Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2020/00190

 

                 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүгч С.Буд, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг.... оршин суух, эрэгтэй, Ш овгийн С.Г-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... өөрийн байранд байрлах У газарт холбогдох

           Хохирол болох 3.600.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ш.М, Г.Д, гэрч Б.Д, иргэдийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч С.Г нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  Миний бие нь Сүхбаатар дүүргийн .... байрлах зоорийн давхрын ... м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчилөгч бөгөөд таеквондогийн клубын үйл ажиллагаа явуулдаг.

          2019 оны 08 дугаар сарын 10, 11-ний өдөр /аль өдрийг нь сайн мэдэхгүй байна/ 5 дахь өдрийн орой дээд айл эзэнгүй, манай клуб хаагаад, амраад явсан байсан. Б.Д гэдэг хүн над руу яриад,  би мэдсэн юм. Тэрээр  “та клубынхээ хаалгыг онгойлгоод өгөөч, ус хаах гэсэн юм, дээд айлаас чинь ус алдаад байна” гээд “би очьё” гэж хэлсэн. Удалгүй, хэдэн минутын  дараа “хэрэггүй боллоо” гэсэн. “Яасан бэ” гэж асуухад “бөглөөг нь гаргачихлаа” гэсэн. Хэр  их  ус алдсан гэдгийг мэдэхгүй байсан, би зуслан дээр байсан учраас ирж амжаагүй. Маргааш нь  ирэхэд  “дээд айлын бохир нь халиад манайх битүү усанд автсан байдалтай“ байсан. Би дээд айлын буруу юм  болов уу гэж бодоод “У газарт очсон. Гэтэл  дээд айлын буруу  байгаагүй, ямар ч хамааралгүй байсан. Харин бохирын гаргалгааны шугам бөглөрсөн бол бохир нь задарна, хаана байх нь хамаагүй гэж надад хэлсэн. Ингээд би “У газарт гомдол гаргасан. Тус төвөөс  холбогдох хүмүүс ирж техникийн комиссын акт үйлдэн “бохирын гаргалгааны шугам бөглөрч,  дээд айл болох 2 тоотын 00-оор  хальж, доошоо бохир ус алдсан” гэдгийг тогтоосон.   Дараа нь  “У газрын удирдлагад нь гомдол гаргасан ба хүмүүс нь  газар дээр шалгаж  үзээд, техникийн подвалиар явсан шугам сүлжээнд гэмтэл гарахад урьдчлан сэргийлэх боломж бага тул нэхэмжилж байгаа төлбөрийг гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. 

           Хэд хоногийн дараа Г.Д инженер над руу утсаар ярьж “дарга тантай уулзъя гэж байна” гэснээр би даргатай нь очиж уулзсан. Дарга нь “таны нэхэмжилсэн төлбөрийг гаргах боломжгүй. Он дуустал ус, дулаан болон ашиглалтын зардлыг тэглэе” гэсэн. Үүнийг нь би зөвшөөрөөгүй.

         Тус газрын буруутай үйл ажиллагааны улмаас бохирын ус их хэмжээгээр алдаж, хана, таазны эмульс, замаска норж хуурсан, шаланд дэвссэн дэвжээ дахин хэрэглэхгүйгээр бохирдож хохирсон. Хэрэв У газар нь цаг тухай бүрд нь бохирын шугам сүлжээндээ хяналт, шалгалт хийж, засч янзалж байсан бол ингэж хохирохгүй байх байсан. Би У газрын “өөрсдөө дур мэдэн ариутгах татуургын гаргалгааны шугамтай ижил түвшинд ариун цэврийн өрөө байгуулан шугам дээр үл буцах хавхлаг суурилуулсан нь бохир бөглөрч, халих ус алдах шалтгаан үүссэн байж болзошгүй” гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ нь үл буцах хавхлаг байрлуулсан эсэхээс хамаарахгүй.   

          Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-иар эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг тооцоолоод 6.847.380 төгрөг гэж үнэлсэн. Үүнээс би зөвхөн барилгын засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан 3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

        Хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Таеквондогийн клуб нь зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Дээд давхрын 2 тоотоос 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр буюу амралтын өдөр ”ус алдаж байна” гэсэн дуудлага өгсөн. Манай засварчин 25 минутын дотор очиж ус алдагдлыг арилгасан. Тухайн орцны 5 айлын бохирын гаргалгааны шугам бөглөрсөн. Зоорийн давхрын 00 юм уу, бохирын шугамын гаргалгаагаар халих ёстой бохирыг, нэхэмжлэгч үл буцах клапан тавьсанаас болж нэг давхрын айлын “00-оор хальж хальж байгаа юм. Тухайн үед ажлыг гүйцэтгэсэн засварчин бид нарт танилцуулсан. 2 тоотынх болон эднийх хохиролтой гээд өргөдөл өгсөн. Ахлах инженер, дарга нарт танилцуулаад, удирдах газрын инженер газар дээр нь очиж үзсэн. Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн үед 5 айлын гаргалгааны шугам бөглөрсөн болохоос гаднах ерөнхий худаг бөглөрөөгүй гэсэн дүгнэлт гараад, нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Бид гомдлын дагуу газар дээр нь очиж үзээд, акт тогтоосон гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У газарт 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... байрлах ... тоотын айл бохир бөглөрсөн дуудлага ирүүлсний дагуу засварчин очиж бөглөөг гаргасан. Тухайн бөглөөг гаргаж байхад нэхэмжлэгч С.Г-ээс ямар нэгэн санал ирүүлээгүй.

        Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ариутгах татуургын босоо шугамыг манай байгууллага эзэмшиж ашигладаггүй, зөвхөн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулдаг.

            Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг Таеквондогийн клуб нь манай байгууллагад ямар нэгэн дуудлага мэдэгдээгүй, өөрсдөө дур мэдэн ариутгах татуургын гаргалгааны шугамтай ижил түвшинд ариун цэврийн өрөө байгуулан шугам дээр үл буцах хавхлаг суурилуулсан нь бохир бөглөрч, бохир халих, ус алдах шалтгаан үүссэн байж болзошгүй.

               Иймд С.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч У газарт холбогдуулан хохирол болох 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.         

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч У газрын буруутай үйл ажиллагаанаас бохир усны гаргалгааны шугам бөглөрч, хохирол учирсан гэж,

          Хариуцагч У газар нь бохирын гаргалгааны шугам бөглөрөхөд тус газрын буруутай үйлдэл байхгүй“ гэж тус тус тайлбарлан маргаж байгаа болно.

           У газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “…бусдын эд хөрөнгөд хууль бусаар буюу санаатай болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

        Нэхэмжлэгч С.Г нь Сүхбаатар дүүрэг ....-д зоорийн давхрын ... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өөрийн өмчлөлийн байрандаа  таеквондогийн клубын үйл ажиллагаа  эрхлэн явуулдаг болох нь зохигчийн тайлбар,  ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... дугаартай  төрийн бус байгууллагын гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  /х.х-ийн 5, 64-66/

        У газар нь гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүрэг ... хаягт байрлах байшингийн /орон сууцны/ инженерийн шугам сүлжээ болон засвар үйлчилгээг 2015 оноос хойш гэрээний үндсэн дээр хариуцаж байгаа тухайд зохигчид маргахгүй байна.

         Нэхэмжлэгч С.Г нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн байрандаа таеквондогийн клубын үйл ажиллагаа  эрхлэн явуулдаг /түүний эзгүй үед/ байх ба 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус орон сууцны бохирын гаргалгааны шугам бөглөрч, дээд даврхын 2 тоотын ”00”-оор бохир ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн хөрөнгөнд хохирол учирсан болох нь  зохигчийн тайлбар, гэрч Б.Д-ын мэдүүлэг, У газрын техникийн комиссын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай техникийн акт, У газрын харьяа байгууллагын дарга П.О-ын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Хариуцагч У нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “...хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх чанар аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих”, мөн 14.2.4-д “өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд хийх” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй /бохир усны гаргалгааны шугам  бөглөрч/-гээс С.Г-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хоорондох шалтгаант холбоо байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутай этгээдэд үүсдэг болно.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар У газрын харьяа байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8 тоот албан бичиг, тус газрын техникийн комиссын  2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1 дугаар бүхий акт,  Хөрөнгийн үнэлгээний “Ф“ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан зэргийг гаргаж өгсөн ба хариуцагч эдгээр баримт болон нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй, өөрийн  буруугүй гэх байдлаа нотлож чадаагүй гэж үзнэ. /х.х-ийн 3, 6, 7-8 тал/

          Иймд   хариуцагчийн  дээрх  гэм  буруутай үйлдлийн  улмаас  нэхэмжлэгчийн    хөрөнгөнд хохирол учирсан, нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг хөрөнгийн үнэлгээний  “Ф” ХХК-иар үнэлүүлэхэд 6.847.380 төгрөг гэж тогтоосон, ба үүнээс  зөвхөн тухайн барилгын засвар үйлчилгээ хийлгэсэн зардал  3.600.000 төгрөгийг нэхэмжилж байх тул энэ хэмжээгээр хохирлыг тооцон гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /х.х-ийн 7-8 тал/

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг  баримтлан хариуцагч У газраас хохирол болох 3.600.000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхмжлэгч С.Г-д олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У газраас улсын тэмдэгтийн хураамжид 72.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.                     

 

                   ДАРГАЛАГЧ                             Ж.ЦЭНГЭЛ

 

                       ШҮҮГЧИД                             С.БУД

 

                                                                     Т.НАРАНЦОГТ