Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 89

 

Г.С, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ц.Шийдэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С............ын гаргасан давж заалдах гомдлоор Г.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1809000000021 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ........ овгийн ..........ын ........., 19....... оны .........дугаар сарын 15......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 8-3482 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,

1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1997 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2. ........... овгийн ............ын ............... бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 16-9А тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 1-28 тоотод түр оршин суух, /РД:............../,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 648.000 төгрөгөөр торгох ялаар,

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;

Г.С нь Ц.Бтэй бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дамбадаржаагийн задгайд оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж, 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хуандайн” ам гэх газраас Э.Алтангэрэлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгийн даваа” гэх газарт Г.Батсүхийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Т.Пагмын 1 тооны үхрийг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Б нь Г.Стай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дамбадаржаагийн задгайд оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж, 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр Д.Гантөмөртэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Урт сайр” гэх нэртэй газраас иргэн Д.Баасанбаярын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.Баянмөнхийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж, 1.950.000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 54.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.С, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............ овгийн ............ын ............., ..............н овгийн .............ын .............нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Санждамбыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.............ын цагдан хоригдсон 191 хоногийг, Ц.Бийн цагдан хоригдсон 364 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, эсгий түрийтэй хос гутал 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар даавуун уут 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Г.Санждамбын эзэмшлийн “Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар зохих байгууллагад шилжүүлж, Г.С, Ц.Б нараас хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Г.Санждамбын төрсөн охин 4 настай, Санждамба овогтой Анужин /УК13261329 регистрийн дугаартай/, 3 настай Санждамба овогтой Үүрийнцолмон /УК14312089 регистрийн дугаартай/ нарын хууль ёсны асран хамгаалагчийг зохих байгууллагаас тогтоох хүртэл тэдгээрийн авга эгч Дамдинсүрэн овогтой Чимэддолгор /ХК71100103 регистрийн дугаартай/-т асран хамгаалалтандаа байлгахыг түүнд даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.С, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд амьдралын утга учир болсон 2 охин маань эхийн хайр халамж үзэлгүй өдий болтол эцгийн гар дээр өсөн бойжиж, том охин Анужин 6 настай, бага охин Үүрийнцолмон 5 нас хүрч байгаа. Хоёр охиныг маань харж халамжлах хүн байхгүй. Шүүхээс асрамжийн газар өгсөн нь эцгийн хувьд сэтгэл их өвдөж шаналж байна. Өсөж өндийх насандаа яваа хоёр охин маань эцгийн хайр үзэлгүй асрамжийн газар хүний гар дээр өсөх нь ирээдүйн охидын маань сэтгэлд нэгэн толбо болж үлдэх нь эмзэглүүштэй байна. Хүүхдийн сайн сайхан амьдралын эхлэл эцэг эхийн суурь хүмүүжлээс эхтэй. Миний хувьд сайн сайхан амьдралын төлөө өөрийн алдаа дутагдалаа засаж, хийсэн хэргээ ойлгож, гэмээ ухаарч хоёр охиныхоо төлөө хичээнгүйлэн амьдрах болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан шийдвэрийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Санждамбын өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Санждамбын хувьд урьд алдаж оносон асуудлууд байдаг. Урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудаас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол барагдуулсан зүйл харагддаггүй. Энэ удаагийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан байна. Үүнээс Г.С нь засарч байгаа нь харагдаж байна. Мөн шүүгдэгч Г.С нь 2 бага насны охинтой. Өнөөдрийн байдлаар бага охин нь сүрьеэ өвчин туссан гэсэн мэдээлэл байна. Түүний эхнэрийн хувьд архины хамааралтай болоод энэ гурвыг хаяад явчихсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ 6 сараас эхэлдэг. Иймээс шүүгдэгч Г.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ц.Шийдэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Бийн хувьд 2 үйлдэлд гэм буруутайд тооцогдож байгаа. Тухайн үйлдлүүдэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Ц.Б нь 12 сар цагдан хоригдсон. Тухайн хугацаанд эрүүл мэндийн байдал хүнд байсан ч тэвчиж байснаас нь гэмшиж, ухаарч байгаа нь харагдаж байна. Мөн цагдан хоригдож байх хугацаандаа ар гэрийнхэн рүүгээ ярьж хохирлоо бүрэн төлүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорионы хугацаа дуусч тухайн хугацаанд төлөв томоотой байж байгаад шүүх хуралдаанд оролцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Ц.Б бид 2 ярилцахдаа “нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн учраас давж заалдах гомдол гаргахгүйгээр хорих ангидаа хуваарилагдаж магадландаа оръё” гэсэн. Түүнээс хойш 3 сар өнгөрсөн байна. Давж заалдах гомдол гаргаснаас болж Ц.Бийн магадландаа орох хугацаа хойшлоод байна. Магадланд орно гэдэг нь хуулийн шаардлага шалгуураа хангасан боловч процессын хувьд хорих ангидаа очоод гурваас доошгүй сар болж байж засрал хүмүүжлээ олсон гэдэг нь харагдана. Тэгээд хорих ангийн магадлангаар ороод дараа нь шүүхийн магадлангаар орох гэхэд 5-аас 6 сар болох гээд байгаа тул оногдуулах ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тус шүүх хуралдаанаар Г.С нь бусадтай бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр бусдын 6 тооны бод мал болон бог малыг хулгайлж, нийт 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Ц.Б нь бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр 4 тооны бод малыг хулгайлж, нийтдээ 54.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон. Анхан шатны шүүхээс дээрх хэрийг шүүдэгч нар амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн зорилготой, зөв амьдрах хэвшилд төлөвшөөгүй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж хөнгөрүүлэн үзэж, мөн бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн үзэж, Г.Сд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Ц.Бөд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

Шүүгдэгч Г.Санждамбыг Төв аймгийн Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан /1хх 224-231/ байх бөгөөд хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 2 тооны адуу, 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 2 тооны үхэр, 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 1 тооны үнээ, 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 1 тооны үхэр тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна.” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж зааснаас үзэхэд, 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан, тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол ялыг нэмж нэгтгэх зохицуулалт агуулгын хувьд өөрчлөгдөөгүй байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Г.С, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх болсон учир шүүгдэгч Г.Санждамбын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 921 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С, Ц.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Г.С, Ц.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                    Д.МЯГМАРЖАВ