Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00524

 

                                                “ **** **** ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03087 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00120 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****ид холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 22,344,000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсүрэн, хариуцагч ****,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** ХХК нь ****ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,344,000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03087 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ****оос 21,363,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,241,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч **** төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ****ийн өмчлөлийн Ү-2205030042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 26-5 дугаар байр, 3 тоот, 31 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулсан үнээс 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  **** **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****оос улсын тэмдэгтийн хураамжид 323,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00120 дугаар магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 21,363,520 гэснийг 21,494,400 гэж, 3,241,280 гэснийг 849,600 гэж, 3 дах заалтын 323,820 гэснийг 265,422 гэж тус тус өөрчилж, 2 дах заалтын 15,000,000 төгрөгийн гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 123,417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,334 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ. 

4. Хариуцагч ****хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч **** гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй гэдгээ зөвшөөрч маргаагүй. Мөн өвчний улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон, ...уг үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна...” гэжээ. Миний бие 2019.08.11-ний өдөр осолд орж, нурууны  L2-р нугалам хугарч, L5-S1 нугалам хоорондын жийргэвч зөөлөн эд бяцарч шахагдан нугасаа дарсан. Энэ гэмтлээс шалтгаалан босох боломжгүй хэвтэрт орж, эмчилгээ хийлгэн хөдөлмөрийн чадвараа алдсан. Осолд орсноос хойш 7 хоногийн дараа “ **** ****” ХХК-ийн зээл хариуцсан ажилтан н.Алёшкатай утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэж, зээлийн хүүг гэрээнд заасан графикт хугацаанд төлөх боломжгүй болсон талаар хэлсэн. Мөн би аваарт орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас зээлийн хүүг цаашид төлж чадахгүй болсон талаар холбогдох баримтын хуулбарын хамт тус компанид өөрийн эхнэрээр дамжуулан шуудангаар хүргүүлсэн. Үүний дараа тус компанийн, миний зээлийг хариуцсан дээрх ажилтан нь 10 дугаар хороололд байх манай гэрт ирж бодит нөхцөл байдлыг нүд үзэж биечлэн танилцаад тэрээр “...Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулъя, тэгэх шаардлагатай юм байна” гэж амаар хэлээд явсан. Энэ талаарх баримт болох эмчийн дүгнэлт, нурууны рентген зураг зэрэг холбогдох нотлох баримтууд хэргийн материалд нотлох баримтаар авагдсан, шүүх хуралдаанд энэ талаар тайлбарласаар байтал нотлох баримтыг буруу дүгнэж миний 2019 оны 08 дугаар сараас хойш зээлийн үндсэн төлбөрт тооцож төлсөн мөнгөн хөрөнгийг зээлийн хүүд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэл бүхэлдээ бодит нөхцөл байдлаар өөрөөр, худал бичигдсэн. Миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 26-5 дугаар байрны 3 тоот 1 өрөө байрыг авснаас хойш тухайн байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд өөр байр орон сууц байхгүй. Гэтэл нэхэмжлэгч тал намайг оршин суугаа хаягтаа  байдаггүй уулзаж чаддаггүй, зээлээ төлөлгүй зугтаасан гэх зэрэг илтэд гүжирдсэн худал тайлбар хийж байгаад гомдолтой байна.

4.1. Магадлалын тогтоох хэсэгт “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ‘...21,363,520 гэснийг 21,494,400... шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх намайг 2018 онд аваарт орсон гэж бүтэн 1 жилээр алдаатай буруу дүгнэсэн. Хүнд гэмтэл авах хүртэл гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж байсан. Үүнээс хойш зээлийн хүүг төлж чадахгүй боллоо гэдгээ мэдэгдсэн, тухайн компанийн ажилтан нь гэрээр ирж нөхцөл байдалтай танилцаад явсан. Миний ойлгож байгаагаар “ **** ****” ХХК-д зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 13,200,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 21,494,400 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй буюу 8,294,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ:

 5. Хариуцагч ****ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****оос 21,363,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,241,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 21,363,520 гэснийг 21,494,400 гэж, 3,241,280 гэснийг 849,600 гэж, 3 дах заалтын 323,820 гэснийг 265,422 гэж тус тус өөрчилж, 2 дах заалтын 15,000,000 төгрөгийн гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 849,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. “ **** ****” ХХК нь ****ид холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15,000,000 төгрөг, 2019.07 дугаар сараас 2020.07.29-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 5,820,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,524,000 төгрөг, нийт 22,344,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

9. Хариуцагч **** зээлийн гэрээний хугацааны буюу 9 сарын хүү 5,400,000 төгрөг, үндсэн зээлээс 1,800,000 төгрөгийг төлсөн гэж үзэж, үлдэх хэсгийг төлөх хүртэл боломжит хугацаа олгож, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд зээлийг төлөх хэмжээ маргааны зүйл болсон байна. 

11.  **** ****” ХХК нь ****той 2018.10.05-ны өдрийн 18/91 дүгээрзээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр 18/090 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээгээр ****ийн өмчлөлийн Ү-2205030042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 26-5 дугаар байр, 3 тоот, 31 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогджээ. 

Зээлийн гэрээний талууд харилцан тохиролцон 2019.01.08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2019.01.05-ны өдрөөс 2019.07.05-ны өдрийг хүртэл болгон сунгаж, төлөлтийн хуваарийг баталсан байна. 

11.1. Зээл, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

Энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. 

12. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

12.1. Зээлийн гэрээний 2.1.3-т “Зээл олгох хэлбэр: Бэлэн бусаар ****ийн Хаан банкны 50376676657 тоот дансанд” гэж заажээ. 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 4.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. 

13. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.3-т зээлдэгч  “зээлийг энэхүү гэрээний 2.1.2-т заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд оногдох нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,  2019.01.08-ны өдрийн зээлийн сунгалтын гэрээний 3-т “2018.10.05-ны өдрийн 18/91 дүгээр зээлийн гэрээ, 18/090 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээний бусад нөхцөл хэвээр үлдэх” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ. 

13.1. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний 2.1.1, 2.1.3, 2.3, 3.2.8, 7.4-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ. 

14. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн451.1,453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 4.1.3, 4.1.5, 7.2-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

15. Давж заалдах шатны шүүхийн “... **** гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй гэдгээ зөвшөөрч, маргаагүйөвчний улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон, түүнчлэн цар тахал гарсантай холбоотой хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлүүдээр зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүг зогсоох талаарх хүсэлтийг нэхэмжлэгч талд бичгээр гаргаж, талууд гэрээнд өөрчлөлт оруулсан гэх боловч уг үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй...”гэсэн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

15.1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахнийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар,Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч тэднийг зээлийн хүү, алдангийн үүргээс чөлөөлсөн эрх зүйн зохицуулалт алга. 

15.2. Хариуцагч **** өвчний улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсноо нотлож, эмчийн дүгнэлт, нурууны рентген зураг зэрэг холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн хэдий ч шүүхээс энэ үйл баримт нь хариуцагчийн хууль, гэрээнд заасан үүрэг зээл төлөх хугацааг хойшлуулах, зээлийн хүүг зогсоох боломжгүй байна. 

Эдгээр нөхцөл байдлын талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн хувьд буруутгах үндэслэлгүй болно. 

16. Анхан шатны шүүх ****оос зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийгзөв тодорхойлсон боловч тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

17. Давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

18. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00120 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хариуцагч ****ийнгомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,661 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД