Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 184/2020/00285/И |
Дугаар | 001/ХТ2022/00552 |
Огноо | 2022-05-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2022/00552
**** **** **** **** **** байгууллагын
нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01082 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1178 дугаар магадлалтай,
**** **** **** **** **** байгууллагын нэхэмжлэлтэй,
****д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, хариуцагч ****,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. **** **** **** **** **** байгууллага нь ****д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01082 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 8,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч **** **** **** **** **** ****д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,941 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 150,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** **** **** **** **** ****д олгуулахаар шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1178 дугаар магадлалаарСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ... гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дүгээр талд хариуцагч **** гэж бичсэн байна. **** шүүх хуралдаанд оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд оролцсон байтал шүүх хуралдааны оролцогчдыг буруу тэмдэглэсэн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгах ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Шийдвэрийн 3 дугаар талд авагдсан гэрээ нь нотариатаар баталгаажуулсан, бидэнд байгаа гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй, ****ы иргэний үнэмлэхний хуулбар байхгүй, компанитай гэрээ хийсэн гэж үзвэл тамга байхгүй, бидний оролцоогүй нотариатаар баталгаажуулсан. 2019.08.21, 09 дүгээр сарын 22-ны өдрийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт буюу тооцооны хуудас бүрдүүлэхдээ ****ы гарын үсгийг дуурайлгаж зурсан, 2019.09.22-ны өдрийн нэхэмжлэх дээр гарын үсгийг огт зураагүй зэрэг хуурамч нотлох баримт байсан бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учир гэрээг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Хуурамч баримтыг шалгуулах хүсэлт тавьсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг нотлох баримтаас хасах хүсэлтийг хүлээж аваагүй.Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хуулийг хэрэглэсэн нь буруу.
4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1-т үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ гэж өөрчилсөн нь буруу болсон. Магадлалын 5 дугаар талд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаас эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй байх тул хариуцагч ****ыг түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. **** тархины цус харвалттай, удаан хугацаагаар удаа дараа эмнэлэгт хэвтэж байсан, энэ талаараа нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан. Гэнэт өвдөж хөдөлмөрийн чадвар алдсаныг өөрийн буруу гэж үзэхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хүсэлт хүлээж аваагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 8,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч **** **** **** **** **** ****д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ...” гэснийг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хангаж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч **** **** **** **** **** байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ****2018.04.17-ны түрээсийн гэрээний 2.5-д заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй,...2019 оны 3 дугаар сарын 750.000 төгрөгийн үлдэгдэл, 4, 5,6, 7, 8 дугаар сарын төлбөрт7.750.000 төгрөг, алданги 124,450 төгрөг буюу нийт 8.624.450 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явцад 124,450 төгрөгийн алдангиас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна.
8. Хариуцагч **** “... **** **** **** **** **** байгууллагатай 2018.04.17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан, эхний 8 сард төлбөрөө төлж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадахгүй, ажил доголдсон, гэрээний 1.1-д зааснаар түрээсийн хугацааг 1 жил гэж тодорхой заасан тул 4 сарын төлбөр дутуу, үүнээс 1 сарын дэнчингийн 1.500.000 төгрөгийг хасч тооцоход 3 сарын төлбөрийн 4.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээг цуцлах, сунгах талаар бичгээр мэдэгдэж байгаагүй тул 8.500.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй, ...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ, тус гэрээнд гарын үсэг зурагдсан ч компанийн тамга дарагдаагүй, иргэн болон компанитай гэрээ байгуулсан нь тодорхойгүй, гэрээ цуцлах талаар амаар мэдэгдэж байсан, мөн тооцоо нийлсэн 2019.08.21-ний, 2019.09.22-ны өдрийн нэхэмжлэх дээр ****ы гарын үсгийг дуурайлгаж зурсан, 2019.09.22-ны өдрийн нэхэмжлэх дээр гарын үсэг огт зурагдаагүй тул нотлох баримт гэж үзэхгүй...” гэж мэтгэлцжээ.
9. Зохигчийн хооронд түрээсийн төлбөр төлөх хэмжээ, талуудын байгуулсан түрээсийн гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болсон байна.
10. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэнмаргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
11. **** **** **** **** **** байгууллага, **** нар 2018.04.17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч **** **** **** **** **** **** өөрийн өмчлөлийн Экспресс тауэр оффис үйлчилгээний зориулалттай барилгын 15 давхарт байрлах, 554.95 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 62 м.кв талбайг, 1 м.кв-ыг нь 25,000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч түрээсийн төлбөрийг сар бүр түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, түрээсээр эзэмших гэрээ зэргээр тогтоогдсон байна.
12. **** **** **** **** **** байгууллагын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 4 дугаартай барилгын 15 дугаар давхрын 1501 тоотод байрлах, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 554.95 м.кв болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба түрээсийн гэрээний зүйл болох 62 м.кв талбайн хувьд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй талбайд түрээсийн гэрээг талууд байгуулсан тул үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан зохицуулалтаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.
12.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-тзааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байна.
12.2. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангаж, агуулгыг өөрсдөө тодорхойлон түрээсийн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийнгэрээг байгуулсанд тооцно.
Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн учир Иргэний хуулийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 2018.04.17-ны өдөр түрээсийн гэрээний 4.1.1, 7.2-т зааснаар түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.
13. Гэрээний зүйлийг **** **** **** **** **** байгууллага ****ыэзэмшил, ашиглалтад шилжүүлсэн талаар талууд мараагүй, **** 2019 оны 06 дугаар сар хүртэл ашигласан гэж маргасан ч нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сар хүртэл өөрийн өмчөө эзэмшилд ашиглалтад авч чадаагүй болох нь 2019.10.08, **** **** **** **** **** байгууллагын 2019.10.08-ны өдрийн түрээсийн төлбөр төлөх мэдэгдэл, хариуцагчийн 2019.10.07-ны өдрийн түрээсийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн бичгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 296 дугаар дүгээр зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар гэрээний хугацаа дууссан боловч ****эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг **** **** **** **** **** байгууллага татгалзаагүй тул түрээсийн гэрээг сунгасанд тооцно.
14. Давж заалдах шатны шүүхийн **** түрээсийн төлбөр 8,500,000 төгрөгийг 2019.10.30-ны дотор багтааж төлөхөө хүлээн зөвшөөрч, 2019.10.07-ны өдөр бичгээр тайлбарыг үндэслэж, хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 8,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
15. Хариуцагч **** “...гэрээг цуцлах, сунгах талаар бичгээр мэдэгдэж байгаагүй тул 8.500.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй, ... эрүүл мэндийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадахгүй, ажил доголдсон, ...тооцоо нийлсэн 2019.08.21-ний, 2019.09.22-ны өдрийн нэхэмжлэх дээр ****ы гарын үсгийг дуурайлгаж зурсан, 2019.09.22-ны өдрийн нэхэмжлэх дээр гарын үсэг огт зурагдаагүй...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Энэ нь хариуцагч **** тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.
16. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д“Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан байх тул хариуцагч ****ыг түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
17. Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн нэрийн бичилгүй хариуцагч **** гэж бичсэн алдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарахгүй.
18. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1178 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшингийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН