Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2019/02242

 

 

 

 

 

 

 

 

 

              2019        12         11  

        182/ШШ2019/02242

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С.Л-ийн нэхэмжлэлтэй

  

Хариуцагч: М.Г-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87.750.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.                                                                       

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

С.Л миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч М.Г-т Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 60-р байрны 8 тоот хаягт байрлах 28.6 м2 талбайтай орон сууцыг барьцаалан 15.000.000 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол, 28-р байрны 10 тоот хаягт байрлах 30 м2 орон сууцыг тус тус барьцаалан 30.000.000 төгрөгийг нийт 45.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 5% хувийн хүүтэй, эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн. Гэтэл М.Г нь зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгөөгүй явсаар өдийг хүрсэн төдийгүй зээлсэн мөнгөний сарын хүүг төлсөн удаагүй юм. Ийм учраас миний бие үндсэн зээл болох 45.000.000 төгрөг, хэтэрсэн сарын хүү буюу 9 сарын хүү 20.250.000 хугацаа хэтэрсэн 270 хоногийн алдангид 22.500.000, нийт 87.750.000 төгрөгийг М.Г-оос нэхэмжилж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж М.Гоос миний хохирлыг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

М.Г-ийн нэр дээр байгаа байрыг барьцаанд тавиад Ж.Б гэх хүн энэ зээлийг авсан байдаг юм. Хамгийн гол нь хувь хүмүүсийн хооронд байгуулсан 1 жилийн гэрээг тооцохоор хүү, алданги нийлээд 22.500.000 төгрөг нийт 67.500.000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа ба төлсөн гэх 31.750.000 төгрөгөө хасахаар 36.000.000 төгрөг үлдээд байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч М.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүү 20.250.000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу алданги 22.500.000 төгрөг, нийт 87.750.000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь М.Г нь энэ зээлийг өөрөө аваагүй, хүнд өгсөн. Нийт 31.750.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Л, хариуцагч М.Г-т 15.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлүүлж, 30.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлүүлж, иргэд хоорондын харилцан итгэлцлийн зээлийн гэрээг байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

 

Шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.  

 

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 60 байр 8 тоотод байрлах, 28.6 м.2 талбайтай нэг өрөө орон сууцыг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байр 10 тоотод байрлах 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч М.Г 27.250.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Л-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ж.Б-ны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 27.250.000 төгрөгийг авсан тухайд маргаагүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 27.250.000 төгрөгийг хасаж тооцов.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д ...үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...,

 

Нэхэмжлэгч нь хэтэрсэн сарын хүү буюу 9 сарын хүү гэж 20.250.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч гэрээний хугацааг сунгасан баримтгүй байх тул хүү тооцон гаргуулах боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д …зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д … анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй… гэж заажээ.

 

Иймд дээрх хуульд зааснаар үндсэн зээл 44.750.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 22.375.000 төгрөг, нийт 67.125.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 20.625.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч нь 31.750.000 төгрөгийг төлсөн гэх боловч үүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.Г-оос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44.750.000 төгрөг, алданги 22.375.000 төгрөг, нийт 67.125.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.625.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч М.Г төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны 000592000 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх  дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 60 байр, 8 тоотод байрлалтай 28.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 000608201 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 байр, 10 тоотод байрлалтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцуудыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 493.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

                                              

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ДАВААСҮРЭН