн, үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа явдал нь миний өмч хөрөнгүүдийг маань улам бүр үнэгүйдүүлж, энэ бүхний эцэст иргэн миний бие эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд шууд хүргэж байгаа тул Г.А миний бие энэхүү асуудлаар шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/XT2018/00634 дугаартай тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Б” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээ болон Г.А-ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Б” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч ШШГГ шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.А-ын тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дapaax тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2035 дугаар шийдвэрээр Г.А-аас 65.988.299 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 487.891 төгрөгийг гаргуулж “М” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 04 сарын 19-ны өдөр тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18300734 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Г.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18, тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19, тоотод 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18300734/01 тогтоолоор битүүмжлэх ажиллагааг хийсэн. Улмаар Г.А нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18301234/02 тогтоолоор хураах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахаар 2019 оны 4/1926 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, Г.А-ын оршин суугаа хаягаар очиж мэдэгдлийг өгсөн. Г.А нь 4/1926 дугаар мэдэгдлийг хүлээн авсан тухай зурвасыг ирүүлсэн. Тогтоосон хугацаанд өгөөгүй тул Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор “Баян модот” ХХК-г томилж, шинжээчийн тогтоосон дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд “Б” ХХК нь үнэлгээг тогтоосон тул гуравдагч этгээдээр оруулах хүсэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 18300734/02/175 тоот тогтоолын дагуу ЧД-ийн 1-р хороо, 1-р 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 болон 19 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай тус тус 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг манай үнэлгээчид хууль, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн билээ.   

Иргэн Г.А тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гэтэл ШШГГ нь 2019 оны 5 сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнэ ханшнаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд ч гомдолтой байна. Шинжээч “Б” ХХК нь Г.А миний өмчлөлийн орон сууцнуудыг нэг бүрийг нь 132.127.000 төгрөгөөр, хамтад нь 264.254.000 төгрөгөөр үнэлсэн явдал нь зах зээлийн бодит үнэ ханшид огт нийцэхгүй байна. Учир нь миний бие орон сууцны зах зээлийн ханшийг судлан үзэхэд “Б” ХХК-ийн үнэлгээнд хамрагдсан миний өмчлөлийн нэг орон сууц нь 350 сая төгрөгөөр, хоёр орон сууц хамтдаа 700 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна, Тус орон сууцнууд нь гэрчилгээнд 36 м.кв талбайтай гэж бичигдсэн байгаа боловч бодит хэмжилтээр бол 120 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй. Гэтэл шинжээч “Б” ХХК нь Г.А миний орон сууцнуудын үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшнаас хамаагүй багаар буюу хоёр орон сууцыг хамтад нь 264.254.000 төгрөгөөр үнэлж, миний өмч хөрөнгүүдийг маань үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж намайг ихээхэн хохирол амсах байдалд хүргэж байна гэжээ. “Б” ХХК-иас дараах тайлбарыг гаргаж байна. ШШГГ нь 2019 оны 5 сарын 22-ны өдрийн 18300734/02/175 дугаар бүхий “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор даалгасан байдаг. Шинжээч “Б” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн зах зээлийн суурийн дагуу хараат бусаар, бодитоор үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Шинжээч “Б” ХХК нь Г.А-ын өмчлөлийн орон сууцнуудын нэг бүрийг нь 132.127.000 төгрөгөөр, хамтад нь 264.254.000 төгрөгөөр үнэлсэн явдал нь зах зээлийн тухайн үеийн нарийвчилсан судалгаан дээр тулгуурлаж хийгдсэн тул эрхэм шүүгч итгэл үнэмшилтэй байж болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээний байгууллага шинжээчээр томилж ажиллуулдаг ч үнийн дүнг их бага байлгах талаар огт хамааралгүй байдаг. Учир нь хараат бусаар ажиллах хөндлөнгийн шинжээчээр мэргэжлийн байгууллагыг томилж ажиллуулдаг. Тухайн мэргэжлийн байгууллага буюу шинжээчид нь мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллахаар хуульчилсан байдаг тул хууль, журмын дагуу ажлаа хийж байгаа мэргэжилтнүүдийг хамаагүй зүйлд хардаж, гомдоллож болохгүй юм. Г.А-ын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандартыг үндэслэн тухайн байршилд тухайн цаг хугацаанд худалдан борлуулагдаж буй ижил хэмжээ, хийцтэй орон сууцтай харьцуулан жишиж холбогдох тохируулгуудыг хийж үнэлэгдсэн болохоор нэг орон сууц нь 350 сая, нийлээд 700 сая гэдэг нь үнэлгээ хийж байсан цаг хугацаанд болон одоо ч байхгүй үнэ юм. Мэргэжлийн байгууллагын судалж, шинжилж, тооцоолж гаргасан үнийн дүнд хууль, шүүхийн байгууллага нь итгэл үнэмшилтэй байж болно. /Тухайн үеийн зах зээлийн судалгаанаас харьцуулалтад авагдсан баримтыг хавсаргав/ 1990 оноос өмнө нэгдсэн журмаар баригдсан нийтийн орон сууцнууд нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигтай талбайгаар бүртгэгддэг байсан тул тус орон сууцнууд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд 36 м.кв хэмжээгээр бүртгэгдсэн байдаг. Үнэлэгдэж буй орон сууцнууд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигтай талбай болох 36 м.кв-аар бүртгэгдсэн байгаа тул зах зээлийн хандлагаар хийгдсэн зах зээлийн жишиг үнийн харьцуулалтад ижилхэн ашигтай талбайгаар бүртгэгдсэн орон сууцыг хамруулсан учир талбайн хэмжээний тухайд зөрүү гараагүй. Бид Г.А-ын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг холбогдох хууль, стандарт, дүрэм, журмын дагуу хөндлөнгөөс хараат бусаар, бодитоор хийж гүйцэтгэсэн тул хэн нэгний эрх ашгийг зөрчсөн, хохироосон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор илэрхийлж байна. Г.А нь үнэлгээний мэргэжлийн байгууллагын хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулж цаг, хугацаа хожих зорилготой байгаа нь тодорхой байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.А нь ШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ШШГГ нь нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.А-д албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч ирүүлээгүй тул шинжээч томилж, үнэлгээг хийлгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

ШШГГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэрээр Г.А-аас 65.988.299 төгрөгийг гаргуулан “М” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.А-ын хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах, 36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах, 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, “Б” ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон орон сууцнуудын нэг бүрийг нь 132.127.000 төгрөг, хоёр орон сууцыг 264.254.000 төгрөгийн үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 06 сарын 21-нд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.   

 

Гомдол гаргагч Г.А “Б” ХХК нь миний хоёр байрыг 264.254.000 төгрөгөөр үнэлж, миний эрх ашгийг хохироож, зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч “Б“ ХХК-иар хийлгэсэн 264.254.000 төгрөгийн үнэлгээг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр талуудад мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээ үндэслэлгүй гэж тогтоогдоогүй байхад дахин үнэлгээ гаргуулах асуудал яригдахгүй болно.

 

Нэхэмжлэгч Г.А нь тухайн газар нь “Б” ХХК-ийн үнэлгээ бодитой бус, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

.

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.А-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 06208 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                           

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН