Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2020/00348

 

 

 

 

 

 

 

 

 

     2020           01             29

                                 184/ШШ2020/00348

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт оршин суух, Ж- овогт Д-гийн Э-га /РД:-/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... хаягт байрлах, “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох

  

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ш-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны .... өдрийн 2539 дүгээр шийдвэрээр Д.Э-гаас 22,937,950 төгрөгийг гаргуулж Д.Э-т, мөн шүүхийн 2019 оны ....-ний өдрийн 734 дүгээр захирамжаар 30,076,987 төгрөг гаргуулж Д.-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр болон захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Л- шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Д.Э-гын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэх болон хураан авах тогтоол үйлдэн улмаар талууд хоорондоо хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй учир хөндлөнгийн шинжээчээр “М-” ХХК-ийг томилж, 75,250,000 төгрөгийн үнэлгээ тогтоолгосон байна. Энэ үнэлгээ нь өөрөө эргэлзээтэй байгаа. Шалтгаан нь тухайн орон сууц нь дээр үеийн буюу 1980 онд баригдаж ашиглалтад орж байсан байр юм. Тухайн үед м.кв талбайн хэмжээг тооцохдоо зөвхөн өрөөний талбайн хэмжээг тооцож, коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө, балконыг талбайн хэмжээнд оруулдаггүй байсан. Гэтэл одоо үед гэрчилгээнд ашигтай талбай гэдэгт тухайн орон сууцны бүх талбай буюу коридор, гал тогоо, ариун цэврийн өрөө, балконыг оруулж тооцдог болсон. Гэтэл “М-” ХХК нь үүнийг мэдсээр байж ашигтай талбайн хэмжээг хэмжилт хийгээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хуучин 30 м.кв гэсэн ашигтай талбайн хэмжээгээр тооцож үнэлгээ гаргасан нь нэхэмжлэгчид хохиролтойгоор тогтоогдсон учраас үнэлгээ нь үндэслэлгүй байгаа юм. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн 30 м.кв талбайн хэмжээгээр тооцоод талбайн хэмжээг өөрсдөө хэмжилт хийхгүйгээр үнэлгээг тогтоож, зарын хуудсыг хавсаргасан байсан. Энэ зар нь хэзээ, ямар сайтад, яаж тавигдсан зар гэдэг нь тодорхойгүй байгааг хооронд нь харьцуулаад 75,250,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байгаа нь илтэд үндэслэлгүй байгаа юм. Энэ үнэлгээнээс харахад зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байгаа бөгөөд хэрвээ төлбөр төлөгчийн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулсан тохиолдолд үнэлгээгээр тогтоосон 75,250,000 төгрөгийн 70 хувь буюу 52,675,000 төгрөг, 50 хувь буюу 37,625,000 төгрөгөөр худалдагдахаар байгаа нь 2 төлбөр авагчид төлөх ёстой 53,014,937 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй, төлбөр төлөгчөөс нэмж төлбөр төлөх байдалтай байна. Тийм учраас илтэд үндэслэлгүйгээр гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн хариуцагч хариу тайлбартаа хугацаа алдсан гэж тайлбарласан байдаг. Хугацаа алдсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан. Мэдсэн гэдгийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж тодорхой заасан. Д.Э-гад шинжээчийн дүгнэлтийг 2019 оны ....-ны өдөр Б.Л- өөрөө танилцуулсан байдаг. Тиймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны .... өдрийн 2539 дүгээр шийдвэрээр Д.Э-гаас 22,937,950 төгрөгийг гаргуулж Д.Э-гт, мөн шүүхийн 2019 оны ....-ний өдрийн 734 дүгээр захирамжаар 30,076,987 төгрөгийг гаргуулж Д.-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Э-гад сайн дураар төлбөр төлөх болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шат дараалсан ажиллагааг гүйцэтгэсэн боловч төлбөрийг төлөхгүй байгаа тул төлбөр төлөгч Д.Э-гын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж, шинжээч хөрөнгийн үнэлгээг 75,250,000 төгрөгөөр тогтоосон болохыг талуудад хуулийн хугацаанд танилцуулж мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлоо үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор гаргах ёстой. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор талуудад танилцуулна гэж заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг “М-” ХХК-иас 2019 оны .... өдөр хүлээн авсан. Үүнээс хойш 3 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээ болон мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин сууж байгаа хаяг буюу Сонгинохайрхан дүүргийн .... тоот хаягт шийдвэр гүйцэтгэгч өөрийн биеэр 2019 оны ....-ны өдөр очиж 4/26405 дугаартай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу насанд хүрсэн О.Ө-д хүлээлгэн өгч, танилцуулж төлбөр төлөх шаардлагаа тавин мэдэгдэхэд төлбөр төлөгч орон нутагт явж байгаа учраас Улаанбаатар хотод очихоороо өөрийн биеэр танилцана гэсэн тайлбарыг Д.Э-га утсаар өгсөн. Мөн 2019 оны ....-ны өдөр талуудад эрх, үүргийг танилцуулсан. Үүнд талууд өөрсдийн оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдлийг хамгийн сүүлд тэмдэглэгдсэн хаягаар мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэсэн эрх үүрэгтэй танилцсан учраас төлбөр төлөгч нь үнэлгээний мэдэгдлийг 2019 оны ....-ны өдөр мэдсэн байгаа. 2019 оны ....-ны өдөр Д.Э-га мөн өөрөө өрөөнд ирж хөрөнгийн үнэлгээтэй дахин танилцсан. Энэ хугацаанд төлбөр төлөгч өөрөө сайн дураар төлбөрөө төлөх болон эд хөрөнгөө худалдан борлуулах эрхээ эдэлье гэсэн хүсэлтээ өгсөн байгаа. Үүний дагуу Д.Э-гад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн хугацаа өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э-га нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /цаашид “Н-” гэх/-т холбогдуулан “М-” ХХК-ийн үнэлсэн 2019 оны ....-ны өдрийн 95/Ш дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны .... өдрийн 184/ШШ2018/02539 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Э-гаас 22,666,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-гт олгож, улсын тэмдэгтийн хураамжид 271,283 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны ....-ний өдрийн 184/ШШ2019/00734 дугаар захирамжаар Д.Э-гаас 30,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 76,987.5 төгрөг хамт гаргуулж Д.-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...75,250,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байгаа нь илтэд үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, орон сууцны кв.метрийн хэмжээг одоогийн хэмжих аргачлалаар тооцолгүй улсын бүртгэлийн гэрчилгээнд байгаа 30м.кв гэж тооцсон нь буруу...” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “Н-” нь “...“М-” ХХК нь хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны ....ний өдрийн 184/ШЗ2019/01826 дугаар захирамж, мөн өдрийн 00191 дугаар гүйцэтгэх хуудас, 2019 оны ....-ны өдрийн 184/ШЗ2019/08948 дугаар захирамж, мөн өдрийн 1009 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “Н-” нь 2019 оны ....-ны өдөр 19270551 дугаар, 2019 оны ....-ны өдөр 19271673 шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус үүсгэн явуулж эхэлжээ.

 

“Н-” нь төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг гаргуулан, эд хөрөнгө болон үнэт цаас бүртгэлтэй эсэх лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулж, арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх болон хасалт хийх тогтоол үйлдэн, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэл, Нийслэлийн газрын алба, Налайх дүүргийн газрын албанаас тус тус эд хөрөнгийн талаарх лавлагааг гаргуулж, бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн .... тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 2 өрөө орон сууц нь Д.Э-гын өмчлөлд бүртгэлтэй талаар тогтоожээ. “Н-”-ын 2019 оны ....-ны өдрийн 19270551/04 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны ....-ны өдрийн 19270551/07 дугаар тогтоолоор хураасан байна.

 

Хураагдсан эд хөрөнгөнд төлбөр авагч нараас үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан, талууд хэн аль нь үнийн санал гаргаагүй, тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоох талаар “Н-” нь 2019 оны ....-ны өдрийн 4/23840 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдов.

 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй буюу үнийн санал гаргаагүй тул “Н-” 2019 оны ....-ны өдрийн 376 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “М-” ХХК-ийг томилжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Н-”-ын шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй, харин зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, кв.метрийн хэмжээг буруу тооцсон тул уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч “...зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн, кв.метрийн хэмжээг буруу тооцсон...” нь хууль зөрчсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж харьцуулан үзэх баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

 

Улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн кв.метрийн хэмжээг дурын нэг үнэлгээний байгууллага сайн дураараа ихэсгэж багасган хэмжээг нь тооцох хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд “М-” ХХК нь 2019 оны ....-ны өдрийн 95/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Д.Э-гын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 75,250,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “...төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу 2019 оны ....-ны өдөр мэдэгдсэн тул нэхэмжлэгч шүүхэд 2019 оны ....-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуулийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” хэмээн маргадаг.

 

Төлбөр төлөгч Д.Э-гын эд хөрөнгийн мэдүүлэгт мэдүүлсэн хаягаар хөрөнгийн үнэлгээний талаарх 2019 оны ....-ны өдрийн 4/26405 дугаар мэдэгдлийг 2019 оны ....-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Л- биечлэн хүргэжээ. Тухайн хаягт амьдарч байгаа насанд хүрсэн гишүүн болох О.Ө-д мэдэгдлийг хүлээлгэн өгч, О.Ө- хүлээн авсан тухай тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд гэрийн хаягаар нь мэдэгдэл ирсэн, мөн О.Ө- нь насанд хүрсэн талаар нэхэмжлэгч тайлбарладаг. Д.Э-га нь 2019 оны ....-ны өдөр мэдэгдлийг биеэр дахин хүлээн авсан байна. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчийн мэдүүлсэн хаягаар хүргэж, насанд хүрсэн этгээдэд гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасантай нийцнэ. Тиймээс нэхэмжлэгчид 2019 оны ....-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг мэдэгдсэн үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг анх 2019 оны ....-ны өдөр гаргасан нь мэдэгдлийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Э-гын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “М-” ХХК-ийн 2019 оны ....-ны өдрийн 95/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Э-гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.УРАНЗУЛ