Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/00154

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/00154

Улаанбаатар хот

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Сүхбаатарын талбай 00, өөрийн байранд оршин байрлах, У ХХК /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт ухаа 00 гудамж, 000 тоот, Э ХХК /рд:000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт-Ухаа 00 гудамж 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Б овогт Д.Б /рд:00000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт ухаа гудамж, 0 байр, 000 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ш овогт А.Б /рд:0000000/ нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 211 176 652,47 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Э.Ц, хариуцагч Э ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд, хариуцагч Д.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч А.Б, Д.Б нар нь У ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2102/170614 дугаар Зээлийн гэрээг байгуулан 175 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн төлбөрийг хэн алин нь хариуцахаар харилцан тохиролцож, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. А.Б, Д.Б нар нь бизнесийн үйл ажиллагаагаа өөрсдийн үүсгэн байгуулсан Э ХХК-ийн нэрээр явуулдаг байсан бөгөөд зээлийн зарцуулалтыг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас тахианы мөч, тахианы цээж мах импортоор оруулж ирж, худалдахад зарцуулахаар зээлийг банкнаас хүссэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Д.Б-ы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт ухаа 00 гудамж, 000 тоот хаягт байршилтай, 84.2 м.кв талбайтай хувийн сууц, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 31.8 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд болон доорх 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, мөн хүргэн дүү Д.О өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00а байрны 00 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Мөн Э ХХК нь А.Б, Д.Б нарын зээлийг батлан даахаар болж, 2017 оны 6 дугаар сарын 14- ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг банктай байгуулсан байдаг.  Гэвч зээлдэгч нар нь зээл авснаас эхлэн зээлийн хувиарт төлбөрийн зөрчил үүсгэж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт хийгээгүй, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 696 хоног хугацаа хэтэрсэн, үндсэн хүү 578 хоног хугацаа хэтэрсэн, нийт 211 176 652,47 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Хэдий зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж банкнаас тогтоосон мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй, банкнаас зээлсэн зээлийн төлбөрийг буцаан төлөхгүй байгаа нь зээлийн гэрээнд заасан зээлийг буцаан дуудах нөхцлийг бүрдүүлж байна. Мөн хариуцагч нар нь зээлийг буцаан төлөх хүсэл сонирхолгүй, банкнаас удаа дараа хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй, утсаар холбоо барьж, биечлэн уулзалт хийхээс зайлсхийдэг, зээлийн эргэн төлөлт, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс татгалздагаас Банкны санаачлагаар зээлийн төлбөрийг төлүүлэх ажиллагаанд ямар ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд хандсан. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч А.Б, Д.Б, Э ХХК нараас үндсэн зээл 162 376 987,52 төгрөг, зээлийн хүү 48 391 815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407 849,23 төгрөг, нийт 211 176 652,47 төгрөг гаргуулж, хариуцагч нар уг үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, хариуцагч Д.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, 175 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй. Зээл авснаас хойш үндсэн зээлд 12 623 012,48 төгрөг, хүүгийн төлбөрт  32 213 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 232 229,48 төгрөг төлсөн. Би зээл 175 000 000 төгрөгөөс барьцааг ашигласны хариуд 30 000 000 төгрөгийг Д.О-д өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг ганцаараа төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Одоо энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У нь хариуцагч Э ХХК болон хариуцагч А.Б, Д.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 162 376 987,52 төгрөг, зээлийн хүү 48 391 815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407 849,23 төгрөг, нийт 211 176 652,47 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.    

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Д.Б 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, хариуцагч Э ХХК болон хариуцагч А.Б 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хариуцагчийн эрх, үүрэгтэй танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.  

 

Хэргийн баримтаас үзэхэд У, А.Б, Д.Б нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2101/170614 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус банк нь 175 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.30, жилийн 27,6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.

 

Улмаар талууд уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор У нь Э ХХК-тай мөн өдрөө зээлийн батлан даалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь зээлдэгчийн нэгэн адил зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар тус компанийг хариуцагчаар тодорхойлсон нь зөв байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд гэрээний зүйл болсон 175 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зэрэг үйл баримтад маргаагүй, харин нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар  сарын 14-ний өдөр дуусах боловч хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлахыг шаардах эрхтэй бөгөөд шүүхэд хандан нэхэжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.  

 

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд шүүх үндсэн зээл 162 376 987,52 төгрөг, үндсэн хүү 48 391 815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407 849,23 төгрөг, нийт 211 176 652,47 төгрөгийг хариуцагч Э ХХК болон хариуцагч А.Б, Д.Б нараас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗБГ2101/170614  тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Б-ы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт ухаа 00 гудамж, 000 тоот хаягт байршилтай, Ү- 00000000 дугаарт бүртгэлтэй, 84.2 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, 31.8 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-00000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 00000000000 дугаартай, гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.

 

Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 284 033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 284 033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Э ХХК болон хариуцагч А.Б, Д.Б нараас үндсэн зээл 162 376 987,52 төгрөг, зээлийн хүү 48 391 815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407 849,23 төгрөг, нийт 211 176 652,47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох хариуцагч Д.Б-ы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 19 гудамж, 673 тоот хаягт байршилтай, Ү- 000000000 дугаарт бүртгэлтэй, 84.2 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, 31.8 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-000000000 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 0000000000 дугаартай, гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 284 033  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 284 033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ