Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00673

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02043 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 262 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэвээнролом, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.08-ны өдрийн 130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.04.19-ний өдрийн 001/XT2018/00634 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд *******ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Баян модот ХХК-ийн 2019.06.11-ний өдрийн үнэлгээ болон *******ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Баян модот ХХК-ийн 2019.06.11-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2019.06.21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/17484 тоот мэдэгдлийг 2019.06.21-ний өдөр хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу анх 2019.06.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.04-ний өдрийн 182/Ш32019/05648 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тиймээс миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2019.06.21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/17484 тоот мэдэгдлийн хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан ёсоор гаргуулан авч, нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргаж, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг шинээр төлж, энэхүү нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж байна. Дээрх дурдсан 2 орон сууцанд тус тус хийсэн Баян модот ХХК-ийн 2019.06.11-ний өдрийн үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр журамлан заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч болон төлбөр төлөгчөөс үнийн санал гаргуулан авалгүйгээр, талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, 2019.05.22-ны өдөр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнэ ханшнаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд ч гомдолтой байна. Мөн шинжээч Баян модот ХХК нь ******* миний өмчлөлийн орон сууцнуудыг нэг бүрийг нь 132,127,000 төгрөг, хамтад нь 264,254,000 төгрөгөөр үнэлсэн явдал нь зах зээлийн бодит үнэ ханшид огт нийцэхгүй байна. Учир нь ******* миний бие үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцны зах зээлийн үнэ ханшийг судлан үзэхэд Баян модот ХХК-ийн үнэлгээнд хамрагдсан миний өмчлөлийн тус нэг орон сууц нь 350,000,000 төгрөгөөр, хоёр орон сууц хамтдаа 700,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Тус орон сууцнууд нь гэрчилгээндээ 36 м.кв талбайтай гэж бичигдсэн байгаа боловч бодит хэмжилтээр бол 120 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй. Гэтэл шинжээч Баян модот ХХК нь ******* миний орон сууцнуудын үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшнаас хамаагүй багаар буюу хоёр орон сууцыг хамтад нь 264,254,000 төгрөгөөр үнэлж, миний өмч хөрөнгүүдийг маань үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, намайг ихээхэн хохирол амсах байдалд хүргэж байна. Түүнээс гадна шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нийт 66,000,000 төгрөгийг *******аас гаргуулан төлбөр авагчид олгуулахаар шийдвэрлэсэн байхад төлөх ёстой уг төлбөрөөс хамаагүй их үнэлгээтэй 2 орон сууцыг маань хоёуланг нь шинжээчээр үнэлүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйд гомдолтой байна. Учир нь *******ын өмчлөлийн нэг л орон сууц нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 2 дахин их үнэлгээтэй байна. Ийм байхад хариуцагч нь төлбөр төлөгч, иргэний эрх ашгийг бодолцолгүй, эрх ашигт нь хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баян модот ХХК-ийн хийсэн үнэлгээг үндэслэн, үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа явдал нь миний өмч хөрөнгүүдийг маань улам бүр үнэгүйдүүлж, энэ бүхний эцэст иргэн миний бие эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд шууд хүргэж байгаа тул ******* миний бие энэхүү асуудлаар шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.08-ны өдрийн 130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.04.19-ний өдрийн 001/XT2018/00634 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд *******ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Баян модот ХХК-ийн 2019.06.11-ний өдрийн үнэлгээ болон *******ын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б8 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаартай, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Баян модот ХХК-ийн 2019.06.11-ний өдрийн үнэлгээг тус тус хүчингүйд тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25-ны өдрийн 2035 дугаар шийдвэрээр *******аас 65,988,299 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 487,891 төгрөгийг гаргуулж Май капитал ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2018.04.19-ний өдөр тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.06.18-ны өдрийн 18300734 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийж шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 18, тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын гудамж, Б-8 дугаар байрны 19, тоотод 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2018.12.14-ний өдрийн 18300734/01 тогтоолоор битүүмжлэх ажиллагааг хийсэн. Улмаар ******* нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар барьцаа хөрөнгийг 2019.01.03-ны өдрийн 18301234/02 тогтоолоор хураах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахаар 2019 оны 4/1926 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, *******ын оршин суугаа хаягаар очиж мэдэгдлийг өгсөн. ******* нь 4/1926 дугаар мэдэгдлийг хүлээн авсан тухай зурвасыг ирүүлсэн. Тогтоосон хугацаанд өгөөгүй тул Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн бодит үнийг тогтоолгохоор Баян модот ХХК-г томилж, шинжээчийн тогтоосон дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд Баян модот ХХК нь үнэлгээг тогтоосон тул гуравдагч этгээдээр оруулах хүсэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баян Модот ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.05.22-ны өдрийн Шинжээч томилох тухай 18300734/02/175 тоот тогтоолын дагуу ЧД-ийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 болон 19 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай тус тус 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг манай үнэлгээчид хууль, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019.05.22-ны өдрийн 18300734/02/175 дугаар бүхий Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор даалгасан байдаг. Шинжээч Баян модот ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн зах зээлийн суурийн дагуу хараат бусаар, бодитоор үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Шинжээч Баян модот ХХК нь *******ын өмчлөлийн орон сууцнуудын нэг бүрийг нь 132,127,000 төгрөгөөр, хамтад нь 264,254,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн тухайн үеийн нарийвчилсан судалгаан дээр тулгуурлаж хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээний байгууллага шинжээчээр томилж ажиллуулдаг ч үнийн дүнг их бага байлгах талаар огт хамааралгүй байдаг. Учир нь хараат бусаар ажиллах хөндлөнгийн шинжээчээр мэргэжлийн байгууллагыг томилж ажиллуулдаг. *******ын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандартыг үндэслэн тухайн байршилд тухайн цаг хугацаанд худалдан борлуулагдаж буй ижил хэмжээ, хийцтэй орон сууцтай харьцуулан жишиж холбогдох тохируулгуудыг хийж үнэлэгдсэн болохоор нэг орон сууц нь 350,000,000 төгрөг, нийлээд 700,000,000 төгрөг гэдэг нь үнэлгээ хийж байсан цаг хугацаанд болон одоо ч байхгүй үнэ юм. Мэргэжлийн байгууллагын судалж, шинжилж, тооцоолж гаргасан үнийн дүнд хууль, шүүхийн байгууллага нь итгэл үнэмшилтэй байж болно. /Тухайн үеийн зах зээлийн судалгаанаас харьцуулалтад авагдсан баримтыг хавсаргав/ 1990 оноос өмнө нэгдсэн журмаар баригдсан нийтийн орон сууцнууд нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигтай талбайгаар бүртгэгддэг байсан тул тус орон сууцнууд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд 36 м.кв хэмжээгээр бүртгэгдсэн байдаг. Үнэлэгдэж буй орон сууцнууд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигтай талбай болох 36 м.кв-аар бүртгэгдсэн байгаа тул зах зээлийн хандлагаар хийгдсэн зах зээлийн жишиг үнийн харьцуулалтад ижилхэн ашигтай талбайгаар бүртгэгдсэн орон сууцыг хамруулсан учир талбайн хэмжээний тухайд зөрүү гараагүй. ******* нь үнэлгээний мэргэжлийн байгууллагын хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулж цаг, хугацаа хожих зорилготой байгаа нь тодорхой байна гэж үзэж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02043 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын Б-8 дугаар байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудын үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 06208 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 262 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 262 дугаар магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25-ны өдрийн 182/ШШ2017/02035 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 1-р хороо, 1-р 40 мянгат, Б8 байр, 18 тоот хаягт байрлах, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 1-р 40 мянгат, Б8 байр, 19 тоот хаягт байрлах, 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ тогтоох, шинжээчээр үнэлгээ хийлгэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулиар тогтоосон журам, өмчлөгчийн эрхийг зөрчсөн бодитой хууль бус үйлдэл, эс үйлдэл байсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явагдсан байна хэмээн үзэж, шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх нь хэрэглэх ёсгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийг хэрэглэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзжээ. Гэтэл хуулийн уг зүйлд заасан клирингийн дансны мөнгөн хөрөнгө битүүмжлэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдээгүй бөгөөд тухайн асуудлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаагүй болно. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцнуудад Хөрөнгө эстимэйт ХХК-аар 2019.01.31-ний өдөр үнэлгээ хийлгүүлж байсан бөгөөд тэрхүү үнэлгээ нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.02-ны өдрийн 182/ШШ2019/00586 дугаар шийдвэрээр хүчингүйд тооцогдож байсан.

Гэтэл үүний дараа хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцнуудад Баян модот ХХК-иар 2019.06.11-ний өдөр дахин үнэлгээ хийлгүүлэхдээ өмчлөгчөөс орон сууцнуудын үнэ, үнэлгээний талаар үнийн санал авалгүйгээр үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасныг зөрчсөн явдал болсон. Хариуцагчийн мөн үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг зөрчиж байгаа юм. Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцнууд нь гэрчилгээндээ 36 м.кв талбайтай гэж бичигдсэн байгаа боловч бодит хэмжилтээр 120 гаруй м.кв талбай бүхий хэмжээтэй, 700 орчим сая төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байхад шинжээч Баян модот ХХК ердөө 264,254,000 төгрөгөөр үнэлж, үнэгүйдүүлж, хохирол амсах байдалд хүргэсэн байхад шүүх үүнийг огт анхаарч үзээгүйд гомдолтой байна. Түүнээс гадна шүүхийн шийдвэрээр нийт 66 сая төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан төлбөр авагчид олгуулахаар шийдвэрлэсэн байхад төлөх ёстой уг төлбөрөөс хамаагүй их үнэлгээтэй 2 орон сууцыг маань хоёуланг нь шинжээчээр үнэлүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж буйд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөлийн нэг л орон сууц нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 2 дахин их үнэлгээтэй байна. Иймд байхад хариуцагч нь төлбөр төлөгч, иргэний эрх ашгийг бодолцолгүй, эрх ашигт нь хохиролтойгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, заавал 2 орон сууцыг үнэгүйдүүлэн дуудлага худалдаагаар худалдахаар зүтгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлж байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.20-ны өдрийн 182/ШШ2019/02043 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 262 дугаар магадлалыг тус тус хүчингүйд тооцож, *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, I хороо, I-40 мянгатын Б-VIII байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, I хороо, I-40 мянгатын Б-VIII байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө, 2 орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.25-ны өдрийн шийдвэрээр *******аас 65,988,299 төгрөг гаргуулж, Май капитал ХЗХ-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2018.04.19-ний өдрийн 001/ХТ2018/00634 тогтоолоор хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.31-ний өдрийн 5253 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 182/ГХ2018/00468 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018.06.18-ны өдөр 18300734 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, I хороо, I-40 мянгатын Б-VIII байрны 18 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, I хороо, I-40 мянгатын Б-VIII байрны 19 тоотод байрлах 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг 2018.12.14-ний өдрийн 18300734/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019.01.03-ны өдрийн 18301234/02 дугаар тогтоолоор хураан авсан байна.

Хэргийн баримтаас үзэхэд 2019.01.11-ний өдрийн дотор дээрх хураагдсан 2 орон сууцны үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч *******д 2019.01.07-ны өдөр, 2019.01.09-ний өдрийн албан тоотуудаар хүргүүлсэн, 2019.05.22-ны өдрийн 175 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч уг 2 орон сууцыг нийт 264,254,000 төгрөгөөр үнэлсэн талаарх 2019.06.11-ний өдрийн 4/17484 тоот мэдэгдлийг ******* 2019.06.21-ний өдөр хүлээн авчээ.

Хариуцагч нь 2019.01.31-ний өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-аар нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 2 орон сууцны үнэлгээг хийлгүүлснийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.02-ны өдрийн 182/ШШ2019/00586 дугаар шийдвэрээр хүчингүйд тооцсон байна. Хариуцагч нь өмнөх үнэлгээ хийлгэх ажиллагаанд өгч байсан мэдэгдэл буюу 2019.01.11-ний өдрийн дотор 2 орон сууцны үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч *******д 2019.01.07-ны өдөр, 2019.01.09-ний өдрийн албан тоотуудаар хүргүүлсэн-ийг үндэслэн Баян модот ХХК-аар 2019.06.11-ний өдөр дахин үнэлгээ хийлгүүлэхдээ өмчлөгчөөс 2 орон сууцны үнэ, үнэлгээний талаар үнийн санал аваагүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчсөн байна.

Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхгүй, 2019.05.22-ны өдрийн 18300734/02/175 тогтоолоор хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй гэж үзнэ.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр *******аас 65,988,299 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн нэг орон сууц нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 2 дахин их үнэлгээтэй гэсэн нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг харгалзан үзэх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчимд харшлахгүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан төлбөр төлөгчийн эрхийг хуульд зааснаар хэрэгжүүлбэл зохино.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 262 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Шинжээч томилох тухай 2019 оны 05 дугаар 22-ны өдрийн 18300734/02/175 дугаар тогтоолоор хийгдсэн үнэлгээг хүчингүйд тооцсугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД