Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 838

 

“УБ хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00154 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “УБ хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭБИ” ХХК, А.Б-, Д.Б-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 211 176 652,47 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа, Б.Анирмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч “УБ хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Э.Цээпилмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Б-, Д.Б-нар нь УБ хотын банктай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2102/170614 дугаар зээлийн гэрээг байгуулан 175.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр Д.Батчулууны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19 гудамж, 673 тоот хаягт байршилтай, 84.2 м.кв талбайтай хувийн сууц, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 31.8 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд болон доорх 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, мөн хүргэн дүү Д.Отгонтөгсийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26а байрны 27 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Мөн “ЭБИ” ХХК нь А.Б-, Д.Б-нарын зээлийг батлан даахаар болж, 2017 оны 6 дугаар сарын 14- ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг банктай байгуулсан байдаг. Гэвч зээлдэгч нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлт хийгээгүй, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 696 хоног хугацаа хэтэрсэн, үндсэн хүү 578 хоног хугацаа хэтэрсэн, нийт 211.176.652,47 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Хэдий зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй ч хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж банкнаас тогтоосон мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй, банкнаас зээлсэн зээлийн төлбөрийг буцаан төлөхгүй байгаа нь зээлийн гэрээнд заасан зээлийг буцаан дуудах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч А.Б-, Д.Батчулуун, “ЭБИ” ХХК нараас үндсэн зээл 162.376.987,52 төгрөг, хүү 48.391.815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407.849,23 төгрөг, нийт 211.176.652,47 төгрөг гаргуулж, хариуцагч нар уг үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “ЭБИ” ХХК-ийн  төлөөлөгч, хариуцагч Д.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч А.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, 175.000.000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй. Зээл авснаас хойш үндсэн зээлд 12.623.012,48 төгрөг, хүүд 32.213.782 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.232.229,48 төгрөг төлсөн. Би зээл 175.000.000 төгрөгөөс барьцааг ашигласны хариуд 30.000.000 төгрөгийг Д.Отгонтөгсөд өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг ганцаараа төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Одоо энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ЭБИ” ХХК болон хариуцагч А.Б-, Д.Б-нараас үндсэн зээл 162.376.987,52 төгрөг, зээлийн хүү 48.391.815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407.849,23 төгрөг, нийт 211.176.652,47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УБ хотын банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох хариуцагч Д.Батчулууны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19 гудамж, 673 тоот хаягт байршилтай, Ү- 2206035820 дугаарт бүртгэлтэй, 84.2 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-2206035822 дугаарт бүртгэлтэй, 31.8 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206035819 дугаарт бүртгэлтэй, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2206008427 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18632305181504 дугаартай, гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.284.033  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.284.033 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2102/170614 дугаар зээлийн гэрээг байгуулан 175.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн зээлд Д.Батчулууны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 19 гудамж, 673 тоот хаягт байршилтай, 84.2 м.кв талбайтай хувийн сууц, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 31.8 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд болон доорх 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, мөн хүргэн дүү Д.Отгонтөгсийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26а байрны 27 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан юм. Гэтэл одоо Д.Батчулууны өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг 211.176.652,47 төгрөгөөр хангуулна гэж байгаад гомдолтой байна. Уг зээлийг олгоход өндөр дүнгээр үнэлж авах нь яасан юм бэ гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “УБ хотын банк” ХХК нь хариуцагч “ЭБИ” ХХК болон хариуцагч А.Б-, Д.Б-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээлийн үлдэгдэл 162.376.987,52 төгрөг, зээлийн хүү 48.391.815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407.849,23 төгрөг, нийт 211.176.652,47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.   

 Зохигчдын хооронд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗГ2101/170614 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч А.Б-, Д.Б-нар нь тус банкнаас 175 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,30, жилийн 27,6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 8-10/

Зээлдүүлэгч “УБ хотын банк” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

УБ хотын банк нь “ЭБИ” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр “ЭБИ” ХХК нь зээлдэгчийн нэгэн адил зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 13-14/

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЗБГ2101/170614  тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Батчулууны өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 19 гудамж, 673 тоот хаягт байршилтай, Ү- 2206035820 дугаарт бүртгэлтэй, 84.2 мкв хувийн сууц, мөн хаягт байрлах Ү-2206035822 дугаарт бүртгэлтэй, 31.8 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206035819 дугаарт бүртгэлтэй, 100 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2206008427 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18632305181504 дугаартай, гэр бүлийн зориулалттай 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн байна. / хх-ийн 11-12 /

Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 12.623.012,48 төгрөг, хүүд 32.213.782,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.232.229,48 төгрөг тус тус төлсөн боловч 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн, үүргээ зөрчсөн болох нь тооцооны баримт, зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

  Анхан шатны шүүх үндсэн зээл 162.376.987,52 төгрөг, үндсэн хүү 48.391.815,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407.849,23 төгрөг, нийт 211.176.652,47 төгрөгийг хариуцагч “ЭБИ” ХХК болон хариуцагч А.Б-, Д.Б-нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт нийцсэн байна.

  Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан зүйл болох дээр дурдсан хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлсон, ийнхүү тооцоо гаргахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                                                                                           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТЗОРИГ