Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0184

 

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0184

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч-ын Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э,

Хариуцагч: С дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б

Маргааны төрөл: Ч.Б-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч иргэн Ч.Б-с Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан ирүүлсэн итгэмжлэлийн үндсэн дээр иргэн Ч.Э тус шүүхэд С дүүргийн Засаг даргад холбогдуулан С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.            С дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар иргэн Ч.Б-д С дүүргийн 30 дугаар хороо, Хамба-ын 2 дугаар гудамжний 12 тоот хаягт байршилтай 199 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн 000526651 дүгээр гэрчилгээг олгосон байна.

С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17/2186 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлээр Түүний эзэмшиж байсан дээрх газрыг газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгох талаар мэдэгдснийг нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлөө гаргасныг тус албаны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17/2386 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар дахин мэдэгджээ.

Улмаар С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэж, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/2797 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

3.         С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06/7249 дүгээр албан бичгээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар хүргүүлсэн хариуг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

         Газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг тухай бүр төлж ирсэн бөгөөд дээрх газарт хашаа барьж 18х4 харьцаатай 72 м.кв талбайтай хувийн сууц барьсан ба зориулалтын дагуу эзэмшиж байгаа болно. 

Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ч.Б намайг газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай С дүүргийн Засаг даргын захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шуудангаар манайд ирүүлсэн юм.

Миний бие газрын төлбөрийг төлж байсан ба газраа зориулалтын дагуу ашиглаж байхад хууль зөрчин миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэж иргэн намайг хохироосон шийдвэрт гомдолтой байна

Иймд С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захиармжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Газрын байцаагч шаардах хуудас өгч байгаагүй. Ямар ч маргаантай зүйл гарч байгаагүй. Олон жил тэнд амьдарсан. Байрлуулсан хаяг самбарын нэг нь хажуу талын дугуй засварын хаяг. Тэнд олон үйлчилгээний байгууллага байдаг. Тэд зам дагуу харагдах байрлалд хаягаа байршуулдаг. Манай дүү ганц, нэг зүйл хийж байсан. Зам дагуу гаражуудыг нүүлгэхэд энэ асуудал яригдсан. Манай газар эзэмших эрхийг цуцалсан тохиолдолд манай хажууд яг адил айлууд байдаг, эдгээр айлуудын эрх бүгд цуцлагдах юм. Бүгд адил ямар нэг зүйл хийж дэлгүүр ажиллуулаад байж байгаа гэв. 

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамжийн үндэслэл болгосон заалт хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг үндэслэл болгосон байдаг. Энэ нь агуулгын хувьд тохиромжгүй байна. Сонсох ажиллагааг хийгдээгүй гэж үзэх боломжтой юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа захирамж Ч.Б-д зориулагдсан маргаан бүхий захиргааны акт юм.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үздэг бол ийм зөрчил гаргасан зүйл, үүнд авсан арга хэмжээ байхгүй. Сануулга, мэдэгдэх хуудас өгсөн зүйл баримтаар нотлогддоггүй.

Мөн зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогддоггүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан байдаг бөгөөд мэдэгдэх хуудас ирсний дараа 10 дугаар сарын 27-ны өдөр төлбөрийг төлсөн. Ч.Б нь 2014 онд газар эзэмших хүсэлт өгч захирамж гаргуулж, гэрчилгээтэй болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад оршин сууж амьдраагүй, Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж амьдарч байгаа учраас төлбөрийг төлөөгүй хугацаа алдсан зүйл байдаг. 2021 оны байдлаар газрын төлбөрийг бүрэн төлж, зөрчлийг арилгасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг заалтыг Засаг дарга захирамждаа үндэслэл болгосон байдаг. Энэ нь тогтоогддоггүй. Кадастрын зураг хийлгэж, хашаа барьж гараж шиг хэлбэртэй ахуйн сууц байдаг. Үүнд хүн амьдардаг. Ганц нэг найз нөхдийнхөө машиныг зассан зүйл байдаг. Захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй, хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдож байна.

Газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үйл явц төрийн байгууллагын үндсэн чиг үүрэг. Тэр тусмаа Засаг даргын захирамжийг үндэслэн  иргэдтэй гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр гэрчилгээг олгох ёстой. Гэрээ байгуулагдсан гэдэг ч өнөөдрийн байдлаар Газрын албанд байхгүй гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Гэрээ байгуулаагүй байж төлбөр шаардах, мөн гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөн гэдгийг тогтоох ямар ч боломжгүй байна гэв.

5.            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Иргэн Ч.Б нь гэрээнд заасан үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, 2014 оноос хойш газрын төлбөр төлөлгүйгээр авто засвар, дугуй засвар, авто машины компьютер оношилгоо, дугуй худалдаа явуулж газраа иргэний ахуйн зориулалтын дагуу ашиглахгүй байсан тул С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.4.7-д заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17/2186 албан тоотыг "99194720" утас руу мэдэгдэж, түүний хүү Газар зохион байгуулалтын албанд ирж авсны дагуу тайлбараа ирүүлсэн.

Иргэн Ч.Б-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль заасан журмын дагуу бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Захиргааны акт үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч өөрийн албан ёсны хаяг байршлыг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, захиргааны байгууллагыг төөрөгдөлд оруулсан. Энэ тохиолдолд сонсох ажиллагааг хийсэн гэж үзнэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.            Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар;

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан газар цуцлах үндэслэл бүрдсэн талаар С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17/2186 дугаар албан бичгээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж цар тахлын үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, цаашид газрын төлбөрийг хугацаанд төлөх талаар өргөдөл гаргаж дээрх мэдэгдлийг хүчингүй болгохыг хүссэн байна.

Гэвч тус албаны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17/2386 дугаар албан бичгээр урьд гаргасан мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар дахин мэдэгдэж улмаар С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч гадаадад амьдардаг болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, хариуцагч энэ талаар маргаагүй тул иргэн Ч.Б-г Монгол Улсын хилээр орсон гарсан лавлагааг авах шаардлагагүй гэж үзэв. 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдэх үед нэхэмжлэгч Монгол Улсад байгаагүй боловч түүний өмнөөс маргаан бүхий газарт амьдарч байгаа гэх хүү нь мэдэгдлийг хүлээн авч улмаар Ч.Б-ийн нэрээр өргөдөл хүсэлт гаргаж байсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: 27.4.2.саналыг бичгээр авах; гэж заасантай нийцсэн, хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүйг буруутгах боломжгүй байна. 

С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжаар иргэн Ч.Б-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байхад захирамждаа Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх. гэж заасныг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй юм.

2.            С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжид заасан үндэслэлийн тухайд;

2.1 Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох; гэж дүүргийн газрын албаны эрх хэмжээг заажээ.

С дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлснийг үндэслэн газрын алба газар эзэмших эрхийн 000526651 дүгээр гэрчилгээг олгосон бөгөөд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газрын хувийн хэрэгт газар эзэмшүүлэх гэрээ байхгүй талаар хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр мэдүүлж байна. 

Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газрын хувийн хэрэг болон нэхэмжлэгчид гэрээ байхгүй гэдгээ шүүх хуралдаан дээр мэдүүлж байх тул энэ талаарх баримтыг цуглуулах шаардлагагүй гэж үзлээ.

С дүүргийн 30 дугаар хороо, Хамба-ын 2 дугаар гудамжны 12 тоот хаягт байршилтай 199 м.кв газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулах талаар хуульд заасан эрх хэмжээгээ газрын алба хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийг гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй юм.

Нэгэнт газар эзэмшүүлэх гэрээг байгуулаагүй байхад нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд байгуулаагүй гэрээний ямар үүргийг зөрчсөн гэж үзэх нь ойлгомжгүй байна. 

2.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаас үзвэл энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход нэгд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, хоёрт зориулалтын дагуу ашиглаагүй байх, гуравт 2 жил дарааллан ашиглаагүй байх нөхцлийг хуульд заажээ.

Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар амины хашаа-ны зориулалтаар олгосон бөгөөд хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн зургуудаас үзвэл тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ... эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглаж, Ч.Б-ийн хүү амьдарч байгаа. Хашаан дээрх хаяг манайх биш гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч газар дээрээ амьдардаггүй засвар газар ажиллуулдаг. Газар зохион байгуулагч уулзах гэж очихоор өөрсдөө байдаггүй. Засварчин нь байдаг. гэж тайлбарлан мэтгэлцэж байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй, нэхэмжлэгч тухай газраа ашиглаж байсан гэж үзлээ. 

2.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; заажээ. 

Хэрэгт авагдсан газрын төлбөр төлсөн баримт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл нэхэмжлэгч нь 2015-2021 оны газрын төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн байна. 

Гэтэл хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож захирамж гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө газрын төлбөр төлж байгаагүй байх тул дүүргийн Засаг дарга захирамж гаргасныг буруутгах үндэслэлгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтаар гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гарснаас хойш газрын төлбөрийг төлсөн нь тогтоогдож байх тул маргаан бүхий захирамжийг газрын төлбөр төлсөн үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй юм. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-с С дүүргийн Засаг даргад холбогдуулан С дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/631 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН