Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 455

 

        Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
    
           Нэхэмжлэгч: Б.Мийн нэхэмжлэлтэй,
     
           Хариуцагч: “С” ОНӨААТҮГазарт холбогдох
     
           “Ажлаас халагдсаны тэтгэмжид 2 136 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
        
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга      Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
           Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5/22 тоот шийдвэрээр “С” ОНӨААТҮГазрын даргын үүрэгт ажилд томилогдон 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 5/23 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ажилласан хоногт ногдох цалин, ээлжийн амралтын олговрыг тус тус олгохоор шийдвэр гарсан. Гэтэл тус байгууллагаас тэтгэмж 2 000 000 төгрөгийг олгосон ч үлдэгдэл 2 136 000 төгрөгийн тэтгэмжийг олголгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Засаг даргын захирамжийг үндэслэн үлдэгдэл 2 136 000 төгрөгийн тэтгэмжийг “С” ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 тоот захирамжаар Б.Мд 6 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч “С” ОНӨААТҮГазраас нэхэмжлэгчийн цалингийн цэсийг шаардсан боловч цалингийн түүврийг ирүүлсэн. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтанд заасан ТҮ-9-3-т заасан цалингийн сүлжээгээр, зөрүү 348 808 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх боломжтой. Засаг даргын захирамжийн үндэслэлд маргах зүйлгүй. Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчилж, гомдол гаргах хугацаа дуусгавар болсон. Б.М энэ захирамжийг гаргаагүй учраас уг захирамжинд Мөнхгэрэлийг буруутгах үндэслэл байхгүй. Тийм учраас Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
            Хариуцагч “С” ОНӨААТҮГазар шүүхэд ирүүлсэн тайлбар болон хууль ёсны төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь “С” ОНӨААТҮГазрын даргаар ажиллаж байгаад Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 тоот захирамжаар “МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 30.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, 43.1 дэх заалтын дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу манай байгууллага нь ажлаас чөлөөлөгдсөн ажилчдад тэтгэмж олгож байсан. Б.Мд 6 сарын тэтгэмж олгох тухай гарсан захирамжийг дараах шалтгаануудын улмаас үндэслэлгүй гэж үзэж байна.
        1.Дээрх захирамж дахь хуулийн заалтууд нь Б.Мийг ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус, халагдсан үндэслэлийг тусгаагүй.
         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын дагуу Б.Мд 3 сарын тэтгэмж болох 2 000 000 төгрөгийг олгосон тул нэмж тэтгэмж олгох үндэслэлгүй.
        3.Б.М нь ажил хүлээлцэх үедээ байгууллагыг 100 гаруй сая төгрөгийн өртэй хүлээлгэн өгсөн. Тухайлбал нийгмийн даатгал, татвар, шатахуун, бусад байгууллага, хувь хүнд их хэмжээний өр үүсгэсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулсан.
        4.Манай байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд “Голден Пэйж аудит” ХХКомпани нь аудитын шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтын дүгнэлтэнд Б.Мд олгох тэтгэмжийн үлдэгдлийг олгохгүй байх тухай албан шаардлага тавьсан, олгосон тохиолдолд байгууллага акт тавих тухай анхааруулсан.
        5.Тус байгууллагыг өмнө нь 12 жил удирдаж явсан даргыг ажлаас чөлөөлөх үед 3 сарын тэтгэмж олгосон байхад Б.М нь 1 жил 3 сарын хугацаанд ажиллаад чөлөөлөгдөхөд 6 сарын тэтгэмж өгөх нь шударга бус, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа тул үлдэгдэл тэтгэмжийг олгох шаардлагагүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

         Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ нь:
 
          Нэхэмжлэгч Б.М нь Сүхбаатар аймгийн “С” ОНӨААТҮГазарт холбогдуулан “Ажлаас халагдсаны тэтгэмжийн үлдэгдэл 2 136 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Нэхэмжлэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Баярмаа нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 348 808 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
 
          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ                 Б.Мийг ажлаас чөлөөлж, 6 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчилж, гомдол гаргах хугацаа дуусгавар болсон. Хариуцагчаас нэхэмжлэгчийн цалингийн цэсийг нотлох баримтаар гаргуулахаар шаардсан боловч цалингийн түүврийг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтанд заасан ТҮ-9-3-т заасан цалингийн сүлжээгээр тооцож ажлаас халагдсаны тэтгэмжийг бодож олгож өгнө үү гэж тайлбарладаг.

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулинд ажлаас халагдсан ажилтанд тэтгэмж олгох 4 үндэслэлийг заасан. Өөрөөр хэлбэл ажилтан цэргийн албанд татагдсан, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ... гэсэн үндэслэлүүдээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан. Гэтэл аймгийн Засаг даргын дээрх захирамжаас нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй байх тул ажлаас халагдсаны тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж маргадаг.

            Нэхэмжлэгч Б.М нь Сүхбаатар аймгийн “С” ОНӨААТҮГазрын даргаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/22 дугаартай  ажилд томилох тухай, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 дугаартай  захирамжийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр  тогтоогдож байна.

           Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 30.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг үндэслэн Б.Мийг “С” ОНӨААТҮГазрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ажилласан хоногт ногдох цалин, ээлжийн амралтын олговрыг тус тус бодож олгохоор шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б “Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Мийг ажлаас чөлөөлөхдөө ямар үндэслэлээр чөлөөлсөн, хуулийн ямар үндэслэлээр тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэлгүй гэж байгаа боловч ажлаас халсан шийдвэрийг ажилтан хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа дуусгавар болж, уг захирамж хүчин төгөлдөр болсон байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заажээ.

       Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/23 дугаартай захирамжид нэхэмжлэгчид ажлаас халагдсаны тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлийг дурдаагүй байгаа боловч түүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг зөвшөөрч шийдвэрлэснийг шүүх үгүйсгэх боломжгүй байна.

          Нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлсийг №А000016076 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн Б.Мд олгосон цалингийн түүвэр зэргээр тогтоох боломжгүй байх тул Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтанд заасан          ТҮ-9-3-т заасан цалингийн сүлжээгээр тооцон 747 768 төгрөгөөр бодож, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин нь 747 768 төгрөг /747 768+747 768+747 768=2 243 304:3=747 768/ байх тул 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид нийт 4 486 608 төгрөг олгохоор байна.
           
           Зохигчид ажлаас халагдсаны тэтгэмжид 2 000 000 төгрөг өгсөн, авсан талаар маргадаггүй ба үлдэх 2 486 608 төгрөгнөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 2 484 808 төгрөгийг хариуцагч “С” ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах ... эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 348 808 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг баримтлан 348 808 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 11 114 төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжинд 49 126 төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 348 808 төгрөгт ногдох  улсын тэмдэгтийн хураамжинд 11 114 төгрөгийн улсын төсвийн орлогод нөхөн төлүүлэх, хариуцагч “С” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжинд 54 706 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгуулахаар шийдвэрлэлээ.
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ОНӨААТҮГазраас ажлаас халагдсаны тэтгэмжинд 2 484 808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 126 төгрөг, нөхөн төлүүлэх 11 114 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “С” ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжинд 54 706 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.
 
           3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
 
           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
 
 
 

 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ