Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/00136

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр         Дугаар 101/ШШ2020/00136             Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол хороолол, Энканто хотхон, 305 дугаар байр, 49 тоотод оршин суух Чэн Руй жуан /Chen Ruijuan/ /РД:ЮД81081301/-ы нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол хороолол, Энканто спорт цогцолбор “ЕСКК” ХХК /YESKK/ /РД:5996821/-д холбогдох

 

960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Чэн Руй жуан /Chen Ruijuan/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чэн Руй жуан /Chen Ruijuan/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Chen Ruijuan нь өөрийн хоёр хүү болох Qi Wenjie, Qi Wenqing нарыг “YESKK” ХХК Энканто спорт цогцолборын усан бассейнд хичээллүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай тус байгууллагатай Гишүүнчлэлийн гэрээ байгуулж, тухайн байгууллагын дүрэм журмын дагуу холбогдох эмнэлэгэт шаардлагатай шинжилгээг хийлгүүлэн хариу бичгийг авч гэрээний хугацаанд тасралтгүй 3 сар хичээллэсэн юм. Хүүхдүүд маань усан бассейнаар цаашид хичээллэх маш сонирхолтой байсан тул улмаар тус бассейнд хүүхдүүдээ дахин явуулах хүсэлтээ гаргаж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус байгууллагатай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2 хүүхдийн нэг жилийн төлбөр болох нийт 1,728,000 төгрөгийг Энканто спорт цогцолборын усан бассейнын менежер Түвшинбат гэх хүнтэй ярилцаж тус компанийн пос машинд картаа уншуулан төлсөн болно. Төлбөр төлөх үед менежер Түвшинбат нь 2 хүүхдийн арьсны харшлын талаар ямар нэгэн асуудал огт дурдаагүй ба төлбөрийг хүлээн авч хүүхдүүдийг бүртгэж авсан. Усан бассейнд хичээллэх хугацаанд миний том хүү Qi Wenjie-н биед харшил гарсан учир эмчилгээ хийх шаардлагатай байна гэсэн тул Түвшинбат менежер 2 хүүг маань 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатайгаар бассенаас чөлөөлж шаардлагатай эмчилгээгээ хийлгүүлээд ирээрэй гэсэн. Энэ хугацаанд бид холбогдох эмчилгээг хийлгүүлсэн юм. Гэвч 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 хүүгээ тус бассейнд үргэлжлүүлэн явуулах гэтэл бассейнын багш болон Түвшинбат менежер бидэнд танай 2 хүүг дахин хичээллүүлэхгүйгээр хассан гэж мэдэгдсэн. Түвшинбат менежерээс ямар шалтгааны улмаас хасагдах болсныг асуухад Түвшинбат менежер нь хүүхдүүдийн арьс нь бор сорвитой бусад хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэхээр муухай харагддаг тухай гомдол ирсэн тиймээс явуулах боломжгүй гэсэн шалтгаанаар хассан гэж мэдэгдсэн. Тиймээс миний бие өөрөө 2-3 удаа Түвшинбат менежертэй биечлэн уулзаж манай 2 хүүг гэрээний хугацаа дуусах хүртэл явуулж өгөхийг гуйсан боловч зөвшөөрөөгүй ба бидэнд олон үйлчлүүлэгч гомдол ирүүлсэн тул олон үйлчлүүлэгчээ алдахыг хүсэхгүй байгаа учраас танай 2 хүүхдийг хаслаа гэж мэдэгдсэн. Тухай үед миний бие хүүхдүүдийн яваагүй хугацааны төлсөн төлбөрөө буцааж авах хүсэлт гаргахад тус компаниас өргөдөл өгөхийг шаардсаны дагуу миний бие 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлбөр буцаан авах хүсэлтээ өгсөн. Хүсэлт өгснөөс хойш 2 сар орчим хугацаа өргөдлийн шийдвэр болон төлбөрийн буцаалтын хариу гарахыг хүлээсэн.

Энканто спорт цогцолборын зүгээс гэрээ зөрчин холбогдох ажилтны үзэл бодол болон ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан тул бид бассейнд хичээллээгүй хугацааны төлбөр болох нийт 1,368,000.00 төгрөг буцаан авахаас 2019 оны 08 дугаар сарын 05 ны өдөр 408,000 төгрөгийг дансаар буцаан авсан. Хоёр хүүхэд нэг жилийн төлбөр 1,728,000 төг /2 хүүхэд = 864,000:12 сар = 72000 төгрөг /сар. Усан бассейнд хичээллэсэн өдөр 2 сар 14 хоног буюу 2.5сар*72000 төгрөг*2 хүүхэд хичээллэсэн бөгөөд нийт 360,000 төгрөг болсон бөгөөд илүү төлөлт 1,368,000 төгрөгийг бидэнд буцааж өгөх ёстой байснаас 408,000 төгрөг буцааж өгсөн үлдсэн 960,000 төгрөг дутуу буцаасан байна. Иймд холбогдох хуулийн дагуу “YESKK” ХХК Энканто спорт цогцолбороос надад үлдэгдэл төлбөр болох 960,000 төгрөгийг гаргуулж миний биеийг хохиролгүй болгож өгч туслана уу гэв.

 

Хариуцагч “ЕСКК” ХХК /YESKK/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэл гаргагч Чинзоригийн /монгол нэр/ нь анх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 3 сараар оршин суугчийн хөнгөлттэй төлбөр төлж 2 хүүхдээ бүртгүүлсний дараа 10 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж эмчилгээний баримт өгсний дагуу тус бүр 4 хоног нөхөж авсан болно. Дээрх 3 сарын дараа нэхэмжлэгч Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 12 сараар оршин суугчийн хөнгөлөлттэй төлбөр төлж 2 хүүхдээ сунгалт хийснээс хойш 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөн хүсэлт гаргаж эмчилгээний баримт өгсний тус бүр 30 хоног нөхөж авсан болно. Чинзоригийн 2 хүүхэд үйлчилгээ авч байсан хугацаанд бассейн багш Шинэцэцэг /гарсан/ болон үйлчлүүлэгч нараас хэд хэдэн удаа утсаар болон биеэр ирж гомдол, санал /хэт Иргэний хууль ил шарх, сорвитой мааждаг гэсэн/ гаргаж байсны дагуу ээж болон аавтай холбогдож биечлэн уулзаж дээрх асуудлыг ярилцаж 2 санал тавьсан. 1. Ил шарх сорвийг хэвийн болгож эмчлүүлэх тэр болтол хугацааг нөхөж олгоё. 2. Эмчлүүлэх боломжгүй удна гэвэл явсан суутгал хасагдаад төлбөрөө буцааж авах боломжтой гэсэн. Чинзоригийн гэр бүлийн зүгээс эмчилгээ хийлгэсэн халваргүй гэхдээ төлбөрөө суутгалгүй буцаалт хийе гэсэн хүсэлтээ өөрийн биеэр өгсөний дагуу явсан хугацаа болон давтамж тодорхойлолтыг бичээд цааш удирдлагад шилжүүлж журмын дагуу суутгал хасагдаж төлбөр буцаалтыг дансанд шилжүүлж үйлчилгээг дуусгавар болгосон. Чинзоригийн гэр бүл үйлчилгээний дүрэм журам, гэрээтэй танилцаж гарын үсэг зурж үйлчилгээ авсан учир буцаалт гэрээ журмын дагуу хийгдсэн. 2 хүүхэд тус 3 сар 20 хоног явсныг тооцвол 2*660,000=1,320,000 төгрөг суутгагдсан. 2015 оноос хойш бассейн үйлчилгээ нь 5 жил ажиллахдаа бүх хүнд нээлттэй хүнийг гадуурхах бүртгэхээс татгалзах тохиолдол гарч байгаагүй учир өргөдөл дээрээ гадуурхсан гэсэн үндэслэлгүй баримтгүй зүйлийг бичсэн байна. Бүртгэлийн ажилтан нь хүний биеийг шалгаж бүртгэл хийдэггүй учир зөвхөн үйлчлүүлэгч болон багшийн олон удаагийн хүсэлтийн дагуу хүүхдүүдийн биеийг харсны дараа эцэг эхтэй уулзсан. Төлбөр буцаалтын хүсэлт хүлээн авч төлбөр буцаагдсаны дараа үйлчилгээ хаагддаг журмын дагуу үйчилгээ зогсоосныг шууд мэдэгдэлгүйгээр хаасан гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй байна. Буцаалтын төлбөр хийгдсэнээс хойш Чинзоригийн гэр бүлээс утсаар болон биеэр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл болон буцаалтын задаргааг өгч байсан гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Чэн Руйжуан “ЕСКК” ХХК-нд холбогдуулан 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “ЕСКК” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч өөрийн хоёр хүүхдээ “ЕСКК” ХХК-ийн Энканто спорт комплекст усан бассейнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс нэг жилийн хугацаатай явуулж байсан бөгөөд хоёр хүүхдийн нэг жилийн төлбөрт 1,728,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Улмаар Чэн Руйжуаны хоёр хүүхэд усан бассейнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл яваад эрүүл мэндийн улмаас түр хугацаагаар завсарлаад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хичээллэсэн талаар талууд маргахгүй байна.

 

            Чэн Руйжуаны хоёр хүүхэдийн нэг жилийн төлбөрт 1,728,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс хариуцагч нь 408,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байна. Нэг хүүхдийн нэг жилийн төлбөр 864,000 төгрөг, нэг сарын төлбөр 72,000 төгрөг байна. /1,728,000:2= 864,000 төгрөг, 864,000:12= 72,000 төгрөг/

 

            Нэхэмжлэгчийн хоёр хүүхэд нэг жилийн төлбөр төлснөөс нийт 2 сар 22 хоног усан бассейнд хичээллэсэн байх тул энэ хугацааны төлбөрийг суутгаж үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шүүх үзэв.

 

            Нэхэмжлэгчийн нэг хүүхдийн 2 сар 22 хоногийн төлбөр /864,000:12=72,000, 72,000:31 хоног = 2,322 төгрөг нэг хүүхдийн нэг хоногийн төлбөр/195,096 төгрөг /195,096х2=390,192/ 390,192 төгрөг байна. /1,728,000-390,192-408,000=929,808 төгрөг

            Хариуцагч компани нэхэмжлэгчийн хоёр хүүхдийн явсан хугацааны төлбөрөөс бусад төлбөр болох 929.808 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

            Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа баримтаар нотлоогүй, шүүхэд гаргасан хариу тайлбарын хамт өгсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримт шаардлага хангаагүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “ЕСКК” ХХК-иас 929,808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чэн Руйжуанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,192 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 29,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЕСКК” ХХК-иас 26,865 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чэн Руйжуанд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО