Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 183/2020/00004/И |
Дугаар | 001/ХТ2022/00485 |
Огноо | 2022-04-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2022/00485
****, **** нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01240 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1718 дугаар магадлалтай,
****, **** нарын нэхэмжлэлтэй,
“ **** ****” ХХК, ****нарт холбогдох
2014.06.11-ний өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2014.11.11-ний өдрийн зээл авах эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалангийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагч “ **** ****” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. ****, **** нарнь “ **** ****” ХХК, ****нарт холбогдуулан 2014.06.11-ний өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2014.11.11-ний өдрийн зээл авах эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01240 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг баримтлан 2014.06.11-ний өдөр ****, Д.Нямдаваа нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцэл, 2014.11.11-ний өдөр Д.Нямдаваа, **** нарын хооронд байгуулагдсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ****, **** болон хариуцагч ****нарын хооронд 2014.06.11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 74, 75 тоот хаягт байрлах 112.32 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг ****ийн өмчлөлд шилжүүлэхийг “ **** ****” ХХК-д даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныгбаримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,166,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378,150 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1718 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01240 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56.1.3... гэснийг ...56.1.2... гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, хариуцагч “ **** ****” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Д.Нямдаваагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “ **** ****”ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Д.Нямдаваагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчийн гомдлыг хангаж, хэт нэг талыг баримталж үйл баримт болон нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хариуцагч нарын зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Анх энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн ****ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө байсан бөгөөд **** болон **** бид хамтран Д.Нямдаваагаас өмнө миний нөхөр Олдохын зээлсэн байсан 27,000 ам.долларын зээлийг баталгаа болгож 2014.06.11-ний өдөр 126,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээ” байгуулж улмаар ****ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар Ү-2203029213 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж 43-р байр, 74, 75 тоот орон сууцыг зээлийн гэрээ төлөгдсөний дараа буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр хууль бусаар дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2014.06.11-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, тухайн үеийн үнэлгээгээр 500,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр хуурамчаар үнэлэн энэхүү хуурамч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн дагуу хоёр хэлцлийг байгуулж энэхүү байр нь Д.Нямдаваагийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. **** нь Д.Нямдаваагаас нэг ч төгрөг зээлийн гэрээний дагуу хүлээж аваагүй бөгөөд **** миний бие ч энэхүү гэрээнүүдийн дагуу ямар ч мөнгө хүлээж аваагүй. Худалдах-худалдан авах гэрээний дагуу ямар ч төлбөр төлөгдөөгүй бөгөөд энэхүү 2 дүр үзүүлсэн хууль бус гэрээний ард ****нь өөрийн гараар “зээлсэн мөнгийг төлсөний дараа уг байрны гэрчилгээг ****ын нэр дээр шилжүүлж өгнө” хэмээн тохирсон байдаг. Иймээс энэхүү зээлийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Энэхүү 2014.06.11-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан нөхцөл шаардлага болох бараа хөрөнгийг шилжүүлж өгөөгүй, одоог хүртэл миний эзэмшилд байгаа бөгөөд гэрээний дүнг болох 30,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Гэтэл 2014.11.11-нд ****ийг оролцуулж, мэдэгдэлгүйгээр Д.Нямдаваа, **** нар нь “Зээл авах эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл”-ийг байгуулж ****би СБД дүүрэг 8-р хороо 43 байрны 74, 75 тоот байрыг 126,000,000 төгрөгийг ****т зээлдүүлэн түүний орон сууцыг түр хугацаагаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан болно. **** бид харилцан тохиролцож “ **** ****” ХХК-аас миний нэр дээр зээл авч надад төлөх ёстой мөнгийг төлж дуусгасан. Цаашид **** нь “Эко капитал ****” ХХК-ийн хүү болон үндсэн зээлийг хариуцан төлж дуусгасны дараа уг байрны гэрчилгээг ****ын нэр дээр шилжүүлж өгнө” хэмээн хэлцэл хийж 2014.11.10-ны өдөр уг байрыг барьцаалан 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж зээлдэгч, хамтран зээлдэгчээр Д.Нямдаваа, ****; П.Пүрэвням нар нь гарын үсэг зурсан юм. Гэрээ байгуулагдах үед энэхүү хууль бус хэлцлүүдийг “Эко капитал ****” ХХК мэдэж байсан бол Иргэний хуулийн дагуу хамтран хариуцагч болж, хамтран үүрэг хүлээж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар ядаж дуудлага худалдаанд оруулж зөрүүг нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан юм. Хариуцагч нар надад мэдэгдэж хамтран хариуцагчаар татсан бол нотлох баримтаар зээлийн эргэн төлөлтүүдийн баримтыг гаргаж өгсөнөөр хариуцагч нар 120 сая төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт төлсөн 50 орчим сая төгрөгийг минь хасалгүйгээр шууд 220 сая төгрөгт эвлэрлийн гэрээ байгуулж ****нь “Эко капитал ****” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн байна.
4.1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-ыг 56.1.2 гэж өөрчилж Иргэний хуулийн 56.1-ийн дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн байна гэсэн мөртлөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсэн заалтын үр дагаврыг тооцолгүйгээр “Эко капитал ****” ХХК-ийн гомдлыг хангасан нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, маргааны зүйлийг бүрэн тодруулаагүй, хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний талаар залруулах боломжгүй байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөддавж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг.
Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заажээ.
7. Д.Нямдаваа, ****, **** нар 2014.06.11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан ****нь 126,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, ****, **** нар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан өгөхөөр, мөн өдөр ****, ****нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, **** нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, Бага тойруу гудамж, 43-р байрны 74, 75 тоот хаягт байрлах 112.32 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, улмаар 2014.06.12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Д.Нямдаваагийн нэр дээр шилжүүлсэн, ****, Д.Нямдаваа нар 2014.11.11-ний өдрийн зээл авах эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна.
8. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “...2014.06.11-ний өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2014.11.11-ний өдрийн эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах...” гэснээс дүгнэвэлгэрээний хүчинтэй байдал, түүнчлэн үр дагаврыг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлээ гэрээтэй холбож тайлбарласан болохыг шүүх анхаараагүй, “ **** ****” ХХК-ийн барьцаа, маргааны зүйл болох орон сууц байгаа эсэх, үүргийг хангуулсан эсэхийг тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.
9. ****, **** нарын нэхэмжлэлд “...2014.11.11-ний өдөр ****д мэдэгдэлгүйгээр Д.Нямдаваа, **** нар зээл авах, эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл байгуулж, улмаар 2014.11.10-ны өдөр уг байрыг барьцаалан 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг байгуулж зээлдэгч, хамтран зээлдэгчээр Д.Нямдаваа, ****, П.Пүрэвням нар гарын үсэг зурсан байсан. Гэрээ байгуулагдах үед энэхүү хууль бус хэлцлүүдийг “ **** ****” ХХК мэдэж байсан...” гэж тусгагдсан байна.
“ **** ****” ХХК-аас Д.Нямдаваа, ****, **** нарын 2014.06.11-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн ****, Д.Нямдаваа нарын үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ****, Д.Нямдаваа нарын 2014.11.11-ний өдрийн зээл авах эд хөрөнгө шилжүүлэх гэрээг мэдэж байсныг тодруулах шаардлагатай бөгөөд “ **** ****” ХХК, Д.Нямдаваа нарын хооронд хамаарал бүхий ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх эсэх, “ **** ****” ХХК нь шударга барьцаалагч мөн эсэхийг нягтлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
10. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/00050 дугаартай шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 220,224,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 74, 75 тоот хаягт байрлах 112.32 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Нямдаваа хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10.1. Дээрх зээлийн төлбөрийг ****, **** нар төлөх үүрэг хүлээгээгүй боловч “...50,000,000 төгрөг төлсөн байхад хасалгүйгээр шууд 220,000,000 төгрөгт хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан...”гэж маргааны зүйлийг тодорхойлсон байхад хариуцагч нар уг үндэслэлийн талаар ямар байр суурьтай байгаа, 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар хэнд хүлээлгэн өгсөн болохыг тодруулж зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыгхарьцуулан, тал бүрээс нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч тус бүрт холбогдох хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, хууль зүйн дүгнэлт хийснийэцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
13. Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01240 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1718 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийнхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД