Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/00384

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: “ГБ” ХХК - ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:  “ХД” сан -д холбогдох,

 

Даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд зааснаар ГБ нь ХДд улирал бүр даатгалын хураамж төлдөг болно. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн даатгалд үл хамаарах нөхцөл гэсэн 7 дугаар зүйлийн 7.2-т “Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй: 7.2.1.банк, 7.2.2. төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;” гэсэн байна. Мөн хуулийн Хадгаламжийн даатгалын хураамж, түүнийг төлөх гэсэн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулан “Улирлын хураамж нь өмнөх улирлын cap бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна.” гэсэн байна.

Энэ зохицуулалтаар төрийн байгууллагын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй төдийгүй хадгаламжийн даатгалын хураамжийг тооцохдоо төрийн байгууллагын хадгаламжийн даатгалын дүнг хасч тооцох болохыг хууль тогтоогч тодорхой хуульчилсан.

Төрийн байгууллагууд дотроос зөвхөн Засгийн газрын харьяа төрийн өмчит ашгийн төлөө аж ахуйн нэгж /Эрдэнэс Монгол, Төрийн банк, Монгол Улсын Хөгжлийн банк зэрэг/, мөн сангууд арилжааны банкуудад хадгаламж байршуулах нь хуулийн боломжтой бөгөөд бусад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын төсөвт байгууллагууд хуулиараа хадгаламж нээлгэж хүүгийн орлого олох хориотой болно.

2008 онд Дэлхий нийтийн санхүүгийн хямрал гарсантай холбоотой Монгол Улсын Их хурлаас Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль батлагдсан. Энэ хууль 5 жил үйлчлээд 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль гарсан. Уг хууль нь банкин дахь иргэдийн хадгаламжийг даатгах зорилгоор, тэдний эрх ашгийг хамгаалах үзэл баримтлалаар батлагдсан.

Ийм учраас мөн хуулийн 7.1, 7.2 дахь заалтуудаар тодорхой төрлийн хадгаламж болон тодорхой этгээдүүдийн хадгаламжийг даатгалд хамаарахгүй байхаар хуульчилсан. Хуулийн даатгалд хамаарахгүй байх үйлчлэлд ГБ дахь Хөгжлийн банкны мөнгөн хадгаламж хамаарах тул уг хадгаламжаас даатгалын хураамж төлөх ёсгүй байсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Хөгжлийн банк нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан төрийн байгууллага мөн тул уг банкны хадгаламж нь даатгалд үл хамаарах нөхцөлд хамаарна. Нэхэмжлэгчийн хувьд 100 хувь төрийн өмчийнх, түүний үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газар, Сангийн яам шууд оролцдог, үйл ажиллагаанд нь Үндэсний аудитын газар хяналт тавьдаг, ТУЗ-ийг Сангийн яамнаас бүрдүүлдэг, үйл ажиллагааны нууц нь төрийн нууцад ордог, бүх албан тушаалтан нь хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдөг зэрэг шинжээр нь Хөгжлийн банкыг төрийн байгууллага мөн гэж үзэж байгаа.

Төр өөрөө өөрийгөө даатгах асуудал байж болохгүйн зэрэгцээ хэрэв даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд хариуцагч нь Хөгжлийн банканд нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа тул даатгалын үндсэн суурь зарчимд энэ харилцаа нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа.

Иймд ГБ нь Хөгжлийн банкны хадгаламжийн үлдэгдлээс 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 434,142,645.79 төгрөгийн хураамж төлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, төлөх ёсгүй төлбөр төлсөн тул уг төлбөрийг “ХД”-аас буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргаж байна. Бидний хувьд ГБнаас гаргасан Хөгжлийн банкны эх үүсвэрээс төлсөн хураамжийн дүнд маргахгүй. Нэхэмжлэгчээс гаргасан тооцоолол нь Хөгжлийн банкнаас ирүүлсэн тооцоололтой тохирч байгаа тул хураамжийн дүнгийн хэмжээнд маргахгүй. Гэхдээ Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр орсон өөрчлөлт нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны төлсөн хураамжийн дүн 408,729,705.79 төгрөг гарч байгаа тул нэхэмжлэгч 25,412,940 төгрөг илүү шаардсан гэж үзэхээр байгааг хэлэх нь зүйтэй.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нь олон нийтийг хамарсан өргөн хүрээнд үйлчлэх бөгөөд Хөгжлийн банк нь төрийн байгууллагад хамаарахгүй гэж маргаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар мэдээлэл авах боломжгүй, мэдээллээс хол байдаг иргэдийн хадгаламжийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тэдэнд учирсан 20,000,000 хүртэлх төгрөгийн хохирлыг банкнуудаас төлсөн хураамжийн хуримтлалаар нөхөн төлөх харилцааг зохицуулж байгаа.

Энэ агуулгаараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс, нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл, нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламжууд даатгалд хамаарахгүй, банк болон төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болон бусад нэрлэсэн этгээдүүдийн хадгаламжууд даатгалд хамаарахгүй байхаар зохицуулсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаас үзэл “Төрийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг байгууллагыг хэлнэ” гэсэн ойлголтод хүрч байгаа. Хөгжлийн банк нь ашгийн төлөө, хувьцаа эзэмшигчтэй ХХК байгаа тул ашгийн төлөө бус, мөн хувьцаа эзэмшигчтэй байх боломжгүй төрийн байгууллагад хамаарахгүй.

            Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Хөгжлийн банк тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна”, 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно” гэж тус тус заасан байна.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллага 7.1.1. компани, 7.1.8. төрийн байгууллага, албан газар, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ гэж заасан бөгөөд энд заасан “Төрийн байгууллага” гэсэн эрх зүйн байдалтай Хөгжлийн банкны эрх зүйн байдал нийцэхгүй байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь 1/ төрийн байгууллага, албан газар, 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар, 3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг” гэж тус тус ангилахаар хуульчилсан. Мөн хуулийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж тодорхойлсон байна.

Харин мөн хуулиар Төрийн өмчит үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилахаар тогтоосон байна.

Иймд хуулиар тодорхойлсон төрийн байгууллага гэх ойлголтод Хөгжлийн банк нь хамаарахгүй байгаа тул Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13.5-д зааснаар ГБ нь Хөгжлийн банкны хадгаламжаас хураамж төлөх үүрэгтэй. Харин даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд Хөгжлийн банк нөхөн төлбөр шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч “ХД” санд холбогдуулан 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжаас даатгалын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь төрийн байгууллага гэх ойлголтод хамаарахгүй тул Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д зааснаар “ГБ” ХХК нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжийг оруулсан дүнгээс улирлын хураамж төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж, мөн өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

 

Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар “ХД” нь энэ хуульд заасны дагуу банкны харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг даатгах, даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр төлөх, банкны актив, пассивыг шилжүүлэх, тусгай зориулалтын банк байгуулах үед шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг сангийн хэлбэртэй хуулийн этгээд байна.

 

 “ХД” сан нь хадгаламжийн даатгалын хураамж болон бусад эх үүсвэрээс бүрдсэн хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгөөс даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгох болон хуульд заасан бусад зориулалтаар зарцуулах зэрэг хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байна.

 

Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрийн нэг болох хадгаламжийн даатгалын хураамж нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3-т заасан эхлэлтийн хураамж, улирлын хураамж, онцгой хураамжаас тус тус бүрдэх бөгөөд Банкны тухай хуулийн 6.1.1, 6.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий банк нь хадгаламж эзэмшигчийн хадгаламж /банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө/-ийг мөн хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалд заавал даатгуулж, даатгалын хураамж төлөх үүргийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хүлээдэг байна.

 

Хуулийн энэ зохицуулалт болон Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалтай холбогдсон харилцааг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулна” гэж зааснаас үзвэл хадгаламжийн даатгал нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1, 432.2-т заасан даатгалын хэлбэрийг хуулиар тогтоодог албан журмын даатгалд хамаарч байна.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д даатгалд үл хамаарах хадгаламжийг нэрлэн заасан бол мөн зүйлийн 7.2-т төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага /7.2.2/, эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан /7.2.3/-ийн хадгаламж даатгалд хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд “ГБ” ХХК нь дээр дурдсан хадгаламжийн өмнөх улирлын сар бүрийн эцсийн өдрийн дундаж дүнг тухайн банкны эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтоосон аргачлалын дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй улирлын хураамжийг “ХД” санд төлөх үүргийг хуулиар хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан хадгаламжийн даатгалд хамаарахгүй этгээд гэх үндэслэлийг гаргаж, түүний хадгаламжаас 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны улирлын хураамжид төлсөн 434,142,645.79 төгрөгийг буцаан шаардсан бол хариуцагч нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь төрийн байгууллага гэх ойлголтод хамаарахгүй учир түүний хадгаламжаас даатгалын улирлын хураамж тооцож авах үндэслэлтэй, харин даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр төлөхгүй гэж тайлбарлаж маргасан.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан “Хадгаламжийн даатгалын тооцоо”, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас ирүүлсэн “ГБанд 2018.02.18-ны өдрөөс 2019.03.31-ний өдөр хүртэлх хугацаанд байршуулсан мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийн мэдээлэл” гэх баримтууд болон хариуцагч талын маргаагүй тайлбараар “ГБ” ХХК нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжийн дүнгээс 2018 оны 1 дүгээр улиралд 84,709,802.10 төгрөг, 2018 оны 2 дугаар улиралд 115,671,784.63 төгрөг, 2018 оны 3 дугаар улиралд 81,718,602.53 төгрөг, 2018 оны 4 дүгээр улиралд 98,430,803.63 төгрөг, 2019 оны 1 дүгээр улиралд 53,611,652.90 төгрөг буюу нийт 434,142,645.79 төгрөгийг “ХД” санд төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэх ойлголтод хамаарах эсэх асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх гол хүчин зүйл байна.

 

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор байгуулагдаж 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор дүрэм, бүтэц, зохион байгуулалт нь батлагдсан, үйл ажиллагаатай холбогдсон харилцаа нь тусгайлсан хуулиар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зохицуулагддаг хуулийн этгээд байна.

 

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эс үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, хуульд заасан тодорхой үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж, өөрчлөн байгуулагдаж, татан буугддаг, өөрийн хөрөнгө нь хувьцаа эзэмшигч болох Монгол Улсын Засгийн газраас оруулсан хөрөнгөөс бүрдэж, тухайн жилийн цэвэр ашгаас хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, үлдэх хэсгээр алдагдлыг нөхөх зорилго бүхий нөөц сан байгуулан ажилладаг ашгийн төлөө төрийн өмчийн хуулийн этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан зохицуулалтаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үйл ажиллагааг “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монгол банкны хяналтын дор Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд батлагдсан дунд хугацааны төрийн хөгжлийн бодлогод нийцүүлэн эрхлэн явуулдаг болох нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаар мөн тогтоогдож байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас нэгтгэн дүгнэвэл “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд батлагдсан дунд хугацааны төрийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу төрийн тодорхой чиг үүргийг эрхлэн хариуцахаар төрийн шийдвэр, хөрөнгөөр байгуулагдсан, олсон ашиг нь ногдол ашиг болон хуваарилагдах бус харин хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, алдагдлыг нөхөх зорилго бүхий нөөц санг бүрдүүлдэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан онцгой субъект байна.

 

Иймд энэ хуулийн этгээдийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэх ойлголтод хамаатуулан үзэх нь дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болон энэ хуулийн зорилтод нийцнэ гэх дүгнэлтэд шүүх хүрэв.

 

Шүүхийн энэ дүгнэлт нь “Төрөөс хуулийн дагуу байгуулагдан, албан хаагчдаас бүрдэн төсвөөр санхүүжиж, төрийн тодорхой чиг үүрэг, түүний аль нэг хэсгийг шууд эрхлэн хариуцдаг, түүндээ тохирсон захирамжлах бүрэн эрх, материаллаг нөөц бүхий нийтийн эрх зүйн субъектийг төрийн байгууллага гэнэ” гэх нэр томьёоны тайлбарт нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн “ГБ” дахь хадгаламж нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан улирлын хураамжийн хэмжээг тодорхойлох хадгаламжийн дундаж дүнд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй тул “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжийг оруулан тооцсон хадгаламжийн дундаж дүнгээс хуульд заасан хувь хэмжээгээр нэхэмжлэгчийн төлсөн хураамжийг хариуцагчаас гаргуулан буцаан олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ гэж үзлээ.

 

Улирлын хураамжийг тооцох хадгаламжийн дундаж дүнд төрийн байгууллагын хадгаламжийг хамаатуулахгүй байхаар тогтоосон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хууль нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 09/1014/ дугаарт хэвлэгдсэнээс хойш 10 хоног дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул “ГБ” ХХК нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламжаас төлсөн улирлын хураамжийг буцаан шаардах эрхтэй.

 

Дээрх хугацаанаас тооцвол 2018 оны 1 дүгээр улирлын хадгаламжийн үлдэгдэл 677,678,416,836.47 төгрөгийн 16 хоногт ногдох хураамжийн хэмжээ 18,406,590.94 төгрөг /(677,678,416,836.47х0,012499999999%)=84,709,802.10 төгрөг, 2018.03-р сарын хадгаламжийн үлдэгдлээс хураамжийн 1 хоногт ногдох хэмжээг гаргаж, 16 хоногоор тооцвол (285,302,159,697.83х0,012499999999%)=35,662,769.95 төгрөг, 35,662,769.95:31х16/ гарч байх тул үүний дээр 2018 оны 2, 3, 4, 2019 оны 1 дүгээр улиралд төлсөн хураамж 349,432,843.69 төгрөгийг нэмж бүгд 367,839,434.63 төгрөгийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,303,211.16 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Эцэст нь, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгал нь албан журмын даатгалын төрөлд хамаарах бөгөөд энэ хуулиар “ГБ” ХХК-аас өөрийн харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийг “ХД” санд даатгуулах, “ХД” сан нь даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчид буюу манай тохиолдолд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д даатгалын нөхөн төлбөр төлөх үйл ажиллагааг зохицуулсан гэж ойлгогдохоор байна.

 

Гэтэл хариуцагч тал шүүх хуралдаанд “...улирлын хураамж тооцох хадгаламжийн дүнд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хадгаламж хамаарна, харин нөхөн төлбөр төлөх хадгаламж эзэмшигчид “Монгол Улсын Хөгжлийн банк” хамаарахгүй...” гэх тайлбар гаргаж байгаа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зохицуулсан “хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа”-тай болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээдэг даатгалын суурь зарчимтай зөрчилдөж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “ХД” сангаас 367,839,434.63 төгрөгийг гаргуулан “ГБ” ХХК-д олгож, “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,303,211.16 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,328,663.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,997,147.17 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ө.УЯНГА