Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0681

 

 

 

 

“Өгөөж хишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Амартүвшин, нэхэмжлэгч өмгөөлөгч Д.Доржсүрэн, гуравдагч этгээд Г.Жавхлантөгс, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Өгөөж хишиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, Хот, байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.2.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг тус тус баримтлан “Өгөөж хишиг” ХХК-ийн нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдуулан гаргасан нэгж талбарын 18644310126361 дугаар бүхий 581 м.кв, мөн нэгж талбарын 18644310125325 дугаар бүхий 617м.кв талбай бүхий газруудын давхцалыг хүчингүй болгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт даалгах, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан иргэн Г.Жавхлантөгсийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй иргэн Г.Жавхлантөгсийн 15 давхар барилгын Барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Амартүвшин давж заалдах гомдолдоо: “Манай компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдуулан гаргасан “Өгөөж хишиг” ХХК-ийн газартай давхцуулан олгосон иргэн Г.Жавхлантөгс, Г.Энхтүвшин нарын газруудын давхцсан хэсгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан иргэн Г.Жавхлантөгсийн орон сууцны 15 давхар 467/2014 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, 15 давхар барилгын Барилгын норм, дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Уг хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий бус байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэгж талбарын 18644310126361 дугаар бүхий 581 м.кв, мөн нэгж талбарын 18644310125325 дугаар бүхий 617 м.кв талбай бүхий газруудын давхцлыг хүчингүй болгуулахыг даалгах шаардлагын талаар:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 533 дугаартай шийдвэрт “... Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхээс маргаан бүхий газар болон барилгад хийсэн үзлэгээр дараахь үйл баримт тогтоогдлоо. а/ “Өгөөж хишиг” ХХК нь анх 1996 онд газар эзэмшүүлсэн хэмжээгээр эзэмшил газраа хашаалсан бөгөөд өнөөг хүртэл хашаалсан хэмжээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байна ...” гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учир нь өөрийн эзэмшил газраа хууль ёсны дагуу эзэмшиж чадахгүй, төр захиргааны байгууллагуудын буруутай, хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан байтал 1996 онд анх хашаалсан хэмжээгээр эрхээ хэрэгжүүлж байгаа мэтээр илт худал дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар газрын давхцалтай гэдэг нь хангалттай нотлогдож байтал давхцал байхгүй мэтээр дүгнэн хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

“Өгөөж хишиг” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдөж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоож нотолсон. Үүнд:

НМХГ-ын 2014 оны 11-р сарын 26-ны  02-03/3742 албан тоотод “Г.Жавхлантөгс нь  “Өгөөж хишиг” ХХК-ийн эзэмшил газар луу орж байгаа нь тогтоогдож байна” гэсэн,

МХЕГ-ын улсын ахлах байцаагчийн дүгнэлт 08/065/35 (2015.01.26)-д “НЕТГ нь Геодези зураг зүйн хуулийн 6.1.1, Кадастарын зураглал ба газрын кадастарын тухай хуулийн 7.5.4 дэх заалтуудыг зөрчсөн байна” гэсэн.  

ГХГЗЗГ-ын 2015 оны 02-р сарын 12-ны өдрийн 1/173 тоот нотлох баримт ирүүлж давхцал арилгуулах тухай, ГХГЗЗГ-ын 2015 оны 03-р сарын 19-ний 1/347 тоот давхцалыг арилгаж хариуг ирүүлэх, шалтгааныг тодорхой болгох талаар НӨХГ-т 1/173 тоотыг хүргүүлсэн, Г.Жавхлантөгсийн барьж буй орон сууцны барилгын суурь "Өгөөж хишиг" ХХК-ийн эзэмшлийн хил рүү 6.35 м2 талбайгаар орж байгааг тогтоосон тухай, "Ширээгийн шугуй Недра" ХХК-ийн 2014.11.22-ны акт, зураг, "Геоид" ХХК-ийн 2014.10.01-ний өдрийн Нэгж талбарын эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, зураг, "Топомастер" ХХК-ийэ 2015.04 сар. “Өгөөж хишиг” ХХК-ийн газар руу Г.Жавхлантөгсийн барилгын суурь орсныг харуулсан зураг, Кадастарын давхцал нь "Өгөөж хишиг" ХХК-ийн кадастар дээр Г.Жавхлантөгсийн кадастр давхцаж  байгааг харуулсан, "Ширээгийн шугуй Недра" ХХК-ийн 2014.11.24-ний өдрийн 14/10 тоот Кадастрын хэмжилт хийсэн тухай акт, "Геоид" ХХК-ийн 2014.10.01-ний өдрийн Нэгж талбарын эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, зураг, "Топомастер" ХХК-ийн 2015.04 сарын  хэмжилт, зураг, Г.Жавхлантөгсийн барьж буй орон сууцны барилгын консоль нь "Өгөөж хишиг" ХХК-ийн эзэмшлийн хил рүү 3.31 м2 талбайгаар орж байгааг тогтоосон акт, "Ландмоделлинг" ХХК-ийн 2016.05.12-ны өдрийн 01/12 тоот “Г.Жавхлантөгсийн барьж буй орон сууцны барилгын консоль нь "Өгөөж хишиг" ХХК-ийн эзэмшлийн хил рүү 3.31 м2 талбайгаар орж байгааг тогтоосон акт, зураг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Г.Энхтүвшингийн газрын давхцсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг огт шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ЗХШХШТХ-ийн 106.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно.

533 дугаартай шийдвэрт “... Хариуцагч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын тайлбар ёсоор нэхэмжлэгчийн эзэмшил газар нь зүүн хойд талаараа 5,4 м.кв, зүүн доод талаар 4.4 м.кв буюу нийт 9.9 м.кв хэмжээгээр давхцалтай байна. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь 2006 онд анх нэгж талбарын 18644310095343 дугаар бүхий кадастрын зураг үйлдэж өөрийн эзэмшил 4320 м.кв газраа захиргаагаар баталгаажуулахдаа 2005 онд бусад иргэдийн өмчлөлийн газартай давхцуулсан гэж үзэх үндэстэй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үүнд:

... Нэхэмжлэгчийг цаг хугацааны  хувьд 2006 онд анх газар авч баталгаажуулсан мэтээр илт ташаа, үнэнийг гуйвуулж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь анх 1996 оноос тухайн газрыг эзэмшиж ирсэн. Харин гуравдагч этгээдийн хувьд 2005 онд өмчилж авсан байдаг. Газрын кадастарыг нэхэмжлэгч 2006 оны 5 дугаар 02-ны өдөр, гуравдагч этгээд 2010 онд хийлгэсэн байдаг. Улмаар нэхэмжлэгчид газар олголт хийгдсэн шийдвэр захирамж, кадастар хийсэн огноонууд бүгд Г.Жавхлантөгсийнхөөс өмнө хийгдсэн нь ГХГЗЗГ-ын 1/173 албан тоотод тодорхойлогдсон байдаг. Ш.Нансалмааг нэгж талбараа 2010 онд кадастарт оруулахаас өмнө 2006 онд “Өгөөж хишиг” ХХК нь кадастараа хийлгэж мэдээллийн санд бүртгүүлсэн нь Нийслэлийн архивын газрын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3905 дугаартай архивын лавлагаанаас тодорхой харагдана. Энэ нь шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх үндсэн зарчмаа баримтлахаас зайлсхийж  шүүхийн шийдвэрх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай  ЗХШХШТХ-ийн 106.2, 106.4-ийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шийдвэрт “... Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь өөрсдийн эзэмшил болон өмчлөлийн газрын хил заагийг тогтоож хашаалсан хэмжээгээр өөрсдийн эрхээ хэрэгжүүлж байх тул 9.9 м2 бүхий газрын давхцал нь “Өгөөж хишиг” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэж дүгнэсэн.

9.9 м.кв газар нь давхцсан байгаа нь нотлох баримтаар тогтоогдсоор байхад /нотлох баримтуудыг өмнө нь тодорхой дурьдсан/ “Өгөөж хишиг” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэнд үнэхээр гомдолтой байна.

Г.Жавхлантөгс нь  “Өгөөж хишиг” ХХК-ийн эзэмшил газар дээр барилгын сууриа хийж барилгаа барьсан, мөн консаль нь “Өгөөж хишиг” ХХК-ийн газар эзэмших газрын агаарын орон зайг давж, “Өгөөж хишиг” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчиж байгаа нь хангалттай нотлогддог.

... Мөн шийдвэрт “... Харин Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын эрх хэмжээг Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтаар зохицуулсан бөгөөд газрын мэдээллийн санд зөвхөн хяналт тавих эрхийг хэрэгжүүлдэг тул Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэж дүгнэжээ.

Геодези, зураг зүйн тухай хуульд зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа геодези зураг зүйн газрын эрхэм зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн хууль ёсны амьдрах болон баялаг бүтээх эрхийг хэрэгжүүлэх газрын харилцааны нөхцлийг бүрдүүлэхэд орших бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх нь хуулийн 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4-д заасан зохион байгуулах, хяналт тавих,  зурагжуулах, төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх гэж заасан байтал зөвхөн хяналт тавих эрхтэй мэтээр дүгнэсэн үндэслэлгүй.

“Иргэн Г.Жавхлантөгсийн орон сууцны 15 давхар барилгын 467/2013 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах, 15 давхар барилгын Барилгын норм ба дүрэм зөрчсөн зөрчлийг арилгуулахыг даалгах”  шаардлагын талаар:

Шийдвэрт “... Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “газар хөдлөхөд Г.Жавхлантөгсийн барилга нэхэмжлэгчийн барилгын дарж унах, гал гарсан тохиолдолд бусад барилгад гал хурдан дамжиж их хэмжээний талбайг хамарна, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр гуравдагч этгээдэд архитектур төлөвлөлтийн даалгавар батлах болон барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо журмаар зохицуулагдсан норм ба дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн ...” гэж дүгнэсэн байна.

Шүүгч нь гарах шийдвэртээ уялдуулан нэхэмжлэгчээс тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөрүүтэй дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож байгаа асуудал нь хуулийг илт зөрчсөн нь баримтаар тогтоогдож байхад огт хууль зөрчөөгүй байна, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй байна мэтээр дүгнэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Зөрчлүүд нь нотлох баримтаар нотлогддог байхад шүүгч тодорхой дүгнэлт хийлгүй бүрхэгдүүлсэн байна.

НИТХ-ын 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа”-ны журам нь 2014 оны 04-р сарын 10-ны өдөр батлагдаж, мөрдөгдсөн.

НЕТГ-аас Г.Жавхлантөгст олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн огноог үзүүлбэл: Уг журам мөрдөгдөж эхлэхээс өмнөх: 2013 оны 2-р сарын 05-ны өдрийн 2013/47 дугаартай 12 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар,

Уг журам мөрдөгдсөнөөс хойшхи: 2014 оны 4-р сарын 24-ний өдрийн 57/2014 дугаартай 12 давхар барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2014 оны 6-р сарын 09-ний өдрийн 467 дугаартай 15 давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 09-р сарын 05-ны өдрийн 400/2014 дугаартай 15 давхар барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй байдаг.

НЕТГ-аас Г.Жавхлантөгсийн 15 давхар барилгын архитектурын төлөвлөлтийн даалгаврыг гаргахдаа НИТХ-ын 5/14-р тогтоолын нэгдүгээр хавсралт журмын 4.1, 4.2,  4.3, 4.4, 4.12 дэх  заалтуудыг буюу 4.3.1.5-д зааснаар 40-45 м зай дотор байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авна гэснийг зөрчиж “Барилга барих үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн оролцоог хангана” гэснийг хангаагүй.

Мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас  НИТХ-ын 2014 оны 04-р сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт журмын 4.3,  8.1.16-г  зөрчигдсөн болохыг тогтоосон. Үүнд: НМХГ-ын 2014.10.29-ний  өдрийн 02-07/3344 албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт 2014.10.20-ны өдрийн 02-07-107/1500 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт 2014.05.14-ны өдрийн 02-07-84/178 акт. Ингэснээр НЕТГ нь НИТХ-ын 2014 оны 04-р сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт журмын 8.1 дэх “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно” гэснийг зөрчсөн. Үүнд: 8.1.3 “Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчих”,  8.1.6 “Барилгын ажлыг магадлал хийгдсэн ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэх”, 8.1.16 “...барилгын норм нормативыг зөрчин барилгын эх зураг батлах”, 8.1.17 ”Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох ажлыг хууль бусаар хийж гүйцэтгэх” гэсэн хориглох үйлдлүүдийг гаргасан.

“Зураг төсөл” гэж Барилгын тухай 2008 оны 3.1.1 болон 2016 оны хуулийн 4.1.30-д  “барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах ...ажлын зураг, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдэл”-ийг хэлнэ, “зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно” гэж Барилгын тухай хуулийн /2008 оны/ 13.5-д заасан.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Г.Жавхлантөгст НИТХ-ын 2014 оны 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт журмын 6.3.3-т заасан “Тухайн барилгын магадлал хийсэн зураг төсөл”-ийн бүрдэлгүйгээр 400/14 дугаартай Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон нь зөрчилтэй. Үүнд: “Магадлал хийгдсэн ажлын зураг”-гүйгээр НИТХ-ын 2014 оны  5/14-р тогтоолын 1-р хавсралт “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 6.1-ыг, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах” дүрмийн 2.4 дэх заалтуудыг, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 13.5 заалтыг тус тус зөрчсөн. Үүнд:

Иргэн Г.Жавхлантөгсийн 15 давхар барилгад 400/2014 барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2014.09.05-ны өдөр “Газар шороо, суурийн ажилд” гэж олгосон мөртлөө магадлалын дүгнэлтгүй, “Суурийн ажил”-ын зургийн магадлалын дүгнэлт нь: 2014.10.20-ны өдрийн “МССС корпорейшн” ХХК-ийн 175/2014 дугаартай байдаг. “зөвхөн суурь каркас угсралт” гэсэн байхад НЕТГ-аас “үндсэн хийцээр” гэж ажлын зөвшөөрлийг нь 2014.10.24-ний өдөр сунгасан нь зөрчилтэй.

“Барилга архитектур”-ын зургийн 24/2015 магадлалын дүгнэлт нь: Барилгын ажил эхэлснээс хойш 5-н сарын дараа буюу 2015.03.12-ны өдөр гарсан, “барилгын бүтээц, газар хөдлөлт”-ийн зургийн 223/2015 дугаартай магадлалын дүгнэлт нь:

барилгын ажил эхэлснээс хойш 13 сарын дараа 2015.10.19-нд гарсан буюу барилгын бүтээц, угсралтын ажил нь дууссан хойно гарсан учраас “газар хөдлөлтийн” тооцоогүйгээр барилгын суурь, барилга нь баригдсан. 15 давхар барилгын инженер геологийн судалгааны дүгнэлтгүй учраас магадлалаар баталгаажаагүй, дүгнэлтгүй нь нотлох баримтаар байна.

“...Инженер геологийн төвөгшилтэй нөхцлийн судалгааны дүгнэлтэд магадлал заавал хийлгэнэ” гэснийг хангалгүй, 15 давхар барилгын инженер геологийн судалгааны дүгнэлтгүй байхад 12 давхар барилгад зориулсан дүгнэлтээр зөвшөөрөл олгосон нь Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолын “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах” дүрмийн 1.2.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн /2008 оны/  13.2, 13.5 дахь заалтыг зөрчсөн.

Галын аюулгүй байдлыг Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан төрийн байгууллагатай зөвшилцөж, барилгын зургийн нүүр хуудас, ерөнхий төлөвлөгөөний зураг, барилгын иж бүрэн зураг дээр зөвшилцөлгүй байхад  барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нь ЗГ-ын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх”  дүрмийн 5.1, 5.2 дахь заалтын зөрчсөн.

Онцгой байдлын ерөнхий газрын 18/О-11 тоот дүгнэлт нь 2015.01.19-нд гарсан бөгөөд гэтэл 2014 оны 9-р сарын 05-ны өдрөөс буюу 5 сарын өмнө барилгын ажил нь эхэлсэн байгаа нь зөрчилтэйг нотолно.

Шийдвэрт “... Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэн Г.Жавхлантөгсийн барилгатай холбоотой маргаан бүхий захиргааны актууд гаргахдаа Хот, байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах” гэж заасан зарчмыг зөрчөөгүй ...” гэж дүгнэсэн байна. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь захиргааны актуудыг гаргахдаа илт гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд үйлчилсэн, хууль бус, материалын бүрдэл дутуу байхад захиргааны актууд гаргасан ба гаргасан актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болохыг шүүхийн мэтгэлцээний шатанд хүлээн зөвшөөрсөөр байхад шүүх илт худал дүгнэлт хийсэн.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйл “Хот байгуулалтын баримт бичигт тавигдах шаардлага”-ын 12.5-д “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь ...талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна” гэснийг хангаагүй байхад эрх нь зөрчигдөж байгаа талаараа 50-р байр болон “Өгөөж хишиг” ХХК-аас гомдол гаргасаар байтал НЕТГ-аас тэгш байдлыг хангах талаар ямар ч арга хэмжээ аваагүй.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор шүүх хуралдаан дээр “...шүүх хуралдааны болон нотлох баримт шинжлэн судлах явцад гуравдагч этгээдийн хариуцлагагүй байдал харагдаж байна. 12 давхар байсан боловч 15 давхар барилга барьсан нь цэвэр гуравдагч этгээдийн буруу...” гэж тайлбарласан.

НЕТГ нь “15 давхар орон сууцны барилга” гэж 467/14 даалгавраар төлөвлөж, 400/14 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон нь нотлох баримтаар байдаг. Ийнхүү хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч НЕТГ нь Г.Жавхлантөгст 12 давхар барилгын баримт материалаар 15 давхар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бусаар олгосон болох нь нотлогдоно.

Г.Жавхлантөгст 2 удаа барилгын зөвшөөрөл олгохдоо нэг ч удаа хөрш зэргэлдээ иргэд, байгууллага, эд хөрөнгө өмчлөгч нарын саналыг аваагүй, НЕТГ-аас Г.Жавхлантөгсийн барилгыг төлөвлөж, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож улмаар маргааны эх үндсийг нь бий болгож орон сууцны 50-р байр болон “Өгөөж хишиг” ХХК-ийн орон сууц, барилга объект, өмч хөрөнгийн хажууд, хэт ойр, өндөр барилга бариулж бидний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна.

Мөн барилга хоорондын зай хэмжээний зөрчилтэй байна гэж зааж, барилгын нормын зөрчилтэй төлөвлөлт хийсэн байна гэсээр байтал НЕТГ нь Г.Жавхлантөгст дахин барилга төлөвлөхдөө давхрын тоог бууруулах замаар БНбД-д нийцүүлэх арга хэмжээ авалгүй харин ч давхрын тоог нь нэмэгдүүлэн 15 давхар болгож НМХГ-ын шаардлагыг биелүүлэлгүй, БНбД-г хангаагүй төлөвлөсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 6 удаагийн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 3 удаа, Барилга хот байгуулалтын яамнаас Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд 1 удаагийн албан тоотыг хүргүүлж зөрчлийг арилгахыг шаардсан ч нийслэлийн агентлаг НЕТГ нь зөрчлийг арилгаагүй бөгөөд Г.Жавхлантөгсийн эрх ашгийг хамгаалсан.

2013/47 АТД-аар ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014.05.14-ний 02-07-84/178 актаар 57/14 барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцалсан бөгөөд харин зөрчигдсөн байна гэсэн Барилгын нормын зөрчил, НИТХ-ын  8.1.16-ын зөрлүүдийг арилгаагүй. НМХГ-ын 2014.10.29-ний  өдрийн 02-07/3344 албан тоотоор НИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолын хавсралт журмын 4.3,  8.1.16-г, БНбД 31-01-10-ын 1.6-г, БНбД 30-01-04-ийн 2.8-г хангаагүй гэсэн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт 2014.10.20-ны өдрийн 02-07-107/1500 дугаартай дүгнэлтээр НИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолын хавсралт журмын 4.3, 8.1.16-г, БНбД 31-01-10-ын 1.6-г, БНбД 30-01-04-ийн 2.8-г хангуулан ажиллахыг даалгаж дүгнэсээр байтал ямар ч арга хэмжээ аваагүй.

МХЕГ-аас 2015.04.03-ны өдөр 7/949 тоотоор “зөрчил арилахгүй, барилгын ажил үргэлжлэн хийгдсээр байгаа тул барилга байгууламжид олгосон зөвшөөрлийн үшйл ажиллагаанд арга хэмжээ авахыг шаардахад биелүүлээгүй. 2014 оны 5-р сарын 20-ны өдрийн 1515  албан тоотоор “Өгөөж хишиг” ХХК-ийн 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөг Г.Жавхлантөгсийн /Ш.Нансалмаагийн/ ерөнхий төлөвлөгөөнд шилжүүлсэн байрлуулсан нь “Хот байгуулалтын тухай хуулийн 10.1.6 дахь заалтыг зөрчсөнийг арилгах” шаардлагыг НЕТГ-т гаргасан. МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдээс НЗД Э.Бат-Үүлд 201504.21-ний 1/1152 тоотоор “Г.Жавхлантөгсийн орон сууцны барилгын газрын захирамж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төслийг батлахдаа орчны барилгуудтай уялдуулах, барилга хооронлдын зай хэмжээг баримтлах, аюулгүй орчинд амьдрах таатай орон зай, орчныг бүрдүүлэхийг шийдвэрлэхийг БХБЯ-аас НЗД Э.Бат-Үүлд 2015.09.04-ний 8/2685 тоотоор “Иргэдийн аюулгүй орчинд ая тухтай амьдрах бололцоог хангаж  дээрх зөрчлийг яаралтай арилгуулах бодитой арга хэмжээ авахыг “ тус тус шаардсаныг НЕТГ нь хангаагүй болно.

Ийм албан тоот бичиг шаардлагууд өгч байсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байна.

Шийдвэрт “... Барилгын тухай хуулийн /2008 оны/ 15 дугаар зүйлийн 15.1-д “Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй” 15.1.1-д “барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах” гэж заасны дагуу гуравдагч этгээд нь барих гэж буй барилгадаа зохих зөвшөөрлүүд болон техникийн нөхцөл авсан болох хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтаар нотлогдож байна ...” гэж дүгнэсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь зохих зөвшөөрлүүдийг хуульд заасан, зохих журмаар олгоогүй, өөрөөр хэлбэл 12 давхар барилга барих баримт материалуудаар 15 давхар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нь  нотлох баримтуудаар тогтоогдсоор  байтал шүүх хариуцагчийг хууль огт зөрчөөгүй, огт хууль зөрчөөгүй журмын дагуу олгосон мэтээр дүгнэлт гарган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Барилгын тухай хуулийн /2008 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.1-д “барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах” гэж заасаар байтал зөвхөн техникийн нөхцөл гэснийг л авч үзэж, зураг төслийн талаар дүгнэсэнгүй. Техникийн нөхцөл нь хэрэглэгчийн, барилгын хэрэглээ, хэмжээнд үндэслэн тооцогдож гарах бөгөөд техникийн нөхцөл ачаалалын үндсэн дээр барилгын ажил зураг төсөл зохиогддог журамтай.

Гэтэл НЕТГ-аас Г.Жавхлантөгст 400/2014 Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгохдоо үндэслэсэн баримт материалыг авч үзэхэд 12 давхар барилгын материалаар 15 давхар барилгын зөвшөөрлийг олгож, 2 удаа сунгалт хийсэн байгаа нь нотлогдоно. Үүнд: 2014.06.09-ны 467 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт “24.8*15.8м консолгүй 15 давхар” гэсэн мөртлөө 12 давхар барилгын схем зургийг хавсаргасан,  Барилгын тэг тэнхлэгийн акт нь 2014.04.20-нд 12 давхрын хэмжээгээр Барилгын хашаа, орц, гарцын байршлын зураг  /12 давхраар/, Инженер геологийн судалгааны дүгнэлт нь "Дэлгэр инж-гео" ХХК-ийн хийсэн 12 давхар барилгынх Даамал томилсон тушаал нь 12 давхар барилгынх 2014.03.28, 2014.08.21-ийн магадлалын дүгнэлтийн хавсралт- Барилга бүтээц гэсэн нь баталгаажилтгүй, тамга тэмдэггүй, экспертийн нэр дугааргүй, хуурамч, Барилгын карказны ажил гүйцэтгэх гэрээ 2014.01.20-ны №22тоот 12 давхраар хийсэн УСУГ-ын 241/13 техникийн нөхцөл 12 давхар үйлчилгээтэй сууцны барилгад УБЦТС ХК –ийн 1100/2014 техникийн нөхцөл 12 давхар барилгад УБДС ХК-ийн 81/2014 Г.Жавхлантөгсийн 12 давхар орон сууцны барилгад Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ий 55/2013 техникийн нөхцөл 12 давхар барилгад олгогдсон нотлох баримтаар байна.

Барилга барих газарт хийгдсэн Инженер геологийн судалгааны дүгнэлт нь 12 давхар барилгаар байгаа учраас 15 давхар барилга барих зөвшөөрлийг олгох ямар ч үндэслэлгүй байна.

Шийдвэрт “...Эдгээр дүгнэлт, техникийн нөхцөл нь барилгын үндсэн ажил гүйцэтгэх зөвшөөрөл өгөхөөс өмнө техникийн нөхцөлийг бүрдүүлэх хуулийн шаардлага болон 12 давхар барилгад авсан техникийн нөхцөлөөр 15 давхар барилга баригдаж байгаа зөрчил байгаа хэдий ч энэхүү нөхцөл байдал нь “Өгөөж хишиг” ХХК-д хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэж дүгнэсэн.

Шүүхээс зөрчил байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө энэхүү зөрчил нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчихгүй мэтээр дүгнэлт гаргасан хүлээн зөвшөөрөхгүй байна. Тусгай мэдлэг шаардсан асуудалд өөрөө мэргэжлийн хүн мэтээр хандажулмаар 12 давхрын техникийн нөхцөл 15 давхарт  шаардлага хангана мэтээр дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн энэ зөрчлөөс гадна зураг төслийн талаарх болон мэргэжлийн байгууллагуудаар тодорхойлогдсон бусад зөрчлүүдийн талаар огтхон ч дүгнэлт хийгээгүй байдаг. Өнөөдөр захиргааны байгууллагын хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн болон оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөөр байтал шүүхээс Г.Жавхлантөгсийн хууль бус үйлдэл, зөрчлийг  нэхэмжлэгчид хамааралгүй зөв мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. 12 давхар барилгад шаардагдах техникийн нөхцлүүдийн ачаалал, хэмжээ, шаардагдах тоноглол, насос, түгээлт, хэрэглээнээс хамаарч бусад барилга байшинд болон сүлжээний системд нөлөөлөх байдал, 12 давхар барилгад шаардагдах барилга хоорондын зай хэмжээ, автозогсоолын тоо, талбай хэмжээ, галын болон онцгой байдлын үед нэг орцноос зугатан зайлах хурд, боломжит хүний тоо хэмжээ, гадна амарч тоглох тухтай орчны зай хэмжээ зэрэг нь барилгын давхрын тоо 15 болж, барилгын өндөр нэмэгдэхэд айлын тоо, хүн урсгалын тоо нь нэмэгдснээр зайлшгүй хамааралтайгаар өсч өөрчлөгдөнө. Энэ бүгдийг барилгын өндөр, хүний тоо, цагийн хэрэглээ, галын аюулгүй байдлыг хангах арга хэрэгслээс хамааруулан тооцсон байх ёстой техникийн нөхцөл нь 12 давхрынх байгаа учраас, техникийн нөхцөлд үндэслэсэн зураг төсөл нь мөн л 12 давхраар тооцогдож зохиогдсон, 15 давхар барилгын зураггүй гэх үндэслэл нь болно. Шийдвэрт “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ үндэслэж буй дээрх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын дүгнэлтүүд нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн ба уг шинжээчийн дүгнэлтээр иргэн Г.Жавхлантөгсийн барилга нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-г зөрчөөгүй гэсэн болно ...”  гэсэн. Мөн шийдвэрт “... Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд: 1. Гуравдагч этгээдийн өмчилж буй газар нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй ...” гэж дүгнэсэн байна.

Шинжээчийн дүгнэлтээр мэргэжлийн хяналтын байгууллагуудын акт, дүгнэлтүүдийг үгүйсгээгүй (эдгээр дүгнэлтүүд хүчин төгөлдөр нотлох баримт хэвээр) байдаг бөгөөд эдгээр  нотлох баримтуудад илт худал дүгнэлт хийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

"Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/ Барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12-р хүснэгтэд   барилгуудын харьцаж байгаа “тал”-уудаас хамааруулан нормчлохоор заасан байдаг. Нэг үгээр хэлбэл барилгын хэлбэрээс хамаарахгүй болно.

 2016 оны 4-р сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Асуулт 4-рт “Өгөөж хишиг” ХХК-ий 12 давхар орон сууцны “А” барилга, Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгууд нь урт буюу тууш талаараа харьцаж байгаа эсэх гэсэн асуултад:   Хариулт 4-рт Шинжээчээс: “Өгөөж хишиг” ХХК-ийн 12 давхар орон сууцны “А” блок иргэн Г.Жавхлантөгсийн  15 давхар орон сууцны барилгатай тууш /урт/ талаараа харьцаж байна” гэж хариулсан байдаг. Ингээд тууш талаараа харьцаж байна гэж үзэж байгаа бол  тууш урт талаараа харьцах 15 давхар барилга барихад шаардагдах барилга хоорондын зай хэмжээний нормативаар нормчилно гээд НМХГ-ын 2014.10.29-ний өдрийн 02-07/3344  албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014.10.20-ны өдрийн 02-07-107/1500 дугаартай дүгнэлтэд заасан Г.Жавхлантөгсийн барилга 26.3м зайтай баригдаж байгаа нь БНбД 31-01-10-ын 1.6-г зөрчсөнийг нотолж байна гэсэн дүгнэлт урган гарч ирж байна. Өөрөөр хэлбэл “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ыг орон сууцны барилга төлөвлөхөд ашиглаж  ерөнхий зүйлийн 4.16, 4.18-рт зааснаар Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын хүснэгтэд заасан ёсоор төлөвлөнө гэж нормчилсон. Г.Жавхлантөгсийн барилга нь орон сууцны зориулалтай барилга учраас “Орон сууц, олон нийтийн” бүсчлэлд буюу “суурьшлын” зориулалттай ашиглагдах газарт л төлөвлөх нь “Хот байгуулалтын тухай” хуулийн 13.1 дэх заалт, мөн БНбД 30-01-04-ийн ерөнхий зүйлийн 1.7-дахь заалтад заагдсан  хуульчлагдсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-д  “Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана” гэсний дагуу улсын байцаагчийн акт, шаардлагуудын биелэлтийг гаргаж цуцлуулаагүй, энэ талаар нэг ч хүсэлт гаргаагүй зэрэг нь мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг хүлээн зөвшөөрч, шаардлагын биелэлтийг гаргаагүйн илрэл болно.

Түүнчлэн “Өгөөж хишиг” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдөж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоож нотолсон. Үүнд: НМХГ-ын 2014 оны 11-р сарын 26-ны  02-03/3742, ГХГЗЗГ-ын 2015 оны 02-р сарын 12-ны өдрийн 1/173 тоот, ГХГЗЗГ-ын 2015 оны 03-р сарын 19-ний 1/347 тоот. Мөн мэргэжлийн тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгж байгууллагуудын хэмжилт, актууд нотлох баримтаар байна. Иймд нотлох баримтууд, дүгнэлтүүд байсаар байтал эрх бүхий байгууллага, болон тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд дүгнэсээр байтал ингэж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл хурлын даргалагч С.Төмөрбат нь шүүх хуралдаан дээр зөрүүтэй байдлыг арилгалгүйгээр Барилгын хөгжлийн төвийн 2016 оны 4-р сарын 01-ний өдрийн 1/640 албан тоотын шинжээчийн дүгнэлтээр Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, дүгнэлтүүд нь үгүйсгэгдсэн гэж үзсэн мөн эрх бүхий байгууллага, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын дүгнэлт нотлох баримтаар хэрэгт авагдсаар байтал ингэж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Шийдвэрт “... 2. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т “барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан  иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг... шийдвэрлэх” гэж нийслэлийн Засаг даргад эрхийг нь олгосны дагуу нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Г.Жавхлантөгсийн барилгатай холбогдуулан гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь “Өгөөж хишиг” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэж дүгнэсэн. Нийслэлийн Засаг даргад олгогдсон эрхийг Нийслэлийн агентлагууд хэрэгжүүлж ажиллахдаа батлагдсан НИТХ-ын  2014 оны 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмыг баримтлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах дүрэм”-ийг баримтлан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” болон холбогдох норм дүрмийг баримтлан олгоно Энэ үүргээ хэрэгжүүлэх явцад хариуцагч захиргааны байгууллага дээрх журмыг зөрчсөн нь тодорхой тогтоогдсон болно. Шийдвэрт “... 3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлагыг маргаан бүхий захиргааны актууд нь зөрчөөгүй, баригдаж буй барилга ойр орчмын барилга эзэмшигч, ашиглагч нарын эрх тэгш, бие даасан байдлыг хангасан байхаас гадна нэхэмжлэгчийн ашиг сонирхолоос хамаарч бусад этгээдийн хуулиар олгогдсон эрх хязгаарлагдах ёсгүй гэж шүүхээс үзлээ ...” гэж дүгнэсэн.

“Өгөөж хишиг” ХХК-ийн газар эзэмших эрхийг удаа дараа зөрчиж  манай газар дээр давхцуулан кадастар хийсэн, барилгын сууриа оруулж барьсан, консолоо манай газар дээгүүр гаргаж барьсан зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14-р тогтоолын нэгдүгээр хавсралт журмын  4.3 дэх  заалтын “орчны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авна” гэснийг 2014 онд зөрчиж “Барилга барих үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн оролцоог хангана” гэснийг хангаагүй нэг ч удаа санал аваагүй. Барилга хоорондын зай хэмжээний, орцны орчмын зам талбайн нормын зөрчилтэй, 15 давхар барилгын магадлалаар баталгаажсан зураг төсөлгүйгээр буюу 15 давхар барилгын инженер геологийн судалгааны дүгнэлтгүй, магадлалгүй баригдсан Барилгын тухай хуулийн болон НИТХ-ын 2014 оны 04-р сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт  журмын “хориглосон үйлдлүүд”-ийг гаргасан байхад зөвхөн нэхэмжлэгчийг хохирохгүй гэж дүгнэсэн нь хэт гуравдагч этгээд, хариуцагч нарын талд хэтэрхий үйлчилж  шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн энэ дүгнэлт нь бие даасан шаардлагыг гаргаагүй гуравдагч этгээдийг илэрхий хамгаалсан шинжтэй байхаас гадна хариуцагч захиргааны байгууллага буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөөр байхад энэ талаар огт дүгнээгүй байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “... иргэн Г.Жавхлантөгсийн нэгж талбарын 18644310126361 дугаар бүхий 581 м.кв, нэгж талбарын 18644310125325 дугаар бүхий 402 м.кв, иргэн Г.Энхтүвшингийн нэгж талбарын 18644310122388 дугаар бүхий 402 м.кв газрын давхцсан хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа геодези зураг зүйн газарт даалгах” гэж тодорхойлсон бөгөөд шүүх уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3219 дүгээр захирамжаар гуравдагч этгээдээр Г.Жавхлантөгс, Г.Энхтүвшин нарыг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г.Жавхлантөгсийн 15 давхар орон сууцны барилгын 467/2014 тоот архикетур төлөвлөлтийн даалгавар, 400/2014 тоот барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл,  Г.Энхтүвшингийн 12 давхар орон сууцны барилгын 2013/48 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Г.Энхтүвшин нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... уг газрыг Г.Баярмагнайд худалдсан ... тул миний эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй ... гуравдагч этгээдээр татсан нь үндэслэлгүй” гэсэн байх бөгөөд шүүх 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 544 дүгээр захирамжаар дээрх 2015 оны 3219 дүгээр захирамжийг илт үндэслэл муутай гэх үндэслэлээр Г.Энхтүвшинг гуравдагч этгээдээр татан оролцуулсан хэсгийг хасч өөрчилсөн байна.

            Шүүх үүнээс хойш хэргийг тусгаарлаагүй атлаа нэхэмжлэлийн Г.Энхтүвшингийн газрын давхцлыг арилгуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөөг хүчингүй болгуулах шаардлагатай холбогдуулж уг нэхэмжлэлийн улмаас эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг гуравдагч этгээдээр татах, холбогдох нотлох баримтыг цуглуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулалгүй, зөвхөн Г.Жавхлантөгсийн газар, барилгатай холбогдуулж гаргасан нэхэмжлэлд хамааруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээрх нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.3, 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг тус тус зөрчсөн, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүх шаардлагыг шийдвэрлээгүйгээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 533 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ