Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 91

 

Д.А, С.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Б.Болортуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 588 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 884 дүгээр магадлалтай, 201625012568 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Д-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын Эрдэнэчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт  тус тус холбогджээ. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.А-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, С.Э-ыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.А-т 11 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Э-д 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Д.А-ын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ы холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын С.Э-д холбогдох заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-ыг 11 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А гаргасан гомдолдоо “Миний зүгээс талийгаачийг шууд алах санаа, зорилго огт байгаагүй ба гэрч С.Э-ы анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогч Отгонжаргалын далан тус газар нь цохьсон” гэх мэдүүлэг нь үнэн. Би гараараа цохьсон. Гэхдээ миний цохилтын улмаас хохирогч нас барсан гэж үзэхгүй байна. Хохирогч 19-20 цагийн дараа нас барсан учир өөрийн үйлдэлдээ харамсаад ч барахгүй байна. Тухайн өдөр талийгаач “чамайг босох л юм бол нам цохино” гэж хэлсэн нь надад нөлөөлж түүний далан тус газар гараараа цохисон. Талийгаач 10 цаг идэвхтэй үйлдэл хийгээд явсан нь тогтоогдсон тул түүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна.  Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, 2-23 насны 5 хүүхэдтэй байдлыг харгалзан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэг болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.А шууд санаатай хохирогч Т.О-ын амь насыг хохироох зорилгоор ямар ч шалтгаангүйгээр түүнийг алсан гэдэг нь хэрэг учрал болсон нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн дараах заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 1.4 дүгээр зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэрэг нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгмийн аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тус тус заасан. Энэ хэрэг учрал болох 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ардын хувьсгалын ойн баярын үндэсний бөхийн барилдааны сүүлчийн өдөр байсан бөгөөд шүүгдэгч Д.А тэр өдрийн бөхийн барилдааны талаар хохирогч Т.О-д саналаа хэлэхэд тэрээр хүлээн аваагүйгээс маргаан тэдний хооронд үүсч талийгаач Т.О “би чамайг босох юм бол нам цохино, би ганц л цохино” гэж хэлснээс Д.А хохирогчийн далан тус газар гараар цохиж, хэсэг хугацааны дараа тэр сууж байсан хувин дээрээсээ унаж, улмаар түүнийг гэрт нь С.Э-ы хамт хүргэсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Т.О-ын биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү задарсан гэмтэл, зүүн 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж бүсэлхийд цус хуралт гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой /өшиглөх, цохих/. Т.О нь дэлүү задарч гэмтсэн хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэжээ. Шинжээч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1318 тоот дүгнэлтээ батлаад... талийгаачийн цогцост 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, дотуур цус алдалтыг зогсоох, дэлүү тайрах, мэс засал эмчилгээ хийдэг ба цус алдалтын хэмжээнээс шалтгаалж амь нас аврах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ба талийгаачийн дэлүү нь уг хэсэгт цацраг хэлбэрээр том хэмжээний олон тооны язарч задарсан ба дээрх задралын улмаас дотуур цус алдалт нь богино хугацаанд их хэмжээний хурдацтай явагдан тэр чинээгээрээ амь нас эрсдэх аюул ихэснэ" гэжээ. Талийгаач Т.О-ын биед гэмтэл учирсан цаг хугацаа 21 цаг, гэртээ харьсан цаг хугацаа 22 цагийн орчим ба өглөөний 9 цаг хүртэл ус уугаад яваад байсан гэвэл идэвхтэй үйлдэл хийгээд байсан цаг хугацаа 10 цаг гаруй, шөнөжин ёолоод хоносон, хоол оруулж өгөхөд идэхгүй байсан гэдэг ба гэр бүлийн гишүүд яаралтай тусламж үзүүлэх цаг хугацаа байсан. Нас барах хүртэл 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл 19-20 цагийн хугацаа байжээ. Талийгаач тухайн өдрөөс өмнө 3-4 хоног үргэлжлүүлэн архи уусан тэр өдөр ч мөн О-тэй 0.75, 0.5, 0.33 литрийн архи уусан, согтуу байсан зэрэг нь тэдгээрийн хоорондын тохиромжгүй харьцаанд нөлөөлсөн, хохирогчийн зүй бус байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байна. Шүүх Д.А-ыг хүнийг санаатай алсан гэж үзсэн атлаа хуулийг буруу хэрэглэж түүнд ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах" гэж заасан байтал хуулийг буруу хэрэглэж түүнд 11 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Шүүгдэгч Д.А нь хүч нэмэгдүүлсэн ямар нэг үйлдэл хийгээгүй ба гараараа талийгаачийг цохисноос талийгаач хүнд гэмтэл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна. Иймд дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгч Д.А-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Т.О-ын биед хүнд хохирол учруулсан, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг хэлсэн саналдаа “Хохирогч баяр наадам болж байсан учраас тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглаж хохирогчийн биед хүнд гэмтэл уруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч хэрэг гарсны дараа хохирогчийг цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд шүүгдэгч С.Э мөн адил худал мэдүүлэг өгч байсан. Ингээд хохирогчийн ар гэрийнхэн Цагдаагийн Ерөнхий газрын даргад гомдол гаргасны үндсэн дээр ажлын хэсэг байгуулж шүүгдэгч С.Э нь худал мэдүүлэг өгсөн нь нотлогдож шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан. Хохирогчийн зүгээс нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь дэлүүний задралын улмаас амь хохирсон болох нь тогтоогдсон. Шинжээч эмч тухайн гэмтлийг тайлбарлахдаа дэлүүний задралын гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд амьд байж болох ч удаан хугацаанд амьд байх боломжгүй гэж дүгнэсэн бөгөөд тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж нас барах хугацаа харилцан адилгүй гэж дүгнэсэн. Тухайн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.А, С.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.А нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.О-ыг зодож алсан,

шүүгдэгч С.Э нь 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11-263 тоот хашаанд Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.О-ыг зодож алсныг мэдсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 09 дүгээр сарын 13, 17-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.А-ыг хүнийг санаатай алах, С.Э-ыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Д.А, С.Э нарт холбогдох хэргийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Э-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хуулийг зөв хэрэглэсэн байна.

Амь хохирогч Т.О нь шүүгдэгч Д.А-т зодуулсны улмаас дэлүүний задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний зүүн талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, өрцний цус хуралт, цээж, бүсэлхийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч, уг гэмтлийг авснаас хойш 19-20 цагийн дараа нас барсан үйл баримтаас үзэхэд шүүгдэгчийн учруулсан дээрх гэмтэл нь хохирогчийг үхэлд хүргэсэн шууд шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч болон өмгөөлөгчийн гаргасан “Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэх” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 884 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН