Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00284

 

М.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03007 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дүгээр магадлалтай,

М.Мгийн нэхэмжлэлтэй

С.Тт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 15,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03007 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Таас 10,452,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,027,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Таас 182,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгож шийдвэрлэжээ.

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн нийт 182 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна: 1. М.М нь бусдын ломбардад ажиллахдаа өөрийн мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлдүүлдэг байсан тул баримт үлдээхгүй гээд анхнаасаа зээлийн гэрээг бичгээр байгуулдаггүй байсан ба миний бие түүнээс зээлсэн мөнгийг хэд дахин өсгөж өгсөн тул тэрээр надад итгэж, барьцаагүйгээр, 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг болсон ба сүүлд зээлж авсан 3,000,000 төгрөг дээр хүү, алданги нэмсээр 7,600,000 болгож тэрээр нэхэж байна, гэхдээ миний бие тодорхой хэсгийг нь эгүүлэн төлсөн талаар шүүх хуралдаанд тайлбарласан ч түүнийг үнэлсэнгүй. Ер нь бол анхнаасаа нэхэмжлэгч “7,656,000 төгрөг өгсөн” учраас түүнийгээ авна гэж маргасан бол уг шаардлагыг нь үгүйсгэсэн тайлбар болон баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргах байсан. Гэтэл анхнаасаа маргаагүй, өгсөн болох нь “баримтаар нотлогдоогүй мөнгийг төл” гэж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Түүнчлэн 7,656,000 төгрөг зээлдүүлсэн гэх М.Мгийн тайлбар нь өөр бусад баримтаар нотлогдох ёстой ба энэ талаарх гомдолд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. 2. Утсаар ярьсан ярианы бичлэгийг “найрнаас гараад явж байхдаа ярьсан яриа байна, яг ингэж ярьснаа бол сайн санахгүй байна”, “тухайн үед хэлж байсан тоог бол зөвшөөрөхгүй”, “уг бичлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй” зэрэг тайлбарыг шүүхэд гаргаж байсан тул уг баримтыг үнэлэх ёсгүй ба энэ талаарх гомдолд давж заалдах шатны шүүх мөн дүгнэлт хийсэнгүй. 3. Зээлийн гэрээний дагуу мөнгө огт аваагүй тул хүү, алданги төл гэж байгаа нь бүүр ч үндэслэлгүй талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх “Иргэний хуулийн 281.1, 282.1 дэх хэсгийн заасантай нийцжээ” гэсэн нь буруу дүгнэлт юм. Учир нь зээлийн гэрээний дагуу “мөнгө өгөөгүй” гэдгээ нэхэмжлэгч нотолсоор байхад ийм дүгнэлт хийх нь огт үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх л хуулийн заалтыг иш татсан бол тэр нь үнэн байх ёстой гэсэн үг огт биш юм. 4. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн олон зүйл, хэсгийг иш татаж, дүгнэлт хийсэн байх боловч тэдгээр нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримттай огт хамааралгүй байна. Иймд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч С.Тт холбогдуулан үндсэн зээл 9,000,000 төгрөг, хүү 2,700,000 төгрөг, алданги 3,780,000 төгрөг нийт 15,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019.11.26-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэжээ. Хариуцагч С.Т нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “гэрээний дагуу мөнгийг хүлээж аваагүй, өмнө нь 2-3 сая төгрөг зээлж аваад буцааж төлж байсан, учрыг сайн ойлгоогүй гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн хүү, алданги нэмж тооцоод гэрээ байгуулсан...” гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх гэрээнд заасан 9,000,000 төгрөгийг бус 7,656,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэж, 6 сарын хүү 2,296,800 төгрөг нийт 10,452,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Алдангийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, хариуцагч гэрээний дагуу мөнгийг аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг гаргажээ.

7. Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019.11.26-ны өдрийн зээлийн гэрээнд 9,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байх боловч хариуцагч нь уг мөнгийг аваагүй гэж маргасан, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 7,656,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээ зөвшөөрсөн үйл баримтаас үзэхэд уг зээлд хүү тооцож хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг 9,000,000 төгрөг болохыг тогтоосон агуулга гэрээнд илэрхийлэгджээ. Нэгэнт үндсэн зээлд хүү тооцсон тул хүүгээс хүү тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан үндсэн зээлийг ашигласны төлөө хүү төлөх зарчмыг зөрчинө. Иймд хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 9,000,000 төгрөг гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

8. Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд СД гаргаж өгснийг үзлэг хийж бэхжүүлсэн, үүнд хариуцагч оролцсон, уг баримтыг эсэргүүцээгүй тул шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна. Уг баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчээс зээл авснаа зөвшөөрсөн, зээлийн хүү төлөх талаар мессеж бичиж харилцаж байсан байх ба 2019.11.26-ны өдрийн зээлийн гэрээ нь 9,000,000 төгрөгийг зээлсэн бус, өмнөх зээлийн үүргийн тооцоо, хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон агуулгатай баримт болох нь тогтоогджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч СД бичлэг, үзлэгийг маргаагүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “юу...10,452,800...” гэснийг “...9,000,000...” гэж, “...5,072,200 гэснийг “...6,480,000...” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...182,195...” гэснийг “...158,950...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.26-ны өдөр төлсөн 182,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД