Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2019/03425/И |
Дугаар | 181/ШШ2020/00443 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2020/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “АГ” ХХК-д холбогдох,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Г.Б “АГ” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 хэсэг, Дүнжингарав гудамж, 50/2 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв үнэ 2,800,000 төгрөг нийт үнэ 205,000,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор “Орон сууц захиалгын гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан.
Г.Б 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг “АГ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэвч “АГ” ХХК нь тус гэрээний 2.3-т заасны дагуу нийт үнийн дүнгийн 160,000,000 төгрөгийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлд хамруулж өгөөгүйгээс үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцандаа орох боломжгүй болсон.
Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн боловч хариуцагч нь одоог хүртэл урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байгаа тул тус гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Г.Б нь манай “АГ” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж, 50/2 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ын үнэ 2,800,000 төгрөг буюу нийт үнэ 205,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон нь үнэн.
Ингээд дээрх талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний графикийн дагуу нийт төлбөр болох 205,000,000 төгрөгийг дараах графикийн дагуу захиалагч Г.Б нь төлөхөөр тохиролцсон юм. Үүнд:
•2.2-т гэрээний нийт үнийн дүнгээс урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөр захиалагч гүйцэтгэгчийн данс руу шилжүүлнэ.
•2.3-т гэрээний нийт үнийн дүнгээс 160,000,000 төгрөгийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлд хамруулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтааж, гүйцэтгэгч талын дансанд төлбөрийг шилжүүлсэн байна.
•2.4-т гэрээний нийт үнийн дүнгээс үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг захиалагч 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлж, төлбөр барагдуулж дуусгахаар болсон юм.
Гэтэл захиалагч Г.Б нь дээрх гэрээнд заасан төлбөрийн үүргээс зөвхөн урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд гэрээнд заасан бусад төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсээр байсан атлаа тус орон сууцанд амьдарсаар байсан тул манай гүйцэтгэгч компанийн зүгээс уг гэрээний 2.3, 2.4-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад захиалагч нь уг гэрээний 4.12 болон 6.1-д тус тус зааснаар өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан юм.
Гэтэл захиалагч Г.Б нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнд заасан захиалагч талын төлбөр төлөх үүргийг, гүйцэтгэгч талын үүрэг байсан мэтээр тайлбарлаж захиалагч талын буруутай үйлдлээс болж, уг гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсан бодит нөхцөл байдлыг буруугаар тайлбарласан байгаа юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.12-т “Захиалагч өөрийн хүсэлтээр эсвэл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд уг орон сууцыг дараагийн захиалагч худалдан авахаар гэрээ байгуулж, захиалагчийн төлсөн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний төлбөр орж ирсэн үед гэрээний 6.1-д заасан торгуулийг суутган тооцуулж, үлдсэн төлбөрийг гүйцэтгэгчээс эргүүлэн авах эрхтэй”, мөн гэрээний 6.1-д “Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсэхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны үнийн төлөгдсөн төлбөрийн 20%-тай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө” гэж тус тус заажээ.
Иймд одоогийн байдлаар гэрээний 4.12-т заасанчлан уг орон сууцыг дараагийн худалдан авагч худалдан авсан зүйл байхгүй буюу уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд ямар нэгэн төлбөр орж ирсэн зүйл байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “АГ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр урьдчилгаанд шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлд хамруулах үүргийг манайх хүлээгээгүй тул гэрээний үүрэг зөрчөөгүй, харин захиалагч талын буруугаас гэрээ цуцлагдсан тул төлсөн төлбөрийн 20%-ийг суутгасан дүнгээр дараагийн захиалагч орон сууцыг захиалах гэрээг байгуулж, төлбөрийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнд төлсөн тохиолдолд буцаан олгохоор тохирсон, орон сууц борлогдоогүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв
Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ОС/ЗГ/05 тоот “орон сууц захиалгын гэрээ” байгуулагдаж, гүйцэтгэгч “АГ” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжинд байрлалтай 50/2 дугаар байрны 10 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Г.Б нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр, 160,000,000 төгрөгийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус тус төлөх буюу нийт 205,000,000 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
“АГ” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжинд байрлалтай 50/1, 50/2 дугаартай 2 блок байрны 50/2-10 тоотод байрлах 75 м.кв талбай бүхий орон сууцыг Г.Б 205,000,000 төгрөг төлж, 3 сар хүрэхгүй хугацааны дотор өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон байгаагаас үзвэл шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргасан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Гэрээний 2.2-т заасны дагуу Г.Б нь урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “АГ” ХХК-ийн Голомт банк дахь 2105124528 тоот дансаар шилжүүлэн төлсөн болох нь Хаан банкны мөн өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна.
Харин “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлээр төлөгдөх 160,000,000 төгрөгийг нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж чадаагүйгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байна.
Гэрээ ийнхүү цуцлагдсан байдалд нэхэмжлэгч нь “банкны зээлд хамруулж өгөх үүргээ гүйцэтгээгүй” гэж хариуцагчийг, хариуцагч нь “гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчид байгаа тул манайх банкны зээлд хамруулах үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй” гэж нэхэмжлэгчийг тус тус буруутгасан тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1-д тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг төлөх үүрэг нь худалдан авагч буюу манай тохиолдолд Г.Бт байгаа тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээр хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн гэрээний 2.3-т “160,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлнө” гэж заасан үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг мөн буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, талууд дээрх төлбөрийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-аас нэхэмжлэгчид олгох зээлээр төлөхөөр тохирсон бөгөөд банкнаас зээл олгох эсэх асуудал нь дан ганц нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй тул шүүх нэхэмжлэгчийг төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй гэж үзсэн болно.
Худалдах, худалдан авах гэрээний талуудын гэрээний 2.3 дахь заалтаар тохирсон Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан болзол хангагдаагүйгээс гэрээгээр тохиролцсон төлбөр төлөгдөх боломжгүй болсон нь тогтоогдсон, талууд гэрээний үүргийг өөр байдлаар гүйцэтгэх талаар харилцан тохиролцоогүй байх тул болзол хангагдаагүйгээс гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хоёрдугаар ээлжийн төлбөр төлөх талаарх талуудын тохирсон болзол 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор буюу тохирсон хугацаанд хангагдаагүй, талууд төлбөр төлөх нөхцөлийг өөрчлөөгүй тул болзол хангагдаагүй үеэс талууд худалдах, худалдан авах гэрээнд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй буюу тохиролцсон нөхцөл бүхий уг гэрээ нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болжээ.
Иймд тохирсон болзол хангагдаагүйгээс гэрээ цааш хэрэгжих хууль зүйн үндэслэлгүй болсон тул болзлоос өмнө тодорхой үүрэг гүйцэтгэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэн хэмжээндээ цуцлагдсан гэж үзэж, үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтын хүрээнд арилган шийдвэрлэх үндэслэлтэй.
Гэрээ ийнхүү цуцлагдсанаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог бөгөөд гэрээ нэхэмжлэгчийн буруугаас цуцлагдаагүй тул хариуцагч тал анз шаардах эрхгүй буюу төлсөн төлбөрийн 20%-ийг торгууль гэж суутган авч үлдэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч “АГ” ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгох үндэслэлтэй байна.
Талууд гэрээний 3.8, 4.12 дахь заалтуудаар гэрээ цуцлагдсан тохиолдолд уг орон сууцыг дараагийн захиалагч худалдан авах гэрээ байгуулж, төлбөр орж ирсэн үед торгууль 20%-ийг суутган авч, үлдэх төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “АГ” ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулж Г.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл нэхэмжлэгч заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш, хариуцагч шийдвэрийг хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА