Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/00198

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,        

Нэхэмжлэгч: Я.Н-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: ШБд холбогдох, 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, илүү цагийн нэмэгдэл хөлс 459,540.97 төгрөг, 13 дахь сарын цалин 3,293,377 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:

Я.Н нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ШБд ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон болно. ШБд туршилтын хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно.

Ажлаа хийж байхад 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ШБгийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нь 13:00 цагт дуудан ажлаас халах тушаал өгч, миний ажилтай холбоотой бүх зүйлийг хурааж авсан.

Тушаалын үндэслэх хэсэг болон тушаах хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцалсугай.” гэж заасан. Миний ажлын байрыг цөөрүүлсэн эсэх, эсхүл ажлын байр хасагдсан эсэх нь тодорхойгүй, надад огт мэдэгдэл өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэл, бүтцийн өөрчлөлтийн тушаалаа танилцуулаагүй болно.

ШБгийн суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нь 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр шууд дуудан, ажлаас халсан тушаал өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 болон 40.5 дахь хэсэгт заасан үндэслэлтэй нийцэхгүй, мөн цомхтгол хийх хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

Надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “урамшууллыг жилд нэг удаа 12 дугаар сарын цалингийн хамт олгох боломжтойг гэрээнд тусгав. Энэхүү урамшуулал хөдөлмөрийн гэрээний хүчинтэй хугацаанд ажилласан cap бүрийг урамшууллыг 1/12-тай тэнцэх дүнгээр тооцно.” гэж заасан бөгөөд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул 13 дахь сарын цалин урамшууллыг бүтнээр авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 Харин 2019 оны 8 дугаар сарын 24, 9 дүгээр сарын 14-ний өдөр илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс нийт 459,540.97 төгрөг гаргуулах шаардлагаасаа нотлох баримт байхгүй үндэслэлээр татгалзаж байна гэв.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан” нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төвтэй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Монгол Улсад эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагаа албан ёсоор гүйцэтгэж эхэлсэн. “Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан” төлөөлөгчийн газар нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд гол зорилго нь хөгжлийн хамтын ажиллагаа, хоорондын харилцаанд дэмжлэг үзүүлэх төдийгүй эдийн засгийн ба нийгмийн тогтвортой хөгжилд орон нутгийн, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Мөн “ШБ” төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны зорилго нь банкны салбарыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх боловсрол олгох, сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга замаар Монгол Улсад иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршдог.

Иргэн Я.Н болон “Шпаркассэ Монгол дахь сан” суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр Иргэний хуулийн 399-405 дугаар зүйлд зааснаар 19/0001 дугаар “Даалгаврын гэрээ”-г байгуулсан байдаг. Тус даалгаврын гэрээ нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ээс эхлэн 2019 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал буюу 4 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд гэрээний төлбөрт 3,690 евротой тэнцэх төгрөгийн хөлсийг төлбөр гүйцэтгэх өдрийн банкны бэлэн бус худалдан авах ханшаар тооцож олгохоор харилцан тохиролцсон. Тус “Даалгаврын гэрээ”-гээр даалгавар өгөгчийн даалгаврыг даалгавар гүйцэтгэгч нь Дархан Уул аймагт гүйцэтгэж байсан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл болон Хувь хүний орлогын албан татварыг тус тус даалгавар гүйцэтгэгч тал буюу Я.Н нь сайн дураар төлөхөөр харилцан тохиролцон гэрээг байгуулсан байдаг.

Улмаар Я.Нтой байгуулсан “Даалгаврын гэрээ”-ний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох тул 7 дугаар сарын 25-ны өдөр суурин төлөөлөгч “Нууцлалын зэрэглэлтэй” ажлын ярилцлага хийж, тухайн ярилцлагыг үндэслэн төв салбарт санал хүргүүлсэн үндсэн дээр 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” суурин төлөөлөгчийн 19/08 дугаар тушаал гарснаар мөн өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн байдаг.

“ШБ”-гийн төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа эхлэхдээ нэлээдгүй тооны ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд төслийн ажилтан өөрт байгаа хөдөлмөрийн гэрээний бэлэн загварыг ашиглан нэхэмжлэгч Я.Нтой хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа техникийн алдаа гаргаснаар түүнтэй байгуулсан гэрээний эхлэх огноо 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэж буруу гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгаа нь бусдын жижиг алдааг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаад харамсаж байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Туршилтын хугацаа 3 cap байх бөгөөд энэ хугацаанд талууд гэрээг ямар нэг үндэслэл заалгүйгээр цуцлах эрхтэй гэж зааснаар талууд “хөдөлмөрийн гэрээ”-ний туршилтын хугацаа 3 cap байхаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ туршилтын хугацааг 3 сараар тохиролцсон тухай дурдсан байна.

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/10 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” суурин төлөөлөгчийн гаргасан тушаал нь ХБНГУ-ын Бонн хотод байршилтай “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-ны удирдлагын зүгээс гаргасан 2019 оны 10 дугаар сарын 17 өдөр “ Орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн” тухай шийдвэрийн дагуу гарсан. Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч нь тухайн үед хөдөлмөрийн туршилтын хугацаагаар ажиллаж байсан Я.Нтой байгуулсан “хөдөлмөрийн гэрээ”-ний харилцааг хугацаанаас нь өмнө цуцалсан байдаг. Ажил олгогчийн хувьд 10 дугаар сарын цалин хөлсийг бүрэн олгож, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болон НДШ, ХХОАТ тус тус бүрэн төлж хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн болно.

Нэхэмжлэгч Я.Нтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаатай хугацаанд түүнд олгох цалин хөлсийг байгууллагын зүгээс дутуу олгосон зүйл байхгүй бөгөөд 2019 оны 10, 11 дүгээр сарын цалин хөлс, шимтгэл, татвар болон гэнэт ажлаас чөлөөлсний олговрыг бүхэлд нь тооцож түүний цалингийн дансаар олгосон болно.

ХБНГУ-ын Бонн хотод байршилтай “Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан”-ны удирдлагаас “Орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн” шийдвэр гаргасан тул 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/10 дугаар “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” суурин төлөөлөгчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,42.1 дэх хэсэгт тус тус нийцэж байх тул Я.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа, хариуцагчаас татгалзлаа нотлох зорилгоор тус тус шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Н нь ШБг хариуцагчаар татаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, илүү цагийн нэмэгдэл хөлс 459,540.97 төгрөг, 13 дахь сарын цалин 3,293,377 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт илүү цагийн нэмэгдэл хөлс 459,540.97 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул шүүх татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн дэмжиж буй бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Я.Н нь ШБтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус сангийн ажилтнаар ажиллаж байгаад Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагуудын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн гаргасан суурин төлөөлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/10 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Суурин төлөөлөгчийн гаргасан тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Тушаалын үндэслэл болсон Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагуудын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрт “ШБгийн толгой байгууллага болох ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагын зүгээс гаргасан орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн шийдвэрийг үндэслэн Монгол дахь төлөөлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ноён Я.Нийг ажлаас чөлөөлөхийг даалгасугай. ШБ нь цаашид ХБНГУ-аас томилогдсон тэргүүнээсээ гадна 7-оос дээш ажилтны орон тоо батлахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтууд нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байна.

 

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төвтэй ШБ нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн А/114 тоот тушаалын үндсэн дээр 1 жилийн хугацаагаар тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан төлөөлөгчийн газар болох нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 237 тоот Монгол Улсад Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Я.Нийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг ШБгийн тэргүүн буюу суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун бие даан гаргаагүй, харин тус сангийн дүрмийн 6 дугаар зүйлд “ШБгийн тэргүүн нь Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн ашиг сонирхлыг Монгол Улсад төлөөлөх, ...Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн захиргаа, удирдлагын хэлтэстэй зөвшилцсөний үндсэн дээр төлөөлөгчийн газарт ажиллах боловсон хүчнийг ажилд авах ба ажлаас чөлөөлөх” гэж, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу төлөөлүүлэгчийн гаргасан шийдвэрийг дамжуулан хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх талуудын хооронд үүссэн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргааныг төлөөлөгчийн газар болон түүний ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Учир нь, хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэх бөгөөд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй төлөөлөгчийн газар нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3-т зааснаар дүрэмд заасан бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлснээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох тул ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагуудын гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд ШБд холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан гэх Я.Нийн гомдлын үндэслэлийг шүүх хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Я.Нийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгоно.

 

Харин “хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зохигчид хөдөлмөрийн гэрээгээр тохирсон байх тул ШБд холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээнд заасан урамшуулал олгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хянан хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 Талууд хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр “урамшууллыг жилд нэг удаа 12 дугаар сарын цалингийн хамт нэмж олгох боломжтойг гэрээнд тусгав. Энэхүү урамшуулал нь хөдөлмөрийн харилцаа дуусаагүй нөхцөлд олгогдоно. Гэрээний хүчинтэй хугацаанд ажилласан сар бүрийг урамшууллын 1/12-тэй тэнцэх дүнгээр тооцно...” гэж харилцан тохиролцжээ.

 

Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдсан энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 13 дахь сарын цалин 3,293,377 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Иймд энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эцэст нь, шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаан даргалагчаас хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг талуудаас тодруулахад гаргах хүсэлт байхгүй гэж хариулсан атлаа хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр хуулиар тогтоосон журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авах, цаашлаад Ерөнхий шүүгчээр хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, дараалал, хүсэлт шийдвэрлэх журамд нийцээгүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасныг тус тус баримтлан ШБд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 13 дахь сарын цалин 3,293,377 төгрөг гаргуулах тухай Я.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ШБд холбогдуулан гаргасан илүү цагийн нэмэгдэл хөлс 459,540.97 төгрөг гаргуулах шаардлагаасаа Я.Н татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Я.Нийн нэхэмжлэлийн зарим шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Ө.УЯНГА